Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 691

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Т.Мижиддорж, хохирогч М.Н, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Д-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 00000000 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, ам бүл 1, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 00 дүгээр байрны 000 тоотод оршин оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Д-ын А /РД:СФ00000000/  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.А нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ХХХ” ХХК-ийн байранд хамтран амьдрагч М.Н-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч М.Н: “...А бид хоёр 2018 оны 6 сараас хойш таарамжгүй харьцаатай, олон удаа хэрэлдэж, гэр бүлийн хүчирхийллийн байдалтай байсан, би түүний олон үйлдлийг олон удаа тэвчиж байсан, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өглөө гэртээ зүгээр байсан, намайг ажил дээр хүргэж өгсөн, тэгээд өдөр нь гэртээ очиход миний хүүг аваад явчихсан байсан, миний хүүхэд хоёрхон настай алга болчихсон байсан. Д.А болон эгч, ээжтэй нь ярьж уулзах гэтэл холбоо бариагүй, өмнө нь олон удаа Д.А-ын ажлын гадаа хүлээж байсан, очиж байсан, уулздаггүй байсан. Хэрэг болсон өдөр ажил дээр нь очоод өрөө рүү нь ороход өрөөндөө байхгүй, өөр өрөөнд эмэгтэй хүнтэй хоол идээд сууж байсан, А-аа уулзья гэхэд намайг нэг нүдээрээ ч харахгүй суугаад байсан, тэгэхээр нь би утсыг нь аваад ханцуйндаа хийгээд гарах гэтэл араас зулгаасан, утсаа авья гэвэл хүүхэдтэй уулзуул гэсэн, тэгээд нилээн их зууралдсан, ноцолдсон. Ажлых нь байр учир явах гэтэл ажлынхаа хүмүүст битгий явуул гэж хэлсэн, тэгээд хоолой амнаас татсан, чангаасан. Хашааны хаалганы хажууд би Д.А-т хандаж “чи намайг яагаад ингэж байгаа юм бэ” гэхэд тамхи татаж байснаа миний нүд рүү үлээсэн, тэгэхээр нь би алгадсан, тэгээд цагдаа дуудсан. Эмчилгээний зардал нэхэмжлээгүй, нэхэмжлэхгүй, хүчирхийлэл үйлдсэн бол хариуцлагаа хүлээх ёстой байх, гомдолтой байна. Надаас гар утсаа авах гээд ноцолдож байхдаа би хоёр газарт унасан, газар унасан байхад миний уруул руу тохойлдсон...” гэв.

 

Шүүгдэгч Д.А: “...2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хамтран амьдрагч М.Н ажлын байранд орж ирсэн, энэ үедээ энгэр нь битүү эрүү хүртлээ цахилгаантай цамцтай байсан, миний утсыг аваад гарахаар би араас нь татсан нь үнэн, биед нь гэмтэл учруулах санаа зорилго байхгүй. Битүү цамцтай байсан учир би ханцуйнаас нь зулгаасан, өөрөөр түүний энгэрээс зууралдаагүй, би утсаа авах гэж бугуйнаас нь татсан. Орж ирэхдээ битүү захтай цамцтай байсан учир энгэрээс нь зууралдаагүй. Хэрэг болсон өдрийн маргааш нь би бичлэгийг өөрөө бичиж авсан, 14 хоногийн дараа цагдаагийн байгууллагаас бичлэгийг шүүж өгнө үү гэж албан бичиг ирүүлсэн, бичлэг 7 хоног хадгалдагддаг учир би бичиж авсныгаа өгсөн. Цаг алдагдсан бичлэгийг хувьд хэрэгтэй хэсгийг бичсэн, өөрөөр хэрэгт ач холбогдолгүй бичлэгийг бичээгүй. Би өөрийн гар утсаа авах гэж М.Нын бугуйнаас татахад миний цамны энгэрээс татаж цамц урсан. Ноолууран цамц байсан учир амархан урагдсан, миний утсыг шидсэн учир дэлгэц нь хагарсан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч М.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр миний хүү А.Е-г нөхөр Д.А нь авч явсан. Тэгээд хүүхэд авчирч өгөхгүй болохоор нь 8 дугаар сарын 18-ны өдөр нөхөр Амарбаярын ажил дээр хүүхдээ асуух гээд очтол А намайг хараад зугтаасан. 8 дугаар сарын 25-ны өдөр дахиад А-ын ажил дээр очиход өрөөндөө байхгүй байсан. Тэгээд хажуу талын өрөөнд орсон чинь нэг хүнтэй хоол идээд  сууж байхаар нь А-аа чамтай уулзмаар байна гэсэн чинь дуугарахгүй байсан. Би хоол идэж дуусахыг нь хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь өрөө рүү нь шагайгаад харахад ширээн дээр А-ын гар утас ил байхаар нь би утсыг нь аваад чи миний хүүг надтай уулзуулаад утсаа аваарай гэж хэлээд гарсан. Ажлынх нь гадаа үүдэнд А хойноос гарч ирээд намайг барьж аваад утсаа авах гэж оролдсон. Би гар утсыг нь ханцуйндаа хийсэн байсан чинь утсаа авах гэж 2-3 удаа гарнаас татаж, заамдсан. Намайг заамдах үедээ хүзүү, цээж урсан. Бид хоёр ноцолдож байхдаа газар унасан. Газар унах үедээ миний дээд уруул хэсэгт тохойлдсон. ...Намайг газарт унагаах үед би цамцны энгэр хэсгээс нь татсан чинь цамц нь урагдсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ...2018 оны 6 дугаар сарын дундуур Баянзүрх дүүрэгт машин дотор явж байхдаа охиныгоо гэртээ авчирмаар байна гэхэд чиний хүүхдийг би яахаараа асардаг юм гээд уурлаад надруу хашгирсан. Машинд байсан шүхрээр намайг хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед би Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт өргөдөл өгсөн чинь надаас уучлалт гуйхаар нь би өргөдлөө буцааж авсан. Би хүүгээ аваад охинруугаа явах гэтэл хойноос татаж, үснээс зулгаадаг байсан. 2018 оны 1 дүгээр сараас хойш би хэд хэдэн удаа өөрийн 000000 дугаарын утсаар цагдаагийн байгууллагад болон хүчирхийллийн эсрэг төвд хандаж зөвлөгөө авч байсан. Гомдолтой байна...” /хх-ийн 29-30/ гэсэн,

 

Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Өдрийг нь сайн санахгүй байна. А ах хүлэмжийн хажууд нэг эмэгтэй хүнтэй ярилцаад зогсож байх шиг байсан. Тэгээд би А ах дээр тамхилах уу гээд очтол тэр эмэгтэй Амараа ахын өөдөөс хараад зогсож байсан. ...Тэр эмэгтэй А ахыг хэд хэдэн удаа алгадаж, түлхэж, татаад, заамдаад байх шиг байсан. Би 200 метрийн зайнаас харсан. Удалгүй цагдаа ирсэн гэж байсан...” /хх-ийн 39/ гэсэн,

 

Гэрч Н.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Өдрийг нь сайн санахгүй байна. Хоолны зааланд А хоол идээд сууж байхад би гаднаас орж ирээд бид хоёр юм яриад сууж байтал гаднаас нэг эмэгтэй орж ирээд ширээн дээр байсан А-ын гар утсыг шүүрээд аваад гарсан. Тэгээд А араас нь гарч явсан. ...А нилээн урд явж байсан чинь хойноос нь нөгөө хүүхэн А-гийн энгэрээс зуурахад Амараа санаа нь зовсон юм уу, яасан юм гарыг нь тавиулах гэж оролдоод байсан...” /хх-ийн 40/ гэсэн,

 

Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Өдрийг нь сайн санахгүй байна. Нэг бороотой өдөр би камераа хянаад сууж байхад, оффисын зүүн талын хүлэмжийн хажууд эрэгтэй, эмэгтэй хоёр зогсоод эрэгтэй нь тамхи татаж байсан. Тэгээд юун хүмүүс байгаа эсэхийг шалгахаар очиход манай барилгын инженер залуу /А/ нэг эмэгтэй хүнтэй маргалдаад зогсож байсан. Тэр хоёр хашааны үүдэнд маргалдаад эмэгтэй нь А-ыг татаж чангаагаад байсан...” /хх-ийн 41/ гэсэн,

 

Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ээжээс сонсоход Н А-ын ажил дээр ирээд хувцсыг нь ураад, гар утсыг нь авч зугтах оролдлого хийсэн юм шиг байна лээ. Тэр үед хажууд цамцаа уруулсан гээд уранхай цамц бариад явж байсан. Дараа нь А-тай уулзахдаа та хоёр юун зодоон, цохион болоод байгаа юм бэ гэхэд Н-д гар хүрээгүй биздээ гэхэд би юу гэж гар хүрэх юм бэ, гар утсаа авах гээд бугалганаас нь барьж ханцуйг нь ороосон гэлүү, ханцуйнаас нь татсан гэлүү тиймэрхүү юм хэлсэн шиг санагдаж байна. Нарийн юу болсон талаар мэдэхгүй байна...” /хх-ийн 42-43/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ сууж байсан чинь Н манай ажил дээр орж ирээд ширээн дээр байсан миний гар утсыг шүүрч аваад зугтаагаад гүйсэн. Тэгээд би утсаа авах гээд араас нь гарсан. Тэр гар утсан дээр миний ажилтай холбоотой зүйлүүд болон Н намайг яаж сүрдүүлж байсан мессеж, бичлэг зэрэг байсан. Тэрийгээ устгах санаатай ирсэн. Миний гар утсыг ханцуйндаа хийчхээд гараад зугтаахаар нь би гүйж очоод зүүн ханцуйнаас нь барьж авсан. Утсаа авах гээд ханцуйнаас нь зулгааж байтал миний гар утсыг авч шидсэн. Намайг өшиглөж, алгадсан, цамц урсан. Тэгээд би эвдэрсэн утсаа аваад байж байтал манай харуул ирээд бид хоёрыг үүд рүү яв, хашаанаас гар, удирдлагууд хараад байна гэхээр нь бид хоёр хашааны үүд рүү явсан. Тухайн үед Н-ын куртикны энгэр нь цахилгаандсан хүзүү хүртлээ битүү байсан. Энгэр нь битүү байсан нь бичлэгээс харагдана. Хоолой, хүзүүнд нь хүрээгүй, утсаа авах гэж бугуйнаас нь зулгаасан. Тэр хүнд учирсан гээд байгаа гэмтлийг би учруулаагүй. Хашааны үүдэнд намайг хэл амаар доромжилж намайг алгадаж байгаа нь бичлэг дээр байгаа. Би цагдаа дуудъя гээд харуулын өрөөнд ороход харуулын утсыг Н авах гээд байсан. Намайг Н цагдаа дууд гээд байсан мөртлөө харуулын утсыг булааж авах гээд байсан. Би 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн шүүхэд хүү Е өөр дээрээ авна гэж нэхэмжлэл гаргасан байсан. Н нэхэмжлэлээ 2018 оны 8  дугаар сарын 20-ны өдөр гардаж авсан байсан. Тэр өдрөөс хойш огт ярьж уулзаагүй байж байгаад гэнэт ажил дээр ирээд миний утсыг шүүрээд зугтаахад араас нь гарч зогсооход, чи яасан их шүүхэд өргөдөл өгдөг юм бэ гээд намайг алгадаж цохиж эхэлсэн. Би өөдөөс нь нэг ч маргалдаагүй утсаа авъя гэсэн шаардлага тавьж байсан. Би Н-ыг цохиж нүдсэн зүйл байхгүй, өөрийнхөө утсыг авах гэж зүүн ханцуйнаас нь зулгаасан, харин Н миний цамцыг урж, утсыг эвдсэн, намайг Н цохиж, миний биед халдаж байгаа нь бичлэгээр хүчирхийллийг би биш Н үйлдэж байгаа нь нотлогдож байгаа бөгөөд энэ талаар эрүүл мэнд, эд хөрөнгө, эрх чөлөөнд халдсан тухай өргөдөл гаргасан боловч миний өргөдлийг шалгахгүй байгаад гомдолтой байна. Н нь зөвхөн энэ асуудал биш, үүнээс өмнө ч намайг худлаа ярьж гүтгэх асуудал гаргаж байсан, үүний нэг нотлох баримт болох бичлэгийг хэрэгт нотлох баримтаар хавсаргуулахаар гарган өгч байна...” /хх-ийн 52-53/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №10463 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. М.Н-ын биед уруулд цус хуралт, бугалаганд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” /хх-ийн 45/ гэсэн дүгнэлт,

 

- Өргөдөл /хх-ийн 23-24/,

- Хохирогчийн гаргаж өгсөн фото зураг /хх-ийн 13-15/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 17/,

- Хүний гадна биед үзлэг хийсэн гэрэл зэргийн үзүүлэлт /хх-ийн 24-26, 38/,

-  Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 27/,

- Шүүгдэгч Д.А-ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55/, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 56/, нийгмийн даатгалын лавлагаа /хх-ийн 57/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 58/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/, дипломын хуулбар /хх-ийн 65-68/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.А нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ХХХ” ХХК-ийн байранд хамтран амьдрагч М.Н-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь уруулд цус хуралт, бугалаганд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч М.Н-ын “...Би гар утсыг нь ханцуйндаа хийсэн байсан чинь утсаа авах гэж 2-3 удаа гарнаас татаж, заамдсан. Намайг заамдах үедээ хүзүү, цээж урсан. Бид хоёр ноцолдож байхдаа газар унасан. Газар унах үедээ миний дээд уруул хэсэгт тохойлдсон. ...Намайг газарт унагаах үед би цамцны энгэр хэсгээс нь татсан чинь цамц нь урагдсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ...Би хүүгээ аваад охин руугаа явах гэтэл хойноос татаж, үснээс зулгаадаг байсан. 2018 оны 1 дүгээр сараас хойш би хэд хэдэн удаа өөрийн 000000 дугаарын утсаар цагдаагийн байгууллагад болон хүчирхийллийн эсрэг төвд хандаж зөвлөгөө авч байсан. Гомдолтой байна...” /хх-ийн 29-30/ гэсэн, гэрч Д.Д-ын “...А ах хүлэмжийн хажууд нэг эмэгтэй хүнтэй ярилцаад зогсож байх шиг байсан. Тэгээд би А ах дээр тамхилах уу гээд очтол тэр эмэгтэй А ахын өөдөөс хараад зогсож байсан. ...Тэр эмэгтэй А ахыг хэд хэдэн удаа алгадаж, түлхэж, татаад, заамдаад байх шиг байсан. Би 200 метрийн зайнаас харсан. Удалгүй цагдаа ирсэн гэж байсан...” /хх-ийн 39/ гэсэн, гэрч Н.С-гийн “...Хоолны зааланд А хоол идээд сууж байхад би гаднаас орж ирээд бид хоёр юм яриад сууж байтал гаднаас нэг эмэгтэй орж ирээд ширээн дээр байсан А-ын гар утсыг шүүрээд аваад гарсан. Тэгээд А араас нь гарч явсан. ...А нилээн урд явж байсан, хойноос нь нөгөө хүүхэн А-гийн энгэрээс зуурахад А санаа нь зовсон юм уу, яасан юм гарыг нь тавиулах гэж оролдоод байсан...” /хх-ийн 40/ гэсэн, гэрч Б.О-ын “...Нэг бороотой өдөр би камераа хянаад сууж байхад, оффисын зүүн талын хүлэмжийн хажууд эрэгтэй, эмэгтэй хоёр зогсоод эрэгтэй нь тамхи татаж байсан. Тэгээд юун хүмүүс байгаа эсэхийг шалгахаар очиход манай барилгын инженер залуу /А/ нэг эмэгтэй хүнтэй маргалдаад зогсож байсан. Тэр хоёр хашааны үүдэнд маргалдаад эмэгтэй нь А-ыг татаж чангаагаад байсан...” /хх-ийн 41/ гэсэн, шүүгдэгч Д.А-ын “...2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ сууж байхад Н манай ажил дээр орж ирээд ширээн дээр байсан миний гар утсыг шүүрч аваад зугтаагаад гүйсэн. Тэгээд би утсаа авах гээд араас нь гарсан. Хашааны үүдэнд намайг хэл амаар доромжилж намайг алгадаж байгаа нь бичлэг дээр байгаа. Би Нямдуламыг цохиж нүдсэн зүйл байхгүй, өөрийнхөө утсыг авах гэж зүүн ханцуйнаас нь зулгаасан, харин Н миний цамцыг урж, утсыг эвдсэн, намайг Н цохиж, миний биед халдаж байгаа нь бичлэгээр хүчирхийллийг би биш Н үйлдэж байгаа нь нотлогдож байгаа бөгөөд энэ талаар эрүүл мэнд, эд хөрөнгө, эрх чөлөөнд халдсан тухай өргөдөл гаргасан боловч миний өргөдлийг шалгахгүй байгаад гомдолтой байна. Н нь зөвхөн энэ асуудал биш, үүнээс өмнө ч намайг худлаа ярьж гүтгэх асуудал гаргаж байсан, үүний нэг нотлох баримт болох бичлэгийг хэрэгт нотлох баримтаар хавсаргуулахаар гарган өгч байна...” /хх-ийн 52-53/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №10463 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. М.Н-ын биед уруулд цус хуралт, бугалаганд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” /хх-ийн 45/ гэсэн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул шүүгдэгч Д.Аыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. 

 

Хамтран амьдрагч гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 5 дугаар зүйлд гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгох ба гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...хамтран амьдрагч этгээд нь Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, ...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилж, тайлбарлажээ.

 

Шүүгдэгч Д.А, хохирогч М.Н нар нь гэр бүлийн баталгаагүй ч, 2015 оны 8 дугаар сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсан, дундаасаа нэг хүүтэй зэрэг нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч, нэр бүхий гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.А-ын өөрийн хамтран амьдарч байсан хүний биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна. 

 

Шүүгдэгчийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч М.Н-ын эрүүл мэндэд уруулд цус хуралт, бугалаганд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад “...нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой байна...” /хх-ийн 29-30/ гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.      

 

Шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Д.Аын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд гэмт хэрэг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр дууссан байна.

 

Иймд шүүгдэгч Д.А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу Д.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй. 

 

Эрүүгийн 00000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сиди-г эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч М.Н нь гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ: “...Д.А-ыг буруутайг нотлосон буюу түүний гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой баримт авагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ажиллагаа огт хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Н-ын биед учирсан гэмтлийг хэн учруулсан бололхыг нотлож чадаагүй, түүний мэдүүлэг л байгаа, өөрөөр баримтгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцал өгсөн гэрч нарын мэдүүлэг нь шүүх хуралдааны явцад үзлэг хийсэн бичлэгээр нотлогдсон. Тухайн Д.А гаргаж өгсөн, ингэхдээ өөрт ашигтайгаар таслаад сидинд хуулсан гэдэг, гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах үүрэг бүхий этгээд болох мөрдөгч цуглуулах ажиллагааг хийгээгүй, нотлож чадаагүй. Д.А гар утсаа авах гэж М.Н-ын гартай нь ноцолдсон, ингэхдээ цээжин дээрх зулгаралтыг үүсгэсэн байх магадлалтай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг нь санаатай байхыг шаардана, тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэрэгт яригдахгүй гэж үзэж байна. Д.А-ын үйлдэлд гэмтэл учруулья гэсэн идэвхитэй үйлдэл байхгүй, таамаг дэвшүүлээд байна. Тухайн гэмтлийг санаатай учруулахыг шаарддаг гэмт хэрэгт санаатай зодсон гэдгийг нотлож чадаагүй. М.Н зодсон гэсэн түүний мэдүүлэгт хөтлөгдөөд байгаа, иймд шүүгдэгч Д.Аыг гэм буруугүйд тооцож өгнө үү...” гэсэн агуулга бүхий санал, дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Учир нь шүүгдэгчийн хохирогчийн биед гар хүрсэн байдал, хохирогчид учирсан гэмтлийн зэрэг хоёр нь өөр хоорондоо шалтгаант холбоотой бөгөөд шүүгдэгч хохирогчийн зөвхөн бугалганд нь гар хүрсэн, өөрөөр биед нь гар хүрээгүй гэсэн нь шүүгдэгчийн мэдүүлгээс өөрөөр нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хохирогч М.Нын “...Би гар утсыг нь ханцуйндаа хийсэн байсан чинь утсаа авах гэж 2-3 удаа гарнаас татаж, заамдсан. Намайг заамдах үедээ хүзүү, цээж урсан. Бид хоёр ноцолдож байхдаа газар унасан. Газар унах үедээ миний дээд уруул хэсэгт тохойлдсон. ...Намайг газарт унагаах үед би цамцны энгэр хэсгээс нь татсан чинь цамц нь урагдсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн, гомдолтой байна...” /хх-ийн 29-30/ гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №10463 дугаартай дүгнэлт зэргээр няцаагдаж байна.

Гэрч Д.Д, Н.С, Б.О нар нь үйл явдал болж байхад байгаагүй бөгөөд үйл явдал болсны дараа өөрсдийн үзсэн, харсан зүйлийн талаар мэдүүлсэн гэж шүүх үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар болон гэм буруугийн талаар нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд хохирогчийн бугалганд л хүрсэн, өөрөөр гар хүрээгүй гэж мэдүүлснийг буруутгах боломжгүй бөгөөд хуульд заасан эрхийнхээ хүрээнд мэдүүлж байна гэж шүүх үзэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Б овогт Д-ын А-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 00000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

4. Эрүүгийн 00000000 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч М.Н нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                

 

 

 

              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                            Д.АЛТАНЖИГҮҮР