| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0713/Э |
| Дугаар | 703 |
| Огноо | 2019-12-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Галбадрах |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 703
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Д.Галбадрах, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Ганболдын Болормаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 000000000 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 6 дугаар 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Г-ын Б /РД: УЗ00000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.О-г “миний утсыг авлаа” гэх шалтгааны улмаас толгойн тус газар нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Г.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчтой 2019 оны 12 дугаар сарын 10-ны дотор хохирлын 150,000 төгрөгийг өгнө гэж тохиролцсон, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад татгалзах зүйлгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр би гол орж хөлөө угаах гээд явж байхад Болормаа голын эргийн хашлагын хажууд архины шил дэрлээд хэвтэж байхаар нь хажууд нь суухад Б босч ирээд намайг миний гар утсыг авлаа гэж дайраад байсан. Газар байсан чулууг аваад миний толгой руу цохиод хагалсан. Би голын эргийн ойролцоо явж байсан 3 охиныг дуудаж цагдаа, түргэн тусламж дуудуулсан. Надад одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 16-18, 20/ гэсэн,
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ажил дээрээ байхад 15 цагийн орчим нөхөр Хас-Уул надруу залгаад “Ээж хүнд зодуулчихсан худаг дээр байна, бөөн цус болчихсон байна” гэхээр нь би ажлаасаа чөлөө аваад очиход түргэн тусламж ирээд ээжийн толгойд оёдол тавьж, даралтны эм өгсөн гэж байсан. Ээжээс юу болсон талаар асуухад “Гол дээр хөлөө угаах гээд очиход зүс таних эмэгтэй гар утас хулгайлчихлаа гэж хэлээд толгой руу нь чулуугаар цохиж хагалсан” гэж хэлсэн. Ээж тэр хүний гар утсыг аваагүй гэсэн. Өөр хүнтэй андуураад цохисон юм шиг байна гэж байсан...” /хх-ийн 21-23/ гэсэн,
Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэрийнхээ гудамжны үзүүрт найз А, Н нартай таарсан. Ойрд уулзаагүй гээд манай хоёр найз 0,75 литрийн нэг шил архи, 2,5 литрийн 2 ширхэг пиво авч голын эрэг орж хувааж уусан. Ингээд ууж байхдаа би нилээн согтоод унтаад өгсөн. Нэг мэдэхэд миний халаасыг нэг хүн ухаад байхаар нь би сандарсандаа газраас чулуу авч тэр хүнийг шууд цохисон. Тэгтэл зүс таних О эгчийн толгой руу цохисон байсан...” /хх-ийн 41-42/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №7360 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Г.О-ийн биед дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй.” /хх-ийн 30/ гэсэн дүгнэлт,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11/,
- Шүүгдэгч Г.Б-гийн хувийн байдалтай холбоотой гэрч Ч.Ганболд, Г.Э нарын мэдүүлэг /хх-ийн 26-27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 51/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.О “миний утсыг авлаа” гэх шалтгааны улмаас толгойн тус газар нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.О-гийн “...Би тухайн өдөр гол орж хөлөө угаах гээд явж байхад Болормаа голын эргийн хашлагын хажууд архины шил дэрлээд хэвтэж байхаар нь хажууд нь суухад Б босч ирээд намайг миний гар утсыг авлаа гээд дайраад байсан. Газар байсан чулууг аваад миний толгой руу цохиод хагалсан. Надад одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 16-18, 20/ гэсэн, гэрч Б.Н-ийн “...2019 оны 6 дугаар сарын 13-нй өдөр ажил дээрээ байхад 15 цагийн орчим нөхөр залгаад “Ээж хүнд зодуулчихсан худаг дээр бөөн цус болчихсон байна” гэхээр нь би ажлаасаа чөлөө аваад очиход түргэн тусламж ирээд ээжийн толгойд оёдол тавьж, даралтны эм өгсөн гэж байсан. Ээжээс юу болсон талаар асуухад “Гол дээр хөлөө угаах гээд очиход зүс таних эмэгтэй гар утас хулгайлчихлаа гэж хэлээд толгой руу нь чулуугаар цохиж хагалсан” гэж хэлсэн. Ээж тэр хүний гар утсыг аваагүй гэсэн. Өөр хүнтэй андуураад цохисон юм шиг байна гэсэн...” /хх-ийн 21-23/ гэсэн, шүүгдэгч Г.Б-гийн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ойрд уулзаагүй гээд манай хоёр найз 0,75 литрийн нэг шил архи, 2,5 литрийн 2 ширхэг пиво авч голын эрэг орж хувааж уусан. Ингээд ууж байхдаа би нилээн согтоод унтаад өгсөн. Нэг мэдэхэд миний халаасыг нэг хүн ухаад байхаар нь би сандарсандаа газраас чулуу авч тэр хүнийг шууд цохисон. Тэгтэл зүс таних О эгчийн толгой руу цохисон байсан...” /хх-ийн 41-42/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №7360 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Г.О-ийн биед дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй.” /хх-ийн 30/ гэсэн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.О-ийн эрүүл мэндэд дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч, хохирогч нар эмчилгээний зардалтай холбоотой хохирол төлбөрт 150,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон /хх-ийн 61-62/, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан /хх-ийн 62/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүйн дээр тэдний хохирол төлбөр төлөх талаар тохиролцсоныг буруутгах боломжгүй юм.
Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Г.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г-ын Б-д оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 000000000 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР