Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 704

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч П.Болормаа, шүүгдэгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Харчин овогт Чимэддоржийн Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910018990725 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, “00 тоотод оршин оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Ч-ийн Б 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХ”-ийн 0 байрны 0 тоотод байх гэртээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.Ц-г зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ч.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй, өөрийн гэм буруугаа ойлгож байна. Архи дарс уугаад хэрүүл маргаан хийж болохгүй гэдгийг ойлгосон, хүнд зүйл ангитай юм байна. Бид дундаасаа 8 сартай хүүхэдтэй, бидний харилцаа хэвийн сайхан байгаа, эвлэрсэн...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэртээ нөхөр бид хоёр Тэрэлж явж амрах талаараа ярилцаж байгаад үл ойлголцон маргалдаж эхэлсэн. Тухайн үед би уурлаад хувцасаа цүнхлээд хүүхдээ аваад гарах гэж байтал Баярсайхан уурлаад архи уусан. Би чи наад архиа уухаа боль гэж хэлээд загнасан. Бид хоёр гэрт чанга дуугаар хэрүүл хийгээд байж байтал манай орцны хамгаалагч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед бид хоёр хэрэлдэж байгаад уурандаа би Баярсайханыг нэг алгадахад Баярсайхан намайг зөрүүлээд нэг удаа алгадсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 9-11/ гэсэн,

 

Шинжээч эмч Ч.Эрдэмболор мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тархи доргилт нь алгадуулах болон унах үед үүсэх боломжтой. Бусад гэмтлийг нарийвчлан хэлэх боломжгүй. Тархи доргилт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад зулгаралт, няцрал тус тусдаа гэмтлийн зэрэгт хамааарахгүй...” /хх-ийн 28-30/ гэсэн,

 

Шүүгдэгч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо “00 тоот гэртээ байж байгаад эхнэр хүүхэдтэйгээ Тэрэлж явж амрах талаар ярилцаж байгаад бид хоёр үл ойлголцож маргалдаж эхэлсэн. Би тухайн үед уурандаа гэрт байсан шилтэй архинаас нэг хундага уугаад байж байтал эхнэр архи уулаа гэж загнаад бид хоёр дахин маргалдсан. Гэтэл эхнэр шууд нүүрэн тус газар нэг удаа алгадсан.  Би тухайн үед уурандаа буцаагаад нэг удаа алгадаад хэрэлдээд байж байтал гаднаас хаалга тогшоод цагдаа ороод ирсэн. Бид хоёр хамт амьдраад 2 жил болж байна, мөн бид хоёр 8 сартай хүүхэдтэй болохоор хэрүүл маргаан үүсгэж зодож цохиж байгаагүй...” /хх-ийн 16-17/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №9411 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Ц-гийн биед тархи доргилт, хамар, эрүү, цээжний урд хэсэг, баруун бугалга, тохой, шуу, зүүн бугалга, шуу, бугуй, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, зүүн чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-ийн 25/ гэсэн дүгнэлт,

 

- Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай /хх-ийн 5/,

- Аюулгүйн зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 37/,

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /38-46/,

- Шүүгдэгч Ч.Б-ы хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт /хх-ийн 35/,  дипломын хуулбар /хх-ийн 65-68/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ч.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 тоотод байх гэртээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.Ц-г зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар, эрүү, цээжний урд хэсэг, баруун бугалга, тохой, шуу, зүүн бугалга, шуу, бугуй, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, зүүн чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Ц-гийн “...2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэртээ нөхөр бид хоёр Тэрэлж явж амрах талаар ярилцаж байгаад үл ойлголцон маргалдаж эхэлсэн. Тухайн үед бид хоёр хэрэлдэж байгаад би уурандаа Баярсайханыг нэг алгадахад Б намайг зөрүүлээд нэг удаа алгадсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 9-11/ гэсэн, шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...Тархи доргилт нь алгадуулах болон унах үед үүсэх боломжтой. Бусад гэмтлийг нарийвчлан хэлэх боломжгүй. Тархи доргилт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад зулгаралт, няцрал тус тусдаа гэмтлийн зэрэгт хамааарахгүй...” /хх-ийн 28-30/ гэсэн, шүүгдэгч Ч.Б-ы “...Би 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “KH апартмент”-ийн 00 тоот гэртээ байхдаа эхнэр хүүхэдтэйгээ Тэрэлж явж амрах талаар ярилцаж байгаад бид хоёр үл ойлголцож маргалдаж эхэлсэн. Гэтэл эхнэр шууд нүүрэн тус газар нэг удаа алгадсан. Би тухайн үед уурандаа буцаагаад нэг удаа алгадаад хэрэлдээд байж байтал гаднаас хаалга тогшоод цагдаа ороод ирсэн...” /хх-ийн 16-17/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №9411 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Ц-гийн тархи доргилт, хамар, эрүү, цээжний урд хэсэг, баруун бугалга, тохой, шуу, зүүн бугалга, шуу, бугуй, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, зүүн чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-ийн 25/ гэсэн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул шүүгдэгч Ч.Б-ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. 

 

Хамтран амьдрагч гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 5 дугаар зүйлд гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгох ба гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...хамтран амьдрагч этгээд нь Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, ...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилж, тайлбарлажээ.

 

Шүүгдэгч Ч.Б, хохирогч Б.Ц нар нь гэр бүлийн баталгаагүй ч, хамтран амьдраад 2 жил болж байгаа, дундаасаа нэг хүүхэдтэй болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Б-ы өөрийн хамтран амьдрагч хүний биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна. 

 

Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц-гийн эрүүл мэндэд уруулд тархи доргилт, хамар, эрүү, цээжний урд хэсэг, баруун бугалга, тохой, шуу, зүүн бугалга, шуу, бугуй, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, зүүн чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 9-11/ гэж мэдүүлсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.   

 

Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Шүүх дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн 1910018990725 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Б.Ц гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч Ч.Б бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Ч-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-ийн Б-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1910018990725 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Б.Ц гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгч Ч.Б бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                            Д.АЛТАНЖИГҮҮР