Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/104

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Энхжин,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч: Ч.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д- овгийн Ч-гийн Э-д холбогдох эрүүгийн 1927001430096 дугаартай хэргийг 2019 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, халх, 1979 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооны багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр баг багт оршин суух хаягтай боловч одоогоор Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаан толгой багт түр оршин сууж байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Д- овгийн Ч-гийн Э- /РД: ___/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ч.Э- нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутагт Шунхлай ШТС-ын зогсоол дээр хохирогч Б.Б-ийг автобусны дугуйг мөргүүлэн зодож бүсэлхийн 1,2,3,4-р нугалмын зүүн хөндлөн сэртэн, зүүн 11-р хавирганы хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч Ч.Э- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Б.Б-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Автомашин дээрээ  очоод шланк бариад тосолоо нэмэх гээд зогсож байтал нөгөө залуу намайг араас цохиод авсан. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ би наана чинь автомашиндаа тосол нэмэх гээд байна гээд барьж байсан шланкаараа нэг удаа ороолгосон. Тэгээд бид хоёр барилцаад авсан би клонкийн түгээгүүрийн хажууд уг залууг дараад байж байтал колонкийн түгээгч гарч ирээд салгасан. Тэгээд би цаашаа автомашинаа тойроод явсан. Гэтэл тэр залуу миний араас дагаж ирээд миний автомашины урд талд намайг тэвэрч аваад миний автобусны дугуйг нуруу хэсгээр мөргүүлээд миний дээр гараад суучихсан байсан. Тэгээд манай эхнэр колонкийн түгээгч 2 салгасан. ...Э- намайг цохиж зодсон юм байхгүй. Намайг бүсэлхий цээжээр тэврээд автобусны урд талын дугуйг түшүүлж унагаасан. Миний автобусны дугуй баруун гар тал руугаа дарагдсан автобусны их бие хэсгээс дугуй илүү гарчихсан байсан хэсэгт намайг мөргүүлж унагаасан. Миний хавирга тэр дугуйг мөргүүлж унагаахад хугарсан. Ч.Э- миний дээрээс дараад автобусны дугуйг хүчтэй мөргөж унасан." гэсэн мэдүүлэг /хх 47-51/,

Гэрч С.А-ын өгсөн: “...Тэгээд автобусны жолооч холд гээд Э-ыг хажуу  тийш нь түлхчихээд гараад явсан....Тэгээд гарын үсгээ зурчихаад Э- гараад явсан тэгээд  би   байрнаасаа   гартал   автобусны жолооч түгээгүүрийн хажууд Э-ыг доороо хийчихсэн дараад байж байсан би  очоод салгасан.  Тэгээд автобусны жолооч  автобусныхаа  цаагуур тойроод явсан.  Би мотоцикльд шатахуун хийчихээд хартал автобусны урд талд ахиад барилцаад   авсан   байсан. Тэгээд би ахиад салгасан.   Тэр   хоёр   хоорондоо ноцолдоод   бие   биенийхээ   дээр   доор   ороод   байсан.   Автобусны   жолооч Э-ыг шланкаар ар нуруу хэсэг рүү нь нэг удаа ороолгосон. Өөрөөр цохиж зодсон асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 55-58/

Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “1 Б.Б-ийн биед бүсэлхийн 1,2,3,4-р нугаламын  зүүн хөндлөн сэртэн, зүүн 11-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. ..... 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д  зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна” гэсэн 7215 дугаартай дүгнэлт, /хх-ийн 62-р хуудас/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-3/

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/

Хужирт сум дахь Шунхлай ШТС-ын хэрэг гарах үеийн хяналтын камерын бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, үзлэг хийсэн тэмлэглэл /хх 29-37/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Э-ы үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Ч.Э- нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутагт Шунхлай ШТС-ын зогсоол дээр хохирогч Б.Б-ийг автобусны дугуйг мөргүүлэн зодож бүсэлхийн 1,2,3,4-р нугалмын зүүн хөндлөн сэртэн, зүүн 11-р хавирганы хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Ч.Э-ы үйлдэл хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

Иймд шүүгдэгч Ч.Э-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч Ч.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ч.Э- нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тотгоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор төлж барагдуулах,

Шүүгдэгч Ч.Э- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,

Шүүгдэгч Ч.Э- нь цагдан хоригдсон хоноггүй хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй,

Шүүгдэгч Ч.Э- нь хохирогч Б.Б-эд хохирлын мөнгө болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон болохыг тус тус дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгч Ч.Э-ы эзэмшлийн 30.000.000 төгрөгийн үнэ бүхий ___ улсын дугаартай Тоёото Хино маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрөдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №58 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож,

шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгч Ч.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д- овгийн Ч-гийн Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д- овгийн Ч-гийн Э-ыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор төлж барагдуулах болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ч.Э- нь цагдан хоригдсон хоноггүй хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Ч.Э- нь хохирогч Б.Б-эд хохирлын мөнгө болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах,

 шүүгдэгч Ч.Э-ы эзэмшлийн 30.000.000 төгрөгийн үнэ бүхий ___ улсын дугаартай Тоёото Хино маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №58 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгч Ч.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсгүй.   

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХ-АМГАЛАН