| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2016/0589/И |
| Дугаар | 182/ШШ2016/00966 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 182/ШШ2016/00966
| 2016 оны 11 сарын 04 өдөр | Дугаар 182/ШШ2016/00966 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Я-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: О.Б-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 2.500.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Я, хариуцагчийн төлөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: О.Б нь 2014.11.03-ны өдөр надаас таван ханатай, хуучны хийцийн шинэвтэр модтой, хуучин цагийн чанар сайтай 2 давхар бүрээстэй, нэг давхар нь бор эсгий, нэг давхар нь гар хийцийн өнгөлж эмжсэн зулхай, тус бүрдээ дээвэр 2 давхар, брижент 5 ширхэг, дотуур, гадуур цагаан бүрээс, хөшиг, өрх, гадуур, дотуур, бүслүүртэй, шалгүй гэрийг 1.800.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед надтай наймаа тохирсон хүн бол О.Бын аав Л.О байсан. Харин яг гэрээ хийх үед хүү О.Б нь гэрээ хийсэн юм. Гэтэл гэрийн төлбөрөө өгөхгүй удаан гуйлгасны эцэст 900.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 900.000 төгрөгийг өгөхгүй байна. Үүнээс өмнө манай амбаарыг 100.000 төгрөгөөр худалдан авч, надад энэ мөнгөө бол өгсөн. Одоо зөвхөн гэрийн үнийг, алданги, хохирлын хамт нэхэмжилнэ. Уг нь би гэрээ буцааж аваад, мөнгийг өгье гээд хоёр ч удаа портер, жижиг машин хөлсөлж очсон боловч олоогүй, мөн хариуцагч өөрөө алга болсон учир түүнийг эрэн сурвалжлуулсан юм. Ингээд эрэн сурвалжилахад гарсан зардал 70.200 төгрөг, портер, жижиг машин хөлсөлсөн 125.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөгийг О.Баас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Ягоос 2014.11.03-нд гэрийг 1.800.000 төгрөгөөр худалдаж авсан нь үнэн. Би гэрийн үнэд бэлнээр 150.000 төгрөг, дансаар 900.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл нь 750.000 төгрөг байгаа, үүнийг алдангийнх нь хамт төлнө. Гэхдээ миний амьдралын боломж муу учир төлөхөөр шийдвэр гарсан тохиолдолд сар бүр 100.000 төгрөгөөс илүү төлж чадахгүй гэдгийг хэлмээр байна. Харин гарсан хохирол гээд байгааг ойлгохгүй байна, төлөхийг зөвшөөрөхгүй. Манай хүүхдийг эрэн сурвалжлуулсан гээд байх юм, бид байгаа хаягтаа л байсан ш дээ, мөн гэрийг авах гэж портер, жижиг машин хөлсөлж очоод олоогүй гээд байгааг ч ойлгохгүй байна. Уг нь бид гэрийг нь өгөөд мөнгөнийхөө тодорхой хэсгийг буцааж авахаар тохиролцсон боловч бүтээгүй. Мөн амбаарын үнэд 100.000 төгрөг өгсөн гэж нэхэмжлэгч хэлж байна, энэ амбаарын үнэ биш гэрийн төлбөрт өгсөн мөнгө гэдгийг хэлмээр байна гэв.
|
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Я нь хариуцагч О.Бт холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 2.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Г.Я, О.Б нар нь 2014.11.03-ны өдөр гэр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч О.Б нь нэхэмжлэгч Г.Ягийн эзэмшлийн таван ханатай, хуучны хийцийн шинэвтэр модтой, хуучин цагийн чанар сайтай 2 давхар бүрээстэй, нэг давхар нь бор эсгий, нэг давхар нь гар хийцийн өнгөлж эмжсэн зулхай, тус бүрдээ дээвэр 2 давхар, брижент 5 ширхэг, дотуур, гадуур цагаан бүрээс, хөшиг, өрх, гадуур, дотуур, бүслүүртэй, шалгүй гэрийг 1.800.000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар алданги төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, уг гэрээгээр тогтоогдов.
Дээрх байдлаас зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагч О.Б нь дээрх гэрийн төлбөрт 900.000 төгрөгийг 2014.11.28-ны өдөр нэхэмжлэгч Г.Ягийн дансанд шилжүүлсэн, үлдэгдэл 900.000 төгрөгийг төлөөгүй, тэрээр хариуцагч О.Быг эрэн сурвалжлуулж хаягийг тогтоосон, гэрээ авахаар удаа дараа очсон зэргээр түүнээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар зардал гарсан болох нь зохигчдын тайлбар, ХААН банкны орлогын мэдүүлэг, Тахарын ерөнхий газрын 2016.05.31-ний өдрийн 5/1888 дугаартай албан бичиг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.26-ны өдрийн 970 дугаартай шийдвэрээр нотлогдсон.
Иймд нэхэмжлэгч Г.Яд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1, гэр худалдах худалдан авах гэрээний 2, 3-т зааснаар гэрийн үлдэгдэл төлбөр, алданги, хохирлыг шаардах эрх үүсч, хариуцагч О.Б нь төлбөр төлөх үүрэгтэй болжээ.
Хариуцагчийн төлөөлөгч нь гэрийн үлдэгдэл төлбөрийг 750.000 төгрөг, бэлнээр 150.000 төгрөг төлсөн, гарсан зардлыг төлөхгүй гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлосонгүй.
Өөрөөр хэлбэл шүүх хариуцагчийн төлөөлөгчийн дээрх тайлбараас илүүтэйгээр нэхэмжлэгчийн гаргасан “надад 150.000 төгрөг бус 100.000 төгрөгийг амбаар худалдаж авсны төлбөрт өгсөн, харин гэрийн үлдэгдэл төлбөр 900.000 төгрөг байгаа” гэх тайлбарыг бодит үнэн гэж дүгнэлээ.
Иймд хариуцагч О.Баас гэрийн үлдэгдэл төлбөрт 900.000 төгрөг, түүний алданги 450.000 төгрөг, гарсан зардалд баримтаар тогтоогдож байгаа О.Быг эрэн сурвалжилахад тэмдэгтийн хураамжид төлсөн 45.190 төгрөг, нийт 1.395.190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Яд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.104.810 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Г.Я нь өөрөөс гарсан зардлыг нарийн тооцож чадаагүй боловч түүний үндэслэж байгаа Б.Бгийн тайлбар, түүний автомашины гэрчилгээ, Огийн тайлбар, түүний автомашины гэрчилгээ,П.Нгийн гэрчилгээ зэрэг баримтууд нь нэг талынх байх бөгөөд бусад зардал гарсан гэдгийг хангалттай шууд нотлох баримтууд биш болно.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны өдөр анх удаа шүүхэд хүрэлцэн ирсэн бөгөөд түүнд шүүх хуралдаанаас зохигчдын эдлэх эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулж баримтанд гарын үсэг зуруулсан. Харин хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдааныг хойшлуулж эрхээ хэрэгжүүлэх, хэргийн материал танилцах шаардлагагүй гэж үзэн шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэхийг хүссэн, нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэргийн материалтай танилцаж баримтанд гарын үсэг зурсныг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч О.Баас 1.395.190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Яд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.104.810 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Ягоос тэмдэгтийн хураамжид төлсөн 55.010 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Баас 37.273 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Яд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА