| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0001/Э |
| Дугаар | 0004 |
| Огноо | 2019-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 0004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Г.Т
Шүүгдэгч Н.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э-д холбогдох эрүүгийн 1925008790504 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Н.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.Э нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн 2-5 дугаар байрны хойд талын автобусны зогсоол дээр 2019 оны 12 сарын 04-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Цогбадрахтай маргалдах явцдаа нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Н.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байгаа. Маргах зүйлгүй. Хохиролд 900.000 төгрөг төлсөн. Маш их ойлгож гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны 12 сарын 04-ний өдөр 12 цагийн орчим таксинд явах гээд Оюут багийн 2-5 дугаар байрны ард байрлах таксины зогсоол дээр хүн авах гээд зогсож байхад Приус-20 маркийн 91-79 ОРО улсын дугаартай автомашин урдуур орж ирээд шахаад зогссон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад чи яагаад урдуур ороод байгаа юм бэ гэж хэлсэн чинь тэр жолооч машинаасаа бууж ирээд яадаг юм гээд маргалдаад миний нүүрэн тус газарт цохисон. Тэгээд миний үүдэн нэг шүд хугарсан. Тэгээд машиндаа суугаад яваад өгсөн. Би Эрдэнэсүхийг танихгүй, гэхдээ зүс мэднэ таксинд явдаг юм. Эрдэнэсүх надад учруулсан хохиролдоо 900.000 төгрөг өгч барагдуулсан. Гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 5-6 ху/,
-Гэрч О.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 12 сарын 04-ний өдөр Оюут багийн 2-5 дугаар байрны автобусны зогсоол дээр таксинд явах гээд дугаарлаад зогсож байтал Эрдэнэсүх нь Цогбадрахын урдуур очер дайраад хүн авах гэхэд нь Цогбадрах машинаасаа бууж ирээд миний очер гэж хэлээд тэр хоёр маргалдсан. Гэтэл Эрдэнэсүх Цогбадрахын нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохиход Цогбадрахын үүдэн шүд хугарсан байсан гэсэн мэдүүлэг /хх 9 ху/,
-Яллагдагч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...би хүнтэй уулзах гээд 2-5 дугаар байрны гадаа автобусны зогсоол руу орж зогссон юм. Гэтэл тэнд таксинд явах гэж байсан приус 20 маркийн автомашин байсан. Намайг таксинд явах гээд урдуур нь орчихлоо гэж бодсон байх. Бууж ирээд намайг яагаад далчигнаад урдуур ороод байгаа юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаад заамдалцаж аваад би тэр залууг хоёр удаа гараараа нүүрэн тус газарт нь цохисон. Намайг цохиход амнаас нь цус гарсан. Тэгээд яваад өгсөн гэсэн мэдүүлэг /хх 26-27 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 800 дугаартай дүгнэлтэнд:
1. Д.Ц-н нэг шүд унасан, дээд уруулын дээр 2 тооны зулгаралт, буйл, дээд доод уруулд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн уйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт 5 % байна гэсэн дүгнэлт /хх11 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 16 ху/
-Н.Э-ийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 25-28 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн 2-5 дугаар байрны хойд талын автобусны зогсоол дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Цогбадрахтай маргалдах явцдаа нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байгаа. Маргах зүйлгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Цогбадрахын “...Оюут багийн 2-5 дугаар байрны ард байрлах таксины зогсоол дээр хүн авах гээд зогсож байхад Приус-20 маркийн 91-79 ОРО улсын дугаартай автомашин урдуур орж ирээд шахаад зогссон тэгэхээр нь би машинаасаа буугаад чи яагаад урдуур ороод байгаа юм бэ гэж хэлсэн чинь тэр жолооч машинаасаа бууж ирээд яадаг юм гээд маргалдаад миний нүүрэн тус газарт цохисон” гэсэн /хх 5-6 ху/ мэдүүлэг, гэрч О.Базарын /хх 9 ху/ мэдүүлэг, хохирогчийн биед нэг шүд унасан, дээд уруулын дээр 2 тооны зулгаралт, буйл, дээд доод уруулд цус хуралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 800 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Н.Э-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хохирогч Д.Ц нь 900.000 төгрөгийн хохирол нэхэмжлэснийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Н.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохиролоо төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Э нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд сард 100.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА