| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2016/0452/И |
| Дугаар | 182/ШШ2016/00995 |
| Огноо | 2016-11-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2016/00995
| 2016 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 182/ШШ2016/00995 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Л-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ц.А-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 15.921.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Л, түүний өмгөөлөгч К.М хариуцагчийн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Атай 2015.11.26-ны өдөр 14.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй, мөн өдрөө 7.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн бөгөөд, зээлүүдийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги төлөхөөр тохиролцсон. Ингээд гэрээний дагуу мөнгийг хүлээлгэн өгч, гэрээнүүдийн ард Ц.Ааар гарын үсэг зуруулсан. Энэ зээлийн гэрээнүүдийн дагуу Ц.А нь 9.300.000 төгрөгийг бага багаар төлсөн. Одоо зээлийн үлдэгдэл нь 12.200.000 төгрөг бөгөөд алданги 61 хоногоор тооцож 3.721.000 төгрөг, нийт 15.921.000 төгрөг болсон. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 15.921.000 төгрөгийг хариуцагч Ц.Ааас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.А нь 2015.11.26-ны өдөр Д.Лтой 14.500.000 төгрөг болон 7.000.000 төгрөгийн гэрээг хэлбэрийн хувьд байгуулсан боловч бодитоор Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар шилжүүлж аваагүй. Учир нь Ц.А нь нэхэмжлэгч Д.Лын талийгаач эцэг Доос 2013 онд зээлийн гэрээ байгуулж 25.000.000 төгрөгийг хамт ажилладаг нэр бүхий хүмүүстэйгээ нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулах зорилгоор зээлж авсан байдаг юм. Энэ мөнгөнөөсөө Ц.А 9.300.000 төгрөгийг төлсөн. 2015 онд Д гуайн бие муудаж Ц.Ааас хүүтэйгээ үлдэгдэл зээлийн талаар гэрээ байгуулахыг гуйсан байдаг юм байна лээ. Ц.А нь Н.Дт ч, хүү ЛОт ч зээлийн мөнгийг өөрөө болон эхнэр Туулаар дамжуулж төлдөг байсан. Тухайн үед талийгаач Дт төлөх зээлийн үлдэгдэл 9.500.000 төгрөг байсан дээр нь Д.Л хүү гэж 5.000.000 төгрөг нэмж 14.500.000 төгрөгийн, мөн тусад нь хүү гэж 7.000.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан байдаг юм. Энэ нь зээлийн гэрээ, зээлийн төлөлтийн баримтаас харагдана. Харин талийгаач Дын зээлээс үлдсэн 200.000 төгрөгийг Д.Лт төлөхийг зөвшөөрч байна, үлдсэн мөнгийг төлөх үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч Ц.Ад холбогдуулж үндсэн зээлийн үлдэгдэл 12.200.000 төгрөг, алданги 3.721.000 төгрөг, нийт 15.921.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Ц.А нь надаас 21.500.000 төгрөгийн зээл авснаас 9.300.000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй, үүнд ааваас зээлсэн гэх 25.000.000 төгрөгийн асуудал хамаагүй, би гэрээний дагуу мөнгийг Ц.Ад гарын үсэг зуруулж хүлээлгэн өгсөн тул шаардах эрхтэй гэж тайлбарласныг хариуцагч тал зөвшөөрөхгүй байх бөгөөд Ц.А нь Д.Лоос 21.500.000 төгрөгийг бодит байдлаар хүлээн аваагүй, уг зээл нь түүний эцэг, талийгаач Доос зээлсэн зээлийн үлдэгдэл төлбөр, харин уг зээлээс төлөөгүй 200.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, үлдсэн мөнгийг төлөх үндэслэлгүй гэж маргав.
Д.Л нь Ц.Ад 2015.11.26-ны өдөр 14.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй,
мөн өдрөө 7.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, хүүгүй тус тус зээлдүүлсэн байх бөгөөд Ц.А нь зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5%-ийн алданги төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, уг гэрээнүүдээр тогтоогдов.
Зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулж, түүнд гарын үсэг зурсан талаар маргахгүй, гагцхүү зээлийн мөнгийг бодитоор өгсөн, авсан талаар маргаж байх бөгөөд дээрх гэрээнүүд нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагыг хангаж байх боловч мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан шаардлагыг хангасан, бодит үйлдлээр хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй байна.
Учир нь нэхэмжлэгч тал 2015.11.26-ны өдрийн зээлийн гэрээнүүдийн дагуу хариуцагч Ц.Ад мөнгийг хүлээлгэн өгч ард нь гарын үсэг зуруулсан, уг зээл миний талийгаач эцэг Дын зээлтэй огт хамаагүй гэж тайлбарлаж байх боловч уг 14.500.000 төгрөг, 7.000.000 төгрөгийг хариуцагч Ц.А нь нэхэмжлэгч Д.Лоос бодит байдлаар шилжүүлэн аваагүй болох нь 2013 онд Ц.А, Н.Д нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, түүний хавсралт, Н.Дт зээлийн төлбөр төлж байсан баримтууд, Н.Дын ХААН банкны дансны хуулгууудаар тогтоогдсон,
мөн нэхэмжлэгчийн дээрх тайлбараас илүүтэйгээр шүүх хариуцагч талын гаргасан “Ц.А нь анх 2013 онд Д.Лын талийгаач эцэг Доос 25.000.000 төгрөгийг нэр бүхий хүмүүсийн хамт зээлсэн бөгөөд 2015 онд түүний биеийн байдал муудаж, хүү ЛОтой зээлийн гэрээ байгуулахыг гуйсны дагуу Д.Лтой үлдэгдэл 9.500.000 төгрөгөн дээр хүү 5.000.000 төгрөг нэмж 14.500.000, тусад нь хүү гэж 7.000.000 төгрөгийн гэрээнүүдийг байгуулсан, мөнгийг бодитоор шилжүүлж аваагүй” гэх тайлбарыг шүүх бодит үнэн гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч Ц.А зээлийн 14.500.000 төгрөг, 7.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Лоос шилжүүлж аваагүй тохиолдолд зээлийн амаар хийсэн, бичгээр байгуулсан аль ч гэрээний дагуу мөнгийг нэхэмжлэгч Д.Лт эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй гэж үзнэ.
Хариуцагч Ц.А нь 2013.12.19-ний өдөр Н.Доос Д.Очирбат, Д.Шүхэрт, С.Ганхуяг гэх мэт нэр бүхий 9 хүнтэй нийлж 25.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 10%-ийн хүүтэй зээлж авсан байх бөгөөд уг зээлийн төлөлтөд 9.300.000 төгрөгийг төлсөн болох нь зээлийн гэрээ, гэрээний хавсралт, зээл төлсөн баримтууд, Н.Дын ХААН банкны дансны хуулгуудаар нотлогдов.
Тодруулбал нэхэмжлэгч Д.Л нь нэхэмжлэлийн шаардлагын 15.921.000 төгрөгийг хэрхэн тооцсон тооцооллоо зээл тус бүрээр тодруулж чадаагүй бөгөөд уг зээлээс хариуцагч Ц.А 9.300.000 төгрөг төлсөн гэж нэг тайлбарлаж, төлөөгүй гэж нэг тайлбарлаж, шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар нь зөрүүтэй байх бөгөөд Ц.А өөрөөс нь авсан зээлд яг хэдэн төгрөгийн төлөлт хийснийг нарийвчлан тайлбарлаж, баримтаар нотолж чадаагүй, зээлийн гэрээ байгуулсан огноо, зээлийн гэрээнүүдийн ард Ц.А мөнгө хүлээж авсан гэх огноо зөрүүтэй байгаа зэрэг байдлуудаас дүгнэвэл Д.Лын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, харин түүний талийгаач эцэг Н.Дын зээлийн үлдэгдэл дээр Ц.А, Д.Л нар дахин гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.
Хэдийгээр хариуцагч Ц.А нь Н.Дын зээлийн үлдэгдэлд 200.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Лт төлөхийг зөвшөөрч байх боловч нэхэмжлэгч Д.Л нь уг зээл миний зээлд огт хамаагүй гэж маргасан, маргааны зүйл нь Д.Л Ц.А нарын хооронд үүссэн зээлийн харилцаатай холбоотой, шүүх зээлийн гэрээнүүдийн дагуу Ц.Аыг Д.Лоос нийт 21.500.000 төгрөгийг бодитоор аваагүй гэж дээр дүгнэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Ц.Ад холбогдох 15.921.000 төгрөг гаргуулах тухай Д.Лын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Лоос тэмдэгтийн хураамжид төлсөн 237.555 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА