Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 0003

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.О

Шүүгдэгч Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох эрүүгийн 1925007490450 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ц.Б-д

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 10 сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-12-43 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Жавхлантуяаг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Ц.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Тавантолгойд 3 жил ажилласан. Энэ үед эхнэр маань хардаж сэрдээд байдаг байсан. Тэгээд ажлаасаа гараад Эрдэнэтэд ирсэн. Ирээд 3 хонож байтал эхнэр гэртээ хэвтээд гээд загнасан. Намайг хоноцын шээс заваарч байгаад ирдэг гээд элдвээр хэлсэн. Бид 2 маргалдаад байж байхад эхнэрийн дүү орж ирээд намайг хоноцын шээс гэж бас доромжилсон. Тэгээд би гутраад гарч яваад архи авчраад уусан. Гэхдээ би эхнэрээ зодсондоо их харамсаж гэмшиж байна. Уурандаа л архи уусан. Би архийг бүгдийг нь уусан байсан. Яг юу болсноо санахгүй байгаа. Урьд нь 7 сард эхнэр бид 2 маргалдаж байсан. Би зодоогүй гэрээс өшиглөөд хөөж гаргасан нь үнэн. Над руу хутга бариад дайрсан. Хэргийн хувьд маргахгүй. Миний буруу гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Т.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...манай дүү эхнэр хүүхдээ аваад гарсан ба гарахдаа Булганхангайд хандаж 2-р ангийн хүүхдийн хичээл ойлгодоггүй хүн бага ангийн боловсрол эзэмшсэн юм биш үү гэж хэлчихээд гарсан. Гэтэл Булганхангай орон дээрээ хэсэг хэвтэж байгаад хүүхдийнхээ үсийг засуулна гээд гараад явсан ба орж ирэхдээ нэг шил архитай орж ирээд ганцаараа уусан. Архиныхаа ихэнхийг нь уучихаад би чамайг алмаар байна гэж байснаа босч ирээд миний үснээс зулгаагаад хана руу мөргүүлээд дух руу 2 удаа цохисон. Би хүйтэн жин тавиад сууж байтал архиа барьчихаад миний нүүр лүү цацаад яваад байсан ба хот руу ээж, аав руугаа утсаар яриад байсан. Ингээд үснээс зулгаагаад гал тогоо руу ороод би зовж байна надад хэцүү байна гээд уйлаад эсвэл уурлаад байсан. Улмаар үлдсэн архианаасаа дахиж ууж байгаад намайг буйдан дээрээс татаж унагааж байгаад миний дээр гарч сууж байгаад нүүр нүдгүй цохиод байсан. Тухайн үед 3 хүүхэд нь хажууд уйлаад байсан чинь хэн нэгэн нь та нарын дургүйг чинь хүргэх юм бол ээж шигээ зод хэрчээд тасдаад хая гээд байхаар нь би болъё намайг уучлаарай гээд байсан чинь Булганхангай миний дээрээс буусан. Одоо гар зайл гээд байхаар нь би хүүхдүүдээ орхиод явахгүй гэтэл Булганхангай чи зайл гээд надад хаалга онгойлгож өгөхөөр нь би цагдаа дуудахаас өөр аргагүй юм байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг /хх- 9-10 ху/,

 

-Гэрч П.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны 10 сарын 14-ний өдөр ажил дээрээ байж байтал манай нөхрийн дүү Жавхлантуяа эмнэлэг дээр хамрынхаа зургийг авахуулах гэж явна нөхөртөө зодуулсан гэж хэлсэн. Тэгэхээр нь лавлаад асуутал манай нөхөр Булганхангай гаднаас нэг шил архи авч орж ирээд ганцаараа уучихаад шууд босч ирээд үсдэж аваад нүүр лүү гараараа цохиод өшиглөөд байсан гэж хэлсэн. Тухайн үед би байгаагүй болохоор зарим зүйлийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд би дүүгээ эмнэлэгээр дагуулж яваад үзүүлсэн чинь хамар нь хугарсан байж болзошгүй мөн зөөлөн эдийн гэмтэлүүд байна гэсэн. ...миний мэдэхээр 2019 оны 7 сарын сүүлээр ахындаа очтол Жавхлантуяа 3 хүүхэдтэйгээ ирчихсэн байсан. Жавхлантуяагийн нүүр нь хавдсан байхаар нь би яасан талаар асуутал нөхөр нь болох Булганхангай согтуу орж ирээд миний хэвлий рүү өшиглөсөн гэхээр нь би хувцасыг нь тайлаад үзтэл хавирга болон хэвлий хэсгээр нь хөхөрсөн байсан гэсэн мэдүүлэг /хх 15 ху/,

 

-Гэрч Т.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны 10  сарын 13-ны өглөө эхнэр хүүхдийн хамт Булганхангайнд усанд орох гээд очсон. Манай эгч Жавхлантуяа нөхөр Булганхангайг чи хүүхдэдээ хичээлийг нь зааж өгөөч утсаараа оролдоод суугаад байх юм гэтэл Булганхангай чи багш биздээ чи өөрөө заахгүй юу гээд хоорондоо хэрэлдээд байсан .Би эхнэр хүүхэдтэйгээ 30 минут сонсож сууж байгаад хүүхдээ гаргачихаад Булганхангай ахад нэг нь юм ярьж байхад нөгөөдөх нь хүлээцтэй сонсож байх хэрэгтэй гэтэл Булганхангай ах чи яасан том юм гээд надтай маргалдаад намайг зайл гэхээр нь тань дээр ирээгүй би эгчийндээ ирж байна гээд Булганхангай ахтай бага зэрэг маргалдаж байгаад та 2 хүүхдийнхээ хажууд битгий хэрэлд гэтэл Булганхангай за гээд гэртээ үлдсэн. Ингээд би эхнэр хүүхэдтэйгээ үйлчилгээний төвийн ойролцоо явж байтал Булганхангай ах хүүхдээ дагуулчихсан үсийг нь засуулна гээд явж байсан. Ингээд би гэртээ харьсан. Орой нь 22 цагийн үед Жавхлантуяа эгч намайг Булганхангай зодчихлоо гэж ярьсан. ...2019 оны 7 сард эрүүлдээ зодсон гэсэн. Харин 2019 оны 10 сарын 13-ны өдөр согтуу зодсон байсан гэсэн мэдүүлэг /хх 16 ху/,

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 678 дугаартай дүгнэлтэнд:

1. Т.Ж-н биед тархины эдийн няцрал, хамрын ясны хугарал, хоёр нүдний алимны салстад цус харвалт, нүдний алимны доргилт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, баруун гарын шуу, баруун гарын эрхий хуруу, баруун өвдгөнд цус хуралт үүсчээ.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 20-21 ху/

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-7 ху/

-Ц.Б-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 25, 27-28 ху/

            -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 35 ху/

            -Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 43-51 ху/

            -Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 52 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 10 сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-12-43 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Ж-г зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...ажлаасаа гараад Эрдэнэтэд ирсэн. Ирээд 3 хонож байтал эхнэр гэртээ хэвтээчээ гээд загнасан. Намайг хоноцын шээс заваарч байгаад ирдэг гээд элдвээр хэлсэн. Бид 2 маргалдаад байж байхад эхнэрийн дүү орж ирээд намайг хоноцын шээс гэж доромжилсон. Тэгээд би гутраад гарч яваад архи авчраад уусан. Гэхдээ би эхнэрээ зодсондоо их харамсаж гэмшиж байна. Уурандаа л архи уусан. Би архийг бүгдийг нь уусан байсан. Яг юу болсноо санахгүй байгаа. Урьд нь 7 сард эхнэртэйгээ бид 2 маргалдаж байсан. Би зодоогүй гэрээс өшиглөөд хөөж гаргасан нь үнэн. Над руу хутга бариад дайрсан. Хэргийн хувьд маргахгүй. Миний буруу гэсэн” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Т.Жавлантуяагийн “...Булганхангай орон дээрээ хэсэг хэвтэж байгаад хүүхдийнхээ үсийг засуулна гээд гараад явсан ба орж ирэхдээ нэг шил архитай орж ирээд ганцаараа уусан. Архиныхаа ихэнхийг нь уучихаад би чамайг алмаар байна гэж байснаа босч ирээд миний үснээс зулгаагаад хана руу мөргүүлээд дух руу 2 удаа цохисон. ...үлдсэн архианаасаа дахиж ууж байгаад намайг буйдан дээрээс татаж унагааж байгаад миний дээр гарч сууж байгаад нүүр нүдгүй цохиод байсан” гэсэн /хх- 9-10 ху/ мэдүүлэг, мөн гэрч П.Эрдэнэцэцэг /хх 15 ху/, гэрч Т.Түвшинтөгс /хх 16 ху/ нарын мэдүүлэг, хохирогчийн биед тархины эдийн няцрал, хамрын ясны хугарал, хоёр нүдний алимны салстад цус харвалт, нүдний алимны доргилт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, баруун гарын шуу, баруун гарын эрхий хуруу, баруун өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл үүссэнийг тогтоосон 678 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Ц.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

            Хохирогч талаас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирол нэхэмжилсэн ямар нэгэн баримтыг ирүүлээгүй байх бөгөөд хохирогч нь хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

 

            Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд сард 90.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

            5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА