Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 239

 

М.Мөнхчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2016/01128 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Мөнхчимэг,

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Баатарцогтын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.Мөнхчимэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар хуучнаар Ашигт малтмалын газрын Нүүрс судалгааны хэлтсийн шинжилгээ туршилтын лобаронт шинжээчээр ажилд орж байсан. Надтай анх хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ингээд 2013 оны 07 дугаар сард жирэмсний амралтаа авч, 2013 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн. Тэгээд 2014 оны 10 дугаар сард ажилдаа эргэн орж хатуу түлшний химийн шинжээчээр ажилласан. 2015 оны 05 дугаар сард дахин жирэмсний амралт авч, 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн.

Ингээд намайг хүүхэд асрах чөлөөтэй байхад ямар нэгэн мэдэгдэл өгөлгүй ажлаас халсан байсныг би 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа орох талаар уулзах гэж ажил дээрээ ирээд санаандгүй мэдсэн. Намайг ажлаас чөлөөлсөн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/114 тоот тушаал нь хууль бус, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан аль үндэслэлийг барьсан нь тодорхойгүй, надад урьдчилан мэдэгдээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар миний ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж, намайг ажлаас халах ёсгүй байтал халсан учир зөвшөөрөхгүй. Шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш байгууллагаас надтай холбогдож өөр ажил санал болгосон боловч тэр нь зөвхөн эрэгтэй хүн хийдэг, эмэгтэй хүнд хэцүү ажил тул би бодож үзье гээд дахиж холбогдоогүй юм. Иймд намайг хатуу түлшний химийн шинжээчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар М.Мөнхчимэгийг Ашигт малтмал, газрын тосны газрын хатуу түлшний химийн шинжээчийн ажилд эгүүлэн тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар М.Мөнхчимэгийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Баатарцогт давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хариуцагчийн төлөөлөгч С.Дашдаржаад 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр түүний 98982888 дугаарын утсаар залгаж хурлын тов мэдэгдсэн, мөн байгууллагын оршин байрлах хаягаар хурлын тов хүргэсэн байх бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр н.Ариунболор гэх хүн мэдэгдэх хуудсыг хүлээн авчээ” гэж дүгнэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа нь ээлжийн амралттай байсан бөгөөд түүний 98982888 дугаарын утсаар залгаж хурлын тов мэдэгдээгүй байна. Ашигт малтмал, газрын тосны газарт н.Ариунболор нэртэй албан хаагч өнөөдрийн байдлаар томилогдон ажиллаагүй байна. Иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу эрхээ эдэлж шүүх ажиллагаанд оролцох боломжоор хангаагүй. М.Мөнхчимэгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд дээр дурдсан хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэн ажиллаагүй тул хэт нэг талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэх хуудсыг ирүүлээгүй шүүх хуралдаан хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч М.Мөнхчимэг нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан 2015 оны 05 дугаар сард жирэмсний амралтаа авч, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд надад мэдэгдэлгүйгээр ажлаас халсан нь хууль зөрчсөн тул хатуу түлшний химийн шинжээчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасныг зөвшөөрөх эсэх талаар тайлбараа хариуцагч шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд ирүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл нэхэмжлэгч М.Мөнхчимэг нь Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/73 тоот тушаалаар хатуу түлшний химийн шинжээчийн ажилд томилогдон ажиллаж байгаад 2015 оны 05 дугаар сард жирэмсний амралтаа авч, 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр охин Ц.Намуунсайханыг төрүүлж, үүнээс хойш амралттай байх хугацаанд хариуцагч байгууллагын даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/114 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогджээ. /хх-8, 10, 34-36, 27-29/

Хариуцагч байгууллагын нэхэмжлэгч М.Мөнхчимэгийг ажлаас чөлөөлсөн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/114 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг удирдлага болгож, бүтэц, орон тоо өөрчлөгдсөн гэх үндэслэл заан ажлаас чөлөөлж байгаа нь мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй тул нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч М.Мөнхчимэгийг ажлаас чөлөөлсөн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдээгүй бөгөөд хариуцагч байгууллагаас энэ талаар болон дээрх нөхцөл байдлыг үгүйсгэсэн татгалзлын үндэслэл, тайлбарыг гаргах, үндэслэлээ нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийг үгүйсгээгүй гэж үзнэ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаад шүүх нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, эрх, үүргийг танилцуулсан /хх19,20/ ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгаж, шүүх хуралдааны товыг хариуцагч байгууллагын хаягаар мэдэгдсэнээс гадна /хх41/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хариуцагч талын эдлэх эрхийг шүүх хязгаарласан, эрхийг нь зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчихгүй.  

Мөн хариуцагчид нэхэмжлэлийн хувийг хариуцагч байгууллагад хамаарах хавсаргасан баримтын хамт гардуулсан, шинээр нэмж баримт гаргаагүй тул хэргийн материалтай танилцаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2016/01128 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ