Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2021/0309

 

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2021/0309

Улаанбаатар хот

 

 

                 Б.А-ын нэхэмжлэлтэй

                                              захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хосбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.С нарыг оролцуулан, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Б.А-ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр з үйлийн 34.1, 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-ын “Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаартай захирамжийн Д.О-д холбогдох хэсгийг болон уг захирамжийг үндэслэн Шургах багийн “Хүрэн хад”-ны өвөлжөөг Д.О-д эзэмшүүлэхээр олгосон 0123496 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо: “Б овогтой А-ын нэхэмжлэлтэй, Тэлмэн сумын Засаг даргад холбогдох Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б А миний бие эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Д.О гэх хүн манай “Хүрэн хад”-ны өвөлжөөнд 1994, 1995 оны үед 1 жил өвөлжиж байсан. 2009 оноос хойш Б.Ж ахын малын өвөлжөөний хашаа саравчийг түүний хүү Ж.А-ээс худалдан авч өвөлжих болсон. Настайчуудыг байхад бид бага залуу байсан учир Д.О гуай яагаад “Хүрэн хад”-ад өвөлжиж байгааг асууж шалгааж байгаагүй. 2016 оноос хойш Д.О гуайн хөгшин Д.Д (гуравдагч этгээд О.Б-гийн ээж) “манай худалдаж авсан өвөлжөөнөөс зайл” гэж хөөдөг болсон. Ээж минь амьд сэрүүн байхдаа хэрүүл маргаангүй амьдрах гэж их хичээсэн. Бүр хөөгөөд байхаар нь “шүүхэд хандахаас өөр аргагүй болж байна даа” гэж ярьж байсан боловч харамсалтай нь шүүхэд өргөдөл гаргаж чадалгүй зуурдаар өөд болсон.

Гэтэл ээжийг өөд болсноос хойш Д.Д “Хүрэн хад”-ны өвөлжөөнд хүү, хүргэн төрөл садангаа авчирч хүний өөрийн нийлсэн багтаж шингэхгүй олон мал авч ирж (гэрч Ч.Ч-Оын малыг хүртэл өөртөө авч малладаг байсан) шавуулаад улмаар удмынхаа хэдэн малыг маллаж үлдсэн өнчин дүү Б.А-ыг минь эхнэр хүүхдийг нь зодож нүдэж, ганц шон зоох, ширхэг хадаас хадах эрхгүй гэж дарамталж малыг нь хөөж туудаг, малынх нь хашаа хороог буулгаж сүйтгэдэг байсан. Ийм байдалд тэвчээр барагдаад 2020 онд сумын захиргаанд хандаж аавынхаа өвөлжөөний газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр хүсэлт гаргасан. Тухайн үед сумын Засаг дарга байсан н.Б “Д.О-д 2009 онд “Хүрэн хад”-ад 0,5 га өвөлжөөний газар эзэмшүүлэхдээ давхцуулсан байна. Д.Д гэдэг хүн бас өвөлжөөний маргаан хийгээд байгаа. Шүүхэд хандаад шийдүүл” гэсэн хариу өгсөн. 

Ингээд шүүхэд хандсан. Шүүх “1992 оноос хойш Г.Б, Б.Ж, Д.О нар нь “Хүрэн хад”-ны өвөлжөөний газарт хамт өвөлжиж ирсэн нь гэрч Д.Д, Ч.Ч-О, Б.Т, Ж.Р нарын мэдүүлгээр нотлогдож байна” гэжээ. Д.Д-ийн мэдүүлэгт Д.О гэдэг хүн 1992 онд “Хүрэн хад”-ны өвөлжөөнд өвөлждөг байсан гэх утга агуулга байхгүй. 

Харин Ж.Р, Б.Т, Ч.Ч-О нарын мэдүүлэгт байдаг. Эдгээр гэрчүүд бүгдээрээ энэ хэрэгт хувийн сонирхолтой байгаа нь мэдүүлгээс нь харагдаж байгаа. Ж.Р нь гуравдагч этгээд О.Б-гийн ээж Д.Д-д малын хашаагаа зарсан Ж.А-ийн төрсөн ах, Б.Т нь Ж.А-ийн эхнэр нь, Ч.Ч-О бол манай багийн иргэн ч биш, манай багийн дарга удирдлага ч байгаагүй, харин гуравдагч этгээд О.Бгийн ээж Д.Д-д малаа өгч манай өвөлжөөнд өвөлжүүлдэг байсан. “Хүрэн хад”-ны өвөлжөөний талаар мэдэж ярих юмгүй хүн. Би шүүх Тэлмэн суманд ажиллаж байх үед гэрч асуулгах хүсэлтэй байгаагаа шүүгчийн түслахад хэлсэн. “Гэрчүүдээ бэлэн байлгаж бай” гэсэн хариу өгсөн атлаа миний асуулгахыг хүссэн хүмүүсийг асуугаагүй буцаад явсан байсан. Сүүлд нь “Яагаад гэрчүүдийг маань асуугаагүй юм бэ” гэж асуухад “Гэрч асуух шаардлагагүй” гэсэн хариу өгсөн. Тэгсэн хирнээ Б.Т, Ч.Ч-О зэрэг гэрч нарыг хаанаас олоод асуучихсан юм бэ, яагаад үнэн зөв мэдүүлэг өгч чадна гэж үзсэн юм бэ, өгсөн мэдүүлэг нь ашиг сонирхол бүхий байгаа нь илэрхий байхад яагаад үнэн зөв мэдүүлэг гэж үзээд байгаа юм бэ гэдэг асуудал надад ойлгомжгүй байна. 

Д.О гэх хүнийг өмч хувьчлалаар өвөлжөөг аваагүй гэдгийг, уг өвөлжөөнд хэдий үеэс өвөлжсөн гэдгийг мэдэх гэрч олон бий. Нутаг нугын ахан дүүс үнэнийг хэлээд л өгнө. Гэтэл өвөлжөөгөө Д.О-д зарсан Ж.А-ийн эхнэр Б.Т манай багийн иргэн биш, манай багтай огт хамааралгүй, гуравдагч этгээд О.Б-гийн ээж Д.Д-аар малаа маллуулж байсан Ч.Ч-О, өвөлжөөгөө Д.О-д зарсан Ж.А-ийн төрсөн ах Ж.Р нарын мэдүүлгээр Д.О гэдэг хүн “Хүрэн хад”-ны өвөлжөөг өмч хувьчлалаар авч байсан гэсэн үнэнээс ангид шийдвэр гаргасанд гомдож байна. Шүүх зөвхөн гуравдагч этгээдэд ашигтайгаар мэдүүлэг өгөх гэрчүүдийг сонгож, мэдүүлэг авсан байгааг ноцтой зөрчил гэж үзэж байна.

2. Д.Д шүүх хурал дээр “Аав нь дарга байхдаа хууль зөрчөөд өвөлжөөг авчихсан. Хүүхдүүд нь гэрчүүдийг бүгдийг нь үхсэний дараа баримтаа гаргаж ирсэн. Үхсэн эхийнхээ хүслийг гүйцээх нь үү” гэж эцэг эхтэй минь хамт гүтгэж биднийг шүүхийн танхимд доромжилсон. Ийм ёс зүйгүй юу ч хийж, юу гэж ч ярихаас сийхгүй төрийг төр, хуулийг хууль гэж үздэггүй, үнэнийг өчдөггүй сийхгүй ярьж байгаа хүний үгээр шүүх шийдвэр гаргаж байгаад сэтгэл өвдөж байна. 

“Хэзээнээс 1997 оны газрын гэрчилгээ байхгүй гэж ярьдаг мөртлөө шүүх хуралд гэнэт “... байдаг, галд шатаачихсан” гээд огт сийхгүй ярьж байгаа хүний худал үгээр шүүх шийдвэр гаргаж байгаад гомдож байна. Эцэстээ төрийг ч, хуулийг ч хуурч болдог гэдгийг Д.Д болон Ж.Р, Б.Т, Ч.Ч-О нарын мэдүүлгээр шүүх өөрөө нотлоод байна. Манай аав, ээж, өвөө нар албан тушаалаа ашиглан ганц хадаас ч төрөөс хулгайлаагүй, хамгийн шударгаар хоёргүй сэтгэлээр төрд алба хашиж, хүүхдүүдээ ч үл хайхран төрийн төлөө үнэнчээр зүтгэж ажиллаж байсныг нутаг орны ард түмэн гэрчилнэ. Ингэж ажиллаж амьдарчхаад төрийн хайр хишиг ч хүртээгүй ганц төгрөгийн тэтгэвэр ч аваагүй нас барсан ижий, ааваа өрөвдөж байна. Мал маллаад үлдсэн өнчин ганц хүү нь өвгөдийнхөө өвөлжөөнд тайван байж болдоггүй, хуулийг гууль болгож байдаг иргэдийн увайгүй үйлдлийг тасалж чадахгүй хууль, шүүх байна гэхээр төрд итгэх итгэл өөрийн эрхгүй унтарч байгааг ойлгох хэрэгтэй. 

Ер нь шүүх гэрчээ ганцхан талыг барьсан мэдүүлгүүдийг авч гуравдагч этгээдэд ашигтайгаар асууж хэрэгт хавсаргасан нь ноцтой зөрчил гэж үзэж байна. Бид ийм үр дүнг гаргах гэж шүүхэд хандаагүй болно. Өвөлжөө эзэмших гэрчилгээтэй төрийн үнэт цаас байсаар байхад хуурамч бичиг үйлдсэн гэдгийг гэрч А.Д нотлоод байхад энэ албан бичиг, албаны хүний мэдүүлэгт ч ач холбогдол өгсөнгүй.

3. “Хүрэн хад”-ны өвөлжөөний сууцны газар 0.5 га ч хүрэхгүй шүү дээ. “Б.А-ын эзэмшиж байгаа газартай Д.О-ын 0.5 га газар давхцахгүй гэж үзэж Б.А-ын эрх зөрчигдөөгүй” гэж байгаа нь үндэслэлгүй байна. Д.О-д олгосон гэх 0.5 га газар хаанаас хаана хүртэл юм бэ?, Б.А-ын эзэмшиж байгаа газар хаана байрлаад байгаа юм бэ? Эдгээр асуудлыг шалгаж үзлэг, хэмжилтүүдийг шүүх хийгээгүй атлаа юунд үндэслэж давхцалгүй гэх дүгнэлт хийх болов. Шүүх эзэмшил газрын хэмжээг тогтоолгүйгээр шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэд хүлээн зөвшөөрөөгүй байхад нэг нэгж талбар бүхий газрыг нэг гэрчилгээгээр хэд хэдэн хүнд эзэмшүүлсэн байгааг хуульд нийцэж байна гэж дүгнэж байгаа шүүхийн шийдвэртэй огт санал нийлэхгүй байна. Шүүх тэнцвэртэй баримт дээр үндэслэж хуулийн хүрээнд шийдвэр гаргах ёстой атал хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь эргэлзээ төрүүлж байна. 

Дээрх байдлаар шүүх хангалттай баримт цуглуулж, хөндлөнгийн, үнэн зөв мэдүүлэх гэрчийн мэдүүлгийг олж авч чадсангүй гэж үзэж байна. Шүүх үнэнд нийцсэн, шударга шийдвэр гаргах ёстой гэж би хувьдаа үздэг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч уг шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд өгөхийг хүсч байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Иргэн Б.А-ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргад холбогдох газрын маргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Э би эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, мөн Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 52 дугаар зүйлийн 52.7-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэснээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

1. Маргаан бүхий “Хүрэн хад”-ны өвөлжөөг нэхэмжлэгч Б.А-ын эцэг Г.Б болон гуравдагч этгээд О.Б-гийн эцэг Д.О нар анх хэзээнээс эзэмшиж ирсэн тухайд.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “... “Хүрэн хад”-ны өвөлжөөг миний аав Г.Б 1988 оноос хойш эзэмшиж байгаад 1994 онд бага хувьчлалаар авч, Тэлмэн сумын Засаг даргын 1997, 1999 онуудад олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмшиж байгаад 2012 оны 12 сард өөд болсон. Одоо үр хүүхэд бид эзэмшиж байгаа бөгөөд өвлөх эрхээ хэрэгжүүлэх хүсэлтээ Засаг даргад гаргасан. Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаар захирамжаар О.Б-гийн аав Д.О-д өвөлжөөний газрыг давхцуулан эзэмшүүлж гэрчилгээ олгосон нь хууль бус бөгөөд өвөлжөөний газар эзэмших миний эрхийг зөрчсөн ... Д.О ахынх 2009 онд өвөлжөөнд ирж буусан” гэж тайлбарладаг.

Гуравдагч этгээд О.Б “... Миний аав Д.О 1992 онд тухайн өвөлжөөг нутгийн айлуудтай хувьчилж авч, Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаар захирамжаар 0123496 дугаартай газар эрхийн гэрчилгээгээр эзэмших болсон. Тухайн үед манай аав үндсэн эзэмшигчээр, Б.Ж нь хамтран эзэмшигчээр, эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан. Жн хүү А 1,000,000 төгрөгөөр манайд малын хашаагаа зарсан” гэж тайлбарладаг.

Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 474 дүгээр албан бичигт “... “Хүрэн хад”-ны өвөлжөөг Г.Б, Б.Ж, Ж.Р, н.Б, н.П, н.Ц, н.Б нарын 7 хүн өмч хувьчлалаар авсан ... хувьчлалаар авсан өвөлжөө нь зөвхөн газар дээр баригдсан хашаа хороо, пүнз бөгөөд тухайн иргэд өвөлжөө хаваржааны доорх газрыг Газрын тухай хуулийн дагуу хүсэлтээ гарган ... эзэмших хуулийн зохицуулалттай” гэж тэмдэглэсэн зэрэг баримтуудаар 1992, 1993 онд гуравдагч этгээд О.Бгийн эцэг Д.О “Хүрэн хад”-ны өвөлжөөг хувьчилж авч, өвөлжиж ирсэн гэх байдал үгүйсгэгддэг.

Гэрч Ч.Ч-О, Б.Т, Ж.Р нар Д.О нь Б.Ж гэх хүнтэй хамт “Хүрэн хад”-ны өвөлжөөний газрыг хувьчилж авсан гэж мэдүүлдэг ч гэрч Ч.Ч-Оын (Өгөөмөр багийн иргэн) “... дээрх өвөлжөөг Б-ын Ж, Б-ын О нар хувьчилж авсан” гэсэн, гэрч Б.Тийн (Ж.А гэх хүний гэр бүлийн хүн) “... би энэ өвөлжөөний маргаан шүүхэд үүссэн гэхээр нь Д.Д гуайн хэлснээр аймгийн архиваас энэ өвөлжөөний холбоотой баримтыг нөхөр Ж.А-ийн нэрээр шүүлгэхэд байхгүй байсан” гэсэн, гэрч Ж.Р-ийн (Ж.А гэх хүний төрсөн ах. 2009 онд Тэлмэн сумын Засаг дарга байсан) “... 1993 онд хувьчилж байх үед миний аав Б.Ж “Хүрэн хад”-ны өвөлжөөнд амьдарч байсан ... Д.О амьдарч байсан огноог сайн мэдэхгүй” гэсэн мэдүүлгүүдийн агуулгаар 1992 онд Д.О гэх хүн “Хүрэн хад”-ны өвөлжөөний газрыг бодитой эзэмшиж байсан гэх байдал үгүйсгэгддэг.

Захиргааны хэрэг маргаан иргэн хоорондын хэрэг маргааныг бодвол бичмэл нотлох баримт хангалттай цуглуулах боломжтой онцлог давуу талтай учир бичмэл нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүй орхих нь шүүхийн шийдвэр үнэн бодитой, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэх юм.                                                      

Гэрч Б.Т нь өвөлжөөний газрын эрхийг Д.О-д шилжүүлсэн гэх Ж.А-ийн гэр бүлийн хүн, гэрч Ж.Р нь Ж.А-ийн төрсөн ах, гэрч Ч.Ч-О нь гэрчийн мэдүүлэг өгөхөөс өмнө өөрөө санаачлагаараа шүүхэд “Мэдүүлэг” нэртэй “Б.А-ын эцэг Г.Б “Хүрэн хад”-ны өвөлжөөг эзэмших эрхгүй” гэх утгатай бичвэрийг ирүүлж байсан зэрэг байдлаараа, мөн эдгээр гэрчүүдийн өгсөн мэдүүлэг дотроо утга агуулгын зөрүүтэй байгаа нь эдгээр гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх үндэслэлгүй байна.

2. “Хүрэн хад”-ны өвөлжөөний газрыг эзэмших эрх нэхэмжлэгч Б.А-ын эцэг Г.Б болон гуравдагч этгээд О.Б-гийн эцэг Д.О нарт үүссэн тухайд. 

Нэхэмжлэгч Б.А “... миний аав Г.Б Тэлмэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр тус өвөлжөөний газрыг мал аж ахуйн зориулалтаар 60 жилийн хугацаагаар эзэмших болсон. Улмаар 1999 онд газар эзэмших гэрээ гэрчилгээг шинэчилж олгохдоо 40 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Д.О ахынх 2009 онд өвөлжөөнд ирж буусан” гэж тайлбарлаж энэхүү тайлбараа нотолж 1997 оны 11 сарын 14-ний өдөр газар өмчлөгчийг төлөөлж Дашрэнчингийн Батбаатар, иргэн Гүндсамбуугийн Б нарын байгуулсан газар эзэмших гэрээ, уг гэрээг үндэслэн 1997 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр олгосон Т-202 дугаартай газар эзэмших гэрчилгээг гаргаж өгсөн.

Гуравдагч этгээд О.Б “... Миний аав Д.О Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаар захирамжаар 0123496 тоот эрхийн гэрчилгээгээр “Хүрэн хад”-ны өвөлжөөний газрыг эзэмших болсон. Тухайн үед манай аав үндсэн эзэмшигчээр, Б.Ж нь хамтран эзэмшигчээр, эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан. Жн хүү А 1,000,000 төгрөгөөр манайд малын хашаагаа зарсан юм” гэж тайлбарлаж энэхүү тайлбараа нотолж Тэлмэн сумын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаартай захирамжийг үндэслэн 1997 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр газар өмчлөгчийг төлөөлж А.Д, иргэн Жн А нарын байгуулсан газар эзэмших гэрээ, уг гэрээг үндэслэн 1997 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр олгосон 121700235 дугаартай газар эзэмших гэрчилгээг гаргаж өгсөн байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Завхан аймгийн Архивын тасгийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/4682 дугаар албан бичгээр Тэлмэн сумын Засаг дарга Д.Э-ын гарын үсэг бүхий 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг шүүхэд ирүүлсэн. Уг  27 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн тус сумын харьяат иргэдэд газар эзэмших ашиглах гэрчилгээ олгох”-ыг ажлын хэсэгт зөвшөөрч, сумын 5 багийн иргэдэд олгох газрыг хавсралтаар баталсан байдаг.             

Тэлмэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаар захирамж 1994 оны Газрын тухай хуульд нийцэж байх тул дээрх захирамжийг үндэслэн 1997 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Г.Б-тай газар эзэмших гэрээг байгуулж, 1997 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Тэлмэн сумын Шургах багийн Дунд шургахын “Хүрэн хад” гэх газарт оршин суух байнгын хаягтай Г овогтой Б-т “Хүрэн хад”-ны өвөлжөөний 0.18 га газрыг мал маллах зориулалтаар 60 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр Т-202 дугаар гэрчилгээг олгож, улмаар 1999 онд газар эзэмших гэрээ гэрчилгээг шинэчилж олгохдоо 40 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон нөхцөл байдал тогтоогддог.

Тэлмэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаар захирамжийг үндэслэн 1997 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ж.А-тэй “Газар эзэмших гэрээ” байгуулж 1997 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Тэлмэн сумын Шургах багт оршин суух хаягтай Ж овогтой Ад Шургах багийн “Хүрэн хад”-ны өвөлжөөний 0,18 га газрыг ахуйн зориулалтаар 60 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр 121700235 дугаар гэрчилгээг олгосон байдаг.

Уг гэрээ байгуулж гэрчилгээ олгох үед Ж.Алтэнгэрэл нь 17 настай байсан төдийгүй “Ж.А-тэй байгуулсан газар эзэмших гэрээний 7, 8, 9 дахь зүйлд заасан асуудлыг талууд Газрын тухай хуулийн 39, 40, 41, 42, 43, 50, 51 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэнэ” гэж тохирсон нь тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан 1994 оны Газрын тухай хуульд нийцээгүй, харин гэрээ байгуулж буй тухайн цаг хугацаанд үйлчлэх боломжгүй 2002 оны Газрын тухай хуулийн агуулга, тухайн зүйл хэсгийн хэм хэмжээнд нийцүүлэн тохиролцсон байдаг. Мөн шүүх хуралд гэрчээр оролцсон А.Д нь Г.Б-тай байгуулсан гэрээг өөрийн гараар бичиж гарын үсэг зурсан байна гэж, харин Ж.А-тэй байгуулсан гэрээний бичгийн хэлбэр, гарын үсгийг өөрийнх биш болохыг баталж мэдүүлсэн.

Гэрч Б.Т нь “... би Ж.А-ийн эхнэр байна. 2002 оны 09 дүгээр сард бид хоёр айл болоод ..., 2002-2009 он хүртэл Тэлмэн сумын Шургах багт “Хүрэн хад”-ны өвөлжөөн дээр амьдарч байсан” гэж мэдүүлсэн.

Дээрх баримтуудаар Ж.А нь 1997 онд өрх тусгаарлаагүй, өвөлжөөний газрыг зориулалтаар нь эзэмшиж ашиглах мал бүхий иргэн байгаагүй бөгөөд өрх тусгаарлаж мал маллах болсноос хойш буюу 2002 оноос хойш эцэг Б.Ж-гийн өмч хувьчлалаар авсан малын хашааны доорх газрыг эзэмших гэрээ, гэрчилгээг нөхөж бичүүлж авсан байх нөхцөл байдал тогтоогддог.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3/451 дүгээр албан бичгээр Тэлмэн сумын Засаг дарга Ж.Р-ийн гарын үсэг бүхий 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг шүүхэд ирүүлсэн. Уг 96 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэн газар эзэмших хүсэлт гаргасан иргэдэд газар эзэмшүүлж, гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг Байгаль орчны хяналтын улсын байцаагч /Ж.Г/- т үүрэг болгосон. 

Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хавсралтын 28 дугаарт Д.О-д “Хүрэн хад” байршилд өвөлжөөний зориулалтаар 0,5 га газрыг эзэмшүүлэхээр тусгасан байдаг ба захирамжийг үндэслэн 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Д.О-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Д.О-д “Хүрэн хад” гэх газарт 0,5 га газрыг өвөлжөөний зориулалтаар 60 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр 0123496 дугаартай гэрчилгээг олгож, гэрчилгээний хавсралт хэсэгт хамтран эзэмшигчээр Б.Ж, Г.Б гэж бичиж тэмдэглэсэн байдаг.

Гэрч Ж.Г (2009 онд газрын даамлын үүргийг гүйцэтгэж байсан) “... Одоо санаж байгаагаар Жн Поос Д.О-д уг өвөлжөөний газрыг шилжүүлсэн. Шилжүүлэхдээ гэрээний арын хэсэгт байх хамтран эзэмшигчийн бүртгэл дээр Б.Ж, Г.Б нарыг хамтран эзэмшигчээр бүртгэсэн. Дээрх хүмүүс энэ өвөлжөөг эзэмших эрхийн хуучин гэрчилгээтэй байсан. 2003 оны шинэ хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорх газрыг хот айлаараа дундаа хамтран эзэмшиж болно” гэсэн заалт байсан. Түүний дагуу тухайн өвөлжөөнд нэг гэрчилгээ буюу нэг үнэт цаас бичигдэх болсон” гэж мэдүүлсэн.

Гэрч Д.Д (Тэлмэн сумын Шургах багийн Засаг дарга) “... О.Б-гийн ээж Д.Д нь уг өвөлжөөг Жн А гэдэг хүнээс худалдаж авсан гэж ярьдаг. Хэдэн онд авсныг мэдэхгүй байна. Ж.А нь аймгийн төв орохдоо л уг өвөлжөөг зараад явсан байх” гэж мэдүүлсэн.

Гэрч Ч.Ч-О (Өгөөмөр багийн иргэн) “... Жн хүү А нь энэ өвөлжөөг аавыгаа нас барсны дараа эзэмшиж байгаад Д.О-ыг амьд байхад нь энэ хүнд зарсан. Хэдэн онд зарсныг сайн санахгүй байна. 2010 онд болов уу” гэж мэдүүлсэн.

Гэрч Б.Т (Ж.А гэх хүний гэр бүлийн хүн) “... бид өөрсдийн гэр бүлд оногдох хэсгийг 2010 онд Д.О ахынд зараад би энэ өвөлжөөний маргаан шүүхэд үүссэн гэхээр нь Д.Д гуайн хэлснээр аймгийн архиваас энэ өвөлжөөний холбоотой баримтыг нөхөр Ж.А-ийн нэрээр шүүлгэхэд байхгүй байсан” гэж мэдүүлсэн.

Гэрч Ж.Р (Ж.А гэх хүний төрсөн ах. 2009 онд Тэлмэн сумын Засаг дарга байсан) “... 2009 оны үед би сумын 3асаг дарга байсан. Манай дүү шилжиж явахдаа хоорондоо өгөлцөж авах тухай ярьж байсныг санаж байна. Д.О, Ж.А нар хоорондоо тохироод орж ирэхэд би баталгаажуулсан байх. Хууль журамд тохирсон л байгаа байх. Ж.А Эрдэнэт хот руу шилжих гэж байгаа талаараа хэлж байсан. Хүсэлт гаргасан. Б.А гэж хүүхдийн тухайд нэг мэдэхэд нэг их олон жил амьдарсан гээд одоо шүүхэд хандаж байгаа нь буруу. Одоогийн цаг үед Ж.А, О.Б нарт л шилжих ёстой. Г.Б-ын хүүхдүүдэд эзэмших эрх байхгүй” гэж мэдүүлсэн.

Дээрх баримтуудаар Д.О нь 2009-2010 оны үед “Хүрэн хад”-ны өвөлжөөний газарт байх Ж.А-ийн хашааг худалдан авч улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авах хүсэлтээ сумын Засаг даргад илэрхийлж байсан үйл баримт тогтоогддог бөгөөд маргаан бүхий Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Д.О-д Ж.А-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмыг баримтлаагүй, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна” гэсэн хуулийн хязгаараас хэтрүүлж сумын газрын даамал Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т “Эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжүулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 23.4.4-д “Газрын мэдээллийн санг эрхлэх” гэж заасан хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч Б.А-ын эцэг Г.Б-ын бодитойгоор эзэмшиж байгаа газрыг бусдад эзэмшүүлэхээр 2009 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж улмаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэн Д.О-д “Хүрэн хад”-ны өвөлжөөнд 0.5 га газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар хамгаалагдсан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн байна.  

Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 96 дугаар захирамж дээрх үндэслэлүүдээр хууль бус байх тул мөн захирамжийн иргэн Д.О-д холбогдох хэсгийг, уг захирамжийг үндэслэн Д.О-д олгогдсон 0123496 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Иймд Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 52 дугаар зүйлийн 52.7-д заасныг буруу хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдлын хүрээнд хянаад, хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн хийсэн боловч хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

Нэхэмжлэгч Б.А-аас Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргад холбогдуулан “Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаартай захирамжийн Д.О-д холбогдох хэсгийг болон уг захирамжийг үндэслэн Шургах багийн “Хүрэн хад”-ны өвөлжөөг Д.О-д эзэмшүүлэхээр олгосон 0123496 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Маргаан бүхий 96 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэн газар эзэмших хүсэлт гаргасан иргэдэд хавсралтад заасны дагуу газрыг эзэмшүүлж гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг зөвшөөрсөн, уг хавсралтад Д.О-д өвөлжөөний зориулалтаар “Хүрэн хад” гэх газарт 0,5 га газрыг олгохоор тусгасан байна. 

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Г.Б нь 1997 оны 27 дугаар захирамж, 1997 оны Т-202, 1999 оны 121700116 дугаартай гэрчилгээнүүдийн дагуу “Хүрэн хад” өвөлжөөг 0,18 га талбайн хэмжээгээр эзэмшиж байсныг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 19 дугаартай гэрчилгээгээр түүний хүү Б.А нь өвлөн авсан, харин Д.О нь Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаар захирамж, 2009 оны 0123496 дугаартай гэрчилгээний дагуу “Хүрэн хад”-ны өвөлжөөг 0,5 га талбайн хэмжээгээр эзэмшиж байсныг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 218 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр түүний хүү О.Б нь өвлөн авсан байна. 

Хэдийгээр гуравдагч этгээдээс “... Г.Б-т анх газар олгосон гэх 27 дугаар захирамжийн хавсралт хэрэгт авагдаагүй, архивд хадгалагдаагүй тул уг хавсралтад Г.Б-ын нэр байгаа дурдагдсан эсэх нь тодорхойгүй, түүнд уг захирамжаар газар эзэмших эрх үүссэн эсэх нь эргэлзээтэй” гэж маргах боловч уг захирамжийг үндэслэн 1997 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Т-202 дугаартай гэрчилгээг, 1999 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 121700116 дугаартай гэрчилгээг тус тус олгож, газар эзэмших гэрээ байгуулснаас үзвэл түүнд газар эзэмших эрх үүссэн гэж үзнэ. 

Харин Д.О-ын хувьд “... 1992 онд тухайн өвөлжөөг нутгийн айлуудтай хувьчилж авсан, ... тухайн үед манай аав Д.О үндсэн эзэмшигчээр, Б.Ж нь хамтран эзэмшигчээр эзэмшиж гэрчилгээ гаргуулсан. Тэгээд Жн хүү А нь манайд 1,000,000 төгрөгөөр малын хашаагаа зарсан” гэж гуравдагч этгээдээс тайлбарладаг бөгөөд Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг үндэслэн 1997 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 121700235 дугаартай гэрчилгээгээр Ж.Ад 0,18 га газрыг “Хүрэн хад”-ны өвөлжөөний бууцны хэмжээгээр эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулсан, Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаар захирамжаар Д.О-д 0,5 га газар эзэмших эрх олгож, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна. 

Дээрх байдлаар Г.Б, Ж.А нарт 1997 оны 27 дугаар шийдвэрийн дагуу 0,18 га, Д.О-д 2009 оны 96 дугаар захирамжийн дагуу 0,5 га газрыг эзэмших эрх тус тус үүссэн бөгөөд “Хүрэн хад”-ны өвөлжөөний газрыг хот айлуудад дунд нь эзэмшүүлж гэрчилгээ олгож байсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч, гуравдагч нарын хэн алиныг нь буруутгах боломжгүй байна.

Харин Д.О-ын нэр дээрх маргаан бүхий 0123496 дугаартай гэрчилгээний хамтран эзэмшигчдийн бүртгэлд Б.Ж, Г.Б гэж тэмдэглэсэн боловч иргэний үнэмлэх, регистрийн дугаарууд болон хэзээ ийнхүү тэмдэглэл хийгдсэн болон тэмдэглэж бүртгэхдээ эдгээр хүмүүст мэдэгдэж, санал хүсэлтийг нь авсан эсэх, 2009 онд Д.О-д гэрчилгээ анх олгохдоо 2 хамтран эзэмшигчийг бүртгэсэн, эсхүл сүүлд нэмж бүртгэсэн болох нь тодорхойгүй, түүнчлэн уг газрыг 0.5 га, эсхүл 0,18 га талбайн хэмжээгээр эзэмших эрхтэй эсэхийг талуудад мэдэгдээгүйгээс үүдэн уг маргаан гарчээ. 

Анхан шатны шүүх “нэхэмжлэгч Б.А, гуравдагч этгээд О.Б нарыг тус бүр “Хүрэн хад”-ны өвөлжөөний газрыг эзэмших эрхийн өвлөгч нар байх бөгөөд уг өвөлжөөнд хамтдаа өвөлжиж, жил бүр малаа тоолуулж ирсэн мал бүхий иргэд байна ... Газрын тухай хуульд заасны дагуу Б.А-ын хувьд О.Б-гийн хамтаар “Хүрэн хад”-ны өвөлжөөний доорх газрыг эзэмших нь хуульд заасныг зөрчхөөргүй байна” гэж дүгнэснийг шууд буруутгах боломжгүй ч уг шүүхийн шийдвэр бодит байдалд хэрхэн биелэгдэж хэрэгжих нь тодорхойгүй, учир дутагдалтай болжээ. 

Тодруулбал, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т зааснаар өвөлжөөний тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулах, 52.7-д зааснаар өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болох хэдий ч уг маргааны хувьд Б.А нь өөрийн эцэг Г.Б-ын эзэмшиж байсан 0,18 га газрыг, О.Б нь өөрийн эцэг Д.О-ын эзэмшиж байсан 0,5 га газрыг чухам ямар хэмжээгээр, ямар солбицол, байршилд хамтран эзэмших  нь тодорхойгүй, маргаан бүхий 96 дугаар захирамжийн дагуу 0.5 га талбайг хамтран эзэмших, эсхүл Б.А 0,18 га талбайг, О.Б 0.5 га талбайг тус тусдаа эзэмших эсэх нь ойлгомжгүй байна. 

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8-д зааснаар газрын улсын бүртгэлд бүртгэгдсэн эдлэн газар бүр түүнийг бусад газраас заагласан ерөнхий хилтэй байх, 16.9-д зааснаар хэсгээр дундаа эзэмшиж, ашиглаж байгаа эдлэн газрын эзэмшигч, ашиглагч тус бүрт хамаарах хэсгүүд оноосон хилтэй байх, 16.13-т зааснаар газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилийн цэстэй, оноосон хил нь газрыг хэсгээр дундаа эзэмшигчдийн бичгээр гаргасан зөвшөөрөлд заасан, эсхүл газар олгоход эрх бүхий этгээдээс тогтоосон хилтэй тохирч байхаар, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар сумын газрын даамал эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх, газрын мэдээллийн санг эрхлэх, 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал тухайн иргэнтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх эрх, үүргийг хэрэгжүүлэхээр, 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийг бусдад хэрхэн шилжүүлэх талаар тодорхой хуульчилсан байхад хариуцагч газар эзэмших эрхийг Ж.Аээс Д.О-д шилжүүлэхдээ болон Д.О-ын 0123496 дугаартай гэрчилгээний хавсралтад Б.Ж, Г.Б гэсэн тэмдэглэгээг хийхдээ дээр дурдсан ажиллагааг холбогдох хуульд заасан журмын дагуу хийгээгүй нь буруу болжээ.  

Шүүхээс “Хүрэн хад”-ны өвөлжөөний газрын нэгж талбарын хувийн хэрэг, уг газрыг эзэмших талаар иргэдээс гаргасан хүсэлт, өргөдөл, бусад холбогдох баримтыг ирүүлэхээр шаардсаны дагуу Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаартай албан бичгээр нэгж талбарын хувийн хэргийг ирүүлсэн боловч Д.О-д 2009 онд 96 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон баримтын хавсралтад тэмдэглэснээс өөрөөр Б.Ж-гийн нэр дээр “Хүрэн хад” өвөлжөөг эзэмшүүлэхээр гаргасан шийдвэр, гэрээ, гэрчилгээ авагдаагүй, Б.Ж-гээс Ж.А-д, Ж.А-ээс Д.О-д уг өвөлжөөг хэзээ, хэрхэн шилжүүлсэн, тодруулбал, маргаан бүхий өвөлжөөний газрыг болон хашааг зарсан, газар эзэмших эрхийг шилжүүлэхээр гаргасан аливаа хүсэлт, өргөдөл авагдаагүй байна. 

Түүнчлэн шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 118/АБ2021/0024 дүгээр албан бичгээр “Хүрэн хад”-ны өвөлжөөний газрын эзэмшилтэй холбоотой баримтуудыг шаардахад Завхан аймгийн Архивын тасгийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/98 дугаар албан бичгээр “... “Хүрэн хад”-ны өвөлжөөний газрыг хувьчилсан тухай өмч хувьчлалын комиссын шийдвэр олдохгүй байна” гэх хариуг ирүүлжээ. 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь төдийлөн ач холбогдолгүй, шүүхээс маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах ажиллагааг боломжит байдлаар хийсэн, нэгэнт шаардсан баримтууд архивд хадгалагдаагүй байх тул   хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь цаг хугацаа алдах, маргаан даамжрах зэрэг сөрөг үр дагавар бий болохоор байна. 

Иймд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар газар эзэмшүүлэх шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргахаар хуульчилсан тул хот айлаар дундаа хамтран эзэмшиж болох хуулийн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  дордуулахгүйгээр холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэн алинд нь хууль ёсны газар эзэмших эрх олгох байдлаар шийдвэрлэх нь маргааныг нэг мөр, үнэн зөв шийдвэрлэх, шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдэх боломжтой болно гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Гомдолд дурдсан “... нэр дурдсан гэрч нар нь гуравдагч этгээдийн хамаарал бүхий этгээд болох, уг хэрэгт хувийн сонирхолтой” гэх гомдлын тухайд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг гэрчлэх боломжтой этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авсныг шууд буруутгах боломжгүй. Харин нэхэмжлэгчээс гэрч асуулгах тухай хүсэлтээ бичгээр илэрхийлээгүй байх тул “... асуулгахыг хүссэн гэрчээс шүүх мэдүүлэг аваагүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. 

Ж.А-ийн ИН80070311 регистрийн дугаараас үзвэл 1997 онд газар эзэмших гэрээ байгуулахдаа 18 насанд хүрээгүй байсан гэж үзэхээр бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хууль /1994 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид иргэн гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглана” гэж заасныг зөрчиж гэрээ байгуулсан байгааг тэмдэглэх нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 52 дугаар зүйлийн 52.7-д тус тус заасныг баримтлан Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаар захирамжийн Д.О-д холбогдох хэсгийг болон уг захирамжийг үндэслэн Шургах багийн “Хүрэн хад”-ны өвөлжөөг Д.О-д эзэмшүүлэхээр олгосон 0123496 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас  шинэ акт гаргаагүй бол Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаар захирамжийн Д.О-д холбогдох хэсэг болон уг захирамжийг үндэслэн Шургах багийн “Хүрэн хад”-ны өвөлжөөг Д.О-д эзэмшүүлэхээр олгосон 0123496 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ тус тус хүчингүй болохыг дурдсугай. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

 

                    ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН 

 

                    ШҮҮГЧ                                                                   Н.ДОЛГОРСҮРЭН