| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2016/0532/И |
| Дугаар | 182/ШШ2016/00996 |
| Огноо | 2016-11-08 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2016/00996
| 2016 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 182/ШШ2016/00996 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Бн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ЭТТ-нд холбогдох
Сул зогсолт олгосон уурхайн ерөнхий захирлын удирдамжийг хүчингүй болгуулах, цалингийн зөрүүд 29.400.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Т.Төгсбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016.03.30-ны өдөрЭТТй ХК-ийн Уурхайн ерөнхий захирал Н.Н нь удирдамж гарган сул зогсолт олгож байгаа тухай Уурхайн захиргааны хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтэн С.О надад утсаар мэдэгдэж, удирдамжийг надад явуулсан. Тухайн үед уурхайн үйл ажиллагаа муу, санхүүгийн чадавхи сайнгүй байснаас шалтгаалан олон ажилтныг сул зогсоосон байсан тул миний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа талаар мэдээгүй юм. 08 дугаар сарын 08-ны өдөр компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Бтэй уулзаж уурхайн ерөнхий захирлын удирдамжийн дагуу сул зогсолттой байгаа талаараа мэдэгдэж, ажлын талаар ярилцсан бөгөөд ажил эхлэх үед нийт ажилтнуудын сул зогсолтыг зогсоож ажилд оруулна гэж надад хэлсэн. 2015.12.21-ний өдөр компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б болон Захиргаа, хүний нөөцийн газрын захирал С.Ганболд нартай уулзаж компанийн хэмжээнд сул зогсолттой байгаа бүх ажилтныг ажилд оруулж байгаа талаар сонслоо би хэзээ ажилдаа орох талаар асуусан боловч тодорхой хариу хэлээгүй, тухайн үед тус захирлууд ажилдаа очиж ор шийдвэрийг гаргая гэж хэлсэн. Тэгээд миний бие 2016.01.04-ний өдрийн Уурхайн дээр ажилдаа очоод компанийн видео хуралд оролцож байхад гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б хэн чамайг ажилд ор гэсэн юм, зайл чи, тэр шүүхээрээ хөөцөлд гэж хэлсэн учир би шүүхэд хандаж байна. 2015 оны 04 сараас хойш халагдах хүртэл 13 сарын хугацаанд надад олгогдох байсан цалингийн 40%-иас ХАОАТ, НДШ-ийг хасаад 29.400.000 төгрөгийг компаниас гаргуулж өгнө үү, мөн сул зогсолт олгосон уурхайн ерөнхий захирлын хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа компанийн гаргасан өмнөх тайлбарыг дэмжиж байна. Компанийн үйл ажиллагаа өөрийн гэсэн онцлогтой, бараг өдөр болгон шахуу сул зогсолт явагдаж байдаг юм. 2014-2015 оны хооронд компанийн хэмжээнд нийт 200 гаруй ажилчдыг тодорхой хугацаагаар сул зогсоож, олговор олгосны нэг нь Б.Б юм. Б.Бийн хувьд уурхайн захиргааны менежерээр ажиллаж байсан бөгөөд уурхайн үйл ажиллагаа 50 хувиар буурч, захиргааны ажил ч мөн хэмжээгээр буурсан. Ингээд Б.Бт сар бүр үндсэн цалингийн 60%-иар буюу 3.600.000 төгрөг, мэргэжлийн зэргийн нэмэгдэл 300.000 төгрөг, нийт 3.900.000 төгрөгйг олгож байсан. Б.Б нь түүнд сул зогсолт өгөх тухай 2015.03.29-ний өдрийн уурхайн ерөнхий захирлын 19 тоот удирдамжтай 2015.04.01-ний өдөр танилцаад зөвшөөрөхгүй байгаа тухайгаа тэмдэглээд гарын үсгээ зурсан байдаг. Дээрх байдлаар Б.Б нь өөрийнхөө эрхийг зөрчигдсөн болохыг мэдсэн байх бөгөөд энэ үед ямар нэгэн байдлаар эрх бүхий газарт хандаагүй, Мөн Б.Б нь 2015.08.08-ны өдөр компанийн гүйцэтгэх захиралд хандан өргөдөл бичиж байсан. Энэ үеэс ч тооцвол гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ. Компанийн захирлын зүүн цанхийн уурхайг зогсоосон тушаал гарч, сул зогсолтод хамрагдах хүмүүсийн нэрсийг хүргүүлэхийг уурхайн захиралд үүрэг болгосон байдаг. Үүний дагуу уурхайн захирал сул зогсолт зарлаж, Б.Бт удирдамж олгосон. Энэ удирдамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Тэгээд ч гүйцэтгэх захирлын 2016.05.25-ны өдрийн Б/215 тоот тушаалаар Б.Бийн хөдөлмөрийн гэрээг цуцласан байгаа. Энэ шийдвэрт гомдоогүй, хүлээн зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагчЭТТй ХК-нд холбогдуулж cул зогсолт олгосон уурхайн ерөнхий захирлын удирдамжийг хүчингүй болгуулах, цалингийн зөрүүд 29.400.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Б.Б нь 2014.04.01-ний өдрөөсЭТТй ХК-нд Уурхайн захиргаа хариуцсан менежерээр ажиллаж эхэлсэн байх бөгөөд тэрээр компанийн гүйцэтгэх захирлын 2014.08.14-ний өдрийн А/169 дугаар Цанхийн зүүн уурхайн үйл ажиллагааг түр зогсоох тухай тушаалын дагуу 2015.03.29-ний өдрийн 19 дугаартай компанийн Уурхайн ерөнхий захирлын удирдамжаар сул зогсолтонд хамрагдаж, 2015.04.01-ний өдрөөс сул зогсолтын олговорт сар бүр 3.600.000 төгрөг авч байжээ.
Дээрх үйл баримт нь компанийн гүйцэтгэх захирлын ажилтнуудыг ажилд томилох тухай 2014.04.01-ний өдрийн Б/136 тоот тушаал, тушаалын хавсралт, 2014.04.01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2015.03.29-ний өдрийн компанийн уурхайн ерөнхий захирлын удирдамж, ажилчдын цалин хөлсний дэлгэрэнгүй тайлан, компанийн гүйцэтгэх захирлын 2014.08.14-ний өдрийн А/169 тоот Цанхийн зүүн уурхайн үйл ажиллагааг түр зогсоох тухай тушаал, ажлын цагийн бүртгэлүүд зэрэг баримтуудаар тогтоогдов.
Харин нэхэмжлэгч Б.Б нь компанийн Уурхайн ерөнхий захирлын 2015.03.29-ний өдрийн 19 дугаартай удирдамжийг уурхайн ерөнхий захирал Н.Н гаргах эрхгүй, байгууллагын дотоод журамд зааснаар компанийн гүйцэтгэх захирал гаргах ёстой, сул зогсолт зарласан удирдамж нь хууль бус учир би цалингаа бүтэн авч байх ёстой гэж цалин хөлсний зөрүү нэхэмжилснийг хариуцагч тал зөвшөөрөхгүй байх бөгөөд сул зогсолт зарласан удирдамж нь хууль журмандаа нийцэж байгаа, компанийн гүйцэтгэх захирал 2014.08.14-ний өдрийн А/169 тоот тушаалаар Цанхийн зүүн уурхайд сул зогсолт зарлаж, сул зогсолтонд хамрагдах хүмүүсийн нэрсийг ирүүлэхийг Уурхайн ерөнхий захирал Н.Нд үүрэг болгосон байдаг, тэгээд ч нэхэмжлэгч Б.Б нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн бөгөөд түүний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж мэтгэлцсэн.
ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2014.08.14-ний өдрийн А/169 тоот тушаалаар Цанхийн зүүн уурхайн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, сул зогсолтод хамрагдаж буй ажилчдын жагсаалтыг Нягтлан бодох бүртгэлийн газар, Хүний нөөц, сургалтын хэлтэст ирүүлэхийг Уурхайн ерөнхий захирал Н.Нд, сул зогсолтод хамрагдсан ажилчдад сул зогсолтын олговорыг үндсэн цалингийн 60%-иар тооцож олгохыг ерөнхий нягтлан бодогч Л.Анарт тус тус үүрэг болгосон байгаа нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1-д заасантай тус тус нийцэж байна.
Б.Б нь Уурхайн ерөнхий захирлын гаргасан 2015.03.29-ний өдрийн 19 тоот удирдамжийг 2015.04.01-ний өдөр мэдэж, уг тушаалын нүүрэнд “Уурхайн захирал Н.Нд: 1.ажилтанд сул зогсолт олгох эрх бүхий удирдлага биш, 2.хөдөлмөрийн дотоод дүрмийн заалт зөрчсөн тул зөвшөөрөхгүй” гэж бичин гарын үсгээ зурсан байдал,
түүний 2015.08.08-ны өдөр компанийн гүйцэтгэх захирал Б.Бт хандан “2015.03.30-ны өдөр уурхайн ерөнхий захирал Н.Нийн сул зогсолт олгох тухай удирдамж дотоод дүрэмд зааснаар сул зогсолт олгох эрхгүй этгээд болох талаар мэдэгдэж өргөдөл гаргаж байсан байдал,
Мөн 2016.02.04-ний өдрийн 2016/02 тоот компанийн дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлын “…Б.Бийн гаргасан өргөдөл нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн шалтгаанаар хянан шийдвэрлэх боломжгүй” гэсэн шийдвэр зэргээс үзвэл Б.Б нь 2015.04.01-ний өдөр буюу эрх зөрчсөн шийдвэрийг гарсан даруйд мэдэж, эрх бүхий албан тушаалтанд өргөдөл бичиж байсан байх боловч эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааны дотор гомдлоо зохих газарт нь гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт хэтэрчээ.
Дээрх байдлаас дүгнэвэл Б.Бийн гаргасан эрхээ зөрчигдсөн үйлдлийг буюу 19 тоот удирдамж хууль бусаар гарсныг 2016 оны 01 сард мэдэж, шүүхэд хандсан гэх тайлбар няцаагдаж байх бөгөөд харин ч 2015.04.01-ний өдрөөс эхлэн сар бүр 3.600.000 төгрөгийн сул зогсолтын олговор авч байсан, мөн 19 тоот тушаал хууль бус болохыг мэдэж байсан байх боловч зохих газарт хандаж асуудлаа шийдвэрлүүлээгүй байгаа зэргээс 19 тоот удирдамжийг зөвшөөрч байсныг харуулж байна гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл Уурхайн ерөнхий захирлын ажлын байрны тодорхойлолтоос уурхайн захиргаа хариуцсан менежер нь уурхайн ерөнхий захирлын шууд удирдах албан тушаалд хамаарч байх бөгөөд уурхайн ерөнхий захирал нь компанийн захиргаа болон дээд шатны удирдах байгууллагаас гарсан тушаал, шийдвэр, заавар журмыг ажилчдад танилцуулах, дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулдаг болох нь харагдсан бөгөөд уурхайн ерөнхий захирал уг эрх, үүргийнхээ хүрээнд 19 тоот удирдамжийг гарган нэхэмжлэгч Б.Бт 2015.04.01-ний өдөр мэдэгдсэн үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн компанийн гүйцэтгэх захирлын 2014.03.26-ны өдрийн А/58 тоот “Уурхайн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалаар батлагдсан нэхэмжлэгч Б.Бийн Уурхайн захиргаа хариуцсан менежер гэх ажил, албан тушаал нь компанийн гүйцэтгэх захирлын 2016.02.05-ны өдрийн 07 тоот “компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалаар хасагдсан байх бөгөөд 2016.05.25-ны өдрийн Б/215 тоот тушаалаар Б.Бийн хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, түүнийЭТТй ХК-тай үүсгэсэн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон үйл баримт дурдсан тушаалууд, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан тайлбараар тогтоогдсон.
Иймд хариуцагчЭТТй ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйл болон байгууллагын дотоод журамд заасны дагуу сул зогсолт зарласан байх тул Уурхайн ерөнхий захирлын гаргасан 2015.03.29-ний өдрийн 19 тоот удирдамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч Б.Бт цалин хөлсний зөрүү олгох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Энхмаа нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаарЭТТй ХК-нд холбогдох сул зогсолт олгосон уурхайн ерөнхий захирлын удирдамжийг хүчингүй болгуулах, цалингийн зөрүүд 29.400.000 төгрөг гаргуулах тухай Б.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА