| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2016/0062/И |
| Дугаар | 182/ШШ2016/01008 |
| Огноо | 2016-11-08 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2016/01008
| 2016 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 182/ШШ2016/01008 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Т нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НЭМГ холбогдох
Нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зөрүү 6.540.790 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Т түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн төлөөлөгч С.Баяржаргал, Н.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 03 сард олон хүүхэдтэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан. Улсад нийтдээ 28 жил ажилласан. Үүний 11 жил 5 сарыг нь сум, сум дундын эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвд өрхийн эмчээр ажилласан тул эрүүл мэндийн тухай хуулийн 29.2 дахь заалтын дагуу сум өрхийн эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлэгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахад нь 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг бодож олгохыг 28 сараар бодож 8 сараар дутуу олгогдсон байна. Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын дагуу 2015.12.21-нд 6.668.868 төгрөг, 2016.02.26-нд 7.780.342 төгрөг, нийт 14.449.210 төгрөг авсан.НЭМГт сум өрхийн эмнэлэгт ажилласан жилийг тооцоогүй тухай өргөдөл өгч хариуг нь авахад надад олгосон тэтгэмжийн жагасаалт хуулбараар өгсөнтэй танилцахад надад 16.296.100 төгрөг бодсоноос 1.876.790 төгрөг дутуу олгогдсон байна. Монгол улсын Эрүүл мэнд спортын яамны салбарын санхүүгийн хяналт шалгалт дотоод аудитын газрын өгсөн 2016.05.23-ны өдрийн 4 1/140 албан тоотын дагуу дутуу бодогдсон 8 сарын мөнгө 4.664.000 төгрөг, дутуу олгогдсон тэтгэмжийн мөнгө болох 1.876.790 төгрөг нийт 6.540.790 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүл мэндийн тухай хуульд 2015.01.23-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж, төрийн өмчийн эрүүл мэндийн болон боловсролын салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил өрх сум тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтооно гэж заасны дагуу Засгийн газрын 2014 оны 405, 2015 оны 338 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын дагуу төрийн өмчийн эрүүл мэндийн салбарт ажилласан хугацаагаар буюу нийгмийн даатгалын байгууллагаас тогтоосны дагуу 26 жилээр тооцож олгосон. Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн 2015 оны төсвийн төсөлд их эмчЦ.Тын ажилласан жил, тэтгэвэрт гарах огноог ирүүлсний дагуу 28 жилээр тооцоход 16.296.100.00 төгрөг батлагдсан боловч материалыг шалгахад төрийн өмчийн эрүүл мэндийн салбарт ажилласан хугацаа нь 26 жил байсан тул тэтгэвэрт гарсан огнооноос өмнөх 36 сарын үндсэн цалингийн дунджийг Засгийн газрын 2012 оны 78, 2014 оны 75 дугаар тогтоолуудаар батлагдсан албан тушаалын үндсэн цалингаар тооцож 26 /жил/ х555.739/ албан тушаалын сүүлийн 36 сарын дундаж цалин/ 14.449.210 төгрөг олгосон болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
|
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
НэхэмжлэгчЦ.Т нь хариуцагчНЭМГт холбогдуулж нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зөрүүд 6.540.790 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч нь миний тэтгэмжийг буруу тооцсон, Эрүүл мэндийн тухай хуулийн өөрчлөлтөөс өмнөх зохицуулалт нь хэрэглэгдэнэ, би хуулийн өөрчлөлтөөс өмнө тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан, надад 36 сарын тэтгэмж олгох байтал 26 сарын тэтгэмж олгосон, мөн миний үндсэн цалинг буруу тооцсон учир зөрүүг шаардах эрхтэй гэж тайлбарласныг хариуцагч тал зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Т нь Эрүүл мэндийн тухай хуулийн өөрчлөлтөөс хойш тэтгэвэрт гарч, тэтгэмж авах эрх нь үүссэн, үндсэн цалинд ямар нэгэн өөрчлөлт байхгүй бөгөөд бид хууль, журамд заасны дагуу тэтгэмжийг олгосон гэж маргав.
НэхэмжлэгчЦ.Т нь Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд Халдвар тандалт сэргийлэлтийн хэсгийн эмчээр ажиллаж байгаад 2015.03.19-ний өдөр 50 настай, 5 хүүхэдтэй шалтгаанаар өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан байх бөгөөд түүний хүсэлтийг үндэслэн тус байгууллагын даргын 2015.03.23-ны өдрийн Б/73 тоот тушаалаар “өндөр насны тэтгэвэр тогтоолгох нөхцөл бүрдсэн” үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөж, 26 жил ажилласнаар тэтгэвэрт гарсан болох нь зохигчдын гаргасан тайлбар, уг тушаал, өргөдөл, тэтгэврийн дэвтрийн хуулбар, Эрүүл мэнд спортын яамны 2015.10.15-ны өдрийн 1а/4143 дугаартай албан бичиг, тус албан бичгийн хавсралт, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2015 онд тэтгэвэрт гарч мөнгөн тэтгэмж авах хүмүүсийн нэрсийн жагсаалт зэрэг баримтуудаар тогтоогдсон.
Дээр дурдсан тушаал шийдвэрүүдийн дагуу хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газраас нэхэмжлэгчЦ.Тын ХААН банкны дансанд түүний нэг удаагийн мөнгөн тэтгэмжид 2015.12.21-ний өдөр 6.668.868 төгрөг, 2016.02.26-ны өдөр 7.780.342 төгрөг, нийт 14.449.210 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгчЦ.Тын ХААН банкны дансны хуулгаар нотлогдож байна.
2011.05.05-ны өдрийн Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т өөрчлөлт орохоос өмнө “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон боловсролын байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахад 24 сарын, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад 12 сарын, өрхийн эрүүл мэндийн төв, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахад 36 сарын, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг тэтгэвэрт гарах үед авч байсан үндсэн цалингаас нь тооцон ажиллаж байгаа байгууллагаасаа авах эрхтэй”,
29.3-т “Энэ хуулийн 29.2-т заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоход шаардагдах зардлыг тухайн байгууллагын төсөвт тусгаж байна” гэж тус тус зохицуулагджээ.
Харин дээрх хуулийн 29 дугаар зүйлийн 29.2 дахь заалтад 2015.01.23-ны өдөр “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон боловсролын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрхийн эрүүл мэндийн төв, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас тооцуулан ажиллаж байгаа байгууллагаасаа авах эрхтэй. Нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтооно” гэсэн өөрчлөлт орсон байх бөгөөд нэхэмжлэгчЦ.Т нь хуулийн уг өөрчлөлт орсны дараа буюу 2015.03.19-ний өдөр бичгээр хүсэлтээ гарган, 2015.03.23-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаасаа чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдсон, хуулийн уг өөрчлөлт нь тус маргааны зохицуулалт болох учир нэхэмжлэгч талын гаргасан “би хуулийн өөрчлөлтөөс өмнө тэтгэвэр гарах саналаа илэрхийлсэн учир хуулийн өөрчлөлтөөс өмнөх хуучин зохицуулалт хамаарна” гэх тайлбар няцаагдав.
Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид ажилласан хугацааг нь харгалзан 1-12 сарын үндсэн цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална гэж заасан байх бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2015.08.17-ны өдрийн 338 дугаар тогтоол нь Боловсролын тухай хуулийн 43.7, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасныг үндэслэн батлагджээ.
ХариуцагчНЭМГ нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтын өөрчлөлтийн хүрээнд Монгол улсын Засгийн газрын 2015.08.17-ны өдрийн 338 дугаар тогтоол /http://legalinfo.mn сайт/-ын 3-т “Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн хэмжээг тухайн албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн сүүлийн гурван жилийн дундажаар тооцож тогтооно” гэж заасны дагуу нэхэмжлэгчЦ.Тын нэг сарын үндсэн цалин 555.739 төгрөгийг түүний ажилласан 26 жилээр үржүүлж нэхэмжлэгчЦ.Тд 14.449.210 төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгосон нь хууль, журамдаа нийцжээ.
Хэдийгээр хэрэгт авагдсан ЭМ-ийн тухай хуулийн 29.2 дахь заалтын дагуу 2015 онд тэтгэмж авах эмнэлгийн мэргэжилтний сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн дундаж хэмжээг тооцсон хүснэгт, Монгол улсын Эрүүл мэнд, спортын яамны 2015.10.15-ны өдрийн 1а/4143 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн мөнгөн тэтгэмж авах хүмүүсийн нэрсийн жагсаалт зэрэгтЦ.Тын үндсэн цалин 582.202 төгрөг, 555.739 төгрөг, 538.091 төгрөг гэж зөрүүтэй бичигдсэн байх боловч шүүх хариуцагч талаас гаргаж өгсөн 3 жилийн үндсэн цалингийн дундажийг тооцсон хүснэгт /түүнд дурдсан 555.739 төгрөгийн цалин/-ийг үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзлээ.
ИймдЦ.Тын тэтгэмжид ямар нэгэн зөрүү гараагүй, хариуцагчНЭМГ нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг хууль, журамд нийцүүлэн олгосон байх тул түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.
НэхэмжлэгчЦ.Т нь өөрийн 2012, 2013, 2014, 2015 онуудын цалингийн картын хуулбарыг баримтаар өгч үндсэн цалинг тооцох боломжтой гэж тайлбарлавч уг баримтуудын зарим сард цалин бичигдээгүй, зарим сард өвчтэй, зарим сард амралттай гэж бичигдсэн байдлаас түүний дундаж цалинг шүүх тооцох боломжгүй, дээрх цалингийн картын хуулбаруудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаарНЭМГт холбогдох 6.540.790 төгрөг гаргуулах тухайЦ.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчЦ.Т нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА