Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 0007

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал

улсын яллагч Г.Хатанцэцэг,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 1905047561373 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Б.М.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Винсвэй бааранд иргэн Б.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Мгийн өгсөн:

“...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэрэглээд согтчихсон байсан болохоор бүжгийн талбайд бүжиглэж байгаад Б-тай шүргэлцсэн юм. Тэрнээс бол би Б-ыг зодсон. Би Б-ы биед учирсан гэмтлийн үүсгэсэн. Би буруугаа хүлээж Б-аас уучлал гуйж эмчилгээнийх нь зардал мөнгийг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 38-39/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-ы өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Винсвэй нэртэй бааранд өөрийн найз Б, Б нарын хамт ороод бүжгийн талбай дээр Б бүжиглэж байсан юм. Би баарны ширээнд сууж байтал Бтэй нэг үл таних эмэгтэй маргалдаад байх шиг байсан. Тэгээд манай найз Б Б дээр очсон чинь нэг үл таних эмэгтэй Бтэй маргалдаад тэр эмэгтэйгийн 2 найз нь уучлаарай манай найз согтуу байна гээд цааш нь аваад явсан. Тэгээд би ширээнээс босоод бүжгийн талбай руу гараад Б дээр очиж хамт бүжиглэж байгаад дахин ширээндээ суугаад дахин бүжгийн талбай дээр Бгийн хамт гарч ирээд бүжиглэх гэтэл Бтэй маргалдаад байсан М гэгч над руу хүрч ирснээ миний нүүрэн дундуур цохиод авсан. Тэгээд би Мг бариад авсан. М миний нүүр лүү гараараа нэг удаа сарвайлгаж байгаад нүүр самардаж цохисон, бас үснээс зулгаасан. Миний хамрын нуруу, баруун хацар, дээд уруулыг М намайг цохихдоо хумсаараа маажсан байсан. Үснээс зулгааж ноцолдоход миний гарын шуу болон мөр хөхөрсөн байсан. Мөн толгой доргисон байсан. М миний хохирол болох толгойн томографид харуулсан мөнгө, сорвины тосны мөнгө, толгойгоо бариулж байгаа төлбөр хохирлыг барагдуулж надаас уучлалт гуйх юм бол надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Бийн өгсөн:

“...Би 2019 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14-р хороо Винсвэй нэртэй бааранд найз Б-, Б нарын хамт бааранд зүгээр л бүжиглэж гэж орсон. Би бааранд ороод шууд хувцас цүнхээ тайлж тавьчихаад бүжгийн талбай руу ганцаараа гараад бүжиглэж байтал үл таних эмэгтэй над руу ирээд намайг мөрлөсөн. Тэгэхээр нь би нөөгөө эмэгтэйгээс асуудал гараагүй биз гэж асуусан чинь нөгөө үл таних М гэгч эмэгтэйгийн хамт явж байсан хоёр найз нь хүрч ирээд надаас уучлаарай манай найз согтуу байгаа юм асуудал байхгүй гээд Мг аваад явсан. Тэгтэл дахин нөгөө М над дээр ирээд мөрлөсөн дахиад л хоёр найз нь ирээд аваад суудалд нь суулгасан. Энэ байдал 3 удаа давтагдсан. Тэгээд би бүжиглэж байгаад эргээд хартал нөгөө М манай найз Б-ыг үсдээд зогсож байсан. Тэр хоёрыг тойроод баарны хамгаалагч болон манай найз Б салгах гээд оччихсон байсан. Би бас салгах гэж очтол М миний эрүүний доод талыг самардаад хаячихсан байсан. Б-ы биед М гэгч гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-н 17-19/,      

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 14287 тоот: 

  1. Б.Б-ы биед баруун хацар, хамрын нуруу, дээд уруул, баруун шуунд зулгаралт, зүүн мөрдөн цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

  5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 25/,

 

- Хохирогч Б.Б-ы “...миний хувьд ямар нэгэн гомдолгүй болсон...” гэх хүсэлт /хх-н 50/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 40/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 43/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Винсвэй бааранд иргэн Б.Б-ыг зодож биед баруун хацар, хамрын нуруу, дээд уруул, баруун шуунд зулгаралт, зүүн мөрдөн цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Мгийн “...би Б-ыг зодсон. Би Б-ы биед учирсан гэмтлийн үүсгэсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Б-ы “...Бтэй маргалдаад байсан М гэгч над руу хүрч ирснээ миний нүүрэн дундуур цохиод авсан. ... Миний хамрын нуруу, баруун хацар, дээд уруулыг М намайг цохихдоо хумсаараа маажсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Бийн “...би бүжиглэж байгаад эргээд хартал нөгөө М манай найз Б-ыг үсдээд зогсож байсан. ...Б-ы биед М гэгч гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 14287 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Б.Б- нь “...миний хувьд ямар нэгэн гомдолгүй болсон...” гэх гэх хүсэлт /хх-н 50/ гаргасан байх тул шүүгдэгч Б.Мг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Мд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Б.Мг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ