Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 42

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анужин

Улсын яллагч Л.Солонго

Шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.С холбогдох эрүүгийн 2028000440032 дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт

Шүүгдэгч Н.С нь 2020 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө согтуугаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны орцонд иргэн Г.Т-тэй маргалдан түүний нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Манайх хохирогчийн яг дээд талын айл. Бидний дунд дээд, доод давхрын айл хоорондын маргаан байсан. Би хохирогчийг санаатай цохиогүй, санаандгүй ойчихдоо л цохичихсон. Гэхдээ эмэгтэй хүнийг цохисон болохоор эмчилгээний зардлыг барагдуулсан. Гэм буруугаа ойлгож байгаа” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө би 00 цаг 30 минутын үед баруун хил рүү явдаг автобусанд юм өгч явуулах гээд хүүхдүүдээ гэртээ орхиод ганцаараа гарч явсан. Тухайн үед манайд 0-10 насны 3 хүүхэд байсан юм. Тэгсэн чинь манай хүүхэд утсаар яриад дээд айлын ах согтуу ирсэн гэж хэлэхээр нь би буцаад таксигаар гэртээ ирсэн. Тэгээд таксины хүнийг намайг оруулаад өгөөч, манай орцонд хүн байх шиг байна гэж хэлээд хамт орсон. Гэтэл орцонд манай хаалганы дэргэд шатан дээр дээд айлын залуу согтуу бололтой сууж байсан. Тэгэхээр нь би “Чи яахаараа согтуу хөлчүү гэр оронд орж очдог юм бэ, манайд тэгж согтуу хүн орж ирдэггүй” гэж хэлсэн чинь нөгөө залуу угаасаа танай хүүхдүүд шуугилддаг л юм байна, би чамтай уулзах гээд байж байлаа гэж хэлэхээр нь би хажуугаар нь гарах гэтэл миний нүүр лүү шууд гараараа цохиод авсан. Тэр залуу миний нүүр лүү цохисноос болж миний хамар муруйсан, баруун нүд хөхөрч хавдсан, тархи доргисон...” гэжээ. /хх-ийн 8-9-р хуудас/

Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай найз Гаригаа намайг орц руу оруулж өгчихөөд ир гэхээр нь би машинаас буугаад тэр эмэгтэйгийн араас алхсан. Тэр эмэгтэй орцныхоо хаалгаар орсон чинь дотор нь нэг танихгүй залуу утасныхаа гэрлийг асаачихсан сууж байсан чинь нөгөө эмэгтэй уурлаад чи яахаараа хүүхэд загнадаг юм гэж хэлсэн чинь нөгөө залуу хэрэлдэж байгаад эмэгтэйгийн нүүр лүү нь нэг удаа гараараа цохичихоод эргээд орцны шатан дээр суучихсан. Тэгэхэд уг эмэгтэй нүүрээ дараад цаашаа харж зогссон. Тэгээд эргээд харсан чинь хамарнаас нь цус гараад нүүр нь цус болчихсон байсан. Тэр эмэгтэй нь цагдаад дуудлага өгсөн ба цагдаа нар удалгүй ирээд залууг аваад явсан...” гэжээ. /хх-ийн 14-15-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128 дугаартай дүгнэлтэд:

А. Г.Т-ийн биед нүүр нийтдээ хавдсан, баруун нүдний доод зовхи хавдаж, хөхөрсөн, хамрын таславч баруун тийш муруйсан, хамрын зөөлөн эд нийтдээ хавдаж хөхөрсөн гэмтлүүдтэй байна.

Б. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

В. Уг гэмтлүүд нь цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

Г. Г.Т-ийн биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх-ийн 17-р хуудас/

Н.С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед Г.Т гэдэг тэр эмэгтэй миний хажууд надтай муудалцаж байхдаа намайг шатан дээр зогсож байтал арагш нь түлхээд шат руу унагасан болохоор би нүүр лүү нь нэг удаа цохисон. Түүнээс болж гэмтсэн байх. Хажууд өөр хүн байгаагүй. Миний биед гэмтэл учраагүй...” гэжээ. /хх-ийн 27-28-р хуудас/

Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 22-24-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-р хуудас/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39-р хуудас/

Н.С-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 42-р хуудас/

Хохирогч Г.Т-ийн өргөдөл /хх-ийн 53-р хуудас/

Н.С-ын дансны хуулга /хх-ийн 55-р хуудас/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Н.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг 7 дугаар байрны орцонд хохирогч Г.Т-тэй маргалдан түүний нүүрэн тус газарт цохиж, нүүр нийтдээ хавдсан, баруун нүдний доод зовхи хавдаж, хөхөрсөн, хамрын таславч баруун тийш муруйсан, хамрын зөөлөн эд нийтдээ хавдаж хөхөрсөн буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн “...орцонд миний хажууд надтай муудалцаж байхад би нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийн давхар нотолсон хохирогч Г.Т-ийн “...би хажуугаар нь гарах гэтэл миний нүүр лүү шууд гараараа цохиод авсан. Тэр залуу миний нүүр лүү цохисноос болж миний хамар муруйсан, баруун нүд хөхөрч хавдсан, тархи доргисон…” гэх, гэрч Э.Н-ийн “...эмэгтэй уурлаад чи яахаараа хүүхэд загнадаг юм гэж хэлсэн чинь нөгөө залуу хэрэлдэж байгаад эмэгтэйгийн нүүр лүү нь нэг удаа гараараа цохичихоод эргээд орцны шатан дээр суучихсан...” гэх мэдүүлгүүд, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128 дугаартай дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи ууж согтуурсан, хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ. Шүүгдэгч Н.С нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Н.С-ын үйлдлийн улмаас хохирогч Г.Т-ийн нүүр нийтдээ хавдсан, баруун нүдний доод зовхи хавдаж, хөхөрсөн, хамрын таславч баруун тийш муруйсан, хамрын зөөлөн эд нийтдээ хавдаж хөхөрсөн буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв. 

Шүүгдэгч Н.С-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Өмнөговь аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Н.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүхээс шүүгдэгч Н.С-ын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хариуцлагын зорилго зорилтод нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Н.С нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шүүгдэгч Н.С-ын үйлдлийн улмаас хохирогч Г.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...би Н.С-д нүүрэндээ цохиулсан. Тархины IMR-д харуулах шаардлагатай болсон бөгөөд Н.Саруул нь миний дансанд 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгөөр яаралтай үзүүлэх шаардлагатай эмчилгээг хийлгэсэн ба цаашид гарах эмчилгээний зардлыг Н.С нь төлнө гэсэн учир Г.Т би цаашид гомдолгүй болно” гэсэн өргөдлийг шүүхэд ирүүлсэн ба шүүгдэгч нь хохирогчид 500.000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 55 дугаар хуудсан дахь Н.Саруулын дансны хуулгаар нотлогдон тогтоогдож байна.  

Иймд хохирогч Г.Т шүүгдэгчээс одоогоор нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.С-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч Г.Т өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг цаашид эмчлүүлэхэд гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.С-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Саруулын  хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Н.С нь хохирогч Г.Т-д эмчилгээний зардалд 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн, хохирогч Г.Т өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг цаашид эмчлүүлэхэд гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Н.С-с нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        П.ПАГМА