Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 64

 

Нэхэмжлэгч  нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                             Хэргийн индекс:114/ 2016/0001/3

        Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Энхтуяа би нэхэмжлэгч  М-  нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р баг, 1-р хороолол 22-р байрны 50 тоот 2 өрөө байрны өмчлөх эрхийн 0000232369 /улсын бүртгэлийн дугаар 2003001507/ тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 215 дугаар шүүгчийн захирамжаар хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувдын хүсэлтийг хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ  нь:

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...миний бие нь нэхэмжлэгчийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн буюу эрхийн улсын бүртгэлийн албанд холбогдуулан Дархан сумын 13 дугаар баг 1 дүгээр хороолол 22 дугаар байрны 50 тоот 2 өрөө байрны 20030001507 улсын бүртгэлтэй, 0000232369 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага  бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байсан. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, өвлөх хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, өвлөх эрхтэй холбоотой нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлагатай нэхэмжлэл гаргаж байхад өмнө нь мэдэгдээгүй нотлох баримт байгаа болох нь мэдэгдсэн учраас нэхэмжлэлээ өөр байдлаар тодорхойлж шүүхэд гаргах болсон.

  Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

        Нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнэ нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р баг, 1-р хороолол 22-р байрны 50 тоот 2 өрөө байрны өмчлөх эрхийн 0000232369 /улсын бүртгэлийн дугаар 2003001507/ тоот гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд нь нэхэмжлэгчээс өгсөн итгэмжлэлд заасан эрхийнхээ дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д “нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах” гэж   зааснаар шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзаж байгаа тухайгаа бичгээр илэрхийлсэн хүсэлтээ шүүх хуралдаан товлон зарлах тухай шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр гаргаж ирүүлсэн байна.

   Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”  гэж  зааснаар   нэхэмжлэгч  нэхэмжлэлээсээ   татгалзсан  нь   хуульд   харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн 114/2016/0001/3 дугаар бүхий индекстэй  хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М- хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р баг, 1-р хороолол 22-р байрны 50 тоот 2 өрөө байрны өмчлөх эрхийн 0000232369 /улсын бүртгэлийн дугаар 2003001507/ тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М- улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.

   4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                                      З.ЭНХТУЯА