| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2016/00377/И/ |
| Дугаар | 400 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 400
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргаг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянхонгор багт оршин суух Цоохор овгийн Пунцагийн Жүгдэрнурмаагийн /РД: ВР65051003/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Жүгдэрнурмаа, гэрч П.Буянтогтох, Л.Базар, Л.Баяндалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Жүгдэрнурмаа нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1983 оны 06 сард 10 дугаар анги төгсөж мөн оны 07 дугаар сарын 20-ноос Дэлгэр сумын Бадрал нэгдлийн даргын тушаалаар Баянхонгор багт малчнаар томилогдон аав ээжийн хамт мал малласан. Миний ажиллаж байсан 08 сараас 12 сарыг дуустал хугацааны 5 сарын бичилтийг тэтгэвэрт гарсан аав дээр бичсэн байсан тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Би тэтгэврийн насанд хүрээд тэтгэвэрт гарах гэтэл уг аавын нэр дээр хийсэн бичилт нь миний ажилласан байдалд орохгүй байгаа. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн 1983 оны 08 сараас 12 сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
П.Жүгдэрнурмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч П.Жүгдэрнурмаа нь 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн Баянхонгор багт малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
П.Жүгдэрнурмаа нь 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн Баянхонгор багт малчнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 303 дугаартай лавлагаа, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “...Пунцаг овогтой Жүгдэрнурмаа нь 1983 оны 07 сарын 23-нд Бадрал нэгдлийн малчин болж хөдөлмөрийн дэвтэр нээлгэсэн боловч 08 сараас 12 сар хүртэлх хугацааны хөдөлмөрийн хөлс нь аав Сайн овогтой Пунцагийн нэр дээр бичигдэж архивлагдсан байна. 1983 онд С.Пунцаг нь 70 настай тэтгэвэрт байсан бөгөөд 1986 онд өвчний улмаас нас барсан нь үнэн болно...” гэх 231 дугаартай лавлагаа,
Гэрч П.Буянтогтохын “....Жүгдэрнурмаа нь 1983 онд 10 дугаар анги төгсөөд мөн оны 07 дугаар сард хөдөлмөрийн дэвтэртэй болсон. Тэгээд 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1072 ширхэг нэг наст мал буюу хурга, ишиг хүлээж авч малласан. Улсын хэрэгцээний, дотоод хэрэгцээний нэг наст мал байдаг. Дотоодын хэрэгцээний малыг 11 дүгээр сарын сүүлээр нядалдаг. Харин улсын хэрэгцээний нэг наст малыг 01 дүгээр сард нядалдаг байсан. П.Жүгдэрнурмаа нь дээрх нэг наст малыг хүлээн авч 12 дугаар сарын 30-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хэдэн өдрөөр дамжиж нядлуулж байсан. Уг ажилласан байдлыг нь аавын нэр дээр бичсэн. Яагаад гэвэл П.Жүгдэрнурмаа дүү маань аав, ээжийн хамт хөдөө мал малладаг байсан. Тухайн үед аав тэтгэвэрт гарчихсан, хөл муутай хүн байсан. Манай дүү Жүгдэрнурмаа малласан. Айл өрхөд хэдэн хүн байна тэр тоогоор нь хөдөлмөрийн дэвтэр бичих хуультай байсан. Цаг үеийн тоо бүртгэгч, багийн дарга нарын хариуцлагагүй байдлаас болж П.Жүгдэрнурмаагийн хийсэн ажлыг аавын нэрээр бичсэн байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Л.Баяндалайгийн “...П.Жүгдэрнурмаа 1983 онд 10 жил төгсөөд илгээлтээр хөдөө гарч мал маллаад одоо хүртэл мал маллаж байгаа. Тухайн үед аав, ээжтэйгээ амьдардаг байсан. Бадрал нэгдлийн Баянхонгор бригадын Бүрэн гэх газарт хонь хариулж байсан. Нядалгааны 1000 мал малладаг, түүнийг нь 01 дүгээр сард нядалдаг байсан…” гэх мэдүүлэг,
Гэрч Л.Базарын “...П.Жүгдэрнурмаа Дэлгэр сумын Баянхонгор баригадад мал маллаж байсан одоо ч тэнд амьдардаг. 1983 оны 06 дугаар сард сургууль төгсөөд 08 дугаар сард 1000 хурга авч малласан. Уг малыг 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш нядалгаанд оруулдаг байсан. Насаараа мал маллаж байгаа. П.Жүгдэрнурмаа аав ээж хоёртойгоо амьдардаг байсан. Тэр хоёр 1973 онд тэтгэвэрт гарсан байсан…” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Иймд П.Жүгдэрнурмааг 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн Баянхонгор багт малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Гэрч нарын мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенээ баталсан байх тул шүүх гэрч нарын мэдүүлгийг үнэлэн П.Жүгдэрнурмаагийн ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Цоохор овгийн Пунцагийн Жүгдэрнурмааг 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн Баянхонгор багт малчнаар ажиллаж ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч П.Жүгдэрнурмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ