Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 41

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анужин

Улсын яллагч Л.Солонго

Хохирогч М.Э

Хохирогчийн өмгөөлөгч Б.Батмөнх /онлайнаар оролцсон/

Иргэний нэхэмжлэгч Д.С

Иргэний нэхэмжлэгч болон хариуцагч Г.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг

Шүүгдэгч Н.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ж-д холбогдох 2028000210010 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, дүү нарын хамт

Шүүгдэгч Н.Ж нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сум Шивээхүрэн хилийн боомтоос 15 километрт байх засмал зам дээр Г.Б-ын эзэмшлийн 44-33 УНҮ улсын дугаартай Mercedes Benz ML-350 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн М.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны орой ажлаа гүйцэтгээд зогсож байхад Батбаяр ах “Ахынх нь бие жоохон тааруу байна, чи энэ 4 хүнийг хүргээд өгөх үү? Өдөр надтай хамт явсан 4 хүн буцъя гэнэ” гэхээр нь би машиныг нь аваад Чинхуа МАК дээр очиж уг дөрвөн хүнийг суулгаад Шивээхүрэн боомтын чиглэлд явсан. Замд явж байхад өөдөөс машины хурц гэрэл тусаад, үзэгдэх орчин муу байсан. Тэр машин зөрөөд өнгөрсний дараа яг миний явах чиглэлд овоолсон шороо гараад ирсэн. Би машиныхаа хурдыг сааруулахын тулд тормосоо гишгээд, овоолсон шорооноос зайлахын тулд рулиэ нөгөө тал руугаа дарсан. Тэр үед миний баруун гар талын 2 дугуй шороон дээгүүр харайлгаж гарсан. Харайлгаж гарсны дараагаар шарвалт үүсэж эргэсэн. Рулиэ буцаад дарсан боловч эргүүлж хариулж амжилгүй замын хажуу руу унасан. Унасны дараа би босоод урд салхиныхаа шилийг хагалаад өөрөө эхлээд гарсан. Дараа нь Амарзаяаг гаргаж ирсэн. Хүмүүс нэг нэгээрээ гарч ирээд би хүнээ тоолоход нэг хүн дутуу байсан. Машины кабин руу ороход хойд талд нэг хүн ёолоод хэвтэж байсан. Тэр хүнийг урд суудал дээгүүр давуулаад өргөөд гаргаж ирээд газар хэвтүүлсэн...” гэв.

Хохирогч М.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Нэг сэрэхэд поошиг дээр ирж байсан. Сэрчихээд хажуудаа байгаа охины мөрийг дэрлээд явж байсан чинь гэнэт түс тас гээд явчихсан. Нэг сэрэхэд машин хажуу талаараа уначихсан, хөдлөх гэсэн чинь биеэ хөдөлгөж чадахгүй байсан. Жолооч залуу орж ирээд намайг татаад машинаас гаргасан. Тэр үед аймаар өвдсөн болоод хэдий хугацаанд түргэний тэрэг ирээд яаж авч явсныг сайн санахгүй байна. ...Би нийт 16.742.681 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс Жавхлантөгс эмчилгээний зардалд 2.834.367 төгрөг өгсөн. Осолд орсноос хойш эмч 3 сарын дараа компьютер томографийн шинжилгээ өг гэж хэлсэн. Сая 03 дугаар сарын 20-нд хотод очиж шинжилгээгээ өгсөн. Томографийн зардал нь 320.000 төгрөг болсон. Шаардлагатай эм, кальци болон булчин суллах физик эмчилгээнд явахыг зөвлөсөн. Мөнгөгүй учир тэр эмчилгээгээ хийлгэж чадаагүй буцаад ирсэн. Осолд орсноос хойш биеийн байдлаас болоод ажлаа хийх ямар ч боломжгүй болсон. 12 дугаар сарын 12-ноос 01 дүгээр сарыг дуустал ажилгүй байсан. 02 дугаар сард ажилдаа орсон. Ажиллаагүй хугацааны цалин болох 510.742 төгрөг, мөн намайг осолд орсноос болоод манай аав ажлаасаа 5 хоног чөлөө авсан байгаа. 5 хоногийн цалин нь 383.765 төгрөг, сүүлд шинжилгээ хийлгэх гээд хот руу явсан зардал болон өмнөх шүүх хуралд оролцох гэж ирсэн замын зардал, буудал, хоолны мөнгө нийлээд 1.148.207 төгрөг болсон. Өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг, цаашид хийлгэх физик эмчилгээ, эм тарианы мөнгө болох 545.600 төгрөг,  сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Тээврийн хэрэгслээр зорчиход надад маш хүндрэлтэй байдаг болсон. Биеийн байдал муу, явж байгаа машин жоохон хурд хэтрүүлэхээр дотор муухайраад, толгой эргээд, байнга зогсож, цэвэр агаар амьсгалдаг. ...Тийм учраас 13.908.314 төгрөгийг гэм буруутай этгээдээс хууль дүрмийн дагуу гаргуулж өгөхийг хүсч байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч Д.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны орой Н.Ж жолооч ирж авсан. Би машины арын суудлын голд сууж явсан. Цонхоор зам тод харагдаж байсан. Гэнэт шороо ойртоход би маш хурдтай явж байгааг  мэдэрсэн. Машин унаж байхад би өөрийнхөө толгой цохигдож байсныг тод санаж байна. ...Би Улаанбаатар хотод очоод хамгийн түрүүнд Гэмтэл согог судлалын эмнэлэгт үзүүлээд рентген зураг авхуулсан. Яг толгой хүзүүний тэр хавьд юу нь мэдэгдэхгүй зүйл байсан учир томографийн зураг авхуулах шаардлагатай гэж хэлсэн. Мөн уламжлалт анагаах ухааны эмнэлэгт биеийн бүх эрхтэнээ үзүүлж харуулахад эмч надад шинжилгээ бичиж өгсөн. Шинжилгээ болон эмчилгээ, бусад урсгал зардал, баримтгүй бариулсан зэрэг эмчилгээний зардлуудыг нийлүүлээд 1.500.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна. Шүүхэд 635.550 төгрөгийн нотлох баримт гаргаж өгсөн. ...Миний амьдралын зөв хэв маягт их өөрчлөлт орж айсан, ичсэн, машинд сууж чадахгүй байдалтай, их хохиролтой байгаа учир гэм буруутай этгээдээс 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч болон хариуцагч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 12 дугаар сарын 12-нд Н.Ж бид 2 ажлаа хийж байхад над руу залгаад буцаагаад хүргээд өгөөч гэсэн. Энэ хүмүүс ер нь юу хийж яваад осол болов гэхээр Мэргэжлийн хяналтын байгууллага өөрөө шинэ жилээ тэмдэглэх гээд ажлаа хийж явсан. Үүнээс болоод Жавхлантөгс хэрэгт ороод, би өөрөө бас хохироод байна. Мэргэжлийн хяналтын байгууллага яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ? Би Чинхуа МАК компаниас хохирлынхоо талыг нэхэмжилж байгаа. Н.Ж-өөс мөнгө нэхэмжлэхгүй. Энэ хүүхэд сургууль төгсөөд анхныхаа ажлыг хийж байсан. Би авч явж байгаад хэрэгт оруулчихсан. Шүүгч бодит баримттай, үндэслэлтэй шийдвэр гаргаж өгөх байх гэж бодож байна” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Поошиг өнгөрөөд явж байхад би сэрээд Д.С-ийн мөрийг дэрлээд явж байхад машины өмнө овоолготой шороо харагдсан. Тэгээд машин онхолдох шиг болсон. Нэг мэдсэн чинь миний дээрээс Д.С, Д.Х хоёр дарчихсан ба амьсгаа авч чадахгүй байсан. Тэгээд машинд дотор байсан хүмүүс бүгд гарсан, миний нуруугаар их өвдөж хөдөлж болохгүй байсан. Тэгээд нэг хүн орж ирээд намайг машинаас татаж аваад гадаа гаргаад газар хэвтүүлсэн. ...Тэр засмал зам нь шулуун засмал зам байсан. Зам дээр овоолсон шорооны хажууд замын хориотой анхааруулах тэмдэг байгаагүй. ...Миний биед нурууны нугалам хугарсан, нурууны ясны хоорондох шингэн нь мэдрэл рүүгээ шахагдаж цүлхийсэн, нурууны чөмөгт эдийн хавантай байна. ...Миний эмчилгээний зардал 2.306.090 төгрөг, бусад зардал 528.277 төгрөг нийт 2.834.367 төгрөгийг Н.Ж надад өгсөн. Одоо өмгөөлөгчийн хөлс болох 1.000.000 төгрөгийг гаргуулж авмаар байна. Одоо нуруугаар жаахан өвдөж байгаа. Өөр өвчин зовиур гайгүй байна...” гэжээ. /1-р хавтасны 27-29-р хуудас/

Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Бид нар Шивээхүрэн боомтын зорчигчийн засмал замаар явсан. Гадаа харанхуй болчихсон машин гэрлээ асаагаад явж байсан. Би урд талын суудал дээр жаахан зүүрмэглээд хойшоо суудлаа налаад явж байхад гэнэт л жолооч “хөөе” гэж дуугарахаар нь би сэртэл өмнө талд засмал зам дээр байсан овоолсон шороон дээгүүр үсэрч байх шиг байсан. Тэгээд машин онхолдох шиг болсон. Цаашаа юу болсныг мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь машины урд талын цонх нь хагарчихсан жолооч залуу нь миний дээр байж байгаад урд талын цонхоор гарсан. Би араас нь дагаад цонхоор гарчихаад машины арын суудал дээр байсан Д.С, Д.Х нарыг урд талын цонхоор гаргасан. Тэгтэл машины арын суудал хавьд Энхмандах ёолоод орилоод байгаа чимээтэй байсан. Тэгээд М.Э-ыг жолооч машинаас гаргаж ирсэн. Зам нь засмал зам байсан. Тэр хавьд ямар нэг замын хориотой тэмдэг байгаагүй...” гэжээ.  /1-р хавтасны  37-38-р хуудас/

Гэрч Д.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би нүдээ аниад унтах санаатай явж байтал  жолооч гэнэт “хөөе, овоолсон шороо” гээд дуугарахаар нь би сэртэл машины өмнө талд овоолсон шороо харагдсан. Тэгээд машин тэр овоолсон шорооны хажуугаар нь гараад, тэгээд хамраараа газар мөргөх шиг таг гээд чимээ гарсан. Тэгээд би цаашаа юу болсныг сайн мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь М.Амашины гадна гарчихсан "тайван байгаарай, наашаа энүүгээр гар” гэхээр нь би тэр цонхоор нь гарсан. Тэгэхэд машинаас жолооч, Амарзаяа, Д.С нар гарчихсан машины гадаа зогсож байсан. Машин хажуу талаараа унаад онхолдчихсон байсан. Тэгтэл машин дотроос Энхмандах ёолоод орилоод байгаа чимээтэй байсан, тэгэхэд жолооч залуу Энхмандахыг тэвэрч аваад гарч ирсэн. Хамт нэг танихгүй ах бас туслаж байсан. Тэр хавьд ямар нэг замын хориотой тэмдэг байсныг мэдэхгүй байна...” гэжээ. /1-р хавтасны 39-40-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...Тэгээд бид дөрөв машинд нь очиж суугаад урагшаа Шивээхүрэн боомтын зорчигчийн засмал замаар явсан. Тэгэхэд гадаа харанхуй болчихсон машин гэрлээ асаагаад явж байсан. Би машины арын суудлын голд нь сууж явж байхад өөдөөс машин ирж байгаа бололтой гэрлээ  тусгаад зөрсөн. Тэгтэл машины өмнө овоолсон шороо харагдахаар нь энэ их хурдтай явж байгаа машин яаж зогсох юм бол, нэг юм боллоо доо гээд бодтол машин зүүн тийшээгээ дараад буцаагаад баруун тийшээ дартал машин онхолдох шиг болсон. Тэр үед би толгойгоо цохиод ухаан жаахан балартсан. Нэг сэрсэн чинь эрэгтэй хүн бүгдээрээ гараарай гээд хэлж байсан. Тэгээд намайг машинаас жолооч Жавхлантөгс урд талын цонхоор татаж гаргасан. Би машинаас гараад хартал машин хажуу талаараа уначихсан байдалтай байсан. Тэгээд удаагүй байж байхад Шивээхүрэн боомтын эмч Даваахүү ирж бид нарыг үзээд “МАК” ХХК-ийн уурхайн эмнэлэг рүү бид нарыг аваад явсан. Тухайн үед машин их хурдтай явж байсан. Миний бодлоор 120 км цагийн хурдтай явсан байх. Жолооч их хурдтай явж байснаас болж осол гарсан байх. Тормосоо гишгээгүй байх. Зүгээр л хоёр тийшээ рулиэ дараад байсан. Тэр хавьд ямар нэгэн замын хориотой тэмдэг байгаагүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Хишигсүрэн, М.Анарын биед ил бэртэл гэмтэл байхгүй. Харин Энхмандах их ёолоод уйлаад босч чадахгүй байсан...” гэжээ. /1-р хавтасны 41-42-р хуудас/

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд  мэдүүлэхдээ: “...Би уурхай руу Амарзаяа, Д.Х, М.Э, Д.С нарыг Г.Б машинаар хүргүүлсэн юм. Тэгээд орой 20 цагийн үед гаалийн сургалтанд сууж байхад гаднаас Түмэнцэцэг байцаагч намайг дуудаад “Манай дөрөв машинтай явж байгаад замдаа онхолдсон байна” гэж надад хэлсэн. Би эмч аваад явах гэхэд боомтын эмч Даваахүү түрүүлээд явчихсан байсан. Би араас нь машин олоод хойшоо явахад Поошигноос хил тал руугаа явдаг засмал замын баруун талд хар өнгийн автомашин онхолдсон байдалтай байсан. Замын хажууд М.Э-ыг газар хэвтүүлчихсэн тариа хийж байсан. Харин М.А, Д.Х, Д.С гурвын биед ил харагдах шарх гэмтэл гайгүй байсан. Тэгээд бид нар хүмүүсээ “МАК” ХХК-ийн уурхайн эмнэлэг рүү аваад явсан” гэжээ. /1-р хавтасны 43-р хуудас/

Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд  мэдүүлэхдээ: ”... Би 2019 оны 12 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед Өмнөговь аймаг Гурвантэс сумын Шивээхүрэн боомтын эмнэлэг дээр байж байхад Мэргэжлийн хяналтын ажилтан Мэндээ манай өрөөнд орж ирээд “Манай ажилчид хойд Поошиг хавьд машинтай явж байгаад осолд орчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би түргэн тусламжийн хэрэглэлээ аваад хойд Поошиг руу явсан. Тэгээд Поошигноос урагшаа 5 км газарт засмал замын баруун талд жижиг хар өнгийн автомашин онхолдсон байдалтай хүмүүс нь замын хажуу талд нь байсан. Мөн хажууд нь нэг хүнийг газар хэвтүүлчихсэн байдалтай байсан. Тэгээд газар хэвтэж байгаа хүнийг үзэхэд амин үзүүлэлт хэвийн, нурууны орчимд эмзэглэл ихтэй хөдөлж чадахгүй байсан. Ухаан санаа нь гайгүй байсан. Их ёолсон байдалтай байсан. Тэгээд өвчин намдаах тариа хийчихээд “МАК” ХХК-ийн эмч Цэрэнхандын утас руу залгахад “бид нар очиж явна” гэхээр би ирээд хэрэггүй цаг алдаад яахав эмнэлэг дээрээ байж бай, би энэ хүмүүсийг аваад очъё гэж хэлсэн. Тэгээд осолд орсон мэргэжлийн хяналтын ажилтан М.А, Д.Х, М.С нарын биеийг үзэхэд биеийн байдал нь гайгүй бэртэж гэмтсэн зүйл байгаагүй. ...Осол болсон газарт засмал замыг шороогоор хаачихсан зам нь эвдрэлтэй байсан. Машин явуулахгүй гээд засмал дээр шороо асгасан байсан. Замыг эвдэрснээс хойш засмал замыг хааж шороо асгахдаа тэнд ямар нэгэн анхааруулсан тэмдэг хийгээгүй байхгүй байсан. Одоо харин зам эвдрэлтэй гэсэн тэмдэг хийчихсэн байсан” гэжээ. /1-р хавтасны 46-47-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч болон хариуцагч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Шивээхүрэн гаалийн боомт дээр мэдүүлэг хийгээд Мэргэжлийн хяналтын газраас нь бичиг авах гээд байцаагч нарын өрөөнд ороод зөвшөөрлийн бичгээ авах гэж байхад мэргэжлийн хяналтын байцаагч Болормаа гэдэг эмэгтэй надаас “Та ямар унаатай явж байгаа юм бэ” гэхэд би “Өөрийн жижиг тэрэгтэй явж байгаа, гадаа зогсож байгаа” гэж хэлтэл тэр хүүхэн “Та зайтай байгаа юм уу, бид нар шинэ жилээ “Чинхуа МАК” ХХК-ийн уурхайн зааланд тэмдэглэх гэж байгаа, заал чимэглэх манай ажилчин 4 хүнийг хүргээд өгөөч” гэж хэлэхээр нь би зам дагуу юм байна гэж хэлээд зөвшөөрөөд тэр 4 хүнийг аваад явсан. Тэгээд тэр 4 эмэгтэйг “Чинхуа МАК” ХХК-ийн уурхай дээр хүргэж өгчихөөд ажил руугаа явж тоног төхөөрөмжөө угсрахаар явсан. Тэгээд орой 19 цагийн үед над руу залгаад “бид нарыг буцаагаад хүргээд өгөх үү, бид нарын ажил дуусчихлаа” гэж хэлэхээр нь би “жаахан ажил ихтэй байна” гэхэд “хамаагүй бид нар таныг хүлээж байя” гэж хэлсэн. Тэгээд би ажил амжихгүй байхаар нь Н.Ж-ийг тэр мэргэжлийн хяналтын хүмүүсийг Шивээхүрэн боомт руу хүргэж өгчихөөд ир гээд машинаа өгөөд явуулсан. Тэгээд 20 цагийн үед байх нэг танихгүй дугаараас залгаад “Танай дүү чинь машинтайгаа поошигны хавьд онхолдсон байна, намайг хэлээд өгөөч гэж дүү чинь хэлүүлж байна” гэж утсаар хэлсэн. ...Миний автомашины кабин засварлах боломжгүй болж хонхойж, цөмөрч эвдэрсэн, урд гупер хагарсан, копуд хонхойсон, урд талын зөв талын их гэрэл хагарсан, урд салхины шил хагарсан, буруу талын толь хагарсан, крыло нь хонхойсон, буруу талын 2 хаалга нь хонхойсон, буруу талын хажуугийн 3 шил хагарсан, хойд буфер хагарсан, хойд салхины шил, дээд лүүкний шил хагарчихсан байсан. ...Н.Ж-д ямар нэг гомдол санал байхгүй. Замын осол гарсан газар нь шороо овоолсон байсан, тэр шороо овоолсон газар нь ямар нэгэн замын тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байсан. Үүнээс болж осол гарах нөхцөл байдал үүссэн тул замыг хариуцдаг компанийг буруутай гэж үзэж байна. Гарсан хохирлыг зам хариуцдаг компаниас гаргуулах хүсэлтэй байна” гэжээ. /1-р хавтасны 31-32-р хуудас/

Гэрч И.Н мөрдөн шалгах ажиллагаанд  мэдүүлэхдээ: “...Энэ засмал зам нь 2010 онд ашиглалтанд орж улсын комисс хүлээж авч ашиглах зөвшөөрөл өгсөн. Шивээхүрэн боомтын зорчигчийн засмал замыг манай компани хариуцан ажиллаж байна. Шивээхүрэн боомтын замыг 2019 оны 07 дугаар сар хүртэл 100 хувь, 2019 оны 07 дугаар сараас хойш 70 хувийг ашиглаж байна. Манай замаар хувь болон улсын бүх л автомашинууд даацын зөвшөөрөгдсөн хэмжээгээр зорчихыг зөвшөөрч байгаа. Одоо 70 хувьд нь зорчиж байгаа 30 хувь нь хаалттай байгаа. 2019 оны 07 дугаар сард орсон аадар бороо буюу байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас 22 км буюу нийт замын 30 хувь нь эвдрэлд орсон юм. Тэр хэсэгт нь хааж замын тэмдэг тэмдэглэгээ хийж байршуулсан байгаа” гэжээ. /1-р хавтасны 45-р хуудас/

Иргэний хариуцагч “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-ийн төлөөлөгч Т.Ц мөрдөн шалгах ажиллагаанд  мэдүүлэхдээ: “...Энэ замыг хэзээ эвдэрсэн талаар сайн мэдэхгүй байна. Надад энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл байхгүй. Би гарсан шинжээчийн дүгнэлтүүдийг уншиж танилцлаа. Дүгнэлттэй холбогдуулж санал хүсэлт байхгүй. Энэ талаар мэдэхгүй байна” гэжээ. /1-р хавтасны 93-р хуудас/

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 71 дугаартай дүгнэлтэд:

Хариулт А: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад Mercedes Benz ML-350 маркийн 44-33 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч  өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Зам тээврийн осол гаргахад зам, замын нөхцөл байдал нөлөөлсөн байх үндэслэлтэй. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг 13.2.4 “Зам дээр болон түүний ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,” 19.3. “Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалахад замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх инженерийн шийдэл гаргахыг хориглоно” мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.1 “Замын хөдөлгөөнийг зохион байгуулахад MNS 4597, MNS  4759 стандартаар тогтоосон замын тэмдэг, тэмдэглэлийг MNS 4596 стандартад заасны дагуу хэрэглэнэ” гэсэн заалтыг зам ашиглалт хариуцсан аж ахуйн нэгж нь тус тус зөрчсөнөөр уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.

Хариулт Б: Mercedes Benz ML-350 маркийн 44-33 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Намхайбат овогтой Жавхлантөгс нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч  өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Хариулт В: Жолооч Н.Ж /УП97012438/ нь В ангиллын 1058640 дугаартай жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна.” гэжээ. /1-р хавтасны 55-56-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 376 дугаартай дүгнэлтэд:

1. М.Энхмандахын биед сээрний 11/12 нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун дал, бугалганы цус хуралт тогтоогдлоо.          

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.                           

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэжээ. /1-р хавтасны 64-65-р хуудас/

Шүүгдэгч Н.Ж мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Батбаяр ах намайг “Өдрийн надтай хамт ирсэн 4 хүн буцах унаагүй байна. Шивээхүрэн боомт руу хүргээд өгөөч гэж байна. Чи машин унаад яваад ирэх үү, миний хөл өвдөөд жоохон ядраад байна” гэхээр нь би зөвшөөрсөн юм. Тэгээд 19 цагийн үед Батбаяр ахын Мерседес бенз ML-350 маркийн 44-33 УНҮ улсын дугаартай автомашиныг унаад “Чинхуа-МАК” ХХК-ийн уурхайн кемп дээр очсон чинь кемпийн гадаах хаалган дээр Шивээхүрэн боомтын Мэргэжлийн хяналтын 4 хүүхэн зогсож байсан. Тэгээд тэр 4 хүүхнийг машиндаа суулгаад Шивээхүрэн боомт руу зорчигчийн засмал замаар явсан. Надтай хамт Шивээхүрэн боомтын Мэргэжлийн хяналтын мэргэжилтэн М.А, М.Э, Д.С, М.Х нар явсан. Миний хажууд М.А суусан. Машины ард нь М.Э, Д.С, М.Х нар сууж явсан. ...Тэгээд тэр машинтай зөрөөд цаашаа явтал зам дээр овоолсон шороо байхаар нь зүүн гар тал руугаа дарсан чинь буруу талын хоёр дугуй нь овоолсон шороон дээгүүр гарсан. Тэгэхээр нь би машиныг буцаагаад баруун гар тал руугаа дарсан тэгээд л буцааж хариулж чадахгүй замын хажуу руу орж хамраараа газар мөргөөд нэг бүтэн эргээд машин буруу талаараа унасан. Би тэгээд хамгаалалтын бүсээ тайлаад урд талын цонхоо хөлөөрөө өшиглөж байтал нэг ах хүрч ирээд намайг машинаас гарахад тусалсан. Тэгээд миний араас цувралдаад машинаас М.А, Д.С, Д.Х нар гарч ирсэн. Хүнээ тоолтол нэг хүн байхгүй байхаар нь би буцаад машин руу ороход арын суудал дээр М.Э ёолоод хэвтэж байсан. М.Э-ыг машинаас өргөж гарч ирээд газар хэвтүүлсэн. Тэнд байсан нэг ах бид нарт туслаад Батбаяр ах руу ярьж хэлсэн. Тэгээд удалгүй Шивээхүрэн боомтын эмч ирж тэр дөрвийн биеийг нь үзээд “МАК” ХХК-ийн уурхайн эмнэлэг рүү машинаар аваад явсан. Би яваагүй машиныхаа дэргэд үлдэж сумын цагдаа руу утсаар хэлсэн. Тэгээд удалгүй сумын цагдаагийн хүмүүс ирж үзлэг шалгалт хийсэн...” гэжээ./1-р хавтасны 98-102-р хуудас/

Осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтасны 10-23-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтасны 24-р хуудас/

Н.Ж-ийн зөрчилд холбогдогчоор өгсөн мэдүүлэг /1-р хавтасны 48-49-р хуудас/

М.Э-ийн зөрчлийн хэрэг бүртгэлтэнд хохирогчоор өгсөн мэдүүлэг /1-р хавтасны 50-р хуудас/

Д.С-ийн зөрчлийн хэрэг бүртгэлтэнд хохирогчоор өгсөн мэдүүлэг /1-р хавтасны 51-р хуудас/

Д.Х-ийн зөрчлийн хэрэг бүртгэлтэнд хохирогчоор өгсөн мэдүүлэг /1-р хавтасны 52-р хуудас/

М.А-ийн зөрчлийн хэрэг бүртгэлтэнд хохирогчоор өгсөн мэдүүлэг /1-р хавтасны 53-р хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /1-р хавтасны 58-60-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтүүд /1-р хавтасны 76-77, 81-82, 86-87-р хуудас/

Иргэний хариуцагчаар татах тогтоол /1-р хавтасны 94-р хуудас/

44-33 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хавтасны 126-р хуудас/

Мөнгөн гүүр эмнэлгийн 2020.01.28-ны өдрийн тодорхойлолт /1-р хавтасны 130-р хуудас/

М.Э-ын эмчлүүлсэн эмчилгээний баримтууд /1-р хавтасны 131-137-р хуудас/

М.Э-ын замын зардал, буудлын баримтууд /1-р хавтасны 138-141-р хуудас/

М.Э-ын Мөнгөн гүүр эмнэлэгт эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /1-р хавтасны 144-154-р хуудас/

Барилга байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын акт /1-р хавтасны 164-167-р хуудас/

“Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-ийн 2019.06.26-ны өдрийн хүсэлт, холбогдох баримт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 176-184-р хуудас/

Улсын ахлах байцаагчийн дүгнэлт /1-р хавтасны 185-191-р хуудас/

“Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-ийн 2019.12.13-ны өдрийн мэдэгдэл /1-р хавтасны 192-193-р хуудас/

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Т.Ц-ийн тайлбар /1-р хавтасны 194-195-р хуудас/

“Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-ийн 2019.06.23-ны өдрийн мэдэгдэл /1-р хавтасны 196-р хуудас/

Мэргэжлийн хяналтын газрын 2020.02.10-ны өдрийн албан бичиг /1-р хавтасны 216-р хуудас/

М.Э-ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1-р хавтасны 211-212-р хуудас/

Өмгөөллийн хөлс хүлээн авсан баримт /1-р хавтасны 213-р хуудас/

Я.М-ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1-рхавтасны 230-231-р хуудас/

“Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-ийн 2019.03.02-ны өдрийн тодорхойлолтууд /1-р хавтасны 232, 233-р хуудас/

Шатахууны баримт /1-р хавтасны 234-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтасны 107-р хуудас/

Н.Ж-өөс 2.834.367 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хавтасны 116-р хуудас/

Н.Ж-ийн жолоочийн үнэмлэхийн хуулбар /1-р хавтасны 121-р хуудас/

“Хур Эрдэнэ Баялаг” ХХК-ийн тодорхойлолт /1-р хавтасны 124-р хуудас/

Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж /1-р хавтасны 238-242-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Д.С-ийн нэхэмжлэл, шинжилгээний төлбөрийн баримт, хоолны зардлын баримт /2-р хавтасны 01-05-р хуудас/

Г.Б-ын 2020.03.16-ны өдрийн хүсэлт /2-р хавтасны 06-р хуудас/

Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж /2-р хавтасны 09-14-р хуудас/

М.Э-ын нотлох баримт өгөх хүсэлт, хавсаргасан баримтууд /2-р хавтасны 20-26-р хуудас/

М.Э-ын компьютер томографийн оношилгоо, шатахуун, хоолны зардлын баримтууд /2-р хавтасны 33, 37-39-р хуудас/

Албан тушаалын тодорхойлолт /2-р хавтасны 34-36-р хуудас/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Н.Ж нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомтоос 15 километрт байх засмал зам дээр Г.Б-ын эзэмшлийн 44-33 УНҮ улсын дугаартай Mercedes Benz ML-350 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч  өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч М.Э-ын биед сээрний 11/12 нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун дал, бугалганы цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...овоолсон шорооноос зайлахын тулд рулиэ нөгөө тал руугаа дарсан. Тэр үед миний баруун гар талын 2 дугуй шороон дээгүүр харайлгаж гараад шарвалт үүсэж эргэсэн. Рулиэ буцаад дарсан боловч эргүүлж хариулж амжилгүй замын хажуу руу унасан...” гэх мэдүүлэг, хохирогч М.Э-ын “...гэнэт түс тас гээд явчихсан. Нэг сэрэхэд машин хажуу талаараа уначихсан, хөдлөх гэсэн чинь биеэ хөдөлгөж чадахгүй байсан. Жолооч залуу орж ирээд намайг татаад машинаас гаргасан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг давхар нотолсон мэдүүлгийн эх сурвалж тодорхой гэрч М.А-ийн “...гэнэт л жолооч “хөөе” гэж дуугарахаар нь би сэртэл өмнө талд засмал зам дээр байсан овоолсон шороон дээгүүр үсэрч байх шиг байсан. Тэгээд машин онхолдох шиг болсон...” гэх, гэрч Д.Х-ийн “...машины өмнө талд овоолсон шороо харагдсан. Тэгээд машин тэр овоолсон шорооны хажуугаар нь гараад, хамраараа газар мөргөх шиг таг гээд чимээ гарсан...” гэх, иргэний нэхэмжлэгч Д.С-ийн “...машины өмнө овоолсон шороо харагдахаар нь энэ их хурдтай яваа машин яаж зогсох юм бол, нэг юм боллоо доо гээд бодтол машин зүүн тийшээгээ дараад буцаагаад баруун тийшээ дартал машин онхолдох шиг болсон...“ гэх,  гэрч Ц.Б-гийн “...Поошигноос хил тал руугаа явдаг засмал замын баруун талд хар өнгийн автомашин онхолдсон байдалтай байсан. Замын хажууд М.Э-ыг газар хэвтүүлчихсэн тариа хийж байсан. Харин М.А, Д.Х, Д.С гурвын биед ил харагдах шарх гэмтэл гайгүй байсан...” гэх, гэрч Б.Д-ийн “...Поошигноос урагшаа 5 км газарт засмал замын баруун талд жижиг хар өнгийн автомашин онхолдсон байдалтай хүмүүс нь замын хажуу талд нь байсан...” гэх, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Б-ын “...би ажил амжихгүй байхаар нь Н.Ж-ийг тэр мэргэжлийн хяналтын хүмүүсийг Шивээхүрэн боомт руу хүргэж өгчихөөд ир гээд машинаа өгөөд явуулсан. Тэгээд 20 цагийн үед байх нэг танихгүй дугаараас залгаад “Танай дүү чинь машинтайгаа поошигны хавьд онхолдсон байна, намайг хэлээд өгөөч гэж дүү чинь хэлүүлж байна” гэж утсаар хэлсэн...” гэх мэдүүлгүүд, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 71 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 376 дугаартай дүгнэлт, осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн 2028000210010 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгч Н.Ж нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Шүүгдэгч Н.Ж хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч М.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 71 дугаартай “...Mercedes Benz ML-350 маркийн 44-33 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна” гэх дүгнэлт, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 376 дугаартай  “М.Э-ын биед сээрний 11/12 нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун дал, бугалганы цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Н.Ж-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Өмнөговь аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Уг зам тээврийн осол гарахад шүүгдэгч Н.Ж нь харанхуй үед өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг тохируулж яваагүй буруутайгаас гадна замын нөхцөл байдал, замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцсан аж ахуйн нэгж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг 13.2.4 “Зам дээр болон түүний ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,” 19.3. “Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалахад замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх инженерийн шийдэл гаргахыг хориглоно” гэх заалт, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.1 “Замын хөдөлгөөнийг зохион байгуулахад MNS 4597, MNS  4759 стандартаар тогтоосон замын тэмдэг, тэмдэглэлийг MNS 4596 стандартад заасны дагуу хэрэглэнэ” гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөр уг зам тээврийн осол гарсан болох нь шинжээчийн дүгнэлт /1-р хавтасны 55-р хуудас/-ээр тогтоогдсон билээ. Ийм учраас мөрдөн шалгах ажиллагааны шатанд уг замыг хариуцан ажилладаг “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй байна. “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Манай компанийн зүгээс холбогдох хууль тогтоомжид заасан үүргээ бүрэн биелүүлэн авто замыг түр хааж, тэмдэг тэмдэглэгээг 2 сар тутамд шинэчлэн ажилласан ба зам тээврийн осол гарах үед 44-33 УНҮ улсын дугаартай автомашины жолооч нь ашиглах боломжгүй болж түр хаасан замын хэсэгт дур мэдэн орж зорчсон, хурдаа тохируулж яваагүй, хурд хэтрүүлсний улмаас осол гарах шалтгаан үүссэн...” гэж иргэний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаарх тайлбарыг гаргасан боловч тухайн осол болох үед буюу 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр уг засмал зам дээр шороо овоолсон, зам эвдрэлтэй, зорчих боломжгүй болох талаар замын ямар нэгэн анхааруулсан болон хориглосон тэмдэг тэмдэглэл байгаагүй болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалж хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Г.Б /хх-ийн 32/, хохирогч М.Э /хх-ийн 28/, гэрч М.М.А/хх-ийн 38/, гэрч Д.Х /хх-ийн 40/, иргэний нэхэмжлэгч Д.С /хх-ийн 42/, Б.Д /хх-ийн 47/ нарын мэдүүлэг, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 71 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хариуцах хуулийн үндэслэлтэй байна.

Зам гэдэг бол нийтийн хэрэгцээнд ашиглахад зориулагдсан байхаас гадна замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй шуурхай зорчих, аюул осолтой байдал бий болгохгүйн тулд замын тэмдэг, тэмдэглэлийг шаардлагатай газар болгонд байрлуулж хөдөлгөөнийг зохицуулдаг байна. Гэтэл шүүгдэгч Н.Ж-ийн зорчиж байсан засмал зам нь “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-ийн хариуцдаг зам бөгөөд замын тухайн хэсэг нь аюулгүй зорчих боломжгүй болох нь Улсын мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа боловч “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК нь зам, замын байгууламжийг засварлах, арчлан хамгаалахад замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх инженерийн шийдэл гаргахыг хориглох, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зорчих боломжгүй талаарх замын тэмдэг, тэмдэглэлийг байрлуулах үүргээ биелүүлээгүйн улмаас уг замаар жолооч Н.Ж зорчсон болох хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байна.  

Иргэний хариуцагч “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-ийн төлөөлөгч Т.Ц-д удаа дараа зарлагдсан шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учраас шүүх хуралдааныг товлосон цагт явуулах, шүүх хуралдаан хойшлуулах явдал олон дахин давтагдахгүй байх, хэргийг хуулиар тогтоосон хугацааны дотор шийдвэрлэж, зөрчигдсөн эрхийг аль болох богино хугацааны дотор сэргээх, шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн бусад оролцогчдын санал хүсэлт, ашиг сонирхлыг харгалзан үзэх зэрэг хуулиар тогтоогдсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтуудад нийцүүлэн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

Хохирогч М.Э-ын өмгөөлөгч Б.Б нь шүүгдэгч Н.Ж-ийн жолоодож явсан 44-33 УНҮ улсын дугаартай Mercedes Benz ML-350 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Б-ыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасан зорчигч тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэх үндэслэлээр иргэний хариуцагчаар татах хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болохоор заасан учир шүүгдэгч Н.Ж-д холбогдох эрүүгийн 2028000210010 дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Б-ыг иргэний хариуцагчаар татан оролцуулсан. Иргэний нэхэмжлэгч болон хариуцагч Г.Б нь 44-33 УНҮ улсын дугаартай Mercedes Benz ML-350 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч болох нь хавтаст хэргийн 126 дугаар хуудсанд байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон Н.Ж, Г.Б нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байгаа юм.

Тухайн үед Г.Б нь өөрийн тээврийн хэрэгслийг Н.Ж-д сайн дураараа шилжүүлэн өгсөн болох нь шүүгдэгч Н.Ж-ийн “...Батбаяр ах “Ахынх нь бие жоохон тааруу байна, чи энэ 4 хүнийг хүргээд өгөх үү? Өдөр надтай хамт явсан 4 хүн буцъя гэнэ” гэхээр нь би түүний машиныг нь аваад Чинхуа МАК дээр очиж уг дөрвөн хүнийг суулгаад Шивээхүрэн боомтын чиглэлд явсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч болон хариуцагч Г.Б-ын “...миний ажил амжихгүй байхаар нь Н.Ж өөрийн машинаа явуулаад тэр мэргэжлийн хяналтын хүмүүсийг Шивээхүрэн боомт руу хүргэж өгчихөөд ир гээд машинаа өгч явуулсан...” гэх мэдүүлгээр тогтоогддог тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар шүүгдэгч Н.Ж-ийн бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг Г.Б-т үүсч байна гэж үзлээ.

Ийм учраас тухайн зам тээврийн ослын улмаас үүссэн гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж, иргэний хариуцагч Г.Б, “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК нар хариуцан арилгах үүрэгтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах асуудлыг шийдвэрлэх эрхийг шүүхэд олгосон байх тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын 50 хувийг “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-аас, үлдсэн 50 хувийн хохирлыг шүүгдэгч Н.Ж, иргэний  хариуцагч Г.Б нараас тэнцүү хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл нийт учирсан гэм хорын хохирлын 50 хувийг иргэний хариуцагч “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-аас, 25 хувийг шүүгдэгч Н.Ж-с, 25 хувийг иргэний хариуцагч Г.Б-с тус тус гаргуулахаар шийдвэрлэлээ. Тухайн осол болоход тээврийн хэрэгслийн техникийн байдал нөлөөлөөгүй, Н.Ж нь хурдаа тохируулж явах жолоочийн үүргээ биелүүлээгүй зэрэг байдлыг харгалзан үзээд шүүгдэгч Н.Ж-өөс гаргуулах ёстой хохирлын 50 хувийг тээврийн хэрэгслийг өмчлөгчийн хувьд иргэний хариуцагч Г.Б-аас гаргуулах нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Д.С, Г.Б нарт эд хөрөнгийн хохирол учирчээ.  

Хохирогч М.Э-ын нэхэмжилсэн хохирол төлбөрийн тухайд: Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Э-ын биед сээрний 11/12 нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун дал, бугалганы цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүх хуралдаанд нийт 16.742.681 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч Н.Ж-ийн эмчилгээний төлбөрт төлсөн 2.834.367 төгрөгийг хасч эмчилгээний төлбөр 320.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 510.742 төгрөг, аав Я.Мөнхцэцэгийн асарч сувилсан хугацааны цалин хөлс 383.765 төгрөг, буудал, замын зардал 1.148.207 төгрөг, өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг, эм авах, физик эмчилгээ хийлгэх үнэ 545.600 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг буюу нийтдээ 13.908.314 төгрөгийг нэхэмжилжээ.

Хохирогч М.Э-ын хувьд сээрний 11/12 нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл авч “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хэвтрийн дэглэмтэй байсан учраас түүний ажиллаагүй хугацааны цалин хөлс, эмнэлэгт асарч сувилсан эцэг Я.Мөнхцэцэгийн 5 хоногийн ажлын цалин хөлс болон эмчилгээний зардал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохын тулд зарцуулсан шатахуун, буудлын хөлс нийт 2.272.314 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсгийн “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийн “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн гэм буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Гаргаж байгаа зардлыг дараах хүснэгтээр үзүүлэв.

Д/д

Хохирлын нэр

төгрөг

Нотлох баримт

1

Эмчилгээний зардал

     /томографийн төлбөр/

320.000

2-р хавтасны 33, 38-р хуудас

2

Цалин хөлс /2020 оны 1-р сарын цалин/

510.742

1-р хавтасны 210-212, 216-р хуудас, 2-р хавтасны 34-36-р хуудас

3

Асарч сувилсан зардал /Аав Я.Мөнхцэцэгийн 5 хоногийн ажлын цалин/

383.765

1-р хавтасны 230-233-р хуудас,

2-р хавтасны 21-р хуудас

4

Замын зардал /Шатахуун авсан зардал/

877.807

2-р хавтасны 23-24, 26, 37-38 хуудас

5

Буудлын төлбөр

180.000

2-р хавтасны 25-26-р хуудас

Нийт дүн

2.272.314

 

Шүүгдэгч Н.Ж нь хохирогч М.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний төлбөрт 2.834.367 төгрөгийг төлсөн учраас дээр дурдсан 2.272.314 төгрөгийг “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-аас гаргуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтын нотлох баримтаар тооцохгүй тул өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөгийн зардлыг хохирогчоос зайлшгүй гарах зардал гэж үзэхэд учир дутагдалтай мөн гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй учир сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг болон гэмт хэргийн хохирогч болсон эсэхээс үл хамааран гардаг өдөр тутмын хоол хүнсний зардал 90.400 төгрөг, нийтдээ 11.090.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эм худалдан авах, эмчилгээ хийлгэх төлбөр 545.600 төгрөг болон цаашид эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд Н.Ж, Г.Б, “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК нараас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэж байна.

Иргэний нэхэмжлэгч Д.С-ийн нэхэмжлэлийн тухайд: Д.С нь Н.Ж-д холбогдох эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг уг хэргийн хамт хянан шийдвэрлэхээр заасан учраас шүүх Д.С-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Иргэний нэхэмжлэгч Д.С зам тээврийн ослын улмаас амссан хохирол, урсгал зардал, сэтгэл санааны хохирол, ажлын бүтээмж бууралт зэрэг зардалд нийт 1.500.000 төгрөгийг нэхэмжилсэн. Тухайн зам тээврийн ослын улмаас иргэний нэхэмжлэгч Д.С-ийн эрүүл мэндэд хохирол учраагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч тэрээр өөрийн биед гэмтэл учирсан эсэхийг мэдэхийн тулд эмчилгээ, шинжилгээ хийлгэсэн зардлыг гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол гэж үзээд нотлох баримт /2-р хавтасны 2-5-р хуудас/-аар тогтоогдсон шинжилгээний төлбөр 514.000 төгрөг, эм авсан зардал 84.150 төгрөг, нийт 598.150 төгрөгийг гаргуулж, хэргийн оролцогч болсон эсэхээс үл хамааран гардаг өдөр тутмын хоол хүнсний зардал 37.400 төгрөг болон бусад зардал 864.450 төгрөг, нийт 901.850 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг нотлох баримтгүй, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож байна. Иргэний нэхэмжлэгч Д.С-д олгохоор шийдвэрлэсэн 598.150 төгрөгийн 299.075 төгрөгийг “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-аас, 149.537,50 төгрөгийг шүүгдэгч Н.Ж-өөс, 149.537,50 төгрөгийг иргэний хариуцагч Г.Б-аас тус тус гаргуулж, Д.С олгохоор шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлийн тухайд: Уг зам тээврийн ослын улмаас Г.Б-ын өмчлөлийн 44-33 УНҮ улсын дугаартай Mercedes Benz ML-350 маркийн тээврийн хэрэгсэлд 8.168.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон. Иргэний нэхэмжлэгч Г.Б-ын хувьд өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 8.168.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлээс 4.084.000 төгрөгийг “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-аас нэхэмжилдэг бөгөөд шүүгдэгч Н.Ж-өөс 4.084.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн заалтыг үндэслэн зам, замын байгууламжийг засварлах, арчлан хамгаалахад замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх инженерийн шийдэл гаргахыг хориглох, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зорчих боломжгүй талаарх замын тэмдэг, тэмдэглэлийг байрлуулах үүргээ биелүүлээгүй “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-аас 4.084.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Б олгож, шүүгдэгч Н.Жавхлантөгсөөс 4.084.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ Г.Б татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Н.Ж-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Ж-ийн үйлдсэн гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ял оногдуулахаар заагаагүй” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Ж-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, ажил эрхэлдэг, амьдралын нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Ж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Ж-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд шүүгдэгч Н.Ж, иргэний хариуцагч Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 3-р хороо 5-р хороололын ХД 37-02 тоотод оршин суух Хорчин овогт Г.Б /РД: ЦЖ 76032918/ нараас тус бүр 149.537,50 /нэг зуун дөчин есөн мянга таван зуун гучин долоон төгрөг тавин мөнгө/ төгрөгийг гаргуулан нийт 299.075 /хоёр зуун ерэн есөн мянга далан тав/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 10-р хороо 4-248 тоотод оршин суух Ядам овогт Д.С /РД: УК 95050305/-д олгох, иргэний хариуцагч Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах “Чинхуа-МАК-Нарийн сухайт“ ХХК /РД: 2697947/-аас нийт 6.655.389 /зургаан сая зургаан зуун тавин таван мянга гурван зуун наян ес/ төгрөгийг гаргуулан хохирогч Өмнөговь аймгийн Гурван тэс сум 5-р багт оршин суух Чин тайж овогт М.Э /РД: КГ 95060409/-д 2.272.314 /хоёр сая хоёр зуун далан хоёр мянга гурван зуун арван дөрөв/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.С 299.075 /хоёр зуун ерэн есөн мянга далан тав/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Б 4.084.000 /дөрвөн сая наян дөрвөн мянга/ төгрөгийг тус тус олгохоор тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч М.Э-ын нэхэмжлэлээс 545.600 /таван зуун дөчин таван мянга зургаан зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, 11.090.400 /арван нэгэн сая ерэн мянга дөрвөн зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг, Д.С-ийн нэхэмжлэлээс 901.850 /есөн зуун нэг мянга найман зуун тавь/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

5. Хохирогч М.Э хэлэлцэхгүй орхисон эм, эмчилгээний төлбөр 545.600 /таван зуун дөчин таван мянга зургаан зуу/ төгрөг болон өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг цаашид эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд Н.Ж, Г.Б, “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Жавхлантөгс нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Э-д 2.834.367 /хоёр сая найман зуун гучин дөрвөн мянга гурван зуун жаран долоо/ төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгч Г.Б нь шүүгдэгч Н.Ж-өөс 4.084.000 /дөрвөн сая наян дөрвөн мянга/ төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        П.ПАГМА