| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Пагма |
| Хэргийн индекс | 172/2020/0048/Э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2020-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 50
Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анужин
Улсын яллагч Л.Солонго
Шүүгдэгч А.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ч холбогдох 2028000480036 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, гавъяа шагналгүй, урьд нь Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар 10-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, уг ял дээр 2011 оны 37 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим хэсэг болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3 сар 15 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгүүлж, мөн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 1 сар 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан,
Шүүгдэгч А.Ч нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн Шугшаагийн 4-10 тоотод согтуугаар иргэн Ц.Б-тай харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...02 дугаар сарын 04-ний өдөр би жоохон архи уучихаад Зоригоо ахынд очоод амарч байсан. Би Баяраа гэдэг хүнийг танихгүй. Гэнэт нэг хүн орж ирээд цохиж зодоод, өшиглөөд “Босоод ир чи муу, яахаараа хүний юм авдаг юм” гэсэн. Юун хүн бэ, би хүний юм аваагүй гээд босоод ирэхэд шууд нүүр рүү цохисон. Тэгэхээр нь босоод зууралдаад толгойн тус газар нь хоёр удаа цохисон. Цагдаа ирж аваад явсан. Өөр зүйл болоогүй” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэртээ сэтгэл санаагаар унаад архи уучихсан байсан. Тэгээд би дүүгээ дуудаж, архи авхуулж уусан. Манай дүү би нэг хүнээс мотор авах ёстой, тэрийгээ авна, хань болж хамт явах уу гэхээр нь би хань болж хамт явсан. Нэг айлд очиход эзэнгүй цоожтой байсан. Арынх нь хашаанд байдаг айл руу ороход нэг адилхан шар царайтай хүн унтаж байхаар нь би Донж гэдэг хүн мөн байх шиг байна гээд хувцаснаас нь татаж сэрээсэн. Тэгэхэд тэр хүн яах гээд байгаа юм бэ гэхээр нь би миний дүүгийн моторыг өгөхгүй яасан их удаадаг юм бэ гээд согтуу байсан болохоор уурласан. Тэгээд тэр залууг цохисон байхаа. Тэгж санагдаад байна. Тэгээд тэр залуутай зууралдаж, дээр доороо ороод байсан. Тэр залуу миний дээр гарч сууж байгаад миний нүүр толгой руу нилээд олон удаа цохисон. Би өөдөөс нь гарыг салгах, болиулах гэж нилээд их сарвалзсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд аваад явсан. ...Надад одоо гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй. Тухайн үед би архи нилээд уугаад сэтгэлээр унасан байсан болохоор надад тухайн үед хэцүү байсан. Одоо би Чулуунбаатар гэх хүнээс нэхэмжлэх зүйл огт байхгүй” гэжээ. /хх-ийн 7-8 дугаар хуудас/
Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...Би тухайн өдөр ах Ц.Б-ны хамтаар хүнээс мотор авахаар Донж /Нямдорж/-ийн гэрт очиход гэрт нь хүн байхгүй байсан. Тэгээд би Батзориг гэх айлд орсон. Айлд ороод Ц.Б ах унтаж байсан хүнийг татаж сэрээсэн. Тэгтэл Чулуунбаатар босч ирээд хүн унтуулахгүй хэн бэ, яах гээд байгаа пизда вэ гэсэн. Ах тэгэхэд Донжийг асуусан. Тэгэхэд би мэдэхгүй яах гээд байгаа юм бэ гээд уурласан. Тэгэхээр нь ах юм асууж байна, яасан ууртай юм бэ гэхэд сэрээлээ гэж Чулуунбаатар нь уурлаж ахыг цохиод авсан. Чулуунбаатар нь босч ахыг гэрээс гаргаад гадаа гаргаж газар унагааж байгаад зодсон...” гэжээ. /хх-ийн 11 дүгээр хуудас/
Гэрч С.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...Би тэр өдөр гэртээ унтаж байсан. А.Ч нь миний хажуугаар согтуу ирээд унтсан. Гаднаас гэрт хүн орж ирсэн. Харахад Энхбаяр гэгч эмэгтэй өөрийн ах болох Баяраа гэх хүнтэй согтуу орж ирсэн. Баяраа гэх хүн нилээд согтуу Чулуунбаатарыг энэ байна гээд шууд хөлийг нь өчөөд эхэлсэн. Тэгээд нүүр лүү нь цохих шиг болсон. Тэгэхэд А.Ч босоод тэр Баяраа гэх хүнтэй зодолдож эхэлсэн. Гэрээс гараад явсан. Гадаа юу болсныг мэдэхгүй. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэжээ. /хх-ийн 12 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 145 тоот дүгнэлтэд:
1. Ц.Б-ны биед зүүн чамархайн язарсан шарх, зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл үүсчээ.
2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэжээ. /хх-ийн 14-р хуудас/
А.Ч мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Батзоригийн гэрт архи уучихаад гэрийн баруун талд унтаж байхад гэнэт нэг хүн миний нуруун дээр дэвссэн. Тэгээд миний хөлийг мушгиж намайг эргүүлж харуулаад цохисон. Тэгэхээр нь би босоод Б-ны нүүр лүү нь 2 удаа цохисон. ...Би тэр хүнтэй хэрүүл маргаан хийгээгүй унтаж байхад дээрээс хөлөөрөө дэвсэж өшиглөсөн. Тэгээд нүүр лүү цохисон болохоор би уурлаж өөрийг нь эргүүлж цохисон. Өөр зүйл болоогүй” гэжээ. /хх-ийн 20-21 дүгээр хуудас/
Ц.Б-ны амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 23 дугаар хуудас/
Ц.Б-ны иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 25 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага-Овоо багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48 дугаар хуудас/
А.Ч-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч А.Ч нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт баг Шугшаагийн 4-10 тоотод хохирогч Ц.Б-тай согтуугаар харилцан зодолдож, улмаар түүний биед зүүн чамархайн язарсан шарх, зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн “...би гэрийн баруун талд унтаж байхад гэнэт нэг хүн миний нуруун дээр дэвсээд миний хөлийг мушгиж намайг эргүүлж харуулаад цохисон. Тэгэхээр нь би босоод Ц.Б-ны нүүр лүү нь цохисон…” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон хохирогч Ц.Б-ны “...би тэр залууг цохисон байхаа. Тэгж санагдаад байна. Тэр залуутай зууралдаж, дээр доороо ороод байсан. Тэр залуу миний дээр гарч сууж байгаад миний нүүр толгой руу нилээд олон удаа цохисон…” гэх, гэрч Т.Э-ын “...ах юм асууж байна, яасан ууртай юм бэ гэхэд сэрээлээ гэж А.Ч нь уурлаж ахыг цохиод авсан. А.Ч нь босч ахыг гэрээс гаргаж газар унагааж байгаад зодсон...” гэх, гэрч С.З “...нүүр лүү нь цохих шиг болсон. Тэгэхэд Чулуунбаатар нь босоод Баяраатай зодолдож эхэлсэн...” гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 145 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогчийн архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ. Шүүгдэгч А.Ч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч А.Ч-ын үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-ны биед зүүн чамархайн язарсан шарх, зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 145 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч А.Ч-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Өмнөговь аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Ч-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч А.Ч-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч А.Ч-ын хувийн байдлын тухайд 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6 дугаар баг Их-Уулын 18-01 тоотод оршин суудаг, урьд өмнө таван удаа ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхээс гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус байдал нөлөөлсөн болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө орлого олдог талаар баримтгүй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хариуцлагын зорилго зорилтод нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч А.Ч нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шүүгдэгч А.Ч-ын үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Ц.Б нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.Ч-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Ч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Ч-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч-т оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Ч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА