| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2020/0236/Э |
| Дугаар | 255 |
| Огноо | 2020-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч М.Энхбаатар,
Шүүгдэгч Г.Т, Ш.У /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Т, Ш.У нарт холбогдох эрүүгийн 1911 02531 0218 дугаартай хэргийг 2020 оны 3 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хувиараа төмөр хийц хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандангийн З-5тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл, РД:УД90091553.
2. Монгол Улсын иргэн, , 1976 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дбрноговь аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хувиараа төмөр хийц хийдэг, ам бүл 9, эхнэр, 7 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн, 14 дүгээр хороо, Хайлаастын 21-529 тоотод оршин суудаг, 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 438 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг 1 жил 6 сарын хугацаагр тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл, РД:ЦЕ76012471.
Шүүгдэгч Г.Т нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Утай архи уун согтуурч хоорондоо маргаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ш.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Ттай архи уун согтуурч хоорондоо маргаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Г.Таас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.
Шүүгдэгч Ш.Уаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.
Шүүгдэгч Г.Таас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-52-53х/ “.Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмтлийг учруулсан хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг.
Шүүгдэгч Ш.Уаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-355-56х/ “..Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмтлийг учруулсан хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг.
Хохирогч Г.Таас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-21х/ “..2019 ны 9 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн үед, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төмөр хийц” ажиллуулдаг Вандан ахтай уулзах гэж очсон. Миний төрсөн өдөр болоод өнгөрсөн байсан болохоор Вандан ах “дүүдээ нэг юм авч өгнө гээд” Едэн гэх нэртэй 0.75л савалгаатай архи авч өгөхөөр нь Вандан ахын машинд хувааж уугаад би дахиж зөрүүлж Едэн гэх нэртэй архи 0.75л савалгаатай архи авч өгөөд ууж байгаад Вандан ахтай хамт төмөр хийцийн хашаанд байх Офиссын байрлуу ортол Ууганбаяртай Вандан ах танилцуулаад сууж байсан. Ууганбаяр, Вандан ах бид хоёрт ямар архи авч өгсөн гэдгийг санахгүй байна. Тэгээд юунаас болж маргалдсанаа санахгүй байна Ууганбаяртай маргалдсан байсан. Түүнээс хойш юу болсоныг санахгүй байна..” гэх мэдүүлэг,
Хохирогч Ш.Уаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-23-24х/ “..Миний авч ирсэн Чингис архийг голоод “би ийм архи уудаггүй юм. Энэ Чингис гэдэг архи чинь хулхи байдаг юм” гээд ширээн дээр цацчихаад дахиад тэр Чингис архинаасаа надад хийгээд өгөхөөр нь би “чи намайг доромжпоод байгаа юм уу” гэтэл архин дээрээ нэмж хийчихээд өөрөө уух гэж байгаад хажууд байсан миний хүүхдийн тэрэг рүү нулимсан. Тэгэхээр нь би “чи айлд орж ирчихээд нулимаад, доромжлоод байгаа юм уу” гээд хэлчихсэн юм. Тэгээд л шууд миний нүүр лүү 5-6 удаа цохисон. Миний урд хэсгийн үүдэн дээд хоёр шүдийг хугалаад унагаачихсан. Тэгээд шууд гараад зугатаасан. Тэгээх нь би хойноос нь гартал Түвшинбаатар Вандан ахынх руу орж байхаар нь араас нь гүйгээд ортол Түвшинбаатар эргэж хараад миний хүзүүнээс миний өмсөж байсан фудболкоор боогоод тэгэхээр нь би тавиулах гээд харилцан боогоод нүүр лүү нь цохитол намайг тавихгүй байсан. Тэгтэл Вандан ах босч ирээд бид хоёрын дундуур орж салгаж байхад бид хоёр бие биен рүүгээ дайраад өшиглөөд гараараа цохиж байсан. Тэгээд Вандан ах Түвшинбаатарыг тэврээд газар давахралдаад унасан. Вандан ахын эхнэр нь та нар одоо болио чээ гэхээр нь би гараад офисс руугаа орсон. Тэгээд эхнэртэйгээ хамт машинаараа гэрлүүгээ явсан..” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Өнөрцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/хх-31-32/ “..Түвшинбаатар 2019 оны 9 дүгээр сарын 19-ний шөнө 23цаг 20 минутын үед манайд хувцас нь цус болчихсон, нүүр нь хавдчихсан нүд нь харагдахгүй, хоолойг нь юмаар боосон бололтой хоолой нь улайчихсан ирэхээр нь би 80022076 дугаараас цагдаад дуудлага өгсөн. Тэгээд 14 дүгээр хорооны нутагт орших зам дагуу байрлах Төмөр хийц үйлдвэр дээр очиход хашааны эзэн Вандан гэрээсээ гарч иртэл цагдаа нар бас зэрэг хамт ирээд Түвшинбаатарыг зодсон гэх Ууганбаяр байгаагүй тэгээд цагдаа нар хэлтэс дээр очиж өргөдлөө өг гэхээр нь бид нар хэлтэс дээр нь ирсэн..” гэх мэдүүлэг,
Гэрч У.Вандангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-33-35/ “..2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр, 16 цагийн орчимд Түвшинбаатар, Хадбаатар хоёр Хадбаатарын машинтай ирсэн. Түвшинбаатар надад миний төрсөн өдөр ш дээ ах гэж Хадбаатарын машинд хэлсэн. Тэгэхээр нь би ганц юм авч өгий гээд Түвшинбаатараас юу авахуулах юм, Хараа авахуу? гэтэл би хараанд хордсон, Хараа уухгүй байгаа Едэн ууж байгаа ш дээ гэхээр нь би ахын дүү шувууны бага нь жиргэдэг юм ахын дүү ахынхаа картыг аваад яваад ир гээд Түвшинбаатарт өөрийн мөнгөний картаа өгтөл Түвшинбаатар Едэн гэх 0,75 грамм-н архи, тэгээд нэг том ундаатай аваад ирсэн. Бид 3 тэр архийг Хадбаатарын суудалын машинд хувааж ууж байгаад дуусаагүй байтал Хадбаатар би маргааш ажил явдалтай их уумааргүй байна өглөө амнаас архи үнэртэх байх гээд явсан. Харин Түвшинбаатар ах надад нэг юм авч өгсөн юм чинь би одоо нэг юм авч өгнө гээд Едэн гэх нэртэй 0.75 граммийн савалгаатай архи авчирсан. Тэгээд тэр авч ирсэн архиа ууж байгаад машинаасаа гарч бие засаж байсанаа санаж байна. Тэгээд л би тасарчихсан байна лээ. Тэгээд хүүхэд уйлаад эхнэр чарлаад сэртэл би гэрт Түвшинбаатар, Ууганбаяр хоёр манай байшинд ороод ирчихсэн хоорондоо заамдалцаад цохилцож байсан. Би дундуур нь орж салгаад Түвшинбаатарын дээр дараад хэвтээд хамгаалж байтал миний хажуугаар Ууганбаярын гар орж ирээд Түвшинбаатарын нүүр хэсэг рүү цохисон. Харин Түвшинбаатар доороос Ууганбаяр луу хөлөөрөө тийрч байсан. Би та хоёр болиочээ гэж хэлтэл Ууганбаяр гараад явсан Түвшинбаатар гэрт үлдсэн. Би ийм л юм санаж байна..” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Одончимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-36-38/ “..Би 2019 оны 9 дүгээр сарын 20-нд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төмөр хийц” үйлдвэрлэл ажлын байрандаа 17 цаг өнгөрч байхад өөрийн нөхөр Ууганбаярын хамт ажиллаж байтал ажлын байрны үүдэнд машинтай Түвшинбаатар хажуудаа нэг хүнтэй ирсэн. Тэгээд хашааны эзэн Ванданг дуудаад эхэндээ хэрэлдэж муудалцаж байгаад сүүлдээ хамт архи уугаад эхэлсэн. Би 19 цагийн орчим 17 үйлчилгээний төврүү явах болоод нөхөр Ууганбаярыг хамт явъя гэтэл Ууганбаяр би энд ажилаа хийгээд байж байя гэхээр нь би “за за өөрөө яваад ирье” гээд 17 үйлчилгээний төв рүү яваад 30 минут болоод иртэл, Манай ажлын өрөөнд Вандан, Түвшинбаатар хоёр нэг шил Едэн гэх 0.75 граммийн савалгаатай архи задлаад ууж амжаагүй бололтой байсан. Би хажууд нь хүүхэдтэйгээ сууж байсан. Вандан ах дүүгийн төрсөн өдөр байгаа юмаа, хоёр дүүгээ танилцуулах гэсэн юм гэхээр нь би юу ч дуугараагүй. Түвшинбаатар өмнө нь 2 жил Вандан ахын хашааг түрээсэлж ажиллуулж байсан юм билээ. Тэгээд л Ууганбаяртай танилцуулж байгаа юм байхаа. Ууганбаяр тэр архинаас 2 удаал уусан байх. Харин Түвшинбаатар, Вандан хоёр нэлээн уугаад байсан. Вандан ах нэг орж унтлаа гээд гарч яваад л эргэж орж ирээд байсан. Би тэд нарыг сууж байтал жоохон зүйрмэглээд унтчихсан байналээ. Гэнэт түжигнэх чимээ гарахаар нь сэртэл Түвшинбаатар Ууганбаярын нүүрлүү хэд хэдэн удаа цохичоод гараад гүйчихсэн. Тэгээд Ууганбаяр араас нь гарахаар нь “Ууганбаяраа нааш ир” гэж хэлчихээд хүүхэдээ тэврээд суугаад хүлээж байтал Ууганбаярын хувцас нь урагдчихсан цээж нүцгэн буцаад ороод ирсэн араас нь Вандан ах орж ирээд “энэ хоёр чинь бие биенээ алах гэж байнашдээ” гэсэн. Тэгээд би үхсэнээ хийж ажлын байрандаа архи уудаг юм гэж Ууганбаярыг загинаад аваад гарсан. Тэгээд хойшоо эмийн сан орчихоод. гэртээ очтол Ууганбаяр машинд унтчихаар нь сэрээгээд яахуу гэж бодоод хашааны гадаа машиндаа үлдээгээд гэрлүүгээ ороод унтаад өгсөн юм.Тэгтэл Ууганбаяр 2019 оны 9 дүгээр сарын 21-ний 02 цагийн орчим орж ирээд найзыгаа сэрээгээд оруулахгүй яасан юм бэ гээд ороод ирсэн..” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №11427 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-42/ “..Г.Тын биед зүүн зовхинд цус хуралт, нүдний алиманд цус харвалт, духанд цус хуралт, хамрын нуруу, зүүн чихний дэлбэнд зулгаралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, амны зүүн завьжны салстад язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болон эгх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №11442 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-43/ “..Ш.Уын биед хүзүү, их бие, дээд мөчинд цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт, шүүгдэгч Г.Тын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-62/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-57/, шүүгдэгч Ш.Уын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-69/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-64/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Т, Ш.У нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи уун согтуурч хоорондоо маргалдаж, улмаар зодолдон Ш.Уын биед нь хүзүү, их бие, дээд мөчинд цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл, Г.Тын биед зүүн зовхинд цус хуралт, нүдний алиманд цус харвалт, духанд цус хуралт, хамрын нуруу, зүүн чихний дэлбэнд зулгаралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, амны зүүн завьжны салстад язрал, цус хуралт бүхий гэмтэл тус тус үүсгэжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нарын дээрхи үйлдлийн улмаас бие биедээ учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нар нь харилцан зодолдож үүний улмаас бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Т, Ш.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд шүүгдэгч нар нь харилцан бие биедээ хохирогч болохын хувьд бие биедээ гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Т, Ш.У нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Г.Т, Ш.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан шүүгдэгч нарыг тус бүр 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Т, Ш.У нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нарыг тус бүр 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, Ш.У нарт оногдуулсан 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг тус тус даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Т, Ш.У нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус сануулсугай.
5. Шүүгдэгч Г.Т, Ш.У нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Т, Ш.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР