| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2016/0525/И |
| Дугаар | 182/ШШ2016/01044 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 182/ШШ2016/01044
| 2016 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 182/ШШ2016/01044 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Б нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г.М холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 5.782.500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчЭ.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би Г.Мтай харилцан тохиролцож 2016.04.15-ны өдөр тэврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн 30** ДГО улсын дугаартай AUMAN BJ4320SMFJB маркийн ногоон өнгийн чирэгч толгой, мөн 33-53 УЧ улсын дугаартай ОДАЗ 1027 маркийн цэнхэр өнгийн чиргүүлийн хамт нийт 13.000.000 төгрөгөөр худалдсан. Гэрээнд зааснаар 8.000.000 төгрөг бодож Corolla Axio маркийн 44-06 УНВ улсын дугаартай, цагаан өнгийн тээврийн хэрэгслийг миний өмчлөлд шилжүүлж, бэлнээр 500.000 төгрөгийн миний ХААН банкны дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 4.500.000 төгрөгийг 2016.06.01-ний дотор төлнө гэсэн боловч төлөөгүй. Гэтэл Г.М нь чирэгч толгойгоо миний нэр дээр шилжүүлчих гээд гуйгаад байхаар нь 2016.05.27-ны өдөр түүний нэр дээр шилжүүлж, төлбөр барагдуулах гэрээг дахин хийж 2016.06.06-ны дотор барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүй болно. Иймд хариуцагч Г.Маас машины үлдэгдэл төлбөр 4.500.000 төгрөг, алданги 57 хоногоор тооцож 1.282.500 төгрөг, нийт 5.782.500 төгрөг нэхэмжилж байна. Би уг нь 2016.10.21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа алданги болох 1.800.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн боловч уг шаардлагаа татан авч байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
НэхэмжлэгчЭ.Б нь хариуцагч Г.Мад холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 7.582.500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 1.800.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа татан авч, нэхэмжлэлийн шаардлагаа 5.782.500 төгрөг гэж тодруулсныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Э.Батсүрэн нь 2016.04.15-ны өдөр Г.Мтай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Г.Мад өөрийн эзэмшлийн 30** ДГО улсын дугаартай AUMAN BJ4320SMFJB маркийн ногоон өнгийн чирэгч толгой, 33-53 УЧ улсын дугаартай ОДАЗ 1027 маркийн цэнхэр өнгийн чиргүүлийн хамт 13.000.000 төгрөгөөр худалдаж, Г.М нь 8.000.000 төгрөгөнд тооцон өөрийн өмчлөлийн Corolla Axio маркийн 44-06 УНВ улсын дугаартай, цагаан өнгийн тээврийн хэрэгслийгЭ.Бгийн өмчлөлд шилжүүлэх, 5.000.000 төгрөгийг 2016.06.01-ний дотор төлөх, төлөөгүй тохиолдолд 0.5%-ийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, худалдах, худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд зэргээр тогтоогдов.
Дээрх байдлаас зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагч Г.М нь тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу 8.000.000 төгрөгөнд тооцон өөрийн өмчлөлийн Corolla Axio маркийн 44-06 УНВ улсын дугаартай, цагаан өнгийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчЭ.Бд шилжүүлсэн, мөн түүнд 500.000 төгрөгийг бэлнээр төлсөн, үлдэгдэл 4.500.000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон.
Зохигчид 2016.05.27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 4.500.000 төгрөгийг хэрхэн барагдуулах талаар “төлбөр барагдуулах гэрээ” байгуулж хариуцагч Г.М нь 4.500.000 төгрөгийг 2016.06.06-ны өдөр нэхэмжлэгчЭ.Бд төлөх, төлөөгүй тохиолдолд 0.5%-ийн алданги төлөхөөр тус тус тохиролцжээ.
Гэсэн хэдий ч хариуцагч Г.М нь өнөөдрийг хүртэл уг төлбөрийг нэхэмжлэгчЭ.Бд төлөөгүй байх тул нэхэмжлэгчЭ.Бд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Г.Маас худалдсан машины төлбөрийн үлдэгдэл, алдангийг шаардах эрх үүсчээ.
Шүүхээс хариуцагч Г.Мад нэхэмжлэлийг 2016.09.02-ны өдөр гардуулж, зохигчийн эрх, үүргийг, мөн 2016.09.16-ны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд ирүүлэх үүрэгтэйг танилцуулсан байх боловч хариуцагч талаас тайлбар болон нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Г.М нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар баримтаар нотлоогүй төдийгүй хэргийн материал танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шүүхээс ямар нэгэн байдлаар саад болоогүй, эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4‑т “нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно”, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасны дагуу хариуцагч Г.Мыг нэхэмжлэгчЭ.Бгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд хариуцагч Г.Маас машины үлдэгдэл төлбөр 4.500.000 төгрөг, түүний 57 хоногийн алданги 1.282.500 төгрөг, нийт 5.782.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчЭ.Бд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс хариуцагч Г.Мад шүүх хуралдааны товыг 2016.11.03-ны өдөр түүний оршин суугаа хаягаар хүргүүлж, Оюунболд гэх хүн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан байх тул түүнийг шүүх хуралдааны товыг мэдсэн гэж үзнэ.
Харин хариуцагч Г.М нь шүүх хуралдааны товыг мэдсэн байх боловч шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон бусад нотлох баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүйг дурдаж байна.
НэхэмжлэгчЭ.Б нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 1.800.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа татан авсныг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Г.Маас 5.782.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчЭ.Бд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчЭ.Бгээс тэмдэгтийн хураамжид төлсөн 151.220 төгрөгөөс 43.750 төгрөгийг буцааж, хариуцагч Г.Маас 107.470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчЭ.Бд тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА