Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 00108

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгч Б.Чын өмгөөлөгч Т.Долгорсүрэн,

Шүүгдэгч О.Төрболдын өмгөөлөгч Н.Тэрбиш,

Шүүгдэгч Б.Ч, О.Тнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ч, О.Тнарт холбогдох эрүүгийн 2038000370057 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ч, О.Тнар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Баянгол гэх газраас иргэн Х.Бат-Эрдэний 1 тооны үхрийг хулгайлан авч 950.000  төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Б.Ч, О.Тнар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Баянгол гэх газраас иргэн Х.Б- 1 тооны үхрийг хулгайлан авч 950.000  төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000370057 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Чын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Эзэнгүй өвөлжөөний ойролцоо айлын үхэр харагдахаар нь бууж Төрболдыг наанаа байж байгаарай гэж хэлчихээд тэр үхэр дээр очоод хүрэн зүсмийн шүдлэн бололтой нэг үхрийг барьж авах гэж оосорлоод алдсан. Тэгэхээр нь буцаж очиж Төрболдыг дуудаад тэр үхрээ барьж аваад нугасалж нядалсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч О.Т-д мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Тухайн үед Нам давааны тэнд бэлчээрт явж байсан хэний гэдгийг нь мэдэхгүй, айлын үхэрнээс улаан хүрэн зүсмийн нэг тооны бага шиг биетэй монгол үхэр нядалж авсан. Махыг нь 4-р хороонд Ч-в айлын хашаанд буулгаад граш руу нь оруулаад үлдсэн...би уг хэргийг өөрийн найз Ч-ын хамт үйлдсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

     Хохирогч Ч.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2019 оны 10 сарын 04-ний өдөр Нам давааны хяр дээрээс сарлагаа хураагаад өвөлжөөн дээрээ очиход манай монгол үхэрнүүд Нам давааны энгэрт байдаг өвөлжөөн дээрээ оччихсон байсан. Манайх тухайн үед Нам даваанд байдаг өвөлжөөтэйгээ ойрхон намаржааны газартаа буухаар нүүдэл суудал хийж явсан юм. Нүүдэл хийж очоод үхрээ бүртгэхэд нэг тооны улаан зүсмийн соёолон гуна байхгүй байсан. Тэгээд нөхөр Х.Бат-Эрдэнэ бид хоёр ойр хавиар явж үзэхэд Нам давааны хяр дээр модны захад үхрийн сэвс, цус зэрэг ул мөр байсан. Тэгээд үхрийг маань алаад, ачаад явсан байна гэж таамагласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/,

     Гэрч Х.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Түнэл сумын Цэнгэл нуур гэдэг байх зуслангаасаа өвөлжөө рүүгээ нүүдэл хийхээр гарсан. Үхрээ түрүүлээд туучихаад хойноос нь бог малаа тууж явсан юм. Манай үхэрнүүд бол туучихаар өвөлжөөн дээрээ өөрсдөө бэлчээрээр яваад оччихдог юм. Тэгээд 2019 оны 10 сарын 04-ний өдөр өөрийн эхнэртэйгээ хамт Нам даваа гэдэг газраас сарлагаа хураагаад явж байтал Нам давааны хяр дээр модны захад малын сэвс цус байсан. Тэгээд үхрээ бүртгэхэд манай үхэрнээс улаан зүсмийн соёолон насны эр үхэр нэг дутсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,

Гэрч Б.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Унтаж байтал цаашаа бол гэх дуунаар сэрэхэд арын багаажинд ачиж явсан хоёр ямааны махаа оруулж тавьсан. Би арын суудал дээр унтаж явсаар Мөрөн суманд нилээн орой орж ирээд 9-р хорооны засмалын хажуу талд бууж үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

Хөрөнгийн үнэлсэн тайлан /хх-ийн 20, 25-26, 72-74-р хуудас/,

Шүүгдэгч Б.Чын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45-46, 56-59-р хуудас/,

Шүүгдэгч О.Т-ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42, 60-62-р хуудас/,

Хохирогч Ч.Даваажав нь шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 52-53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038000370057 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ч, О.Тнар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Баянгол гэх газраас иргэн Х.Бат-Эрдэний 1 тооны үхрийг хулгайлан авч 950.000  төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Ч, О.Тнарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

      Хохирогч Ч.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/,

      Гэрч Х. /хх-ийн 8-р хуудас/, гэрч Б.Э-ны /хх-ийн 17-18-р хуудас/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөрөнгийн үнэлсэн тайлан /хх-ийн 20, 25-26,72-74-р хуудас/,

Хохирогч Ч.Даваажав нь шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 52-53 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ч, О.Тнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

     Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Б.Ч, О.Тнар нь бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Ч, О.Тнар нь хохирогч Ч.Д-ын 1 тооны үхрийг хулгайлан авч 950.000 төгрөгний хохирол учруулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ч, О.Тнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ч нь 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 300.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-59-р хуудас/-аар,

Шүүгдэгч О.Тнь 2012 онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 60-62-р хуудас/-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.  

Шүүгдэгч Б.Ч нь ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт амьдардаг, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч О.Тнь ам бүл 4, эхнэр, 1-6 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарт авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038000370057 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Ч,  О.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Ч, О.Тнарыг тус бүр  2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Ч, О.Тнарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Ч, О.Тнарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Эрүүгийн 2038000370057 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч, О.Тнарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР