Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 195

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Солонго,

Улсын яллагч С.Солонго /томилолтоор/

Шүүгдэгч Ш.Н /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.Нд  холбогдох эрүүгийн 2011 00127 0133 дугаартай хэргийг 2020 оны 03 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Булган аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар баг, Хар чулуутын 17-4 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 2 дугаар хэсгийн 18-1077 тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД:ГП88120357/

 

Шүүгдэгч Ш.Н нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2020 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чикаго” бааранд Э.Цолмонбаярын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Ш.Нгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.

 

Шүүгдэгч Ш.Нгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-34-35х/ “..Би үйлдсэн хэрэг болон уг сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...хажуугаар нь өнгөрөхдөө нүүрэн тус газар нь гарынхаа ард хэсгээр нэг удаа цохьчихоод баарнаас гарсан. Би түүний биед хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Дунд зэргийн согтолттой байсан..” гэх мэдүүлэг.

 

 Хохирогч Э.Цолмонбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-11х/ “...Бааранд ороод 5-уулаа нэг шил архи, пиво захиалаад бүжиглэж байгаад 04-05 цагийн үед бүгдээрээ гарахаар явж байтал нэг залуу хүмүүстэй маргалдаад байсан, тэгээд хажуугаар нь гарах гэтэл гэнэт миний хамар луу гараараа цохиод нүдэнд оч манараад хажуу тийшээ газар унасан..” гэх мэдүүлэг,

 

Гэрч О.Энхзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/хх-13/ “..Цолмонбаяр ариун цэврийн өрөө орлоо гээд үлдсэн, бид нар гадаа гараад хүлээхэд Цолмонбаяр гарч ирэхгүй удаад байхаар нь би түүнийг авчрахаар баар луу орсон чинь Цолмон текний урд гарах гээд зогсож байсан, тэгээд 2-уулаа гарах гээд зогсож байхдаа би зөөгчид бид нарын тооцоо яалаа, болчихсон биз дээ гээд юм ярьчихаад эргээд харахын хооронд Цолмонг нэг үл таних залуу нүүр лүү нь гараа саваад цохьчихсон. Цолмонгийн ам хамар нь битүү цус болсон, урд талын үүдэн нэг шүд нь тал болоод хугарчихсан байсан..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж.Дэлгэржаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-18/ “..би эгчтэй ариун цэврийн орох гэтэл өөдөөс нэг согтуу залуу манай эгчийг санаандгүй мөрөлчихөөр нь би бага зэрэг түлхсэн чинь эргэж хараад хэл амаар доромжлоод байхаар нь өөдөөс нь хэрэлдсэн. Тэгээд маргалдаж байгаад ариун цэврийн өрөө орчихоод гарах гэтэл текний урд нөгөө залуу зогсож байсан тэгээд хажуугаар нь гарах гэтэл Нямдаваа хүрч ирээд нөгөө залуугийн нүүрэн хэсэгт нь нэг удаа цохьсон чинь хамраас нь цус гарчихаар нь Нямдавааг аваад гартал нэг залуу байж бай цагдаа ирнэ гээд удалгүй цагдаа ирээд Нямдавааг аваад явсан. Тэр 2 хоорондоо маргалдаагүй, Нямдаваа ирээд юм хэлээгүй шууд л цохьчихсон..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж.Саруулмэндээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-19/  “..Уг нь Нямдаваа тэр залуутай маргалдсан юм байхгүй, нэг мэдэхэд хажууд ирчихсэн шууд цохьсон, яагаад цохьсныг мэдэхгүй байна..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №1156 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-21-22/ “..Э.Цолмонбаярын биед хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун дээд үүдэн 1-р шүдний хугарал, 2-р шүдний хазах гадаргуу эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт,

 

Шинжээч Н.Энхцолмонгоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-31/ “..Дээрх гэмтлүүд нь нэг болон түүнээс мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих, цохигдох үедүүсэх боломжтой гэмтэл юм. Хамар яс, хамрын атславчийн хугарал, мурийлтгэмтэл нь хөнгөн гэмтэл, мөн баруун дээд 1-р шүдний хугарал, 2 дугаар шүдний хазах гадаргуу эмтрэл гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ш.Нгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-38/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-39/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч 2020 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чикаго” бааранд хохирогч  Э.Цолмонбаярыг хүмүүстэй маргалдаж байхыг хараад “эмэгтэй хүнтэй маргалдаад яасан шалчигнасан амьтан бэ” гэж хэлээд түүний хажуугаар өнгөрөхдөө нүүрэн тус газар нь гараараар цохиж түүний биед хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун дээд үүдэн 1-р шүдний хугарал, 2-р шүдний хазах гадаргуу эмтрэл бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Нгаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Ш.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Э.Цолмонбаяр нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч Ш.Нг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ш.Н нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээхийг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Нг оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Ш.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                   Б.МӨНХБАЯР