Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/112

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,  

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн               Б.Бхолбогдох эрүүгийн 2038002260132 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр “Б.Б” гэсэн өөрийн фэйсбүүк хэрэглэгчийн хаягнаас “Хөвсгөл аймгийн нэгдсэн зар” группд “Аймаг тойрсон эргүүлийн албаныхан яагаад бизнес эрхлээд байгаа юм бэ?, та нар орж гарахад хармааны мөнгө хийх зүгээр үү” гэсэн илт худал мэдээллийг олон нийтэд тарааж, хорио цээрийн дэглэмийн үед уртасгасан цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр “Б.Б” гэсэн өөрийн фэйсбүүк хэрэглэгчийн хаягнаас “Хөвсгөл аймгийн нэгдсэн зар” группд “Аймаг тойрсон эргүүлийн албаныхан яагаад бизнес эрхлээд байгаа юм бэ?, та нар орж гарахад хармааны мөнгө хийх зүгээр үү” гэсэн илт худал мэдээллийг олон нийтэд тарааж, хорио цээрийн дэглэмийн үед уртасгасан цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038002260132 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай төрсөн эгч Батцэцэг гэрт байсан хүмүүс дунд хөдөөнөөс ирсэн машинд цуг явсан хүмүүсийг Мөрөнгөөс таньдаг хүмүүсийг нь дуудаж оруулаад жолоочийг нь машинтай нь өнжүүлээд орой болохоор оруулсан гэж байна шүү дээ гэж ярисан. Тэгэхээр нь би өөрийн хувийн фейсбүүк хуудсаар “Хөвсгөлийн нэгдсэн зар” “Эв Ёс Хөвсгөл” гэсэн фейсбүүк групп хуудсанд “Аймаг тойрсон эргүүлийн албаныхан яагаад бизнес эрхлээд байгаа юм бэ?, та нар орж гарахад хармааны мөнгө хийх зүгээр үү” гэсэн пост оруулсан. Пост оруулсанаас хойш 3-4 минутын дараа хуультай байж мэднэ шүү гэртээ үнэнчээр суугаад байгаа шүү дээ, арай худлаа байлгүйдээ гэсэн утгатай 4-5 сэтгэгдэл миний бичсэн постны доор бичихээр нь би тэр даруйдаа постоо устгасан. Энэ мэдээллийн эх сурвалж нь манай төрсөн эгч Батцэцэг гэр дотор хүмүүст ярихдаа 30.000 төгрөг өгөөд орж ирсэн байна жолооч нь гэж хэлхээр нь би дотроо мөнгө аваад оруулаад байгаа юм байна гэж бодоод пост оруулсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

       Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,

       Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9-р хуудас/,

      Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай охин Түнэл сумын хөдөө Цэнгэл нуур гэдэг газарт мал маллаж амьдардаг юм. Тэр хавийн нутагт амьдардаг хүмүүс дунд л Мөрөн сум руу 30.000 төгрөгөөр торгуулаад орж болж байгаа талаар цуу яриа гарсаныг нь манай охин надад хэлээд би тэр яриаг нь гэр дотор санаандгүй ярьчихсан чинь манай дүү Баттүвшин олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтэлсэн юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 20-р хуудас/,

      Гэрч Ё.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Зөвшөөрөлгүй нэг тээврийн хэрэгсэл нэвтрэх гэснийг зогсоож бүртгээд Мөрөн сумруу буцаасан. Приус 20 маркийн дотроо 2 том хүн, 4 хүүхэдтэй зорчиж явсан. Постын ард уулын бэлээр хар өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл явсныг зогсоож шалгахад уулан дээр гарч дээж өргөсөн иргэд байсан. Өөр тээврийн хэрэгсэл гарах эсвэл орох байдлаар хөдөлгөөн хийгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

      Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ээжид хандан би айлд очиж золгочихоод ирлээ. Тэгэхэд тэр айлд Мөрөн рүү 30.000 төгрөгөөр торгуулаад орж болж байна гэж замын хүн яриад явчихлаа гэж миний золгуут хийсэн айл ярьж байна. Би 30.000 төгрөгөөр торгуулиад орж болж байгаа юм бол торгуулиад ч болтугай орж ээждээ золгомоор байна гэж ярьсан. Тэгсэн манай ээж юу гэж тэгж болдог юм бэ? хэрэггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тэгвэл хорио тавигдахаар орж золгоё гэж хэлсэн. Миний ингэж ээжтэй ярьж байхыг манай ах Баттүвшин сонсоод фэйсбүүкт пост оруулсан юм шиг байна гэж ээж надад дараа нь хэлсэн. Би өөрөө постонд гарч байгаа хүмүүс мөнгө аваад Мөрөн рүү оруулж байгаа талаар хэн нэгнээс сонсоогүй, өөрийн нүдээр хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,   

       Гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг үүрэг гүйцэтгэх хугацаанд торгуулаад Мөрөн сум руу нэвтрэх болон гарсан тээврийн хэрэгсэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

      Гэрч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Аймгийн болон улсын онцгой комиссын зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нэвтэрч, гарч болох зохицуулалт байсан бусад тохиолдолд машин нэвтрүүлж оруулж, гаргах эрх зүйн үндэслэл байхгүй. Тухайн үед надтай хамт үүрэг гүйцэтгэсэн албан хаагчид жолооч иргэдээс мөнгө авч машин оруулж гаргасан зүйл байхгүй. Мөн цагдаагийн алба хааагчид торгуулийн мөнгө төлж орсон, гарсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 37-39-р хуудас/,

Эрүүгийн 2038002260132 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр “Б.Б” гэсэн өөрийн фэйсбүүк хэрэглэгчийн хаягнаас “Хөвсгөл аймгийн нэгдсэн зар” группд “Аймаг тойрсон эргүүлийн албаныхан яагаад бизнес эрхлээд байгаа юм бэ? та нар орж гарахад хармааны мөнгө хийх зүгээр үү” гэсэн илт худал мэдээллийг олон нийтэд тараах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

       Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,

       Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9-р хуудас/,

   Гэрч Б.Б-ийн /хх-ийн 16-17, 20-р хуудас/, гэрч Ё.Ш-ийн /хх-ийн 18-19-р хуудас/,  гэрч Б.Н-ийн /хх-ийн 21-22-р хуудас/, гэрч Э.Батнямын /хх-ийн 23-24-р хуудас/, гэрч Н.Н-ийн /хх-ийн 25-26-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдээлэл тараах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Худал мэдээлэл тараах гэмт хэргийг шүүгдэгч Б.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, илтэд худал мэдээллийг олон нийтэд тарааж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдээлэл тараах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Б нь 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038002260132 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдээлэл тараах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 2038002260132 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бурьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР