Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 57

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг би Увс аймгийн Давст сумын Зүүнхөвөө багт оршин суух, иргэн Н.Ж-ны “Увс аймгийн Давст сумын дунд сургуулийн захирлын албан тушаалд томилохгүй байгаа Аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, захирлын албан тушаалд томилохыг даалгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

                Нэхэмжлэгч Н.Жн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Ж миний бие 1972 онд төрсөн, 45 настай, боловсролын салбарт 25 жил ажиллаж байгаа. Боловсролын бакалавр, нийгмийн удирдлагаар мэргэшсэн, мэргэжлийн "Тэргүүлэх" зэрэгтэй.

               Би 1992-2016 оны 03 сар хүртэл Давст сумын дунд сургуульд багш, 2016 оны 03 сараас 2017 оны 03 сар хүртэл тус сургуулийн захирлаар, 2017 оны 04 сараас 09 сар хүртэл сургалтын менежерээр ажиллаж байтал миний ажлын байрыг өөрчилж бага ангийн багшаар томилсон. Миний бие тухайн үед захирал, эрхлэгчийн ажлыг хууль дүрмийн дагуу зөрчил дутагдал гаргалгүй гүйцэтгэж ирсэн, Өмнө нь ажиллаж байсан менежер шүүхээр ажилдаа эргүүлэн тогтоогдсон тул би Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн ww.csc.gov.mn сайтад тавигдсан зарын дагуу 2017 оны 06 сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан Давст сумын дунд сургуулийн захирлын сонгон шалгаруулалтанд орж "тэнцсэн" гэсэн шалгалтын комиссын шийдвэрийг 2017 оны 08 сард авсан. Шалгалтын хариуг авч өөрийн биеэр засаг даргад танилцуулахад холбогдох хүмүүстэй ярьж асуудлыг шийдвэрлэж өгнө гэсэн хариу өгсөн.

          Мөн 2017 оны 09 сарын 04-нд Аймгийн засаг дарга болон Төрийн албаны салбар зөвлөлд Давст сумын дунд сургуулийн захирлын албан тушаалд томилох асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн өргөдлийг өгсөн боловч одоо хүртэл өргөдлийн хариуг аваагүй болно. Өргөдлийн хариуг авахаар өөрийн биеэр 4 удаа очсон боловч өргөдлийн хариуг одоо хүртэл өгөхгүй байгаа тул танай шүүхэд хандаж байна.

Иймд миний бие Давст сумын дунд сургуулийн захирлын сонгон шалгаруулалтанд зохих хууль журмын дагуу орж тэнцсэн тул уг албан тушаалд томилохыг даалгаж өгнө үү” гэжээ.

           Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Н.Ж-ны "Увс аймгийн Давст сумын сургуулийн захирлын албан тушаалд томилохгүй байгаа аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, захирлын албан тушаалд томилохыг даалгуулах тухай" нэхэмжлэлтэй танилцаад хариуцагчаас дараах тайлбарыг гаргаж байна. Н.Ж нь 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдөр зохион байгуулагдсан Давст сумын дунд сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад орж "тэнцсэн" гэсэн шалгалтын комиссын шийдвэрийг 2017 оны 08 дугаар сард авчээ. Аймгийн Засаг даргын хувьд шалгалтын комиссын шийдвэр, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Давст сумын дунд сургуулийн захирлын албан тушаалд Н.Ж-г томилох тухай шийдвэрийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс гаргана. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Н.Ж тус шүүхэд “Увс аймгийн Давст сумын дунд сургуулийн захирлын албан тушаалд томилохгүй байгаа Аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож , захирлын албан тушаалд томилохыг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба түүний нэхэмжлэл нь хуульд заасан хэлбэр, бүрдүүлбэр шаардлагыг хангасан байсан тул хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Увс аймгийн Засаг дарга нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн бөгөөд энэ нь хуульд харшлаагүй байна.

        Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсний үр дагаврыг мөн шийдвэрлэж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын  тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан иргэн Н.Ж-аас ирүүлсэн “Увс аймгийн Давст сумын дунд сургуулийн захирлын албан тушаалд томилохгүй байгаа Аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, захирлын албан тушаалд томилохыг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Б бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, иргэн Н.Ж-ны нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох 124/2017/0047/з индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ж-аас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар  нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                Д.АЛТАНЦЭЦЭГ