Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 124/2021/0005/З |
Дугаар | 221/МА2021/0358 |
Огноо | 2021-06-30 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2021/0358
2021 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 221/МА2021/0358 | Улаанбаатар хот |
П.Н-Э-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, П.Н-Э-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч П.Бд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 8 дугаар зүйлийн 8.1.1, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч П.Н-Э-ийн “Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 34/05/24 дүгээр “Төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай” актыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч П.Н-Э миний бие Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 19-ний өдрийн 6 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Миний бие хууль бус ажиллагааны улмаас улсад хохирол учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/06 дугаар тушаалаар Сум дундын эмнэлэг, Сумдын эрүүл мэндийн төвийн 2016 оны бүтэц орон тооны жишиг баталсан. Энэхүү тушаалаар Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн орон тооноос няравын орон тоо хасагдаж 29 орон тоотойгоор ажиллуулах ёстой байсан. Гэтэл тухайн үед буюу 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч их эмч А.М [email protected] хаягт Аймгийн эрүүл мэндийн газрын бичиг хэргийн ажилтнаас ирсэн эх тушаалын хавсралтыг засварласан тушаалын дагуу ажил үйлчилгээг явуулж байсан.
Би 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдсон ба ажилдаа орсон даруйдаа няравын орон тоо хасагдсан гэдгийг мэдээд няраваар ажиллаж байсан Л.Д-г орон тоо хасагдсан үндэслэлээр 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Намайг ажилд эгүүлэн томилогдохоос өмнө А.М эмч 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр няравын орон тоо хасагдсан үндэслэлээр Л.Долгорсүрэнд мэдэгдэл өгч байсан байдаг. Орон тоо нь хасагдаж няравын цалин төсөвт суугдаагүй байгаа тохиолдолд ажилтныг тухайн ажлын байран дээр үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй.
Гэтэл Л.Д нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган ажилдаа эгүүлэн томилогдсон. Улмаар ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж гаргуулан авсан. Тухайн үед аймгийн Эрүүл мэндийн газрын даргын “бүтэц орон тооны жишиг баталсан” тушаал нь манайд мэйлээр ирсэн тушаалаас зөрүүтэй байсан. Энэ талаар иргэний хэргийн шүүхэд удаа дараа тайлбарласан боловч шүүх анхаарч үзээгүй.
Батлагдсан бүтэц, орон тоондоо тааруулж, цалингийн сандаа багтааж ажиллах ёстой гэдэг асуудал удаа дараа яригдсан учир би няравтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хэрэв нярав Л.Д-г ажлаас чөлөөлөөгүй байсан бол тухайн үед цалингийн сан хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр мөн акт тавигдахаар байсан. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч тайлбар гаргасан. Өөрөөр хэлбэл цалингийн сан хүрэлцэхгүй байгаа тохиолдолд хасагдсан орон тоон дээр хүн ажиллуулбал цалингийн сан хэтрүүлсэн үндэслэлээр мөн акт тавигдана гэж хариуцагч хариулж байсан.
Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учир Л.Д-г ажилд нь буцаан томилсон ба эргээд 2017 оны бүтэц, орон тоо батлагдахад нярав гэх орон тоо нэгэнт байхгүй болсон учир дахин ажлаас чөлөөлсөн.
Дээрх үндэслэлээр миний бие тухайн актад дурдсан төлбөрийг төлөх ёсгүй байх ба миний буруутай үйл ажиллагааны улмаас байгууллагад хохирол учирсан гэж үзэх үндэслэл байхгүй болно.
Тухайн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “3ахиргааны байгууллага хохирлоо барагдуулах”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлд “Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага” гэж тус тус заасныг үндэслэж гарсан байх ба хуулийн дээрх зохицуулалт нь байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах тухай байна. Энэ нь тухайн байгууллага өөрт нь хохирол учирсан гэж үзвэл тухайн хохирлоо гэм буруутай этгээдээс гаргуулан авах тухай зохицуулалт. Хэрэв буруутай гэж үзвэл орон тоо нь хасагдсан, цалингийн сан хүрэлцэхгүй байхад тухайн орон тоонд ажилтан авч ажиллуулж байгаа үйлдэл хууль бус юм.
Акт тавихдаа цалингийн сан хүрэлцэж байсан эсэх, батлагдсан төсвөөс цалин олгож хохирол учруулсан асуудал байгаа эсэхийг судалж шалгаагүй нөхцөл байдлыг мөн шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.
Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 19-ний өдрийн 6 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч П.Н-Э-эс “Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 34/05/24 дүгээр “Төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай” актыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 83 дугаар шийдвэрээр “ “... няравын орон тоо хасагдсан гэж үзэх боломжгүй тул Увс аймаг дахь Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн дарга нь энэ үндэслэлээр Л.Д-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй” гэж дүгнээд Л.Д-г няравын ажилд эгүүлэн тогтоож” шийдвэрлэжээ.
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр магадлалаар 83 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсэн, мөн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “09 дүгээр магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзсан бөгөөд 83 дугаартай шийдвэр, 09 дүгээр магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Мөн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 718 дугаар захирамжаар “... нэхэмжлэгч Л.Д-ийн ажилгүй байсан хугацааны цалин 2,404,198 төгрөгийг гаргуулах” ... нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төв хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Улмаар Увс аймаг дахь Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн дарга П.Н-Э-ийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар дээрх шүүгчийн захирамжийг үндэслэн “Л.Д-ийн ажилгүй байсан хугацааны цалин 2,430,906 төгрөгийг цалингийн сангаас тооцож олгох, дээрх цалингаас түүний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх”-ийг зөвшөөрсөн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, 110 дугаар зүйлийн 110.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч П.Н-Э-ийн хууль бус, буруутай шийдвэрийн улмаас Увс аймгийн Эрүүл мэндийн төвийн цалингийн сангаас 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 46 дугаартай төлбөрийн хүсэлтээр 2,430,906 төгрөгийг Л.Д-д төсвөөс олгосон зөрчил илэрсэн болох нь дээрх байдлаар нотлогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заасны дагуу төсвөөс гарсан 2,430,906 төгрөгийг П.Н-Ээр төлүүлж, улсын төсөвт төвлөрүүлэхээр акт ногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч гомдолдоо “... хариуцагч акт тавихдаа цалингийн сан хүрэлцэж байсан эсэх, батлагдсан төсвөөс хэтрүүлж цалин олгож хохирол учруулсан эсэхийг судалж шалгаагүй, ... хуулийн дээрх зохицуулалтууд нь байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах тухай байна. Энэ нь тухайн байгууллага өөрт нь хохирол учирсан гэж үзвэл тухайн хохирлоо гэм буруутай этгээдээс гаргуулан авах тухай зохицуулалт” гэх боловч гэм хорыг арилгасан байгууллага буюу “төр” гэм буруутай этгээдээс учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбоотой нотлох баримтыг бүрэн цуглуулж, Захиргааны ерөнхий хууль, Иргэний хууль, Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хуульд нийцсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН