| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2016/0812/И |
| Дугаар | 182/ШШ2016/01123 |
| Огноо | 2016-11-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 182/ШШ2016/01123
| 2016 оны 11 сарын 22 өдөр | Дугаар 182/ШШ2016/01123 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ГБ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э.Б холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2.474.796,07 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Бнь 2013.05.29-ний өдөр манай банктай зээл болон барьцааны гэрээ байгуулж, 2.000.000 төгрөгийг 15 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваариа удаа дараа зөрчин, төлбөрийн хоцрогдол бий болгож, улмаар зээлийн гэрээний хугацаа дууссан. Ингээд бид шүүхэд 2015.06.15-ны өдөр хандсан боловч хариуцагч нь хаягтаа байхгүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан юм. Гэвч хариуцагч хаягаа өөрчлөөгүй, байнга суугаа хаягтаа байсан учир бид нэхэмжлэлийг дахин гаргасан. Одоо зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 1.525.913,94 төгрөг, үндсэн хүү 948.882,13 төгрөг, нийт 2.474.796,07 төгрөг болсон тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ГБ нь хариуцагч Э.Бд холбогдуулж зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2.474.796,07 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Э.Бнь ГБтай 2013.05.29-ний өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, 2.000.000 төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар 15 сарын хугацаатай, жилийн 24%-ийн хүүтэй зээлж, өөрийн дебит картны 1109142951 дугаартай дансыг болон цалингийн орлогыг барьцаалсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, зээл болон барьцааны гэрээ, зээл төлөх хуваарь, зээлийн мөнгийг олгох тухай шийдвэр зэрэг баримтуудаар тогтоогдов.
Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцжээ.
Хариуцагч Э.Бнь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 474.087 төгрөг төлсөн байх бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 1.525.913,94 төгрөг, үндсэн хүү 948.882,13 төгрөг, нийт 2.474.796,07 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, зээлийн дансны хуулгаар нотлогдсон тул нэхэмжлэгч ГБинд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1-д зааснаар хариуцагч Э.Бэс зээл, хүүг шаардах эрхтэй, хариуцагч Э.Бнь дээрх хууль болон зээлийн гэрээний 3.1.1-д зааснаар төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
Шүүхээс хариуцагч Э.Бд 2016.09.14-ний өдөр нэхэмжлэлийг гардуулж, зохигчийн эрх, үүргийг, мөн 2016.09.28-ны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд ирүүлэх үүрэгтэйг танилцуулсан байх боловч хариуцагч талаас тайлбар болон нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Э.Бнь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар баримтаар нотлоогүй төдийгүй хэргийн материал танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шүүхээс ямар нэгэн байдлаар саад болоогүй, эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4‑т “нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно”, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасны дагуу хариуцагч Э.Бийг ГБны гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд хариуцагч Э.Бэс 2.474.796,07 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГБинд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс хариуцагч Э.Бийн дугаарын утсаар залгаж хурлын тов мэдэгдэх гэсэн боловч холбогдох боломжгүй байсан, түүнчлэн түүний оршин суугаа хаягаар хурлын товыг хүргэсэн байх бөгөөд түүнийг шүүх хуралдааны товыг мэдсэн гэж үзнэ.
Харин хариуцагч Э.Бнь шүүх хуралдааны товыг мэдсэн байх боловч шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон бусад нотлох баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүйг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Э.Бэс 2.474.796,07 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГБинд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ГБнаас тэмдэгтийн хураамжид төлсөн 54.547 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Бэс 54.547 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГБинд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА