Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2016/01125

 

 

 

 

 

 

 

 

 

     2016 оны 11 сарын 22 өдөр

        Дугаар 182/ШШ2016/01125

            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С ХХК нэхэмжлэлтэй

Хариуцагч: А.С холбогдох

9191**** дугаарын үйлчилгээний төлбөр болон нотариатын зардалд 631.907 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:  А.С нь 2012.07.24-ний өдөр манай үйлчилгээний нөхцөл болох Business Class үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 9191**** дугаарын хэрэглэгч болсон. А.С нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд 2015 оны 09, 10 сарын ярианы төлбөр 678.407 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5 дахь заалтыг үндэслэн үйлчилгээг нь зогсоож, төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Уг нь шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш төлбөрийг төлөх талаар ирж уулзсан боловч дахин ирээгүй. Одоо А.Саас 9191**** дугаарын ярианы төлбөр 678.407 төгрөгөөс барьцаа 50.000 төгрөгийг суутгаж 628.407 төгрөг, нотариатын зардалд 3500 төгрөг, нийт 631.907 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч СХХК нь хариуцагч А.Сад холбогдуулж 9191**** дугаарын ярианы төлбөр 628.407 төгрөг, нотариатын зардалд 3500 төгрөг, нийт 631.907 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч А.С нь нэхэмжлэгч СХХК-тай 2012.07.24-ний өдөр гэрээ байгуулж 50.000 төгрөгийн барьцаа байршуулан 9191**** дугаарын хэрэглэгч болсон үйл баримт нэхэмжлэгч талын тайлбар, уг гэрээгээр тогтоогдов.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч А.С нь 9191**** дугаарын хэрэглэгч болсноос хойш уг дугаарын 2015 оны 09, 10 сарын ярианы төлбөрт 678.407 төгрөгийг төлөөгүй, нэхэмжлэгч СХХК нь уг төлбөрөөс гэрээний 7 дугаар зүйлд зааснаар барьцааны 50.000 төгрөгийг суутган авсан, одоо үлдэгдэл төлбөр 628.407 төгрөг болсон байх бөгөөд уг төлбөрийг, түүнчлэн нотариатын зардлаа СХХК нь гэрээний 5 дугаар зүйл, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар шаардах эрхтэй, хариуцагч А.С нь гэрээний 6 дугаар зүйлд зааснаар төлөх үүрэгтэй байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь нотариатын зардалд 3.500 төгрөг нэхэмжилж байх боловч энэ талаар баримтгүй, уг зардал нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар бодитой гарсан гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч нь уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлосонгүй.

 

Шүүхээс хариуцагч А.Сад 2016.09.14-ний өдөр нэхэмжлэлийг гардуулж, зохигчийн эрх, үүргийг, мөн 2016.09.28-ны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд ирүүлэх үүрэгтэйг танилцуулсан байх боловч хариуцагч талаас тайлбар болон нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч А.С нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар баримтаар нотлоогүй төдийгүй хэргийн материал танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шүүхээс ямар нэгэн байдлаар саад болоогүй, эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4‑т “нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно”, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасны дагуу хариуцагч А.Сыг СХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч А.Саас 9191**** дугаарын ярианы төлбөрийн үлдэгдэл 628.407 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 3500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

 

            Хариуцагч А.Сад түүний 94447070 дугаарын утсаар хурлын тов мэдэгдсэн, мөн оршин суугаа хаягаар нь хурлын тов хүргэсэн боловч хаягтаа бүртгэлтэй, оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.

 

            Өөрөөр хэлбэл хариуцагч А.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар өөрчлөгдсөн хаягаа шүүхэд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д зааснаар хариуцагч А.Сад шүүх хуралдааны товыг хүргэсэн гэж үзнэ.

            Харин хариуцагч А.С нь шүүх хуралдааны товыг мэдсэн байх боловч шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон бусад нотлох баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүйг дурдаж байна.

Зохигчдын хооронд үүссэн харилцааг шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж үзэхээр байх боловч илүү нарийвчилсан зохицуулалтыг Харилцаа холбооны тухай хууль гэж дүгнэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч А.Саас 628.407 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 3500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч СХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 19.608 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.Саас 19.502 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СХХК‑нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Т.ЭНХТУЯА