Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 0330

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

шүүгдэгч Я.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Я.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1908059350374 дүгээр хэргийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Янсанжавын Г /РД:/.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Я.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Шөнийн захын хажууд хохирогч Д.Чгийн эзэмшлийн  УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор “Машин дотор тамхи татлаа, үнс унагаасан” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, гараараа толгойн тус газар цохиж, түүний эрүүл мэндэд нь хүзүү, уруулд шарх, шалбаралт хаван, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.  

Шүүгдэгч Я.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 3 шил пиво уусан байсан” гэв.

Эрүүгийн 1908059350374 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Чгийн: “...2019 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, автобусны буудлын орчимд хот руу явах чиглэлд халтуур хийх гээд зогсож байтал ойролцоох “Андууд” нэртэй караоке баарнаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гарч ирээд “ойрхон зочид буудалтай газар хүргээд өгөөч” гэхээр нь уруудаад зочид буудал хайгаад явж байтал арын суудалд суусан эрэгтэй тамхи татаад байхаар нь “цонхоор үнсээ хаячихаарай” гээд хэлтэл өөдөөс маргалдаж намайг зогс гэхээр нь Авто сургуулийн автобусны буудлын орчимд зогстол Г бууж ирээд цонхоор миний уруулд гараа атгаж байгаад цохисон. Доош тонгойтол хүзүү дээрээс цохиод байхаар нь би өөрөөсөө холдуулж байгаад цагдаад дуудлага өгөх үед Г өөр такси бариад яваад өгөхөөр нь би дагаж явсаар байгаад цагдаад барьж өгсөн. Тухайн үедээ уруул язарсан байсан. Би эмнэлгийн байгууллагаар үзүүлээгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-15, 42-43/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.11.12-ны өдрийн 13710 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Д.Чгийн биед хүзүү, уруулд шарх, шалбаралт хаван, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-9/,

Шүүгдэгч Я.Гын яллагдагчаар өгсөн: “Би 2019 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Өмнөговь аймагт танилцаж байсан Бүжинлхам гэх эмэгтэйтэй уулзаж пиво уусан. Бид хоёр такси бариад буудал хайж явсан. Тэгтэл таксины жолооч “машинд тамхи татлаа” гэхээр нь “цонхоо онгойлгочих” гэж хэлтэл онгойлгохгүй байсан. Бид хоёр “Авто сургуулийн буудал дээр бууя” гэж хэлээд буусан. Би буухдаа таксины 1000 төгрөг өгтөл араас “хаанахын архичин бэ” гэж хэл амаар доромжлоод байхаар нь гараараа нэг удаа ам руу нь цохисон. Би учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй...” гэх мэдүүлэг /хх-55-56/,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/, “Хаан банк”-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-59-61/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Я.Г согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Шөнийн зах”-ын хажууд хохирогч Д.Чгийн эзэмшлийн  УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд таарамжгүй харилцааны улмаас Д.Чг зодож, хүзүү, уруулд шарх, шалбаралт хаван, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.Чгийн “...Г бууж ирээд цонхоор миний уруулд гараа атгаж байгаад цохисон. Доош тонгойтол хүзүү дээрээс цохиод байхаар нь би өөрөөсөө холдуулж...” гэх мэдүүлэг /хх-15/, шүүх эмнэлгийн 13710 дугаар “1.Д.Чгийн биед хүзүү, уруулд шарх, шалбаралт хаван, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-9/, шүүгдэгч Я.Гын яллагдагчаар өгсөн “...араас “хаанахын архичин бэ” гэж хэл амаар доромжлоод байхаар нь гараараа нэг удаа ам руу нь цохисон” гэх мэдүүлэг /хх-55-56/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Я.Гын хохирогч Д.Чтэй таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож хүзүү, уруулд шарх, шалбаралт хаван, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Чгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тухайн үедээ уруул язарсан байсан. Одоо бол эдгэрсэн. Тэр үед би эмнэлгийн байгууллагаар үзүүлээгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-15, 42-43/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Гт 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Хохирогч хохирлын баримт гаргаж өгөөгүй тул бусдад төлөх төлбөргүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, бусдын тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ тамхи татаж, таарамжгүй харилцаа үүсгэж хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилтай/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /тодорхой орлого олдог болох нь дансны хуулгаар тогтоогдсон/-ийг үндэслэн шүүгдэгч Я.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Янсанжавын Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Гыг 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР