Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1325

 

Хэргийн индекс: 135/2015/01424/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар 


Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** дүгээр баг,*** тоотод оршин суух, Х*** Э*** /регистрийн дугаар ***/-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** хэлтэст холбогдох ,

 “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 300,000 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, Б*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ :
“...би банкны системд тасралтгүй 23 жил ажиллаж байсан юм. Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр намайг ажлаас халах тушаал гаргасан байна.  Намайг ажлаас халсан захирлын тушаал нь бодит үнэнд нийцэхгүй үндэслэлгүй тушаал гарсан гэж үзэж гомдолтой байгаа тул энэ нэхэмжлэлийг гаргаж байна.  
Ажлаас халсан тушаалд Д.Э*** нь Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж бичсэн байна.
Д.Э*** би 2015 оны 08 дугаар сард *** ны төв рүү ажил үүргийнхээ дагуу муу мөнгө тоолж шилжүүлсэн билээ. Энэ мөнгөнүүд дотор серийн дугаар нь 2 өөр дугаартай /гэмтэж урагдаж тасарсан мөнгийг эвлүүлж наахдаа 2 өөр мөнгөний талыг наасан/ 1 ширхэг 50 төгрөг байсан байдаг. 
2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр *** банкнаас над руу утсаар ярьж хуурамч 1 ширхэг 20,000 төгрөгийн дэвсгэрт илэрлээ, та ирж үзнэ үү гэсэн юм. Иймд би *** банкинд очиж тус хуурамч 20,000 төгрөгийг мөнгө бүсэлсэн нарийн цаас, нүүрний хамт авч *** ныхаа хамт олонд үзүүлэх захиралд хэлэх зорилгоор авч очсон юм. Би ажил дээрээ очоод ажилчиддаа тэр хуурамч мөнгийг үзүүлж сэрэмжлүүлж байсан юм.  
...Тэр үедээ захиралд хэлж үзүүлэх гэтэл захирал ажил дээрээ байхгүй байсан болно. Гэтэл үүний дараа захирал намайг өрөөндөө дуудаж оруулаад “чи надад хэлэхгүй яасан юм бэ чамайг нуусан гэж үзэж байна ажлаас халагдах өргөдлөө бич гэж тулган сүрдүүлж дарамт үзүүлсэн. Тэгэхээр нь би хуурамч мөнгө илэрсэн болохоор байгууллага хамт олон болон арилжааны банкуудад сэрэмжлүүлэх гэж үзүүлсэн шүү дээ гэхэд тэгвэл та нар хамт олноороо нийлж нуусан байна чи халагд гэж дарамтлаад байхаар нь би хуурамч 20,000 төгрөгийн тэмдэгтийг ажилчид болон банкуудад үзүүлж, зааварлаж сэрэмжлүүлж байгаа нь камерын бичлэгт харагдаж байгаа гэсэн.
...Захирал намайг зөвхөн хувийнхаа ашиг сонирхлын дагуу үндэслэлгүйгээр халж хүний хөдөлмөрлөх эрхийг дорд үзэж увайгүй муу үйлдэл хийсэн гэж үзэж байна. 
...Би ямар нэгэн хохирол учруулаагүй бөгөөд харин ч улс олон нийтэд хэрэгтэй гэх үүднээс байгууллагынхаа хамт олон болон бусад бүх арилжааны банкуудад тэр хуурамч мөнгийг үзүүлж сэрэмжлүүлсэн байхад намайг ажлаас шууд халсан явдалд би гомдолтой байна. Би банкны системд тасралтгүй 23 жил ажиллахдаа буруу зөрүү алдаатай зүйл хийж байгаагүй ажлаа чин сэтгэлээсээ хийж байсан. Гэтэл энэ Д.Д** гэдэг хүн ажилд орсноос хойш миний эрх зөрчигдөж эцэстээ ажлаасаа халагдаад байна.
...Д.Д** ын ёс зүйгүй үйлдлүүдийг манай хамт олон эсэргүүцэж Төв *** инд  хандаж 2 ч удаа өргөх бичиг өгч байсан. 
Би ажил үүрэгтэйгээ холбогдуулан хуурамч мөнгөн тэмдэгтийн талаар яриа таниулга сургалт хийдэг юм. Би ******* аймаг, Дархан-Уул аймагт сургалт хийсэн. 
Би ээлжийн амралтынхаа дутуу хоногийг амрахаар явахдаа тэр хуурамч мөнгийг будаг нь арилаад байхаар нь цаасанд хийгээд дэргэд ажилладаг ажилтандаа хэлээд ширээний шургуулганд хийгээд явсан юм.  Захирал тэр мөнгийг аваад хуурамч мөнгө гээд Цагдаагийн газарт албан бичгээр хүргүүлэн өгсөн байсан.
...Иймд иргэн миний хохирсон байдлыг харгалзан үзэж ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин 300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү .” гэжээ.

Хариуцагч *** хэлтэс нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Д.Э*** нь *** ны кассын ажиллагааны журмын 2.8.2-т нярав мөнгөн тэмдэгтийг эмх цэгцтэй хадгалж  тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй гэсэн заалтыг, “Мөнгөн тэмдэгт хүлээн авах, хадгалах, тээвэрлэх журам”-ын 2.21-т нярав бэлтгэл сангийн мөнгөн тэмдэгтийг тоолж нягтлан хүлээн авах,  хүлээлгэн өгөх, бүртгэл хөтлөх ажлыг хариуцах бөгөөд бэлтгэл санд байгаа мөнгөн тэмдэгтийн бүрэн бүтэн байдлыг хариуцна гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь *** ны мөнгөн тэмдэгт үнэт зүйлсийн газар, мөнгөн  тэмдэгтийн хэлтсийн 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн *** актаар тогтоогдож эрхэлсэн ажилдаа алдаа дутагдал гаргасан тул 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хэлтсийн захирлын*** дугаар тушаал гаргаж сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. 
...2015 оны 10 дугаар сарын 09-нйи өдөр *** банкны Дархан салбарын захирал Ж.М*** аас *** тоот хүчингүй болон хуурамч мөнгөн дэвсгэртийн талаар ирсэн албан бичгийг нярав Д.Э*** т 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр танилцуулж тухай өдөр бичгээр тайлбар гаргаж өгсөн байна.
...Хуурамч мөнгөн тэмдэгт илэрсэн талаар нярав Д.Э*** нь хэлтсийн захирал мэдэгдээгүй бөгөөд энэ талаар *** банкны Дархан салбараас ирүүлсэн албан бичгийн дагуу тодруулж мэдээлэл авсан  мөн мөнгөний нүүр, бүсийг өөрт байхгүй алга болгосон гэсэн тайлбар өгч байгаа нь “*** ны кассын ажиллагааны журам”-ын 4.3,  *** ны ажилтны ёс зүйн дүрмийн  3.2.4, *** ны ерөнхийлөгч,  Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны *** дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Гүйлгээнээс илэрсэн хуурамч мөнгөн тэмдэгтийг хүргүүлэх,  бүртгэх, хадгалах,  устгах” журмын 2.2 тус тус заалтуудыг зөрчиж өөрийн гаргасан алдааг нуун дарагдуулах үйлдэл гаргаж байгаа нь камерын бичлэг болон өөрийнх нь гаргаж өгсөн тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. 
Д.Э*** нь ***ны зээлийн мэдээллийн лавлагаагаар *** ХХК-д 313,597.39 төгрөгийн муу зээлийн үлдэгдэлтэй байгаа нь*** банкны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.3.1Е-д чанаргүй зээл, зээлийн хүүгийн өртэй байхыг хориглоно гэсэн заалтыг, мөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.1-д Төв банкны тухай хуулийн 29 дүгээр зүйл,  *** ны хөдөлмөрийн дотоод журмын 3.3-т заасныг тус тус зөрчсөн байна. 
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э*** нь Дархан-Уул аймаг дахь*** банкны хэлтэст холбогдуулан ажлаас халах тухай 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаартай тушаалыг хууль бус гэж үзэж, Дархан-Уул аймаг няравын дахь*** банкны хэлтсийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар 
Дархан-Уул аймаг дахь*** банкны хэлтсийн захирлын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаартай тушаалаар “ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь заалт, “Монголбанкны хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.1.1 дэх заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 3.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн 
Дархан-Уул аймаг дахь*** банкны хэлтсийн нярав Даваасүрэн овогтой Э*** нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаж, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр *** банкны теллерийн тоолж байсан мөнгөн тэмдэгтээс хуурамч 20,000 төгрөг илэрснийг тухайн өдөр очиж хуурамч 20,000 төгрөгийн дэвсгэртийг мөнгөний нүүр бүсний хамт авч явсан нь “Монголбанкны кассын ажиллагааны журам”-ын 4.3, “Монгол ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 3.2.4 дэх заалт,*** банкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны *** дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Гүйлгээнээс илэрсэн хуурамч мөнгөн тэмдэгтийг хүргүүлэх, бүртгэх, хадгалах, устгах журам”-ын 2.2 дахь заалтыг зөрчсөн, зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар *** корпораци ХХК-д 313,597.39 төгрөгийн муу зээлийн үлдэгдэлтэй байгаа нь “*** ны хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.3.1 дэх заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.1 дэх заалтыг тус тус зөрчсөн тул 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ...”/хх-4/
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, 40.1.5.”мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлана, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т “ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулна”,*** банкны хөдөлмөрийн дотоод журмын 4.1.1-т “Ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулинд заасан үндэслэлээр*** банкны Ерөнхийлөгч, орон нутаг дахь хэлтэс/салбар/-ын захирлын тушаалаар ажлаас чөлөөлнө”, Хөдөлмөрийн гэрээний 3.2.1-т “ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарт заасан зорилго, зорилт, чиг үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг тогтоосон хугацаанд нь үр дүнтэй хангах”, 3.2.5-т “Хөдөлмөрийн хууль,*** банкны хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах” ёс зүйн хэм хэмжээг мөрдөнө гэж тус тус заасан байна. 

Нэхэмжлэгч Д.Э*** т Дархан-Уул аймаг дахь*** банкны хэлтсийн захирлын  2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай тушаалаар “...Хэлтсийн нярав Д.Э*** нь “Монголбанкны кассын ажиллагааны журам”-ын 2.8.2, “Мөнгөн тэмдэгт хүлээн авах, хадгалах, тээвэрлэх журам”-ын 2.21 дахь заалтыг зөрчсөн нь*** банкны Мөнгөн тэмдэгт үнэт зүйлсийн газар, мөнгөн тэмдэгтийн хэлтсийн 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн *** актаар тогтоогдсон тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсан” байна./хх-27/
Нэхэмжлэгч Д.Э*** нь дээрх сахилгын шийтгэл ногдуулсан*** банкны хэлтсийн захирлын *** дугаартай тушаалыг гарсныг мэдээгүй шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа мэдсэн гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба хариуцагч тал “...тухайн тушаалыг гарсан өдөр нь мэдэгдсэн...” гэсэн тайлбарыг гаргадаг боловч  тушаалыг хэзээ гардуулсан мэдэгдсэн талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.


Мөн хариуцагч талаас “...2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр *** банкны теллерийн тоолж байсан мөнгөн тэмдэгтээс хуурамч 20,000 төгрөг илэрснийг тухайн өдөр*** банкны хэлтсийн нярав ажилтай Д.Э*** нь очиж хуурамч 20,000 төгрөгийн дэвсгэртийг мөнгөний нүүр, бүсний хамт авч явсан үйлдэл нь  “Монголбанкны кассын ажиллагааны журам”-ын 4.3, “Монгол ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 3.2.4 дэх заалт,*** банкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны *** дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Гүйлгээнээс илэрсэн хуурамч мөнгөн тэмдэгтийг хүргүүлэх, бүртгэх, хадгалах, устгах журам”-ын 2.2 дахь заалтыг зөрчсөн, 
Нярав Д.Э*** нь зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар *** корпораци ХХК-д 313,597.39 төгрөгийн муу зээлийн үлдэгдэлтэй байгаа нь “*** ны хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.3.1 дэх заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.1 дэх заалтыг тус тус зөрчсөн” гэж үзэж, дээрх зөрчилд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д “Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заажээ.

Ажил олгогч*** банкны хэлтсийн захирал нь нярав Д.Э*** ийн *** банкнаас хуурамч 20,000 төгрөгийг нүүр бүсний хамт авч явсан үйлдлийг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр *** банкнаас ирүүлсэн албан бичгээр мэдсэн,
Мөн Д.Э*** нь *** корпораци ХХК-нд 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 313,597.39 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан болох нь хариуцагчийн тайлбар,*** банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогдож байна. 
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасан хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэгч Д.Э*** ийн дээрх үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулсан байх тул Дархан-Уул аймаг дахь*** банкны хэлтсийн захирлын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаартай “Д.Э*** ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хууль бус гэж үзэж, нэхэмжлэгч Д.Э*** ийг Дархан-Уул аймаг дахь*** банкны хэлтсийн няравын ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч Д.Э*** нь ажилгүй байсан хугацааны цалин 300,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан боловч энэхүү шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.Э*** нь шүүх хуралдаанд оролцохгүй, эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2 дах хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э*** ийг Дархан-Уул аймаг дахь*** банкны хэлтсийн няравын ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн үлдэх ажилгүй байсан хугацааны цалин 300,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Д.Э*** ийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч*** банкны хэлтсээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.


3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                З.ТУНГАЛАГМАА