Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 0318

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,  

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Эийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908000001539 дүгээр эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхөр, хүүхдийн хамт оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 404 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилээр хойшлуулсан, Боржигон овогт Ганбатын Э /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Г.Э нь Г.Хтай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Од” дэн буудлын гадна иргэн Ц.Бн бэлэн 370.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэж, дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир зарим зүйлсийг санахгүй байгаа. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 185.000 төгрөг төлсөн. Архинаас болж буруу хэрэг хийсэн. Гэм буруугаа маш их гэмшиж, хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн  1908000001539 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ц.Бн: “2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хотод ирээд эгчийндээ хувцсаа тавиад өглөө 8, 9 цаг болж байхад гараад Саппоро руу явсан. Нэг шар царайтай нөхөртэй дайралдаад нэг шил хувааж уусан. Тэгтэл 2 хүүхэн, 1 залуугийн хамт ирсэн. Би ирсэн 2 эмэгтэйд “яриа, хөөрөө байна уу” гэсэн. Тэр 2 эмэгтэй цагийн 50.000 төгрөг гэхээр нь би “үгүй” гэсэн. Дахиж нэг шил архи авч уусан. Тэгтэл нөгөө хоёр “дахиад ярья, 30.000 төгрөгөөр явъя” гэж хэлсэн. Би “зүгээр 30.000 төгрөг өгье” гээд мөнгө өгсөн. Тэгтэл шар нөхөр гэнэт намайг боогоод унагаасан. Сэрсэн чинь нөгөө хүмүүс байхгүй байсан. Тэгээд би халаасаа үзэхэд юу ч байхгүй байсан. Миний халаасанд бэлэн 400.000 төгрөг байсан. Харин тэр хүмүүстэй хамт архи уугаад 30.000 төгрөгийг шар залууд өгсөн. Тэгээд надад 370.000 төгрөг үлдсэн байх. ТҮЦ рүү ороод эгчтэйгээ утсаар ярьсны дараа цагдаа дуудуулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-84-85/,

Гэрч Э.Цогбаярын: “...Саппоро дээр ирэхэд Чимэгээ гэх эмэгтэйтэй тааралдсан. Тэр “нэг хүнтэй буудалд орно, тэгээд Хт архи авч өгнө” гэж ярьсан. 2 цаг орчмын дараа нөгөө Чимэгээтэй 1 дүгээр хорооллын арын буудлын орчим тааралдахад хоёр хүн дагуулсан, нэг шил задалсан архи барьсан явж байсан. Архиа дэлгүүртэй улаан өнгийн зочид буудлын орчим ууж байхад Чимэгээ дагуулж явсан 2 хүнийхээ настай хүнтэй маргалдаад байсан. Тэгтэл Х тэр өвөөг унагаасан. Чимэгээ, Х хоёр дээр нь гараад халааснаас мөнгө аваад байсан. Тэр өвгөнийг тэнд үлдээгээд Х, Чимэгээ бид нар Саппоро орсон. Тэгээд нэг мэдсэн тэр 2 алга болсон байсан. ...Х дээлтэй хүнийг түлхэхэд нөгөө хүн газар унасан. Шууд дээрээс нь Х нүүр амгүй цохиж нүдсэн. Х зодож байснаа болиод дээр нь суусан. Тэгээд шууд халаасыг нь ухсан. Хажуунаас нь Чимгээ гэдэг хүүхэн хамт халаасыг нь ухсан. Чимгээ дээлтэй ахыг бас өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-87, 88-89/,

Гэрч Д.Намхайнямбуугийн: “...Б бид 2 Саппоро руу хүүхэн авахаар явсан. Нэг шил архи аваад дэлгүүрээс гарч ирэхэд Б нэг хүүхэн залуу хоёртой хамт байсан. Б ирээд “энэ эрэгтэй эмэгтэй 2-той тохирчихлоо” гэсэн. Тэгээд бид нар байрны урд талын дэн буудлын хажууд архиа хувааж уухаар болсон. Архийг бүдүүн сүүлд ирсэн нөхөр задлаад тойруулсан. Харин Б уугаагүй, болсон гэж байсан. Бүдүүн нөхөр /Цогбаяр/, Б 2 нэг маргаад больсон. Тэгээд Б, нөгөө бордуу царайтай хүүхэн 2-ыг “буудал руугаа ор” гэж дэлдэн чихтэй, шар царайтай залуу нь хэлсэн. Б хүүхэнтэй ороод удаагүй буцаад гараад ирсэн. Хоорондоо маргалдаад буюу мөнгөн дээрээ тохироогүй гарч ирсэн. Б дэлдэн шар залуугаас “анх ярьж тохиролцсон мөнгөө авъя” гэсэн. Нэг нөхөр нь Бг дараад авахаар нь би байдал эвгүй боллоо, хүн дуудъя гээд гүйгээд явсан. Харин гүйж байхад эмэгтэй хүн “мөнгийг нь мөнгийг нь” гээд байсан. Нэг нь л дараад унасан. Эргээд ирэхэд нөгөө хэд байхгүй, бас Б хүртэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-98-99/,

Гэрч О.Хоролсүрэнгийн: “...Саппорогийн буудлын хойд талын ТҮЦ-т зогсож байхад 14 цагийн үед Монгол дээлтэй, их үстэй залуу орж ирээд “хамт явж байсан хүмүүстээ бүх мөнгөө дээрэмдүүлсэн” гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүний эгчийг дуудсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-70/,

Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...Хохирогч Ц.Б 2 дугаарт тавьсан Г.Хын зургийг зааж “энэ залуу мөн байна, тухайн үед хамт архи уугаад, бас миний дээр дараад байсан залуу яах аргагүй мөн. ...1 дугаарт тавьсан Г.Эийн зургийг зааж, “энэ эмэгтэй мөн байна, тухайн үед буудал оръё гэж яриад, бас хамт архи уугаад байсан эмэгтэй...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-100-105, 106-112/,

Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан “...Гэрч Д.Намхайнямбуу нь 2 дугаарт тавьсан Г.Хын зургийг зааж “энэ залуу мөн байна, тухайн үед манай найзыг унагаасан залуу...” гэв” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-113-116/,

Яллагдагч Г.Хын: “...Бид нар үлдсэн архи хувааж уусан. Би хэрүүл хийгээд байсан дээлтэй залууг түлхэж унагаагаад толгой дээр нь дараад би баруун халаасыг ухахад 3 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт, 2 ширхэг 1000 төгрөгийн дэвсгэрт байсан. Би тухайн мөнгийг базаж авсан. Тэр үед Чимгээ тухайн дээлтэй залуугийн зүүн талын халаасыг ухаж байсан. Би “бос явъя” гэсэн. Тэгтэл дээлтэй хүнийг Чимгээ дэвссэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-59-62, 114-116/,

Шүүгдэгч Г.Эийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр буудлаас 12 цагийн үед гарсан. Саппоро дээр ирээд Хатнаа болон бас хэдэн хүмүүстэй хамт 0,75 литрийн архи уусан. Нэг мэдэхэд 8 дугаар байрны буудлын цаана орцны үүд шиг газрын үүдэнд ямар ч байсан Хатнаа байсан. Тэр үед нэг хэсэг ухаангүй байсан, ухаан орж гараад байсан. Тэгтэл Хатнаа нэг дээлтэй хүнийг дараад байж байсан. Тэрнээс хойш бол яг үнэндээ санахгүй байна. ...Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруутай гэдгээ ойлгож байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-150-151, 230-233/,

гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-68/, гэрч Г.Алтанчимэгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-139/, гэрч Г.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-177/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-157/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-166/, шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хавтас, хх-247-250/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

мөн шүүх хуралдаанд өмгөөлөх талаас гаргаж өгсөн шүүгдэгчийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, хохирол хүлээлгэн өгсөн “Ц.Б нь Г.Эийн ар гэрээс 185.000 төгрөг бэлнээр авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх баримтыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.      

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Э согтуурсан үедээ Г.Хтай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “Од” дэн буудлын гадна иргэн Ц.Бд хүч хэрэглэн довтолж 370.000 төгрөгийг дээрэмдэн авсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ц.Бн “...гэнэт намайг боогоод унагаасан. Тэр нь шар нөхөр байсан. Сэрсэн чинь нөгөө хүмүүс байхгүй байсан. Халаасаа үзэхэд юу ч байхгүй байсан. Миний халаасанд бэлэн 400.000 төгрөг байсан. Харин тэр хүмүүстэй хамт архи уугаад 30.000 төгрөгийг шар залууд өгсөн. Тэгээд надад 370.000 төгрөг үлдсэн байх...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-84-84/, гэрч О.Хоролсүрэнгийн “...Монгол дээлтэй, их үстэй залуу орж ирээд “хамт явж байсан хүмүүстээ бүх мөнгөө дээрэмдүүлсэн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-70/, гэрч Э.Цогбаярын “...Х дээлтэй хүнийг түлхэхэд нөгөө хүн газар унасан. Х нүүр амгүй цохиж нүдсэн. Х болиод дээр нь суусан. Тэгээд шууд халаасыг нь ухсан. Хажуунаас нь Чимгээ халаасыг нь ухсан. Чимгээ дээлтэй ахыг бас өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-87, 88-89/, гэрч Д.Намхайнямбуугийн “...нэг нөхөр нь Бг дараад авахаар нь би байдал эвгүй боллоо, хүн дуудъя гээд гүйгээд явсан. Харин гүйж байхад эмэгтэй хүн “мөнгийг нь мөнгийг нь” гээд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-98-99/, яллагдагч Г.Хын “...дээлтэй залууг түлхэж унагаагаад толгой дээр нь дараад би баруун халаасыг ухахад 3 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт, 2 ширхэг 1000 төгрөгийн дэвсгэрт байсан. Тэр үед Чимгээ тухайн дээлтэй залуугийн зүүн талын халаасыг ухаж байсан. Дээлтэй хүнийг Чимгээ дэвссэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-59-62, 114-116/, шүүгдэгч Г.Эийн яллагдагчаар өгсөн “...Тэгтэл Хатнаа нэг дээлтэй хүнийг дараад байж байсан. Тэгээд тэрнээс хойш бол яг үнэндээ санахгүй байна... Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруутай гэдгээ ойлгож байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-150-151, 230-233/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Эийн Г.Хтай бүлэглэн, хохирогч Ц.Бг зодож, 370.000 төгрөгийг авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Г.Эийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бд 370.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Г.Э өөрт оногдох 185.000 төгрөгийг төлсөн болох нь өмгөөлөх талаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол хүлээлгэн өгсөн “Ц.Б нь Г.Эийн ар гэрээс 185.000 төгрөг бэлнээр авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх баримтаар тогтоогдох тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.    

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.Э нь бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, согтуурсан үедээ бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлыг харгалзан ял оногдуулах санал тавьсан. Оргон зайлсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Анхнаасаа гэм буруугийн талаар маргаагүй. Ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээнээс доош 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.      

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.     

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, бусадтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн, оролцсон оролцоо буюу хохирогчийн эрх чөлөөнд “өшиглөсөн, дэвссэн” байдлаар оролцож, халаасыг нь ухсан үйлдэл хийсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 370.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /ам бүл, бага насны хоёр хүүхэдтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж байсан, гэмшиж байгаа/ зэргийг харгалзан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байх тул шүүгдэгч Г.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ял шийтгэж, дээрх үндэслэлээр ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Эийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв. /1 дүгээр хавтас, хх-235/.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганбатын Эийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Эийн цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Эийн эдлэх ялыг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс тоолсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР