| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 515 |
| Огноо | 2020-03-25 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 515
2020 03 25 2020/ШЦТ/515
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Шүүгдэгч О.Т , түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал,
Шүүгдэгч Ө.Б , түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,
Шүүгдэгч Р.Х , түүний өмгөөлөгч З.Ариунжаргал,
Шүүгдэгч П.Х , Ц.О , тэдгээрийн өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд “Б” нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Т , Р.Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар,
шүүгдэгч Ц.О , П.Х , Ө.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 01760 1129 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Хан-уул дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , О.Т .
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, эгчийн хамт Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, рөгистрийн дугаар , Ц.О .
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 2 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эмээгийн хамт Хан-уул дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , П.Х .
4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Ө.Б .
5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, эгчийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Р.Х .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч О.Т , Р.Х нар нь бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 5 дугаар орцны үүдэнд иргэн З.Чулуунбаатарт хүч хэрэглэн гар утас, мөнгө зэрэг эд зүйлсийг нь дээрэмдсэн,
шүүгдэгч О.Т , Ц.О , П.Х , Ө.Б , Р.Х нар нь бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Велл март” худалдааны төвийн орчим иргэн А.Базарт хүч хэрэглэн гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Би гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би гурван дүүтэй айлын том хүүхэд тул надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Х мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Гэм буруутайдаа маргахгүй. Маш их гэмшиж байна. Би их сургуулийн нэгдүгээр курст суралцдаг. Айлын том хүүхэд бөгөөд ээж, дүү хоёртойгоо амьдардаг. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би ээж, дүүгийн хамт амьдардаг тул ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Миний найз охин нэг сартай жирэмсэн тул энэ бүх байдлыг харгалзан хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ: “...Би жижиг тэргээ халтуур буюу такси үйлчилгээ эрхэлдэг байсан ба хэрэг болдог өдөр намайг гэртээ байхад П.Х дуудаж “бензин хийж өгье” хэмээн надтай хамт “Комбинат” руу явсан. Тэндээсээ О.Т , Р.Х нарыг авч тэндээсээ “Цайз” захын “Велл март” руу явъя, хүнээс юм авна” гэсэн. “Цайз”-аас бид нар хамтдаа 25 дугаар эмийн сан руу явсан ба П.Х эд нарын нэгэнтэй хамт ломбард руу орж гар утас тавьсан. Тэр үед би “юун утас вэ, хаанаас гараад ирэв” гэж асуусан. Тэндээс бид “Комбинат” орж энэ хэдийг буулгаад гэртээ харих замдаа би П.Х д “дахиж ийм зүйлд намайг битгий дуудаарай, халтуураа хийсэн нь дээр юм байна” гэж хэлсэн...Би эхнэр, гурван настай хүүхдийнхээ хамтаар хадмындаа амьдардаг. Хадмындаа байх хэцүү учраас би яах аргагүй байдлаас шалтгаалан ажлын хажуугаар такси үйлчилгээ эрхэлж ачигчийн ажил олдвол хийдэг.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Х мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Би ээж, аав, эгч, дүүгийн хамт амьдардаг. Дүү маань хүнд өвчтэй учир ээж дүүг хараад гэртээ байдаг. Ажил хийдэггүй. Би ажил хийж дүүгийнхээ эмчилгээний зардлыг төлдөг. Мөн ар гэрээ ганцаараа тэжээдэг болохыг маань харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-10-13/, хохирогч А.Базарын өгсөн тайлбар, мэдүүлэг /1хх-9, 19, 20, 239/, хохирогч З.Чулуунбаатарын өгсөн мэдүүлэг /1хх-143-144/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 3107 дугаартай дүгнэлт /1хх-47/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /1хх-44, 232/, О.Т гийн гэрч, сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1хх-31-32, 152-154, 157-158/, О.Т гийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд болох О.Т гийн иргэний үнэмлэхний хуулбар /1-хх-63/, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /1хх-63-66/, О.Т , Ц.О , П.Х , Ө.Б , Р.Х нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-67, 57, 61, 70, 80/, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тогтоол /1хх-155/, хохирогч А.Базар нь 1.58%-ийн согтолтой байсныг илтгэх хуудас /1хх-14/, Ц.О ы гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-29-30/, Р.Х гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-34/, гэрч Д.Насантогтохын өгсөн мэдүүлэг /1хх-38/, Нийслэлийн 18 дугаар дунд сургуулийн нийгмийн ажилтаны П.Х гийн талаархи гаргасан тодорхойлолт /1хх-62/, П.Х гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-150-151/, Ө.Б ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-25-28/, гэрч Т.Өлзийдалайгийн өгсөн мэдүүлэг /1хх-39/, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /1хх-73, 75/, “Гансонор” ХХК-ийн тодорхойлолт /1хх-74/, хавтас хэргийн материал хохирогч А.Базарт танилцуулсан тухай тэмдэглэл /1хх-114/, Р.Х гийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд болох гэрч Н.Оюунгэрэлийн өгсөн мэдүүлэг /1хх-35/, гэрч Л.Октябрийн өгсөн мэдүүлэг /1хх-36/, гэрч Л.Алтанзулын өгсөн мэдүүлэг /1хх-37/, гэрч Б.Мөнтулгын өгсөн мэдүүлэг /1хх-40/, “Эрдэнэс” ломбардны барьцаат зээлийн гэрээ /1хх-41/, шинээр О.Т гийн хувийн байдалтай холбоотой 9 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
1. Шүүгдэгч О.Т , Р.Х нар нь бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 5 дугаар орцны үүдэнд иргэн З.Чулуунбаатарт хүч хэрэглэн гар утас, мөнгө зэрэг эд зүйлсийг нь дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Чулуунбаатарын өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 12-ны орой 23 цагийн үед Хан-Уул дүүрэгт байх найзынхаа гэрийн гадаа такситай очиж уулзаад тэндээсээ би шууд “Бөхийн өргөө”-ний хажууд байдаг “Жулъяа” төвийн арын бааранд цуг ажилладаг Мэндсайхантай цуг орсон. Уг бааранд бид хоёр пиво ууж байгаад баарнаас 02 цагийн үед гараад шууд гэр рүүгээ харихаар “Бөхийн өргөө”-ний хажуугаар ороод урд талын 13 дугаар байрны завсраар орж цааш явах гэтэл уг завсраар ороод гарах гэтэл миний баруун талын шанаа руу цохиод авсан. Тэгээд би “юу болж байна” гээд хэлтэл нэг залуу миний цээжин хэсгээс бариад бас нэг залуу хоёр хөлийг хамаад намайг газар хэвтүүлээд тэгтэл “та ямар ч эсэргүүцэл үзүүлж болохгүй хэрэв эсэргүүцэл үзүүлэх юм бол таныг энд чинь нам цохиод хаяна шүү” гэж хэлээд “танд юу байна, гар утас байна уу мөн мөнгө байна уу” гэж асуухаар нь би “мөнгө, гар утас байгаа” гэж хэлтэл миний цээжин дээр дарсан. Залуу куртикны гадна энгэрийн карманд байсан Самсунг жи 7 загварын 2 сим ордог цагаан өнгийн гар утас арын карманд байсан бэлэн мөнгө 150.000 төгрөг байсан. Түлхүүр зэргийг хөл дарсан залуу карманаас аваад бичиг баримт болон дэлгүүрийн карт зэргийг газар үлдээгээд явсан.” /1хх-144-145/ гэх мэдүүлэг,
“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /1хх-231-232, 235/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
2. Шүүгдэгч О.Т , Ц.О , П.Х , Ө.Б , Р.Х нар нь бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Велл март” худалдааны төвийн орчим иргэн А.Базарт хүч хэрэглэн гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Базарын өгсөн: “...Би өнөөдөр 17 цаг өнгөрч байхад ажлаа тараад найз Алтанзултай уулзаж Сансарын 32-ын хажууд байдаг Алтанзулын гэрт нь 2 шил 0.5 граммын Цагаан нэртэй архи уугаад би Алтанзулынхаас 20-21 цагийн орчим гарч зам дээрээс такси бариад офицер дээр ирж буугаад сумынхаа найз болох Энхтуяа гэх хүүхэнтэй таарч Монелд байх гэрт нь хүргэж өгөөд “Цайз” захаас уруудаж “Велл март” худалдааны төвийн урд явж байхад үл таних 3 залуу таарч “тамхи байна уу” гэхээр нь би “байхгүй, ахын дүү” гэж хэлээд гар утсаараа яриад явж байгаад зүүн талын мөрнөөс нэг хүн татаж “юу” гэхээр нь би эргээд хартал уг залуу миний эрүүний зүүн доод хэсэг рүү цохисон энэ үед хамт явж байсан 2 залуу нь миний гар утсыг булааж аваад “зугтаарай” гэж хэлээд баруун зүгт зам хөндлөн гараад “Алдар” спорт хорооны зүүн талд байдаг урд зүгт явдаг автобусны буудал дээр байсан цагаан өнгийн жижиг суудлын автомашинд суугаад явчихсан.” /1хх-20/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд П.Х гийн гэрчээр өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр О.Т над руу залгаад машин олоод хүрээд ир гэсэн. Тэгээд би Ц.О руу залгаад “машинаа аваад хүрээд ир” гэсэн. Ц.О над дээр өөрийн 57-13 гэсэн цагаан өнгийн машинтай Яармагт гэрт ирж байсан. Тэгээд Ц.О бид хоёр О.Т , Ө.Б хоёрыг үйлдвэр комбинатаас очиж авсан. Тэгээд тэндээсээ “Цайз 16” явсан. Офицерын ордноос дээшээ өгсдөг замын автобусны буудал дээр зогсож байсан чинь нэг залуу гар утсаар яриад зогсож байсан. О.Т Ө.Б бас танихгүй залуу 3 буусан. Ц.О бид хоёр машиндаа сууж байсан. Тэр утсаар ярьж байсан залууг О.Т хавирч унагаад Ө.Б гар утсыг нь аваад машинд гүйгээд ороод ирсэн. Тэгээд гар утсыг нь 25 дугаар эмийн сангийн тэнд байдаг “Эрдэнэс” гэдэг ломбарданд 350.000 төгрөгөөр тавьсан.” /1хх-21-22, 23-24/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Б ын гэрчээр өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр би ажил дээрээ байж байсан О.Т над руу залгаад “чи завтай байна уу, завтай байвал хүрээд ирээч” гэхээр нь би “хэнтэй байгаа юм бэ” гэхэд “П.Х болон түүний найз бас манай найз бид нар байна” гээд уулзахаар тохиролцож би 19-н үйлчилгээний төвийн орчимд очиход цагаан Хонда пит автомашин дотор П.Х , О.Т , Кааж гэх залуу мөн автомашины жолооч Ц.О гэх залуус байсан. Би П.Х , Ц.О нарыг сайн танихгүй тул хаашаа яах гэж яваа талаар мэдээгүй. Тэр хоёр урд суусан хоорондоо “Цайз ороод нэг тойроод үзье” гэж яриад явсан. Ингээд бид нар офицерын тойргоор тойрч хойд зүгт явж байгаад зам дээр буцаж эргээд автобусны буудал дээр зогсож жолооч Ц.О түцнээс тамхи авах гээд буухад О.Т намайг “цаашаа бууж бай” гэж буулгаад над руу дохиод зам хөндлөн гараад гүйсэн. Тэгэхээр нь би “араас хүрээд ир” гэж байгаа юм байх гэж бодоод Кааж гэх залуугийн хамт араас нь зам гарах гэж явж байхад О.Т эргэж гүйж ирээд толгойгоороо дохиод “машинд суучих” гэж хэлээд бид нар автомашинд суугаад төв замаараа 25 дугаар эмийн сангийн хажууд байдаг нэг ломбарданд очиход О.Т халааснаасаа нэг утас гаргаж ирээд “офицерын тэндээс хүнээс гар утас авчихлаа” гэж хэлээд П.Х тэй ярилцаж байгаад намайг дуудсан. Ингээд П.Х бид 2 уг гар утсыг нь ломбарданд оруулж ломбардны хүнтэй уулзаж байгаад 350.000 төгрөгөөр тавьсан.” /1хх-27-28/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.О ы гэрчээр өгсөн: “...П.Х намайг анх дуудахдаа “бензин хийгээд өгье хүнтэй уулзах гэсэн юм” гэж хэлсэн. 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдөр би эдгээр залуустай яваад хамгийн сүүлд П.Х г гэрийнх нь гадаа буулгахдаа “танай найзууд юу хийгээд байгаа юм бэ, хаанаас ингэж мөнгө олоод байгаа юм бэ, дээрмийн гэмт хэрэг үйлдээд байгаа юм биш үү” гэхэд П.Х мэдэн будлиад ээрээд юм хэлж чадахгүй суугаад байсан. Тэгэхээр нь би “ахин намайг битгий дуудаарай, би наад хэрэгтэй чинь оролцохгүй” гэж хэлээд явсан. Анх би эдгээр хүмүүстэй явж байхдаа дээрмийн гэмт хэрэг үйлдэж байгаа талаар мэдэхгүй.” /1хх-29-30/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Т гийн гэрчээр өгсөн: “...Энэ үед О.Буян-Очир Кааж хоёр “бууя бууя” гэхээр нь би автомашины хаалга онгойлгоод буухад замын эсрэг талд согтуу залуу явж байсан. Тэгэхээр нь бид 3 гүйж очоод би уг согтуу залууг хавирч унагаад Кааж гар утсыг нь булааж аваад буцаж гүйгээд автомашиндаа суугаад 25 дугаар эмийн сангийн ойролцоо байдаг нэг ломбарданд 280.000 төгрөгөөр ломбарданд тавьж бүгдээрээ нэг хүний 40.000 төгрөг авч үлдсэн мөнгийг П.Х авсан. Тэгээд баруун 4 замын ойролцоо байдаг “Шөлөндөө” орж хоол идээд манай гэрийн гадаа ирж салцгаасан.” /1хх-31-32/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Р.Х гийн гэрчээр өгсөн: “...Бид нар машинтайгаа зүүн тийшээ “Цайз” захын уулзвараас офицеруудын ордон руу уруудаад явж байтал Ц.О “тамхи авна” гээд зогссон. Тэр үед О.Т намайг “бууж бай” гэхээр нь би буухад миний араас Ө.Б , О.Т хоёр бууж ирсэн. Тэгээд О.Т түрүүлж гүйгээд нэг хүн рүү очоод маргалдаад тэр хүнийг хавирч унагаасан. Тэгэхээр нь би очоод О.Т г салгахад газар утас нь унасан. Тэгэхэд О.Т тэрийг аваад май энийг аваад яв гэхээр нь би авсан.” /1хх-34/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 3107 дугаартай дүгнэлтэд:
1. А.Базарын биед эрүүний баруун булангийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /1хх-47/ гэх дүгнэлт,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-10-13/
“Эрдэнэс” ломбардны барьцаат зээлийн гэрээ /1хх-41/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /1хх-44-45/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-51/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /1хх-114/,
Шүүгдэгч О.Т , Ц.О , П.Х , Ө.Б , Р.Х нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-67, 57, 61, 70, 80/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч О.Т , Р.Х нар нь бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 5 дугаар орцны үүдэнд иргэн З.Чулуунбаатарт хүч хэрэглэн гар утас, мөнгө зэрэг эд зүйлсийг нь дээрэмдсэн,
шүүгдэгч О.Т , Ц.О , П.Х , Ө.Б , Р.Х нар нь бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Велл март” худалдааны төвийн орчим иргэн А.Базарт хүч хэрэглэн гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч З.Чулуунбаатар, А.Базар нарын өгсөн мэдүүлгүүд, О.Т , Ц.О , П.Х , Ө.Б , Р.Х гэрч, яллагдагчаар нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Эрдэнэс” ломбардны барьцаат зээлийн гэрээ, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримт зэргээр нотлогдон тогтоосон байх тул мөрдөгч дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгч нарыг яллагдагчаар болон бусад гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Т , Ц.О , П.Х , Ө.Б , Р.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О ы зүгээс гаргасан: “...Би гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй.” гэх тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаярын зүгээс гаргасан: “...Шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй хууль зөрчсөн, хохирогч согтуу байсан зэрэг эргэлзээтэй нөхцөл байдлууд тогтоогдож байх тул П.Отгонсайханг цагаатгаж өгнө үү.” гэх тайлбаруудыг гарган маргаж мэтгэлцэх боловч дээр дурьдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн тул хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч О.Т , Р.Х нарын бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 5 дугаар орцны үүдэнд иргэн З.Чулуунбаатарт хүч хэрэглэн гар утас, мөнгө зэрэг эд зүйлсийг нь дээрэмдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Шүүгдэгч О.Т , Ц.О , П.Х , Ө.Б , Р.Х нарын бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Велл март” худалдааны төвийн орчим иргэн А.Базарт хүч хэрэглэн гар утсыг нь дээрэмдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Мөн прокурорын 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор О.Т , П.Билэгжаргал, О.Гомборагчаа нарт холбогдох 1806 01760 1129 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 31.13 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоол үндэслэлтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосноос шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх, ял завших боломжгүй учир шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгтээ зайлшгүй хариуцлага хүлээх учиртай.
Түүнчлэн шүүгдэгч нарын үйлдэлд яллах дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “хэргийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийг хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмжээний дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Т , Р.Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар,
шүүгдэгч Ц.О , П.Х , Ө.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч нар нь хохирогч З.Чулуунбаатар, А.Базар нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул үүнийг шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч О.Т , Р.Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан,
шүүгдэгч Ц.О , П.Х , Ө.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан хорих ял шийтгэлийг тус тус биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцнэ.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.Т , Р.Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан хорих ялыг,
шүүгдэгч Ц.О , П.Х , Ө.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан хорих ял шийтгэлийг тус тус хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв
Шүүгдэгч Ц.О , Ө.Б нар нь энэ хэрэгтээ 12 хоног цагдан хоригдсон ба үүнийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Т , Р.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан “үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ц.О , П.Х , Ө.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч О.Т , Р.Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Ц.О , П.Х , Ө.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар О.Т , Р.Х , Ц.О , П.Х , Ө.Б нарт тус бүрт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар О.Т , Ө.Б нарын цагдан хоригдсон 12 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Р.Х , Ц.О , П.Х нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.Т , Ө.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Р.Х , Ц.О , П.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Т , Р.Х , Ц.О , П.Х , Ө.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС