| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 150/2015/00275/И |
| Дугаар | 15 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 15
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Б.Батзориг
Шүүгчид С.Энхжаргал
Г.Давааренчин
Оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат
Хариуцагч Б.Буджав
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа даргалж шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 188 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатын давж заалдах гомдлоор С.Ганболдын нэхэмжлэлтэй Б.Буджавт холбогдох “хууль бус эзэмшлээс сууц чөлөөлүүлэх” үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Буджавын сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэгч С.Ганболдод холбогдох “18.000.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч С.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
…2003 оны үед Ч.Гантулга гэж хүнтэй гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн наймаа хийсэн. Би гурилын үйлдвэр ажиллуулж байгаад үйлдвэрийнхээ байршлыг солиод Дархан руу нүүх гэж байхад миний тоног төхөөрөмжийг Ч.Гантулга авъя надад зарчих гэсэн саналын дагуу зарсан. Тоног төхөөрөмж зарсны дараа Ч.Гантулга Улаанбаатараас хүмүүс ирж үйлдвэр дээр ажиллах учраас олон хүн зочид буудалд байх хэцүү байна, чи байраа хэрэглэхгүй байгаа юм чинь байрныхаа түлхүүрээ өгч байгаач, найз нь тэр хүмүүсээ суулгаж байгаад түлхүүрийг чинь буцааж өгье гэж анх миний байрны түлхүүрийг надаас авсан. Үйлдвэрийн маань байршил өөрчлөгдөөд явахдаа дүүгийнхээ амьдарч байсан байрыг зарчихаад энэ байраа дүүдээ өгнө гээд хэлчихсэн байсан. Тухайн үед би энэ байрыг хэрэглэж байгаагүй дүү маань Дархан руу шилжээд явчихсан байсан би өөрөө хотод байсан. Үйлдвэр маань Дарханд ажиллаж байсан учраас энэ байр тухайн үед ажиллагаагүй сул байсан учраас би Гантулгад зөвшөөрч түлхүүрээ өгсөн. Сүүлд Гантулгын дүү Говь-Алтай аймгаас шилжиж ирээд миний байранд амьдарч байгаа сонсогдсон, дүү нь амьдарч байсан учраас би байр гэж нээх юм яриагүй. Дараа нь Д.Бат-Орхон гуай энд би байрлаж байгаа, чи тэрийгээ зарчихаач Ч.Гантулга бид хоёр наймаа хийх гэсэн юм гээд ярьсан. Би тухайн үед тийм юм байхгүй тэр чинь манай дүүгийн байр би дүүдээ өгнө гээд хэлчихсэн байгаа манай дүү хөдөөнөөс ороод ирчихсэн байгаа гэж хэлсэн. Дараа нь ахиад энэ яриа маань давтагдсан. Байрныхаа ордерыг өгчих би Ч.Гантулгатай наймаа хийх гэсэн юм гэхээр нь би юу яриад байгаа юм бэ?, Ч.Гантулга яагаад миний байрыг зарах гээд байгаа юм гэж хэлсэн. Үнэхээр тийм зарах шаардлагатай юм бол наадмын дараа уулзаж байгаад зөв зүйтэй шийдэж болно гэсэн... харин Ч.Гантулга бид хоёрын дунд ямар ч наймаа хийгдээгүй яагаад миний байрыг зарна гээд байгаа юм гэж хэлсэн. Тухайн үед зарна гэж байна гэхэд нь тухайн үедээ итгээгүй яагаад гэхээр Ч.Гантулга, Д.Бат-Орхон гуай хоёр ах дүү шиг хүмүүс тэгээд би энэ хүмүүсийн хооронд ах дүү садан төрлийн холбоо байдаг гэж өөрийн зүгээс мэднэ. Тэрний дараахан бие жаахан тааруухан болоод хөдөө гараад Сэлэнгэ аймгийн Орхон суманд ирсэн. Тэгээд энэ Буджав гэж хүнийг амьдарч байгаа гэж мэдээд Буджавыг байрыг маань суллаж өгөөч гэж хэлсэн. Ямар ч худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй, би энэ хүмүүсээс ямар ч мөнгө төгрөг аваагүй.
Гантулгыг Улаанбаатараас хүмүүс ирж олон хоног буудалд байх хэцүү байна найздаа түлхүүрээ өгчих чи одоохондоо хэрэглэхгүй байгаа юм чинь гэхээр нь үнэхээр хэрэглэхгүй сул байж байсан. Өнгөрсөн жил Гантулгыг шилжээд явж байгаа учраас байр эзгүйрлээ байраа авъя гэсэн. Би энэ байрыг 2001 онд авч байсан. Түүнээс хойш би энэ байрыг хэнд ч худалдаагүй, хэнд ч зараагүй. Тийм учраас энэ байрыг минь надад хүлээлгэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа...” гэжээ.
Хариуцагч Б.Буджав шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“…Би Орхон суманд хөдөө амьдардаг. 2006 онд манай охин сургуульд ороод тэгээд Д.Бат-Орхон ах энэ байрыг 2006 оны 08-р сард авч өгсөн юм. Тэгээд байрны бичиг баримтыг нэхэх үед Ч.Гантулга гэж хүн өөр хүний нэр дээр байгаа би намрын ажил дуусгаад зохицуулж өгнө гэж хэлсэн. Тэгээд Ганболд гуай Д.Бат-Орхон ахынд адуу хайж очоод Д.Бат-Орхон ах С.Ганболд гуайгаас өөрөөс нь дуулсан байдаг. Та энэ байрыг Ч.Гантулгатай наймаа хийж авсан юм уу? гэсэн чинь Д.Бат-Орхон ах тийм гэсэн, танд би бичиг баримтыг нь янзалж өгнө над дээр байдаг юм гэж хэлсэн байдаг. Хавар нь энэ 3 ярилцаад өгнө гэж хэлээд салсан байсан. 2008 онд С.Ганболд гуайг Орхон сумын Элчин гэдэг газар айлын гадаа морь уяж байхад нь би өөрөө эхнэр, хүүхэдтэйгээ очиж асууж байсан. Энэ байрыг Д.Бат-Орхон ах надад авч өгсөн юм аа, таны нэр дээр гэрчилгээ нь байдаг гэж байна гэхэд дүүгийн нэр дээр байж байгаад, дүү авгайгаасаа салахдаа шатаачихаад явсан, гэхдээ ах нь янзалж өгнө гэж надад өөрөө хэлж байсан.
Би хааяа Д.Бат-Орхон ахаас нэхэхэд уулзаад өгнө гэсэн зохицуулж өгнө гэсэн гээд яваад байдаг байсан. Хамгийн гол нь шатаачихсан гэж хэлэхээр нь бид нар очиж үл хөдлөхөөр шалгуулах гэхээр эзэн нь байхгүй байхад та нарт үзүүлэхгүй гээд байдаг байсан. 2014 онд би Д.Бат-Орхон ахтай 42-ын гарам дээр явж байхад С.Ганболд Ч.Гантулга хоёртой таараад бид 4 уулзаад миний нүдэн дээр С.Ганболд гуай өгнөө, морь уяж байгаа наадам өнгөрөөгөөд янзлаад өгнө, энэ намар энэ асуудлаас салъя энэ тэр гээд тийм юм болж л байсан. Тэрийг би өөрийн биеэр сонсож байсан. Энэ байранд би 2006 оноос 2016 он хүртэл амьдарч байгаа. Одоо манай охин 11-р ангид сурч байгаа би Хөтөлийг арай гайгүй юм болов уу? гэж охиноо Хөтөлд ирж сургуульд оруулсан. 10 жил энэ байрыг өөрийнхөө нэр дээр бүх юмыг нь төлж байсан. Манай хөрш болох Эрдэнэчимэг гэдэг айл хүртэл намайг 10 жил амьдарч байгаа гэдгийг маань шүүхэд бичгээр мэдүүлсэн байгаа. Бусад зүйлийг Д.Бат-Орхон гэж хүнээс тодруулж болно... Удаа дараа С.Ганболд гуай Д.Бат-Орхон гуайд миний юм гэж хэлж байсан юм байдаггүй. 2015 оны 10-р сарын сүүлээр утасдаж 1 удаа хэлж байсан. Ч.Гантулгатай морины наймаа хийсэн чинь хээрийг нь аваад явсан байна одоо би байраа авна шүү гэж ганц удаа хэлсэн байсан...Бүх зүйлийг үгүйсгэж ярьж байгааг гайхаж байна. Гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн байрны бичиг баримтыг 10 жил амьдарсан миний нэр дээр болгож өгөөч ээ гэж хүсэж байна...” гэжээ.
Хариуцагч Б.Буджав шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
“...Миний бие Б.Буджав нь 2006 оны 07-р сарын сүүлээр өөрийн одоо амьдарч байгаа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 10-р байрны 10 тоот 1 өрөө орон сууцыг ах Д.Бат-Орхоноор зуучлуулан иргэн Ч.Гантулгаас 2 500 000 төгрөгөөр худалдаж авсан юм. Харин Ч.Гантулга нь энэ орон сууцыг өөрийн найз С.Ганболдоос худалдаж авсан гэж сонсож байсан. Тэгээд байрны ордер буюу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авахаар шаардлага тавихад Ч.Гантулга, С.Ганболдоос шилжүүлж өгнө гэж ярьдаг байсан. Улмаар 2007 оны 5-р сарын эхээр тариалалтын үрийн улаан буудай олгож байх үеэр Ч.Гантулгад байраа худалдсан С.Ганболд, Д.Бат-Орхон ах энэ гурав Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл дахь салбарын конторт уулзалдаж байрны гэрчилгээг шилжүүлж өгөх тухай нүүрэлдэн ярилцсан юм билээ. Тэр үед С.Ганболд Би Ч.Гантулгад энэ байраа зарж, мөнгийг нь авчихаад одоог хүртэл бичиг баримтыг нь шилжүүлж өгч чадахгүй байгаа юмаа. Учир нь манай дүүгийн авгай, дүүгээс салахдаа бүх бичиг баримтыг шатаачихсан юм билээ. Би дүүгээ авчирч энэ асуудлыг шийдвэрлэж өгнөө гэж Д.Бат-Орхон ахад хэлж тохиролцоод салцгаасан юм. Энэ тухай Ч.Гантулга, Д.Бат-Орхон ах нар гэрчилж ярьдаг. Үүний дараа 2013 оны 06 дугаар сарын сүүлээр С.Ганболд, Ч.Гантулга нар хамт явж байхад нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг 42-ын гарам дээр Д.Бат-Орхон ах бид хоёр санаандгүй тааралдсан юм. Бид наадам, зун, зуншлага, морь ярьж байх зуур Д.Бат-Орхон ах С.Ганболдоо чи одоо энэ Б.Буджавын нөгөө байрных нь бичиг баримтыг яаралтай шилжүүлж өгөөч. Бид адаглаад энэ байраа барьцаанд тавьж зээл хунар хөөцөлдмөөр байх юм гэж хэлсэн. Тэгэхэд С.Ганболд би одоо морь уяад завгүй байна. Наадмын дараа би бүх бичиг баримтыг янзлаад өгье. Би одоо ахиж худлаа хэлэхгүй ээ. Найдвартай гэж хэлсэн.
Гэтэл Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд С.Ганболд надад холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байна...Энэ маргаантай асуудлаар Ч.Гантулга нь С.Ганболдыг шүүхэд хандан бусдад худалдсан хөрөнгөө худалдаагүй мэтээр улаан цайм гүжирдэн гөрдөж буцаан нэхэмжилж өргөдөл гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулсан гэж үзэж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь цагдаагийн тасагт хандаж гомдол гаргасан байдаг... Цагдаагийн тасаг асуудлыг шалгаад Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2016 оны 02-р сарын 02-ны өдрийн 5/17 дугаартай тогтоол гаргасан байна. Уг 5/17 дугаартай тогтоолд ...баримтуудаар С.Ганболд нь 2002 онд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 10-р байрны 10 тоот байрыг оролцуулан гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Ч.Гантулгад 17,0 сая төгрөгөөр худалдсан байх бөгөөд Ч.Гантулга нь тухайн байрыг 2006 онд Д.Бат-Орхоноор дамжуулан Б.Буджавд худалдаж, Б.Буджав нь уг байранд 2006 оноос 2016 он хүртэл 10 жил оршин сууж байгаа болох нь тогтоогдож байна гэжээ. Энэхүү 5/17 дугаартай тогтоолыг талууд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй байсан боловч хэн аль нь гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр болсон байна. Сэлэнгэ айгмийн прокурорын газрын 2016 оны 02-р сарын 02-ны өдрийн 5/17 дугаартай тогтоолоор С.Ганболд нь орон сууцаа Ч.Гантулгад худалдсан нь, мөн Ч.Гантулга нь уг орон сууцыг надад худалдсан нь хөдөлбөргүйгээр тогтоогдож байгаа юм байна. Иймд нэгэнтээ С.Ганболд намайг тухайн үл хөдлөх эд хөрөнгө өөрийнх нь нэр дээр байгаа гэдэг шалтгаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 10-р байрны 10 тоотоос нүүлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бол миний бие С.Ганболдоос өөрт учирсан хохирол буюу уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 18 000 000 /арван сая/ төгрөгийн гэм хорын хохирлыг Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2016 оны 02-р сарын 02-ны өдрийн 5/17 дугаартай прокурорын тогтоолоор тогтоогдсон үйл явдал, үйл баримт болон бусад бичгийн болон, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч С.Ганболд сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан хариу тайлбартаа:
Нэгэнт би Гантулгатай байраа худалдаагүй учраас юу гэж өөрийнхөө байрны гэрчигээг хүнд сольж өгнө гэж хэлдэг юм. Гантулга надаас худалдаж авсан бол яагаад надаас өдөр болгон ирээд нэхээд байдаггүй юм. Энэ хүмүүс ах дүүсийн нутаг орноороо олуулаа үгсэж байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 188 дугаартай шийдвэрээр:
-Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ганболдын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Буджавд холбогдох бусдын хууль бус эзэмшилээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх тухай, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлд зааснаар нэхэмжилсэн хариуцагч Б.Буджавын нэхэмжлэлтэй, С.Ганболдод холбогдох 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус бүр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Б.Буджавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247 950 төгрөгийг тус бүр төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь шийдвэрийн тогтоох хэсэгт: “...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ганболдын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Буджавт холбогдох бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх тухай, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлд зааснаар нэхэмжилсэн хариуцагч Б.Буджавын нэхэмжлэлтэй. С.Ганболдод холбогдох 18.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус бүр хэрэгсэхгүй болгосугай...” гэж тогтоож өгсөн. Энэ утгаараа Иргэний хуулийг шууд буруу хэрэглэсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон. Хэрэгт авагдсан байгаа: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, Хөтөл 10 дугаар байрны 10 тоот 17.9мкв орон сууц нь нэг иргэн С.Ганболдын өмч гэсэн **************** дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаа, нэхэмжлэгч С.Ганболдын “...Д.Бат-Орхон гуай ирээд...байрныхаа ордерыг өгчих, би Ч.Гантулгатай наймаа хийх гэсэн юм гэхээр нь би юу яриад байгаа юм бэ?, Ч.Гантулга яагаад миний байрыг зарах гээд байгаа юм гэж хэлсэн...Би Ч.Гантулгатай байрны талаар наймаа хийсэн юм байхгүй. Ч.Гантулгатай худалдах, худалдан авах юм огт яригдаагүй байсан учраас энэ байрны бичиг баримтыг шилжүүлэх тухай ямар ч ойлголт байх ёсгүй, би тгэж яриагүй..., ...Гантулга өнгөрсөн жил шилжээд явж байгаа учраас байр эзгүйрлээ байраа авъя гэсэн. Би энэ байрыг 2001 онд авч байсан. Түүнээс хойш би энэ байрыг хэнд ч худалдаагүй, хэнд ч зараагүй. Тийм учраас энэ байрыг минь надад хүлээлгэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан...” гэсэн тайлбар, гэрч Д.Бат-Орхоны “...би энэ 1 өрөө орон сууцыг Ч.Гантулгаас 2.500.000 төгрөгөөр худалдаж авч, хүргэн дүү Б.Буджавт өгсөн...” гэсэн тайлбар, хариуцагч Б.Буджавын “...Д.Бат-Орхон ах энэ байрыг 2006 оны 08 дугаар сард авч өгсөн юм...” гэсэн тайлбар зэрэг нотлох баримтыг үнэлээгүй. Энэ утгаараа шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон...” гэв.
Хариуцагч Б.Буджав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. С.Ганболд миний 10 жил амьдарч, эзэмшиж ирсэн Сайхан сумын 01 дүгээр багийн 10 дугаар байрны 10 тоот байрыг болж өнгөрсөн явдал мэтээр худал дайрч авах гээд байгаа нь илт байна...намайг 10 жил амьдарч байхад нэг ч удаа ирээгүй байж, 2015 оны 10 дугаар сард байрны ордероо нэр дээрээ гаргаж аваад шүүхэд өгсөн.
Энэ хэрэгт хариуцагч байсан Гантулга, Бат-Орхон ах нар бүх үнэнийг нотолж гэрчээр тайлбарласан. Манайх энэ байранд хууль ёсны эзэмшигч болох нь 2006 оны 8 сараас одоо болтол цахилгаан эрчим хүч, дулаан, халуун хүйтэн ус, СӨХ, мөн 10 байрны 11 тоотод амьдардаг айл маань баталж байгаа...иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Үндэслэх нь:
Анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч С.Ганболд нь хариуцагч Б.Буджавт холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тус орон сууцыг худалдан авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, улмаар өөрт учирсан хохирол 18.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Хэргийг судлан үзвэл: хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 02 сарын 05-ны өдрийн 6/1740 дугаартай албан бичиг, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ний Хөтөл дэх салбарын 2016 оны 01 сарын 04-ний өдрийн 01 тоот албан бичиг, “Хөтөл-Өргөө” Сууц өмчлөгчдийн холбооны тодорхойлолт, “Гавшгай ус” ХХК-ний 2016 оны 01 сарын 04-ний өдрийн 01 тоот албан бичиг, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт байрлалтай 10 дугаар байрны 10 тоот нэг өрөө орон сууцыг 2001 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Сэлэнгэ аймаг Сайхан сумын нотариатчийн гэрчилсэн бэлэглэх гэрээгээр нэхэмжлэгч С.Ганболдын өмчлөлд бүртгэгдсэн бөгөөд тус орон сууц нь 2003 оноос Ч.Гантулгын, 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагч Б.Буджавын эзэмшилд байгаа болох нь тус тус тогтоогдож байна.
Маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт байрлалтай 10 дугаар байрны 10 тоот нэг өрөө орон сууцны өмчлөгч УХ65033111 дугаарт бүртгэгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр С.Ганболд болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Тус орон сууцыг хариуцагч Б.Буджав нь өөрийн ах Бат-Орхоноор зуучлуулан 2006 онд Ч.Гантулгаас худалдан авсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл зохигч талууд орон сууцыг худалдах худалдан авах гэрээ хэлцэл хийгдэж байсан эсэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Ганболд болон хариуцагч Б.Буджав нарын хооронд эрх зүйн ямар нэгэн харилцаа үүсээгүй байна.
Анхан шатны шүүх 2006 оны 06 сард дээрх маргаан бүхий орон сууцыг Ч.Гантулгад худалдаж, улмаар Б.Буджавд түүний ах Д.Бат-Орхон худалдан авч өгснөөр орон сууц нь бүрэн хэмжээгээр Б.Буджавын эзэмшилд шилжсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлож байна гэж дүгнэсэн нь буруу байна.
Маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах хэлцлийг нэхэмжлэгч С.Ганболд нь Ч.Гантулгатай хэзээ, ямар нөхцөлтэйгээр байгуулсан Ч.Гантулга нь орон сууцыг захиран зарцуулах эрхтэй эсэх зэрэг нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ хуульд заасан үндэслэл, шаардлагын дагуу орон сууц өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан зөвтгөж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хариуцагч Б.Буджав нь нэхэмжлэгч С.Ганболдод холбогдуулан хохирол 18.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд түүнийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг нэхэмжлэгч С.Ганболд нь хэрхэн зөрчсөн болон хохирол хэрхэн учруулсан болох нь тогтоогдоогүй тул түүний сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 188 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагч Б.Буджавын хууль бус өмчлөлөөс Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт байрлалтай 10 дугаар байрны 10 тоот нэг өрөө орон сууцыг чөлөөлөн нэхэмжлэгч С.Ганболдод олгож, Б.Буджавын нэхэмжлэгч С.Ганболдод холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтад
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ганболдын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, Б.Буджавын сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 247.950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж” гэсний дараа хариуцагч Б.Буджаваас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ганболдод олгосугай.” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД С.ЭНХЖАРГАЛ
Г.ДАВААРЕНЧИН