Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 59

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Малчин сумын 2-р багт оршин суух, иргэн Ц.А-ын нэхэмжлэлтэй

                  Хариуцагч: Увс аймгийн Малчин сумын Засаг даргад холбогдох,

             Увс аймгийн Малчин сумын Засаг даргын 2017 оны 10 сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, хариуцагч Увс аймгийн Малчин сумын Засаг дарга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Малчин сумын Цалгар багийн Засаг даргаар ажилладаг ба ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал, хуулийн дагуу хариуцлага хулээхүйц зүйл гаргаагүй болно. Тус сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10- ны Б/16 тоот сахилгын шийтгэл оногдуулах захирамж нь ямарч хууль эрх зүйн үндэслэлгүй гарсан гэж байна. Уг сахилгын шийтгэлийг өгөгдсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэх шалтгаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, байгууллагийн хөдөлмөрийн дотоод журмын 10.1.4 үндэслэн гаргасан гэжээ. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд 10.1.4 гэдэг заалт байхгүй ба 10.4 дээр Төрийн үйлчилгээний албан хаагч хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, дотоод журмын 5.9-ийн 1.2 дахь заалтыг зөрчсөн бол Тамгын газрын даргын тушаалаар шийтгэл оногдуулна гэж заажээ. Уг дотоод журамд 5.9.1.2 гэдэг заалт мөн байхгүй ба 5.9.1-д нь Төрийн албаны тухай хуулийн 15-р зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох заалтыг удаа дараа зөрчсөн, өгөгдсөн үүрэг чиглэлийг хангалтгүй биелүүлсэн мөн архидан согтуурсан гэж заагджээ. Мөн намайг өвс тэжээл бэлтгэлийн ажлын үеэр миний авга ахын бие муудаж Улаанбаатар хот явах шаардлагатай болсон учраас эхний удаагийн өвс тэжээлийн бэлтгэлийн ажилд оролцож чадаагүй. Дараагийн өвс тэжээлийн бэлтгэлийн ажилд 1 удаа явж 1 удаа явж чадаагүй. Нохой устгалын үед яаж устгах талаар маргалдсан өөрөөр ажил хийхгүй гэх зэргээр маргаан гараагүй.

        Эдгээр үндэслэлүүдээс үзэхэд дээрх захирамж нь бичиг хэргийн алдаатай /зүйл, заалтуудыг алдаатай бичсэн/, мөн ямар нэгэн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэгүй байна гэж миний бие үзэж байна. Мөн надад албан ёсоор ямар нэгэн үүрэг даалгавар өгөөгүй болно. Мөн эдгээр үндэслэлүүдээс үзэхэд миний бие төрийн жинхэнэ албан хаагч биш бөгөөд төрийн улс төрийн албан хаагчид хамрагдах тул Төрийн албаны тухай хуулийн 15-р зүйл нь миний ажил үүрэгт хамааралгүй ба хамааралтай гэж үзсэн ч уг зүйл заалтыг зөрчихөөр үйлдэл гаргаагүй байна. Мөн уг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.4-д тамгын газрын даргын тушаалаар уг шийтгэлийг оногдуулна гэсэн атлаа энэхүү захирамжыг Засаг дарга гаргасан нь хуулийн үндэслэлгүй байна.  Иймд уг захирамжыг хүчингүйд болгож өгнө үү “ гэв.

        Хариуцагч Увс аймгийн Малчин сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “Тус сумын Засаг дарга миний бие нь Цалгар багийн Засаг дарга Ц.А-д хуулийн хүрээнд өөрийн бүрэн эрхийн хэм хэмжээнд өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, батламжийн тодорхой заалтыг тус тус зөрчсөн тул албан тушаалын үндсэн цалинг 3 сар 20%-иар бууруулах сахилгын иийтгэл ногдуулсан билээ.

      Уг сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь: Багийн засаг дарга Ц.А нь шууд удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгавар, ажлын чиглэлийг удаа дараа биелүүлээгүй мөн эсэргүүцэх, ажил таслах зэрэг төрийн албаны зарчим хэм хэмжээг алдагдуулсан болно.

      Үүнд: 2017 оны 8-р сард аймгийн нөөцийн газраас сумын аюулгүйн нөөцөд өвс татаж байршуулах ажилд явах үүрэг даалгавар өгсөн боловч биелүүлээгүй.

        2017 оны 08 сарын 28-ны өдрийн байгууллагын ажилчдын хуралд үүрэг даалгавар өгч сумын төв доторх гудамжны гэрэлтүүлгийг шөнө, оройн цагаар гэрэлтүүлэх ажлыг цахилгаан сүлжээний ажилтантай хамтран хийх үүргийг огт хэрэгжүүлээгүй.

          2017 оны 10 сарын 02-нд Сумын төвийн доторхи золбин нохой, муур устгах ажлыг сан|аачилга гарган хийх үүрэг өгөхөд сумын Засаг даргыг хамт олны өмнө хэл амаар доромжилсон.

        Ажлын цаг баримтлахгүй хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслах зэрэг дутагдал гаргасан болно.

2017 оны 10 сарын 09-нд байгууллагын албан хаагчдын хурал дээр сумын төвийн нохой, муур устгах ажлыг багийн засаг дарга зохион байгуулах үүрэг даалгавар өгөхөд чи өөрөө хийхгүй юу гэж эсэргүүцэл илэрхийлсэн.

        Байгууллагын дотоод журам 2017 оны 06 сарын 15-нд хамт олны хурлаар хэлэлцэж баталсан ба дахин ямар нэгэн зүйл заалт нэмж засварлаагүй. Байгууллагын дотоод журмын 10.1.4 дэх заалтад сумын удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгавар, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ, батламж эрх зүйн бусад баримт бичгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл эрх бүхий албан тушаалтан төрийн албаны мөн хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.А нь Увс аймгийн Малчин сумын Засаг даргад холбогдуулан Малчин сумын Засаг даргын 2017 оны 10 сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн зүйл байхгүй, хөдөлмөрийн дотоод журамд Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар шийтгэл ногдуулахаар заасан байхад сумын Засаг дарга захирамж гаргасан нь үндэслэлгүй...” гэж тодорхойлжээ.

            Хариуцагчийн зүгээс “нэхэмжлэгч нь өгөгдсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, батламжийн заалтыг тус тус зөрчсөн тул сахилгын шийтгэл ногдуулсан” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Маргаан бүхий акт буюу Увс аймгийн Малчин сумын Засаг даргын 2017 оны 10 сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай захирамжаар өгөгдсөн үүрэг, даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.4-д заасныг баримтлан Цалгар багийн Засаг дарга Ц.А-ын цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

            Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Ц.А-ыг 2017 оны 8 сард аймгийн нөөцийн газраас сумын аюулгүйн нөөцөд өвс татах ажилд явах үүрэг өгсөн боловч биелүүлээгүй, 8 сарын 28-ны өдөр гудамжны гэрэлтүүлгийг засварлах ажлыг сумын цахилгаан сүлжээний ажилтантай хамтран хийх үүргийг хэрэгжүүлээгүй, нохой муур устгах ажлыг санаачилга гарган хийх үүргийг өгөхөд хэл амаар доромжилж, эсэргүүцэл үзүүлсэн, ажлын цаг баримталдаггүй, ажил тасалдаг гэж үзсэн талаараа тайлбартаа дурджээ.

            Нэхэмжлэгч Ц.А нь Малчин сумын Цалгар багийн буюу сумын төвийн багийн Засаг даргаар ажилладаг байх бөгөөд Малчин сумын Засаг даргатай 2017 оны 01 сарын 10-ны өдөр “Батламж” гэх баримт бичгийг баталж гарын үсгээ зурсан байна.

            Уг батламж нь 13 заалттай байх ба 1 дэх заалтад “Багийн иргэдийн нийтлэг эрх ашиг сонирхлыг илэрхийлж Засгийн газар, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллана”, 8 дахь заалтад “Засгийн газар, аймаг, сумын бодлого шийдвэр, удирдах бусад албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай хэрэгжүүлж үр дүнг тогтмол тайлагнаж, дэмжлэг туслалцаа авч ажиллана”, 11 дэх заалтад “...өвс тэжээл бэлтгэх ажлыг зохион байгуулна...”, 12 дахь заалтад “Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн, чадвар шаардлага хангахгүй байгаа...тохиолдолд улс төрийн хариуцлага хүлээнэ” гэж тус тус заажээ.

            Мөн багийн Засаг даргын ажлын байрны тодорхойлолтод багийн Засаг дарга нь сумын Засаг даргын өмнө ажлаа хариуцах талаар дурджээ.

          Нэхэмжлэгч Ц.А-д  сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийн тухайд өвс тэжээл татах ажилд 1 удаад нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас яваагүй талаар нэхэмжлэгч тайлбар гаргасан,2017 оны 8 сард аймгийн төвөөс өвс татах ажилд Ц.А оролцоогүй талаар Б.Б гэрчийн мэдүүлэгтээ мэдүүлсэн,гэрэлтүүлгийг засварлахад Ц.А цахилгааны утас,лент авч ирж өгөөд явсан талаар Г.Энхбаясгалан гэрчийн мэдүүлэгтээ мэдүүлсэн,нохой, муур устгах ажлын талаар албаны маргаан үүсч байсан,устгалын ажлыг 2017 оны 10 сарын ,,,-ны өдөр зохион байгуулсан талаар Ц.А шүүх хуралдаанд тайлбар гаргасан бөгөөд хэрэгт Малчин сумын Засаг даргын тамгын газрын албан хаагчдын 2017.08.28, 2017.10.02, 2017.10.09-ний өдрүүдийн хуралдааны тэмдэглэлүүд авагдсан байгаа болно.

         Ажлын цаг баримталдаггүй,ажил тасалсан гэх үндэслэлийн талаар хариуцагч нь нэхэмжлэгчийг хэзээ,хэдэн удаа ажил тасалсан талаар тайлбарлаж нотлооогүй болно.

             Багийн Засаг даргын эрх зүйн байдлын тухайд:

         Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д төрийн албыг төрийн улс төрийн төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний алба гэж ангилан мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль,бусад хуулиар тогтоосон болзол,журам,шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах ...дараах албан тушаал хамаарна” гэж заан тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-д бүх шатны Засаг даргыг төрийн улс төрийн албан тушаалтанд хамруулсан байна.

         Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэжээ.

          Багийн Засаг даргыг хэрхэн томилох чөлөөлөх, болон бусад эрх үүрэгтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулсан байна.

             Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д багийн Засаг дарга нь “төр,засгийн бодлого,хууль тогтоомж, Засгийн газрын болон дээд шатны хурал,Засаг даргын шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” ажлыг хэрэгжүүлэхээр, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д сумын Засаг дарга нь баг хорооны Засаг даргын ажлыг чиглүүлэн удирдах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр тус тус зааж уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Сум дүүрэг баг хорооны Засаг дарга тухайн Хурлын болон дээд шатны Засаг даргын өмнө ажлаа хариуцна” гэжээ.

           Харин ямар тохиолдолд хэрхэн хариуцлага тооцох талаар хуульд тусгайлан заагаагүй, өөрөөр хэлбэл багийн Засаг даргын эрх зүйн байдлыг субьектив эрхийн хүрээнд тусгаж зохицуулаагүй байна.

          Үүнээс үзэхэд багийн Засаг даргын албан үүргээ гүйцэтгэсэн байдлыг дүгнэн улс төрийн албан тушаалтных нь хувьд улс төрийн хариуцлага тооцох асуудал сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хамаарах бөгөөд шүүхийн зүгээс хариуцлага тооцох үндэслэлд буюу нэхэмжлэгчийг албан үүргээ хангалттай биелүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй юм.

         Иймд нэхэмжлэгчийн “Өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн зүйл байхгүй, хөдөлмөрийн дотоод журамд Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар шийтгэл ногдуулахаар заасан байхад сумын Засаг дарга захирамж гаргасан нь үндэслэлгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байх ба хариуцагч нь өөрийн эрх хэмжээний хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       Нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8, 31 дүгээр зүйлийн 31.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А-ын “Увс аймгийн Малчин сумын Засаг даргын 2017 оны 10 сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.А-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЦЭЦЭГ