Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2021/0246

 

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2021/0246

Улаанбаатар хот

 

 

 

                                              “М.К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө, Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, Э.Э-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Т.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, Б.Ү, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 109 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө-ийн давж заалдах гомдлоор, “М.К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 109 дүгээр шийдвэрээр: “Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1.2-т тус тус заасныг баримтлан “М.К” ХХК-ийн “ “Харилцаа холбооны зохицуулах хороо, “Ю” ХХК-тай байгуулсан 2020 оны  01 дүгээр сарын 01-ний өдрийн 314000014 дүгээр захиргааны гэрээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө давж заалдах гомдолдоо: ““М.К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох “Харилцаа холбооны зохицуулах хороо, “Ю” ХХК-тай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 314000014 дүгээр захиргааны гэрээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 109 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухайд.

Нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т Нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасны дагуу өмнө нь манай компанийн эзэмшиж байсан дугаарлалтыг хураан авсан атлаа одоо “Ю” ХХК-д олгож байгаа нь бидний зах зээлд шударга өрсөлдөх боломжийг хязгаарлаж, шударга өрсөлдөх эрхийг зөрчиж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл “М.К” ХХК-ийн өмнө нь эзэмшиж байсан 55хх- хххх дугаарлалтыг “дугаарлалтын нөөц хангалттай байгаа” гэдэг үндэслэлээр хураан авсан атлаа одоо ч дугаарлалтын нөөц хангалттай байхад, тодруулбал 8xxx-xxxx, 9xxx-xxxx угтвар дугаараар эхэлсэн 7.000.000 /долоон сая/ дугаарлалтыг ямар нэгэн компани эзэмшээгүй байхад 55xx-xxxx, 50xx-xxxx дугаарлалтыг “Ю” ХХК-д олгосон нь хууль бус гэж маргасан.

Өмнө нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 3359 дүгээр захирамжаар манай компанийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол маргаан бүхий гэрээний улмаас хөндөгдөөгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан.

Тус захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 402 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шууд дүгнэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар энэ асуудлаар маргах эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй” гэж дүгнэж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байгаа.

Гэвч анхан шатны шүүх шийдвэртээ “... маргаан бүхий гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж байгаа нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоож чадсангүй гэж үзэж байна.

2. Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Ю” ХХК-д давуу байдал олгосон нь М.К ХХК-ийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн тухайд.

Харилцаа холбооны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүнийг ашиглах, хамгаалах, зах зээлийн үр өгөөжтэй, шударга өрсөлдөөнийг дэмжих, иргэн, хуулийн этгээдийг харилцаа холбоо, мэдээллийн технологийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хүртээмжтэй хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй Харилцаа холбооны зохицуулах хороо /цаашид “Зохицуулах хороо” гэх/ ажиллана” гэж тус тус заасан. Тус хуулиас үзвэл Харилцаа холбооны зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл бүхий компаниудыг харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, түүнийг зохицуулах чиг үүрэгтэй байгууллага байна.

Түүнчлэн харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 1.1-д “Харилцаа холбооны зохицуулах хороо нь өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх ... чиг үүрэг бүхий байгууллага мөн”, 1.3-т “Хорооны үндсэн зорилго нь хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, үйлчлэгчийн шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино” гэж тус тус заажээ.

 Гэвч Харилцаа холбооны зохицуулах хороо нь өөрийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулалгүй харилцаа холбооны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл бүхий компаниуд /“М.К” ХХК, “Ю” ХХК г.м/-ыг харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэлгүй, зах зээлийн үр өгөөжтэй, шударга өрсөлдөөнийг хязгаарлаж хууль, дүрмээр хүлээсэн үүрэг, зорилгынхоо эсрэг үйл ажиллагаа явуулж “Ю” ХХК-д давуу байдал бий болгох замаар бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаад байгаад гомдолтой байна.

Учир нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн 02/1412 дугаар албан бичгийн хавсралтаас үзвэл “8”, “9” цифрээр эхэлсэн нийт 20.000.000 /хорин сая/ дугаарлалтаас “М.К” ХХК 4.000.000, “Ю” ХХК 4.000.000 дугаарлалт бусад компани, эрх бүхий байгууллагад, нийт 4.910.000 дугаарлалт хуваарилагдсан, нөөцөд 7.090.000 /хэрэглээнд гараагүй/ дугаарлалт байна.

Харин 2020 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгч 4.422.500 байгаагийн 32.94 хувь нь “Ю” ХХК-ийг сонгон үйлчлүүлж буй хэрэглэгчид буюу тус компанийн дугаарлалтыг ашиглаж байгаа хэрэглэгчид байна.

Үүнээс тооцоод үзвэл улсын хэмжээнд 1.456.771 хэрэглэгч “Ю” ХХК-ийн дугаарлалтыг ашиглаж буй хэрэглэгчид байгаа бөгөөд “Ю” ХХК-ийн “8” цифрээр эхэлсэн дугаарлалтаас авсан 4.000.000 дугаараас 1.456.771 нь улсын хэмжээнд хэрэглэгдэж байгаа болох нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02/2140 дүгээр албан бичгээр нотлогдож байна.

Гуравдагч этгээд “Ю” ХХК-иас тус компанийн авсан дугаарлалтын нөөц дууссан гэж тайлбарладаг бөгөөд хэрэв авсан дугаарлалтын нөөц нь дууссан бол Харилцаа холбооны зохицуулах хороо ямар нэгэн тусгай зөвшөөрөл бүхий компани, байгууллага эзэмшээгүй байгаа “8”, “9” цифрээр эхэлсэн нийт 7.090.000 дугаарлалтаас “Ю” ХХК-д олгох боломж байсан.

Гэвч “дугаарлалтын нөөц хангалттай, хязгаарлагдмал дугаарлалтын үр ашигтай байдлыг харгалзан ...” гэх үндэслэлээр “М.К” ХХК-ийн эзэмшиж байсан “5” цифрээр эхэлсэн дугаарлалтыг хураан авсан атлаа дугаарлалтын нөөц хангалттай, үр ашигтай байдал өөрчлөгдөөгүй байхад “Ю” ХХК-д “5” цифрээр эхэлсэн дугаарыг олгож байгаа нь Харилцаа холбооны зохицуулах хороо хууль, дүрмээр хүлээсэн үүргээ зөрчиж, зорилгодоо нийцэхгүй үйл ажиллагаа явуулж харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал сүлжээний дугаарлалт гэдэг бол өөрөө хязгаарлагдмал нөөцтэй бөгөөд иргэд, хэрэглэгчдийн гоё дугаар, азын дугаар гэж нэрлэж заншсан дугааруудыг зах зээлд шинээр гаргах замаар хэрэглэгчид (40.000 орчим)-ийг татах зорилго бүхий “Ю” ХХК-д давуу байдал бий болгох замаар бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол болох шударгаар өрсөлдөх боломжийг хязгаарлаж байна. Дээрх нөхцөл байдлаас үүдэн М.К” ХХК нь шинээр хэрэглэгч олж авах боломжгүй болох, одоо байгаа хэрэглэгчээ алдах буюу бизнесийн боломж, ашиг орлогоо булаалгах нөхцөл байдал үүсэхээр байгаа болно.

Ийнхүү Харилцаа холбооны зохицуулах хорооны үйл ажиллагаа нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих буюу эрх зүйн байдлыг өөрчлөх үр дагавар үүсгэхээр байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

 3. Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга “Ю” ХХК-тай шууд гэрээ байгуулах эрхтэй эсэх тухайд.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн маргааны үндэслэл, үйл баримтыг тодорхойлж чадаагүй гэж үзэж байх бөгөөд нэхэмжлэгчээс Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө батлах эрхтэй эсэх асуудлаар маргаагүй.

Гэвч анхан шатны шүүх Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийг баримталж хэргийг шийдвэрлэж байгаа нь маргааны үйл баримтыг оновчтой тодорхойлж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг батлах эрхтэй эсэх асуудлаар нэхэмжлэгчээс маргаагүй бөгөөд харин Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.2-т “Хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих”, 9.1.9-д “Сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх” эрх нь Харилцаа холбооны зохицуулах хороонд байгаа талаар маргасан.

Анхан шатны шүүхээс “...хариуцагч сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар тогтоолоор баталсан Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.2Хууль тогтоомж болон энэ дүрэмд заасан бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаж, биелэлтийг хангуулах”, 3.1.4-т “Хороог гадаад, дотоодод итгэмжлэлгүйгээр төлөөлөх” гэж заасны дагуу тус хорооны даргын хувьд гуравдагч этгээдтэй маргаан бүхий гэрээг байгуулсныг буруутгах үндэслэлгүй” гэж буруу дүгнэлтийг хийсэн.

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга тус хороог гадаад, дотоодод итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй ч эрхээ гагцхүү хууль, дүрэмд заасны дагуу эрхээ эдлэх нь зүйтэй.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар тогтоол батлагдан мөрдөгдөж эхэлснээс хойш анх удаа сүлжээний дугаарлалтыг тусгай зөвшөөрөл бүхий компанид олгож байна.

Тодруулбал Харилцаа холбооны зохицуулах хорооны даргад дангаар, бие дааж сүлжээний дугаарлалтын гэрээ байгуулах эрхийг хуулиар олгоогүй. Гагцхүү энэ нь хорооны хуралдаанаар шийдвэрлэгдэж, хорооны хуралдаанаас гарсан шийдвэрийг үндэслэж хорооны дарга сүлжээний дугаарлалтын гэрээ байгуулах эрхтэй байна.

Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 268 дугаар тогтоолоор батлагдсан Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 2.1-д “Хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээс гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 4.1-д “Хорооны үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр хуралдаан байна. Хорооны хуралдаанд гишүүдийн олонх оролцсон тохиолдолд хуралдааны ирц бүрдсэн гэж үзнэ”, 4.6-д “Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ”, 4.3-т “Хорооны хуралдаанаар энэ дүрмийн 2.1-д зааснаас гадна дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ”, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.2-т “...гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих” гэж тус тус зааснаар гэрээ байгуулах шийдвэр гаргах эрх нь Харилцаа холбооны зохицуулах хороонд буюу хорооны хуралдаанд хадгалагдаж байгаа бөгөөд хорооны хуралдаанаар хэлэлцэгдэж шийдвэрлэгдэхээр байна.

Гэвч Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга өөрийн бүрэн эрхээс хэтэрсэн асуудлаар буюу хорооны хуралдаанаар хэлэлцүүлэлгүй бие даасан шийдвэр гаргаж Ю ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 314000014 дүгээр захиргааны гэрээ байгуулж 50xx-xxxx, 55xx-xxxx сүлжээний дугаарлалтыг олгож байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Зүй нь Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 3.1-д “Хорооны дарга дараах бүрэн эрхтэй”, 3.1.2-т “Хууль тогтоомж болон энэ дүрэмд заасан бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаж, биелэлтийг хангуулах” гэж зааснаар Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдаанаар хэлэлцэгдэж, тусгай зөвшөөрөл бүхий компанид сүлжээний дугаарлалт олгохоор дэмжигдсэн тохиолдолд хорооны дарга компанитай гэрээ байгуулах эрх нь үүснэ.

Түүнчлэн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/161 дүгээр тушаалын 4 дэх заалтад “Дээрх өөрчлөлтийг мөрдлөг болгон хэрэгжилтийг зохион байгуулахыг Харилцаа холбооны зохицуулах хороо /Г.Ч/-нд үүрэг болгосугай” гэснээс үзвэл Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хэрэгжилтийг зохион байгуулахыг Харилцаа холбооны зохицуулах хороонд үүрэг болгосон байна.

Дээрх хууль, дүрмийн заалтыг анхан шатны шүүхээс буруу тайлбарлан “... дүрмийн 4.1, 4.3-т хэлэлцэх асуудлыг нэрлэн заажээ. Үүнд тус хороо нь маргаан бүхий асуудлаар тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулах талаар тусгаагүй байх тул нэхэмжлэгчийн “маргаан бүхий асуудлаар хороо хуралдаагүй, гэрээг байгуулах эрх бүхий этгээд гэрээг байгуулаагүй” гэх тайлбар үндэслэлгүй ...” гэж холбогдох хууль, дүрмийн иш татан хэрэглэж байгаа заалтуудыг нэрлэн заасан гэж буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

4. Харилцаа холбооны салбарт төрөөс баримталж буй бодлогын тухайд.

 “Ю” ХХК-д 50хх, 55хх цифрээр эхэлсэн дугаарлалтыг олгосноороо “5” цифрээр эхэлсэн дугаарлалтын өрмийг нь аваад хусмыг нь үлдээнэ гэдэг агуулга шууд харагдаж байна. 50, 55 дугаарлалт бол “5” эхлэх дугаар доторх хамгийн үнэлгээ өндөртэй дугаарлалт бөгөөд уул дугаарлалтыг авснаар зах зээлд 5-25% хүртэл өсөх, бусад компаниудад шударга бус өрсөлдөөнийг бий болгож, гарааны хувьд тэгш бус байдлыг бий болгоно.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний 1 дүгээр зүйлийн 1.2-т “Харилцаа холбооны үйлчилгээний дугаарлалт нь хязгаарлагдмал тул Харилцаа холбооны зохицуулах газар нь дугаарлалтыг төлөвлөгөөнд тусгагдсан дугаар, дугаарлалтыг үр ашигтай хуваарилах зарчим баримтлан хэрэгжилтийг хангуулна” гэж заасан нь хэрэв төлөвлөсөн дугаарлалтад нөөц байгаа, эсвэл үр ашигтайгаар бүрэн ашиглагдаагүй тохиолдолд үүрэн холбооны үйлчилгээнд шинээр дугаар хуваарилахгүй, олгохгүй байх талаар маш тодорхой тусгажээ.

Түүнчлэн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 1/399 дүгээр албан бичигт “... Хүсэлт гаргасан байгууллагад олгосон ярианы дугаарлалтын нөөц хангалттай тохиолдолд дээрх дугаарыг зөвхөн зүйлсийн интернет, дата үйлчилгээнд зориулан олгох нь зүйтэй” гэсэн чиглэлийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн байдаг.

Эдгээр нь төрөөс баримталж буй бодлогыг зөвхөн тухайн бодлого, хууль тогтоомжид заасан хүрээнд хэрэгжүүлэхийг Харилцаа холбооны зохицуулах хороонд чухалчлан сануулсан болохыг тодорхой харуулж байна.

Дээр дурдсан төлөвлөгөө, чиглэлийн дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо “Ю” ХХК-ийн дугаарлалтын нөөц хангалттай байгаа талаар хүлээн зөвшөөрч, маргаан бүхий гэрээнд өөрчлөлт оруулах мэдэгдлийг “Ю” ХХК-д 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 04/730 дугаар албан бичгээр хүргүүлсэн нь үүрэн холбооны ярианы үйлчилгээнд зайлшгүй дугаарлалтын нөөц дуусгавар болж “Ю” ХХК-д дугаарлалтын нөөц олгох хэрэгцээ, шаардлага байгаагүй болох нь тодорхой нотлогдоно.

Иймд дээрх үндэслэлүүдээр маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, холбогдох хууль, дүрмийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэлгүй хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 109 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “М.К” ХХК-иас Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан “Харилцаа холбооны зохицуулах хороо, “Ю” ХХК-тай байгуулсан 2020 оны  01 дүгээр сарын 01-ний өдрийн “Ю” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт 31400014 дүгээр захиргааны гэрээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Маргаан бүхий нэмэлт 31400014 дүгээр гэрээг Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээ дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний 1.2, 1.6, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 58 дугаар тогтоол болон үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх 14300003 тоот тусгай зөвшөөрлийн гэрээний 6.5 дахь заалтыг тус тус үндэслэн байгуулсан байх бөгөөд үндсэн гэрээ болох 14300003 тоот тусгай зөвшөөрлийн гэрээ хэрэгт авагдаагүй тул уг гэрээний 6.5 дахь заалтаар чухам ямар үйлчилгээг, ямар нөхцөлөөр үзүүлэхээр зохицуулсан, чухам ямар зохицуулалтыг үндэслэн уг нэмэлт гэрээг байгуулсан нь тодорхойгүй байна. Иймд энэ талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 268 дугаар тогтоолоор батлагдсан Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийн 2.1-д “Хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээс гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 4.1-д “Хорооны үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр хуралдаан байна. Хорооны хуралдаанд гишүүдийн олонх оролцсон тохиолдолд хуралдааны ирц бүрдсэн гэж үзнэ”, 4.3-т “Хорооны хуралдаанаар энэ дүрмийн 2.1-д зааснаас гадна дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ”, 4.5-д “Хорооны тогтоолд Хорооны дарга, гишүүд, хурлын тэмдэглэлд Хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна”, 4.6-д “Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ”, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.2-т “...гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих” гэж тус тус заажээ.

Дээрхээс үзвэл хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих зэрэг шийдвэр гаргах эрхийг Харилцаа холбооны зохицуулах хороонд буюу хорооны хуралдаанд олгосон байх бөгөөд Харилцаа холбооны зохицуулах газраас “Ю” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалт олгох, нэмэлт гэрээ хийхтэй холбоотой асуудлыг тус хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн эсэх, хэлэлцүүлсэн бол хэзээ, хэрхэн хэлэлцүүлсэн, ямар шалтгааны улмаас тус хорооны дарга гарын үсэг зурж гэрээ байгуулсан нь ойлгомжгүй, хавтаст хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байна.

Хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2012 онд “М.К” ХХК-ийн ашиглаж байсан “55” гэх угтвар дугаарыг дугаарын нөөц хангалттай байгаа тул олон дугаар гаргахгүй” гэх үндэслэлээр буцаан авсан, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/104 дүгээр тушаалаар “Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө”-г баталж, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/161 дүгээр тушаалаар мөн төлөвлөгөөний Томьёолол 13-д “5х-хххххх” гэсэн форматыг нэмсэн бөгөөд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1/399 дүгээр албан бичгээр “... 5х-хххххх дугаарлалтыг хүсэлт гаргасан байгууллагад олгохдоо өмнө олгосон дугаарын ашиглалтын байдалтай уялдуулж ярианы үйлчилгээнд олгох чиглэлийг баримталж ажиллана уу. Хүсэлт гаргасан байгууллагад олгосон ярианы үйлчилгээний дугаарлалтын нөөц хангалттай тохиолдолд дээрх дугаарыг зөвхөн зүйлсийн интернет, дата үйлчилгээнд зориулан олгох нь зүйтэй” гэж нөөцийг үр ашигтай хуваарилах зарчмыг баримтлан ажиллахыг мэдэгдсэн байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 02/1412 дугаар албан бичгээр үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдэд дугаар олгосон байдлыг хүснэгтээр ирүүлж, 6 сая 100 мянган дугаар нөөцөд буюу сул байгаа, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02/2140 дүгээр албан бичгээр “... 2020 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчийн тоо нийт 4,422.5 мянга байгаа бөгөөд үүнээс “Ю” ХХК 32,94 хувийг эзэлж байна” гэжээ.

Харин “Ю” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/1690 дүгээр албан бичигт “... цаашид шинээр нэвтрүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээнд ашиглахад дугаарын сонголтуудыг бий болгох үүднээс 55 болон 66 бүхий дугаарлалтыг ашиглах эрхийг олгож өгнө үү”, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/2169 дүгээр албан бичигт “... одоогоор бид үүрэн холбооны үйлчилгээнд 88, 89, 86, 80 дугаарлалтуудыг ашиглаж байгаа бөгөөд тус дугаарлалтуудын дүүргэлт 76 хувь хүрээд байна. ... цаашид шинээр нэвтрүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээнд ашиглахад дугаарын сонголтуудыг бий болгох үүднээс 50 болон 55 бүхий дугаарлалтыг ашиглах эрхийг олгож өгнө үү”, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 05/107 дугаар албан бичигт “... нийт 4 сая дугаарлалтын ашиглалт 2019 оны 12 дугаар сарын байдлаар 76 хувьтай байсан бол 2020 оны 10 дугаар сарын байдлаар 79 хувьтай, худалдаанд гарах боломжтой дугаарын үлдэгдэл 838,000 орчим буюу нийт дугаарын 21 хувь, бусад дугаар нь идэвхтэй, идэвхгүй, хадгалалт, нөөцийн горимд байна” гэжээ.

Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээ дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний 1.2, 1.6-д тус тус зааснаас үзвэл Харилцаа холбооны зохицуулах хороо нь дугаарлалтын төлөвлөгөөнд тусгагдсан дугаар, дугаарлалтыг үр ашигтай хуваарилах зарчим баримтлан хэрэгжилтийг хангуулах, дугаарлалтын хуваарилалт, ашиглалтад хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд зохицуулалтын арга хэмжээ авах, зохицуулалтын арга хэмжээг дугаарлалтын журам, бусад журмуудаар зохицуулахаар заасан байхад хариуцагчаас “... манайхаас ирүүлсэн бичиг болон сайтад байгаа хуваагдсан дүн нь өнөөдрийн байдлаарх Монгол Улсын идэвхтэй хэрэглэгчийн тоо, ... тухайн хэрэглэгч нь идэвхтэй хэрэглэж байгаа гэсэн үг, ... дугаараа аваад хэрэглээгүй, ашиглаагүй хэдэн сар болсон тоог нь нэмээд үзвэл олон тоо гарна, ... тухайн тоо нь манайд байдаггүй” гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй.

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан тоон мэдээллүүд, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзвэл хариуцагчаас “Ю” ХХК-д олгогдсон 4 сая дугаарын хэдэн дугаар нь ашиглалтад байгаа, ярианы үйлчилгээний дугаарлалтын нөөц нь хэдэн хувьтай болох, тус компаниас хүсэлтийн хамт чухам ямар баримтууд ирүүлснийг үндэслэн дээрх нэмэлт гэрээг байгуулсан, “Ю” ХХК-иас “... худалдаанд гарах боломжтой дугаарын үлдэгдэл 838,000 орчим буюу нийт дугаарын 21 хувь” гэж тооцоолон ирүүлснийг бодит байдалд нийцэж байгааг нягтлан шалгаж, хяналт тавих үүргээ хэрэгжүүлсэн эсэх, тус компанийн эзэмшлийн дугаарлалтуудын идэвхтэй хэрэглэгчдийн зах зээлд эзлэх хувь хэмжээг бус дугаарлалтын нөөцийн талаарх судалгааг хэрхэн хийж, шийдвэр гаргасан нь тодорхойгүй байна.

Түүнчлэн маргаан бүхий нэмэлт гэрээг “... 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр хийсэн ...” гэж нэхэмжлэгчээс маргаж байхад хариуцагчаас “... мэдээж 01 дүгээр сарын 01-ний өдөр ажиллаагүй нь тодорхой. Яг гэрээ байгуулагдсан огноо нь тухайн өдөр биш, алдаатай гарсан байх, тусгай зөвшөөрлийн дугаарлалтууд нь яг дараалсан байдлаар явдаггүй, өөрөө цаанаасаа программаас орж ирдэг, бүртгэлийг яг одоо гаргаж өгөх боломжгүй, гэрээг цахимаар хийдэг” гэж, гуравдагч этгээдээс “... тэр бол бичиглэлийн алдаа, 01 дүгээр сарын 05-ны өдөр байх, цахим шуудан ирсэн санагдаж байна” гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд шүүхийн үзлэгээр Харилцаа холбооны зохицуулалт, дугаарлалт хариуцсан мэргэжилтэн Г.М-ийн цахим хаягаас 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-т гэрээг цахимаар хүргүүлсэн болохыг тогтоогдсон гэж үзсэн ч уг гэрээг чухам хэзээ, ямар журмаар байгуулсан, энэ нь холбогдох хууль, журамд нийцэж байгаа эсэхийг анхан шатны шүүх тодруулж, холбогдох баримтыг цуглуулж, дүгнэлт хийгээгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах...” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Тус захиргааны хэрэг үүссэний дараагаар буюу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 04/1128 дугаар албан бичгээр Харилцаа холбооны зохицуулах хорооноос “М.К” ХХК-д хандан “... та бүхэн 5х-хх-хххх, 6х-хх-хххх дугаарлалттай холбоотой дугаарлалтын төлөвлөгөөнд оруулах саналаа 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотор ирүүлнэ үү” гэсний хариуд “М.К” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/5296 дугаар албан бичгээр “... 5х-хх-хххх дугаарлалтыг зөвхөн өгөгдөл дамжуулах үйлчилгээнд ашиглах шаардлагатай гэж үзэж байгаа ба энэхүү байр сууриа тус хороонд 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/2622 дугаар албан бичгээр хүргүүлж байсан. ... Харилцаа холбооны зохицуулах хороо нь нэг үйлчилгээ эрхлэгчид олгосон 50хх-хххх, 55хх-хххх угтвар бүхий 2 сая дугаарлалтыг буцаан авч, операторуудад ижил тэгш үйлчлэх нөхцөлийг хангах зорилгоор 500 мянгаар багцлан хуваарилах зохицуулалт хийж өгөхийг” хүссэн байна.

Энэ талаар шүүх хуралдаанд хариуцагчаас тодруулахад “... одоогийн байдлаар ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй” гэх тайлбар хийснийг дурдах нь зүйтэй бөгөөд “Ю” ХХК-тай нэмэлт гэрээ байгуулснаас хойш 6 сарын дараа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ямар зорилгоор нэхэмжлэгч компанид 5х-хх-хххх, 6х-хх-хххх дугаарлалттай холбоотой дугаарлалтын төлөвлөгөөнд оруулах саналаа ирүүлэхийг хүссэн, нэхэмжлэгчийн хариу хүсэлтийг одоогийн байдлаар яагаад шийдвэрлээгүй байгаа, шийдвэрлэх боломжтой эсэх,  энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай хэрхэн уялдаж болох талаар тодруулсны үндсэн дээр хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай байна.

Мөн тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч Б.Б.М явуулж байсан атал 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Шүүгчдийн зөвлөгөөнд шүүгч Х.Н хэргийн хугацааг сунгуулах хүсэлтийг гаргасны дагуу хугацааг сунгасан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан журмын дагуу шүүх хуралдааныг товлоогүй, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу шүүх хуралдааны даргалагчийг албажуулаагүй, 1 дүгээр хавтаст хэргийн 158-159 дүгээр хуудас хооронд 7 хуудас баримт дугаарлаагүй хавсаргасан зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3, 121.3.3, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 109 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                  Э.ЛХАГВАСҮРЭН

                ШҮҮГЧ                                                                  Н.ДОЛГОРСҮРЭН