| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/0229/Э |
| Дугаар | 0305 |
| Огноо | 2020-03-25 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 0305
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч М.Сүхчулуун,
шүүгдэгч Б.Ө, өмгөөлөгч А.Очбадрал,
шүүгдэгч Л.Д, өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Ө, Л.Д нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808004491782 дугаар 2 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 971а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 5 сарын хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жил 1 сарын хорих ялын зарим болох 3 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 8 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 4 жилийг өршөөгдөж, 2015 оны Эрүүгийн хуулиар хорих ялыг дүйцүүлэн хасаж суллагдсан, Халтар овогт Батжаргалын Ө/ РД: /,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхай хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт
урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 971а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилээр хянан харгалзсан,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 6 жил 1 сарын хугацаагаар тогтоож, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жилийг өршөөгдөж, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр эдлээгүй үлдсэн 10 cap 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Д /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.Ө, Л.Д нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны орой 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 3 дугаар гудамжинд А.Бын 150.000 төгрөгийн үнэтэй гар утсыг авахаар хүч хэрэглэн довтолсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сард найзындаа архи уугаад явж байгаад 1 залуутай маргаад муудалцсан. Дээрэмдэх гэж бодоогүй, утас унахаар л аваад явсан. Ломбарданд 60.000 төгрөгөөр тавьсан. Байцаагч мэдүүлэг авахдаа өөрөө тэгж бичсэн, би тийм мэдүүлэг өгөөгүй. Д тухайн үед намайг утас авахыг мэдээгүй. Дээрэмдэх гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Бага насны хүүхдийг минь харгалзан үзэж хөнгөн ял өгнө үү” гэв.
Шүүгдэгч Л.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сард Өтай уулзаад найзындаа очоод 2 шил архи уусан. Явж байгаад 1 залуутай Ө маргалдаад салгах гэхэд салахгүй болохоор нь би цохиод, жийсэн. Зугтаад явж байхад Ө утсыг авсан байсан. Гэмт хэрэг хийе гэж бодоогүй. Санаандгүй явж байгаад хэрэгт холбогдсон. Хэргээ хүлээж байна. Ярилцаж тохиролцсон талаар би мэдүүлэг өгөөгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ялыг хөнгөлж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1808004491782 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч А.Бын: “Тухайн өдөр би найз Пүрэвсүрэнгийн гэрээс 21 цаг болох гэж байхад гараад харих гээд Пүрэвсүрэнтэй хамт явсан. Намайг гудамж руу дөхүүлээд зам дээрээс салсан. Би салаад хэсэг ганцаараа алхаж явтал миний өөдөөс 4 залуу ирж байгаа харагдсан. 2 залуу нь миний хажуугаар зөрөөд өнгөрсөн. Харин 2 залуу нь над руу чиглэж ирээд хамт явсан хүнээсээ арай өндөр, туранхай биетэй кепкин малгайтай бараан өнгийн куртиктай залуу нь шууд үгийн зөрөөгүй зүүн хацар тус газар цохисон. Доошоо тонгойход хамт явж байсан жижиг, намхан биетэй залуу нь цээжин тус газар жийж өшиглөсөн. Тэгснээ “халаасандаа байгаа эд зүйлээ гаргаад ир” гэхээр нь би “намайг яг дээрэмдэж байгаа юм байна” гэж бодоод найз Пүрэвсүрэнг Пуска гэж чангаар дуудаад орилоход намхан биетэй залуу нь “чи ямар их орилдог юм” гэж нүүрэн тус нэг удаа гараараа цохисон. Би тонгойсон чигээрээ байхад шилэн хүзүүн дээрээс ахиад цохиж хүч хэрэглэсэн учир би чимээгүй болсон. Би ахиад Пуска гэж орилсон чинь манай найз гар чийдэн гялалзуулаад ирж яваа харагдсан. Энэ үед өндөр биетэй залуу нь миний куртикний баруун талын халаас руу гараа хийгээд миний Самсунг гар утсыг булаасан. Би болиулах гээд гарыг нь барихад хажуу талаас намхан залуу нь зүүн шанаа тус газар цохисон. Тэгээд шууд угз татаад миний “Самсунг эс5” гар утсыг аваад тэр хоёр залуу зугтаасан. Би араас нь хөөсөн. Тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлээгүй, хүзүү жаахан өвдөөд байсан, бусдаар бэртсэн, гэмтсэн зүйл гайгүй байсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Хохирлын 150.000 төгрөгөө хүлээгээд авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-9-11, 204/,
Гэрч С.Пүрэвсүрэнгийн: “Өнөөдөр 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай найз Б манайд ирээд 21 цаг болж байхад явахаар болсон. Би түүнийг дөхүүлж өгөх гээд гар чийдэн аваад хамт гарсан. ...Баас салаад 2-3 минут орчим байх алхаж байхад араас Б намайг Пуска гээд дуудах шиг болсон. Эргээд харахад харанхуйд хүмүүс зууралдаад ноцолдоод байгаа юм шиг харагдсан. Быг хүмүүс зодож байна гэж бодоод тэр зүг рүү гүйхэд өөдөөс тэр ноцолдоод байгаа хүмүүсийн наана бараан хувцастай хоёр залуу байсан. Тэр хоёр над руу “хөөе зогс” гэхээр нь би тэр хоёрыг тойроод хажуугаар нь гүйгээд гарсан. Тэгэхэд араас чулуу шидээд байх шиг байсан. Энэ үед нөгөө ноцолдоод байсан хүмүүс цаашаа гүйгээд гудамж тойроод явчихаар нь гүйгээд очиход Б буцаад ирж таарсан. Тэгээд “сая хүмүүст зодуулаад, дээрэмдүүлчихлээ, миний утсыг авсан 2 хүн ийшээ гүйсэн” гээд заахаар нь би түүнтэй хамт тэр зүгт гүйгээд нөгөө хүмүүсийг хайсан боловч олоогүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-14/,
“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2018.05.01-ний өдрийн гар утасны үнийн тухай 18/146 дугаар тодорхойлолтод: “Гар утас /Samsung Galaxy S5/ 150.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-75-76/,
Шүүгдэгч Б.Өын яллагдагчаар өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ренчингийн гэрт бид нар хоёр архи хувааж уусан. ...21 цагийн орчим Д бид хоёр харихаар болоод дөрвүүлээ хамт гарцгаасан. Ренчин, Дашням хоёр Д бид хоёрыг жаахан дөхүүлж өгөөд буцаад яваад өгсөн. Бид хоёр шороон зам руу орох гэж явж байтал өөдөөс нэг намхандуу залуу ирж байхаар нь би ахин архи уумаар санагдаад тэр залуугаас мөнгө аваад архи уучихъя гэж бодоод шууд нөгөө залуу дээр очоод мөрлөөд нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэр залуу надтай зууралдаад байсан. Тэгтэл хажуугаас Д болиулж салгах гэтэл нөгөө залуу намайг тавихгүй байхаар нь нэг удаа жийсэн. Тэр хооронд би куртикны халааснаас нь Самсунг S5 маркийн гар утсыг нь автал нөгөө залуу миний гараас бариад авахаар нь хүчээр аваад бид хоёр зугтаагаад яваад өгсөн. Би тухайн үед цагаан өнгийн кепкин малгай, хар савхин куртиктай явсан. Би 185см өндөртэй, Д 171-175 см...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-155-156/,
Шүүгдэгч Л.Дгийн яллагдагчаар өгсөн: “2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн орчим үеэл Ө залгаад ...бид хоёр уулзаад Ренчин, Дашням нартай утсаар яриад Ренчингийн гэрт 2 шил архи уусан. Ө бид хоёр харихаар болоод Ренчин, Дашням хоёр бид хоёрыг гудамж руу гаргаж өгөөд буцаад гэр лүүгээ явцгаасан. Бид хоёр дөнгөж салаад явж байхад өөдөөс нэг залуу ирж байсан. Тэгтэл Ө шууд нөгөө залууг үгийн зөрөөгүй шанаа руу нь цохиод авсан. Би очоод салгах гэтэл тэр хоёр салахгүй зууралдаад байхаар нь би нөгөө танихгүй залууг нэг удаа нүүр лүү нь цохиод, бие рүү нь жийсэн. Бид хоёр зугтаагаад нэг гудамжинд очиж амьсгаагаа дарж байтал Ө “би тэр залуугийн гар утсыг авсан” гээд Самсунг Эс-5 маркийн гар утас харуулахад би мэдээд, тухайн үед өмнө нь энэ асуудлаас болж алдаж байсан гэж зэмлэсэн. Тэгээд нэгэнт л гар утас авсан юм чинь яадаг юм гэж бодоод зам дээрээс такси бариад явсан. Би тэр үед урт, хар хөх өнгийн куртиктай явж байсан.Ө надаас өндөр...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-160-161 /,
шүүгдэгч Б.Өын иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-62/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-25/, шүүгдэгч Л.Дгийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-58, 59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-26/, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар /1 дүгээр хавтас, хх-167-189/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн “Л.Дгээс 150.000 төгрөг хураан авч, А.Бад хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-199/ зэрэг баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Ө, Л.Д нар согтуурсан үедээ, бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 3 дугаар гудамжинд иргэн А.Бад хүч хэрэглэн довтолж гар утсыг нь авсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч А.Бын “...2 залуу над руу чиглэж ирээд хамт явсан хүнээсээ арай өндөр, туранхай биетэй кепкин малгайтай бараан өнгийн куртиктэй залуу нь шууд үгийн зөрөөгүй зүүн хацарт цохиод авсан. Доошоо тонгойход хамт явж байсан жижиг, намхан биетэй залуу нь цээжин тус газар жийж өшиглөсөн. Тэгснээ “халаасандаа байгаа эд зүйлээ гаргаад ир” гэхээр нь “намайг яг дээрэмдэж байгаа юм байна” гэж бодоод Пуска гэж чангаар орилоход намхан биетэй залуу нь “ямар их орилдог юм” гэж нүүрэнд нэг удаа гараараа цохисон. Би тонгойж байхад шилэн хүзүүн дээрээс ахиад цохиж хүч хэрэглэсэн учир би чимээгүй болсон. ...өндөр биетэй залуу нь миний куртикний баруун талын халаас руу гараа хийгээд утсыг булаасан. Би болиулах гээд гарыг нь бариад авахад хажуу талаас намхан залуу нь зүүн шанаанд цохисон. Тэгээд шууд угз татаад миний гар утсыг аваад тэр хоёр залуу зугтаасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-9-11, 204/, гэрч С.Пүрэвсүрэнгийн “...харанхуйд хүмүүс зууралдаад ноцолдоод байгаа юм шиг харагдсан. ...ноцолдоод байсан хүмүүс цаашаа гүйгээд гудамж тойроод явчихаар нь би гүйгээд очиход Б буцаад ирж таарсан. Тэгээд “сая хүмүүст зодуулаад, дээрэмдүүлчихлээ, миний утсыг авсан 2 хүн ийшээ гүйсэн” гээд заахаар...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-14/, шүүгдэгч Б.Өын яллагдагчаар өгсөн “...би ахин архи уумаар санагдаад тэр залуугаас мөнгө аваад архи уучихъя гэж бодоод шууд нөгөө залуу дээр очоод мөрлөөд нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгтэл хажуугаас Д болиулж салгах гэтэл нөгөө залуу намайг тавихгүй байхаар нь нэг удаа жийсэн. Тэр хооронд би куртикны халааснаас нь Самсунг С-5 маркийн утсыг автал нөгөө залуу миний гараас бариад авахаар нь хүчээр аваад бид хоёр зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-155-156/, шүүгдэгч Л.Дгийн яллагдагчаар өгсөн “...2 шил архи уусан. ...Ө шууд нөгөө залууг үгийн зөрөөгүй шанаа руу нь цохиод авсан. Би очоод салгах гэтэл тэр хоёр салахгүй зууралдаад байхаар нь би нөгөө танихгүй залууг нэг удаа нүүр лүү нь цохиод, нэг удаа бие рүү нь жийсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-160-161/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Ө, Л.Д нарын бүлэглэн хохирогч А.Быг мөрлөх, гараар цохих, жийх зэргээр хүч хэрэглэн гар утсыг авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Б.Ө, Л.Д нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Бад 150.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. 150.000 төгрөгөө хүлээгээд авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-204/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн “Л.Дгээс 150.000 төгрөг хураан авч, А.Бад хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-199/-ийг тус тус үндэслэн шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байна гэж дүгнэн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ө, Д нар согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 21 цагийн үед хохирогч Бад хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмдэн авсан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Д хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал болж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар Өад 2 жил 6 сарын хорих ял, Дд 2 жилийн хорих ял, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялаас 6 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, 2 жил 6 сар 23 хоногоор тогтоох саналтай. Хохирлыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй. Мөрдөн байцаалтын үед шүүгдэгч нар болсон байдлын талаар үнэн зөв мэдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн нь засарч хүмүүжиж байгааг байгааг харуулж байна гэж үзэж байна. Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх боломжгүй. Ө оргон зайлж байсан. Удаа дараа гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх үндэслэлгүй. Ө санаачилж, анх халдсан, давамгай байдалтай оролцсон. Таслан сэргийлэх арга хэмжээг санаатай зөрчиж байсан...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал “Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Аав, ээж, хүүхдийн хамт амьдардаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар “Гэм буруу дээр маргаагүй. Хохирлыг төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү. 6 сарын хугацааг нэмж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. Улсын яллагчийн тайлбарыг зөвшөөрөхгүй...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, архи уух зорилгоор бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Ө түрүүлж хохирогчид хүч хэрэглэсэн, улмаар шүүгдэгч Л.Д цохих, жийх зэргээр үйлдлээрээ нэгдэн оролцсон/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 150.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол мөнгөн хэлбэрээр төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгч нарын хувийн байдал /урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, шүүгдэгч Б.Ө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан, шүүгдэгч Л.Д тэнсэн харгалзах хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэн, түүнчлэн оролцсон оролцоо/ зэргийг харгалзан шүүгдэгч нарт ялгамжтай эрүүгийн хариуцлага хүлээлгэх улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дг 2 жилийн, шүүгдэгч Б.Өыг 2 жил 6 сарын хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Л.Д нь урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 6 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2017/ХМШЗ/07 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 10 cap 03 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоосон нь шийтгэх тогтоол /1 дүгээр хавтас, хх-178-182/, шүүгчийн захирамж /1 дүгээр хавтас, хх-185-186/-ийн хуулбар зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч Л.Д нь 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр буюу дээрх тэнссэн хугацаа дуусаагүй байхад шинээр дээрэмдэх гэмт хэрэг үйлджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ”, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Л.Дд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 cap 3 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 03 /гурав/ хоногоор тогтоолоо.
Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарын “Шүүгдэгч Л.Дд энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сар 3 хоногийн хорих ялаас заримыг нэгтгэж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байх тул шүүх хүлээн авах боломжгүй юм.
Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Тодруулбал шүүгдэгч нар урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан, шүүгдэгч Б.Ө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан, шүүгдэгч Л.Д хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнссэн хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал, дээрх байдлаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцэхгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч Б.Өын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.
Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар захирамжаар шүүгдэгч Л.Дд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, энэ талаар холбогдох байгууллагад мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Д цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халтар овогт Батжаргалын Ө, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Д нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын, шүүгдэгч Л.Дг 2 /хоёр/ жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Дд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 cap 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Л.Дгийн биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 03 /гурав/ хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д, Б.Ө тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өын цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Д цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Л.Д Б.Ө нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Дд авсан хувийн баталгаа гаргах, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч Л.Д, Б.Ө нарын эдлэх ялыг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д, Б.Ө нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР