Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2016/01128

 

 

 

 

 

 

 

 

 

    2016 оны 11 сарын 22 өдөр

        Дугаар 182/ШШ2016/01128

             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: М.М нэхэмжлэлтэй

      Хариуцагч: АМГТГт холбогдох

     Ажилд эгүүлэн тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012.07.31-ний өдрийн тушаалаар хуучнаарАМ газрын Нүүрс судалгааны хэлтсийн шинжилгээ туршилтын лобарант шинжээчээр ажилд орж байсан. Надтай анх хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ингээд 2013 оны 07 сард жирэмсний амралтаа авч, 2013.09.29-нд хүү Дг төрүүлсэн. Тэгээд 2014 оны 10 сард ажилдаа эргэн орж хатуу түлшний химийн шинжээчээр ажилласан. 2015 оны 05 сард дахин жирэмсний амралт авч, 2015.07.04-ний өдөр охин Нг төрүүлсэн. Ингээд намайг хүүхэд асрах чөлөөтэй байхад ямар нэгэн мэдэгдэл өгөлгүй ажлаас халсан байсныг би 2016.08.16-ны өдөр ажилдаа орох талаар уулзах гэж ажил дээрээ ирээд санаандгүй мэдсэн. Намайг ажлаас чөлөөлсөн 2016.08.03-ны өдрийн Б/114 тоот тушаал нь хууль бус, хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтын аль үндэслэлийг барьсан нь тодорхойгүй, тэгээд ч надад урьдчилан мэдэгдээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар миний ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж, намайг ажлаас халах ёсгүй байтал халсан учир зөвшөөрөхгүй. Шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш байгууллагаас надтай холбогдож өөр ажил санал болгосон боловч тэр нь зөвхөн эрэгтэй хүн хийдэг, эмэгтэй хүнд хэцүү ажил тул би бодож үзье гээд дахиж холбогдоогүй юм. Иймд намайг хатуу түлшний химийн шинжээчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

 

          Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч М.М нь хариуцагч АСГТГт холбогдуулж хатуу түлшний химийн шинжээчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор гаргажээ.

 

             Нэхэмжлэгч М.М ньАМ газрын даргын 2012.07.31-ний өдрийн 433 дугаар тушаалаар Нүүрс, судалгааны хэлтсийн шинжилгээ, туршилтын лабораторийн шингэрүүлсэн хийн баллоны туршилт баяжуулалтын шинээчээр анх ажилд орсон байх боловч байгууллагын даргын 2015.04.13-ны өдрийн Б/73 тоот тушаалаар байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр хатуу түлшний химийн шинжээчээр ажиллаж эхэлсэн болох нь түүний тайлбар, дурдсан тушаалууд, хавсралтууд, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдов.

 

            Нэхэмжлэгч М.М нь дээрх хугацаанд ажиллаж байхдаа 2013 оны 07 сард, 2015 оны 05 сард тус тус хоёр удаа жирэмсний болон амаржсаны амралт авч, 2013.09.29-ний өдөр хүү Ц.Д, 2015.07.04-ний өдөр охин Ц.Н нарыг төрүүлсэн байх бөгөөд охин Ц.Ныг төрүүлж, амаржсаны амралттай байх хугацаанд түүнийгАМ газрын даргын 2016.08.03-ны өдрийн Б/114 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хууулбар, тэднийг эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмчийн тодорхойлолт, ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, мэдэлд шилжүүлэх тухай тушаалаар нотлогдсон.

 

            Нэхэмжлэгч М.Мийг ажлаас халсан тухай хариуцагч байгууллагын 2016.08.03-ны өдрийн Б/114 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг удирдлага болгож “…тус агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн гэх…” үндэслэл заасан боловч энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсний аль үндэслэлд хамаарч байгаа нь ойлгомжгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.М нь амаржсаны амралттай байх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар түүний ажил, албан тушаал хэвээр хадгалагдах ёстой, түүнчлэн  мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуй нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглосон, М.Мийн бага хүүхэд Ц.Н 3 нас хүрээгүй байхад түүнийг ажлаас халсан хариуцагч байгууллагын үйлдэл хууль бус болно.

 

            Түүнчлэн хариуцагч АСГТГ нь дээрх тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг мөн хуулийн 40.5-д заасны дагуу хэрэгжүүлээгүй, ажлаас халах болсныг М.Мт 1 сарын өмнө мэдэгдээгүй, харин энэ тухай нэхэмжлэгч М.М нь өөрөө 2016.08.16-ны өдөр ажилдаа орох талаар зохих албан тушаалтантай уулзах гэж ажил дээрээ ирээд мэдсэн гэх түүний тайлбар үндэслэлтэй байна.

 

Шүүхээс хариуцагчийн төлөөлөгч С.Д- 2016.09.16-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, зохигчийн эрх, үүргийг, мөн 2016.09.30-ны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд ирүүлэх үүрэгтэйг танилцуулсан байх боловч хариуцагч талаас тайлбар болон нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар баримтаар нотлоогүй төдийгүй хэргийн материал танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шүүхээс ямар нэгэн байдлаар саад болоогүй, эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4‑т “нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно”, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасны дагуу хариуцагч АСГТГ нь нэхэмжлэгч М.Мийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд М.Мийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, түүнийг хатуу түлшний химийн шинжээчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Шүүхээс хариуцагчийн төлөөлөгч С.Дашдаржаад 2016.11.17-ны өдөр түүний 98982888 дугаарын утсаар залгаж хурлын тов мэдэгдсэн, мөн байгууллагын оршин байрлах хаягаар хурлын тов хүргэсэн байх бөгөөд 2016.11.17-ны өдөр Ариунболор гэх хүн мэдэгдэх хуудсыг хүлээн авчээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч С.Дашдаржаа нь шүүх хуралдааны товыг мэдсэн байх боловч шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон бусад нотлох баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүйг, мөн хариуцагчАМ газар нь Монгол улсын Засгийн газрын 2016.07.27-ны өдрийн 4 дугаартай тогтоол, түүний хавсралтаар нэр өөрчлөгдөж АСГТГ болсныг тус тус дурдаж байна /http://www.legalinfo.mn сайт/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1, 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

             1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар М.Мийг АМГТГ шинжээчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар М.Мийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Т.ЭНХТУЯА