| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 602 |
| Огноо | 2020-04-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 602
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Шүүгдэгч Ш.Ж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд “Ж” нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ш.Ж холбогдох эрүүгийн 2006 00984 0675 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаанхуаран тоотод түр оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. регистрийн дугаар , Ш.Ж .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ш.Ж нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан хуаран 86в байрны 93 тоотод хоол хийж байх үедээ бүдэрч унасаны улмаас иргэн М.Алтанболорын баруун суганы ар доод хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Ж мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнөүү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас
хохирогч М.Алтанболорын өгсөн мэдүүлэг /хх-14-15, 95-97/, гэрч Б.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-22-23/, гэрч Б.Ариунзулын өгсөн мэдүүлэг /хх-28-30/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2316 дугаартай дүгнэлт /хх-39-40/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 359 дугаартай дүгнэлт /хх-47-50/ Ш.Ж яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-92-94/, Цэргийн төв эмнэлгээс ирүүлсэн өвчтны түүх /хх-51-64/, гэрч Ш.Буянбилэгийн өгсөн мэдүүлэг /хх-80/, Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хохирогч М.Алтанболорын гаргасан хүсэлт /хх-102/, шүүгдэгч Ш.Ж урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-74/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ш.Ж нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан хуаран 86в байрны 93 тоотод хоол хийж байх үедээ бүдэрч унасаны улмаас иргэн М.Алтанболорын баруун суганы ар доод хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Алтанболорын өгсөн: “...Би 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Цагаан хуаран” хотхонд байх Ш.Ж гэрт очсон. Ингээд тэдний гэрт ороход Ө.Мөнхгэрэл, Г.Жигжидсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Бат-Эрдэнийн эхнэр Нараа гэх эмэгтэй байсан бөгөөд бид хэд нийлж ойр зуурын зүйлс ярилцан гурван шил 0.75 литрийн архи уугаад унтацгаасан. Ингээд бид хэд Ш.Ж гэрт хоносон бөгөөд 2020 оны 2 дугаар 5-ны өглөө босоод дахин архи ууж эхэлсэн ба өдөр Бат-Эрдэнийн эхнэр Нараа явчихсан. Б.Бат-Эрдэнэ, Ө.Мөнхгэрэл, Ш.Жанчив, Г.Жигжидсүрэн бид 5 үлдсэн байсан. Тэгээд дахин уугаад ойр зуурын юм ярилцан инээлдээд найзуудаараа хууч хөөрөлдөөд байж байтал Бат-Эрдэнэ, Нараа хоёр хажуу өрөө рүү орсон бөгөөд том өрөөнд Ө.Мөнхгэрэл, Ш.Жанчив, Г.Жигжидсүрэн болон Ш.Ж танил гэх эмэгтэй ирсэн бид хэд уугаад сууж байсан. Ингээд удалгүй Мөнхгэрэл согтоод унтсан бөгөөд Г.Жигжидсүрэн тагт руу “ахдаа машины түлхүүр өгнө” гээд гарсан. Тэр үед Ш.Ж “хоёулаа хоол хийж идье” гээд босохоор нь би “чи цаагуураа хоол хийх юмаа бэлдэж бай” гэж хэлээд Ө.Мөнхгэрэлийн хажуугаар ороод нүдээ аниад хэвтэж байсан. Тэгтэл 1-2 минутын дараа дээрээс гэнэт хүн дараад уначихсан тул би гайхаад эргээд хартал суганы доод хэсгээс нойтон зүйл гараад явчихсан. Ингээд тодруулаад хартал цус гарсан байсан учир би “ёо ёо” гэж орилоод юу болсныг тодруултал Ш.Ж сонин царайлчихсан хажууд зогсож байсан. Тэгэхээр нь би Ш.Жанчиваас “яаж байгаа юм бэ, юу болчихвоо” гэж асуутал Ш.Ж сандарсан байдалтай “би хоол хийх гээд чамайг сэрээх гэж явж байгаад бүдэрчихлээ, бүдрэхдээ гартаа байсан хутгаараа чамайг зүсчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зүсчихсэн юм байх гэж бодоод боссон гараараа цусаа дартал цаад өрөөнөөс Нараа, Бат-Эрдэнэ хоёр “юу болсон бэ” гэж хэлэн гараад ирсэн. Ингээд миний цусыг хараад сандралдаад орны даавуугаар боож өгсөн бөгөөд яасан талаар асуухад нь би “Ш.Ж бүдэрч унахдаа намайг хутгалчихлаа.” /хх-14-15, 95-97/ гэх мэдүүлэг,
Мөн түүний Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан: “...Найз Ш.Ж уулзаж уучлал гуйж эвлэрсэн. Эмчилгээний бүх зардлыг төлсөн. Иймээс надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” /хх-102/ гэх хүсэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бат-Эрдэнийн өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр миний төрсөн өдөр болсон бөгөөд Алтанболор, Жигжидсүрэн, Мөнхгэрэл, Жанчив нарын хамт төрсөн өдрөө тэмдэглэсэн ба Ш.Ж гэр болон Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Цагаан хуаран”-д байх байранд очсон. Ингээд 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн өглөө босоод бид хэд бөөнөөрөө дахин архи ууж эхэлсэн ба тасрах нь тасраад унтах нь унтаад байж байтал манай эхнэр Наранцэцэг орой ирсэн. Ингээд би гадагшаа гараад Б.Ариунзул гэх эмэгтэйг авангаа 0.75 литрийн архи авсан бөгөөд буцаж Ш.Ж гэрт орон архи ууж эхэлсэн. Тэгээд би нилээн согтсон бөгөөд тус байр нь 2 өрөө байр байсан тул би жижиг өрөө рүү нь эхнэрийн хамт орсон. Ингээд унтаж байтал хүмүүс орилж чарлаж эхэлсэн. Тэгээд сэрээд өрөөнөөсөө гараад том өрөөнд ортол М.Алтанболор орон дээр хэвтэж байсан ба хажууд нь Ш.Ж сонин царайлчихсан зогсож байсан. М.Алтанболорын баруун хавирганы ойролцоо Ш.Ж нэг удаа хутгалсан байсан ба тэр хоёрт хэрэлдэж маргалдсан асуудал огт байхгүй бөгөөд хоорондоо өр зээл, өс хонзонгийн асуудал байхгүй.” /хх-22-23, 31-32/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ариунзулын өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр би гэртээ байж байтал манай хуурай дүү Ишээ буюу Жанчив над руу залгасан бөгөөд “манай найзууд ирсэн ууж байна, завтай байвал хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би такси бариад оройны 20 цагийн үед очсон бөгөөд намайг Ш.Ж найз гэх үл таних залуу таксинаас тосч авсан. Ингээд бид хоёр доод талынх нь дэлгүүрт ороод 1 шил 0.75 литрын архи, 1 ундаатай авч Ш.Ж гэр рүү орсон. Ингээд би архи ууж чаддагүй учир согтож эхэлсэн бөгөөд дахин нөгөө архинаас нь уусан ба нилээн согтсон. Ингээд том өрөөнд нэг эрэгтэй нь тасраад гудсан дээр унтсан. Нөгөө гудсан дээр өөр нэг намхан найз нь сууж байсан ба би болон Ш.Ж түүний 1 найз бид 3 уугаад үлдсэн. Ингээд би ариун цэврийн өрөө орсон бөгөөд тамхи татаад гараад иртэл Ш.Жанчивтай архи уугаад үлдсэн найз нь “намайг битгий хөдөлгөөрэй” гээд хэвтэж байсан. Тэгэхээр нь очоод хартал баруун суганы доод хэсгээс их хэмжээний цус гарч байсан бөгөөд Ш.Ж бор иштэй хутга барьчихсан зогсож байхаар нь би тэр хутгыг нь аваад гал тогоо руу шидээд цаашаа гүйгээд жижиг өрөөнд байгаа хүмүүсийг дуудсан.” /хх-26-27, 28-30/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 10-ний өдрийн 2316 дугаартай дүгнэлтэд:
1. М.Алтанболорын биед баруун суганы ар доод хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цусан хураа, хий хуралдалт, гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Тухайн гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанл үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэлд хамаарна.
5. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
6. Дээрх гэмтлийг өөртөө учруулах боломжгүй.
7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-39-40/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 359 дугаартай
дүгнэлтэд:
1. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2396 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2. М.Алтанболорын биед учирсан дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-т ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр буюу 35-100 хувь тогтонги алдагдуулсан гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна гэж заасан ба тухайн тохиолдол нь уг заалтанд хамаарахгүй болно.
3. М.Алтанболор биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-49-50/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 937 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн бариултай хутган дээрээс гарын мөр илрэхгүй байна.
2. Иймд цаашид харьцуулан шинжлэх боломжгүй.” /хх-65-66/ гэх дүгнэлт,
Хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-67-68/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 1090 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн модон 11 см иштэй 23 см урттай хутган дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй.” /хх-70-71/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Ж яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хуулийн дагуу хариуцлага хүлээхэд санал хүсэлт байхгүй. Би М.Алтанболороос уучлал гуйсан бөгөөд эмчилгээний зардлыг төлж барагдуулсан.” /хх-93-94/ гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-8/,
Цэргийн төв эмнэлгээс ирүүлсэн өвчтөний түүх /хх-51-64/,
Шүүгдэгч Ш.Ж урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-74/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Ш.Ж нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан хуаран 86в байрны 93 тоотод хоол хийж байх үедээ бүдэрч унасаны улмаас иргэн М.Алтанболорын баруун суганы ар доод хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь хохирогч М.Алтанболор, гэрч Ө.Мөнхгэрэл, Г.Жигжидсүрэн, Б.Бат-Эрдэнэ, П.Наранцэцэг, Б.Ариунзул нарын өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2316, 359, 937, 1090 дугаартай дүгнэлтүүд, Ш.Ж гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримт зэргээр нотлогдон тогтоосон байх тул мөрдөгч дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон бусад гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ш.Ж болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүхээс дүгнэв.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйльд хуульчилан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ш.Ж нь хохирогч М.Алтанболорт учирсан хохирлын төлсөн ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Үүнийг шүүхээс шүүгдэгч Ш.Ж эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх хялбаршуулсан журмаар Ш.Ж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч Ш.Ж ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.
Мөн шүүхээс шүүгдэгч Ш.Ж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.Ж нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Ш.Ж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Ш.Ж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх”” үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосугай.
4. Ш.Ж нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Ш.Ж нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ш.Ж нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ш.Ж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ш.Ж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС