| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2016/00450/И/ |
| Дугаар | 415 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 415
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багт оршин суух Тэмээчин овгийн Доржийн Сүхбаатарын /РД: ДЗ73122411/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 2-30 тоотод оршин суух Сайн оюут овгийн Гонгорын Эрдэнэбаярт /РД: ДЕ89113011/ холбогдох
8 тооны бог мал, эсвэл түүний үнэ 640.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 02-ны өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Сүхбаатар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Г.Эрдэнэбаяр нь 2016 оны 06 сарын эхээр надтай уулзаж, Увсын маш бат бөх зузаан бургасан унь ханатай гэрийн модыг малаар сольж авах талаар ярьсан. Би өөрийн 5 ханатай жижиг гэрийн модыг солих бодолтой байсан тул тухайн үедээ гэрийн модыг чинь үзэж байж шийднэ гээд авах талаар хариу хэлээгүй. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад намар 09 сард манайд ирээд гэрийн модыг 8 богоор тус бүр нь 80.000 төгрөгөөр тооцож, нийт 640.000 төгрөгөөр худалдаж авахаар бид хоёр харилцан тохиролцсон. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр намаржаандаа бууж байхад гэрт маань ирж танд гэрийн модыг чинь аймагт аваад ирсэн, би малаа авмаар байна гээд ирсэн. Би тохиролцсон ёсоороо 4 бүдүүн эр ямаа, 2 бүдүүн эм хонь, 1 эр төлөг, 1 эм төлөг буюу нийт 8 тооны бог малыг барьж өгч, өөрийн машинаараа ачиж аймагт оруулж ирсэн. Аймагт ирээд Г.Эрдэнэбаярын хашаанд малаа буулгаж, гэрийн модоо авах гэтэл хана нь дутуу буюу 4, унь хэт нарийн, хэрэглээнд тохирохооргүй байсан тул би ийм хана авахгүй, хана чинь бас дутуу байна гэхэд Г.Эрдэнэбаяр нь танд илүү зузаан, бат бөх униар сольж, дутуу ханыг нь нэмж өгье гэхээр нь би бэлэн байсан 4 ханыг нь нэгэнт ирчихсэн юм чинь гэж бодоод дутуу ч гэсэн аваад явсан. Гэтэл 11 дүгээр сарын 14-нд ирээд наймаагаа буцаая гээд 4 ханаа буцаагаад авч, та ярьж байгаад малаа ирээд аваарай гэсэн. Намайг утас руу нь залгахаар утсаа авдаггүй. 11 дүгээр сарын 30-ны өглөө залгахад та орой ирээд малаа ав гэхээр нь би өөрийн машинтайгаа аймгаас 60 километрт байх өвөлжөөнөөсөө малаа хотлуулчихаад ирээд залгахад утас нь дуудаж байснаа сүүлдээ утсаа унтраагаад алга болсон. Би аргаа бараад гэрт нь очиход ах болон гэрийнх нь хүмүүс байсан бөгөөд учир явдлыг нь хэлэхэд тэр хүмүүс нь өгдөг газартаа өг гэсэн. Иймд Г.Эрдэнэбаяр нь худалдах, худалдан авах хэлцлээсээ буцаж 640.000 төгрөгөөр авахаар тохиролцсон гэрийн хана, униа буцаан авсан тул түүнд өгсөн 4 бүдүүн эр ямаа, 2 бүдүүн эм хонь, 1 эр төлөг, 1 эм төлөг буюу нийт 8 тооны бог малыг, эсхүл түүний үнэ болох 640.000 төгрөгийг Г.Эрдэнэбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Г.Эрдэнэбаяр би Д.Сүхбаатартай гэрийн мод зарахаар харилцан тохиролцсон нь үнэн. Гэрийн модны үнэнд 4 хязаалан эр ямаа, 2 эм хонь, 2 төлөг авсан. Мөнгөөр нь өгөх боломжгүй. Авсан малаа нас хүйсээр нь буцааж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Д.Сүхбаатар миний бие малын үнэ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Г.Эрдэнэбаяр нь авсан малаа буюу миний нэхэмжлэлд дурдсан малыг буцааж өгнө гэж байх тул мал өгөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Сүхбаатарын нэхэмжлэлтэй, Г.Эрдэнэбаярт холбогдох 8 тооны бог мал, эсвэл түүний үнэ 640.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож эвлэрсэн болох нь “...Г.Эрдэнэбаяр би Д.Сүхбаатартай гэрийн мод зарахаар харилцан тохиролцсон нь үнэн. Гэрийн модны үнэнд 4 хязаалан эр ямаа, 2 эм хонь, 2 төлөг авсан. Мөнгөөр нь өгөх боломжгүй. Авсан малаа нас хүйсээр нь буцааж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Д.Сүхбаатар миний бие малын үнэ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Г.Эрдэнэбаяр нь авсан малаа буюу миний нэхэмжлэлд дурдсан малыг буцааж өгнө гэж байх тул мал өгөхийг зөвшөөрч байна...” гэх эвлэрлийн гэрээгээр батлагдаж байна.
Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 19.850 төгрөгийн тал хувь 9.925 төгрөгийг хариуцагч Г.Эрдэнэбаяраас, 9.925 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Сүхбаатарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.Сүхбаатарын нэхэмжлэлтэй, Г.Эрдэнэбаярт холбогдох 8 тооны бог мал, эсвэл түүний үнэ 640.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 19.850 төгрөгийн тал хувь 9.925 төгрөгийг хариуцагч Г.Эрдэнэбаяраас, 9.925 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Сүхбаатарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ