| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2016/00404/И/ |
| Дугаар | 418 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 418
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргаг Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багт оршин суух Жалайр овгийн Жанчивын Норолхоогийн /РД: ДЮ65111041/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 11 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Норолхоо, гэрч М.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Норолхоо нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1965 оны 11 сарын 10-нд Шарга сумд төрсөн. 1983 оны 07 сарын 01-нээс 1994 оны 07 сарын 01-ний өдрийг дуустал 60 жил хоршоололд саальчнаар ажилласан. Одоо 52 нас хүрч 4 хүүхэд төрүүлж өсгөсөн, өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай байна. Хоршоолол 1998 онд тарсан. Олоннуур, Шарбулаг гэдэг хоёр газар байрладаг байсан. 7-8 хүн байснаас 3 нь урагшаа Олоннуур руу явж, 4 хүн Шарбулагт үлдсэн. Шарбулагт үлдсэн 4 хүн өөрийн хүсэлтээр хувьдаа гарсан. 1994 оны 07 сарын 01-ний өдрөөс халагдах тушаалаа гаргуулсан. Тэр үед дарга нь Дашзэвэг гэж хүн байсан. 1990 оны 6 дугаар сард компани болсон. Тэр үеэс үйлдвэрчний эвлэлийн батлах дээрээ бичилт хийлгээгүй. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 сарын 01-ний өдрийг дуустал ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Норолхоогийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Ж.Норолхоо нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын “60 жил” хоршоололд саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Ж.Норолхоо нь нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын 60 жил хоршоололд саальчнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 443 дугаартай лавлагаа, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний 526317 дугаартай бат илэрхийлэх, 1985 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Баярын бичиг, фото зураг, 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээгдсэн 029466 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч С.Ванчигийн “....Намайг 60 жил хоршооллын даргаар ажиллаж байх үед ТМС-ийн санитарчийн анги төгсөж ирээд манайд саальчнаар ажиллаж байсан. 1984 онд анх ажилд орсон байх. Би 1983 онд 60 жилд хоршоололд ажиллахаар очсон. Тэр үед бол ороогүй байсан. 1989 оны 07 сарын 15-нд би 60 жил хоршооллоос гарч Хөдөө аж ахуйн газарт орлогчоор очсон. Намайг ажлаас гарах үед Ж.Норолхоо ажиллаад үлдсэн. Хэдэн онд ажлаасаа гарсныг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,
Гэрч О.Энхтуяагийн “...1981 онд 60 жил хоршоолол байгуулагдаж байсан. Байгуулагдаад 3, 4 жилийн дараа хэсэг хүүхдүүд илгээлтээр ирж байсан. Тэдний дунд Ж.Норолхоо байсан. Тэгэхээр 1983 юм уу 1984 оны үед 60 жил хоршоололд саальчнаар ирж ажилласан. 1994 оныг дуустал ажилласан. Надаас өмнө ажлаасаа гарсан. 1987 он хүртэл бид хоёр хамт нэг хэсэг дээр ажиллаж байсан. 1987 оноос би Олонбулагийн хэсэг рүү явж ажилласан. 1995 оны үед хүмүүс эхнээсээ хоршооллоос гарч эхлэх үед ажлаасаа гарсан байх…” гэх мэдүүлэг,
Гэрч М.Байгалмаагийн “...Би 1988 онд илгээлтээр гарч ирэхэд Ж.Норолхоо 60 жил хоршоололд 5 жил ажилласан байсан. Норолхоо, Алтанцэцэг, Урансүмбэ, зэрэг 4 хүн байсан. Түүнээс хойш 60 жил хоршооллыг тартал манай ээж саальчин хийж байсан. Би 1991 онд өөр тийшээ шилжсэн. Намайг ажиллаж байх хугацаанд 60 жил хоршоололд Хөшөөтийн ар гэх газар саальчин байсан...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Иймд Ж.Норолхоог 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын “60 жил” хоршоололд саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Жалайр овгийн Жанчивын Норолхоог 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын “60 жил” хоршоололд саальчнаар ажиллаж ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ж.Норолхоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ