Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/89

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч Б.Батсайхан, С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

          Иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэсувд

          Улсын яллагч Ц.Лхамсүрэн

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

          Хохирогч Х.Төмөртуяа

     Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт С.Т-д холбогдох эрүүгийн 2021000890064 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, .............. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 100 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйл, 239 дүгээр зүйлийн 239.3-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

          - Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.3-д тус тус зааснаар нийт 9 жилийн хорих ялаар,

          - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 325 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын баривчлах ялаар,

          - Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар,

          - Дорнод аймаг дахь Сум дундын эрүүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ...... овогт С.Т. /РД: ................/

 

          Шүүгдэгч С.Т нь Дорнод аймаг Хэрлэн сумын 2 дугаар баг, Төвийн 4-1а тоотод байх байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, “Самсунг” маркийн гар утас, 150.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, уг байшинд орж ирсэн Г.Гансүхийн хэвлийн тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би тухайн өдөр айл руу орж хулгай хийсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэв.

Хохирогч Х.Төмөртуяа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэртээ байж байгаад 17 цагийн үед Хан-Уулын 5-4 тоотод байх найз Цэндмаагийнх руу явахдаа гэрээ цоожлоод гарсан. Цэндмаагийн гэрт 30 орчим минут болоод гэрээс нь гараад явж байхдаа найз Гансүхтэй таарч Гансүх намайг машинаараа гэрт хүргэж өгөөд хамт манай гэр рүү орсон. Гэрт орохдоо би Гансүхийн урд түрүүлж ороод гэрлийн унтраалга дарж асаах гэтэл үүдэнд зогсож байсан Гансүхийн зүүн гар талаас гэнэт хүн гарч ирээд Гансүхийг хутгалчихаад зугтсан. Яг энэ үед би гэрлээ дарж асаахад С.Т ах хаалгаар гарч зугтаахад Гансүх “ёо намайг хутгалчихлаа” гээд газар унасан. ...удалгүй цагдаа нар ирж үзлэг хийсэн. Би гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд хөргөгчний дээд саванд байсан “Самсунг” маркийн гар утас, өлгүүрт өлгөөтэй цүнхэнд байсан 150.000 төгрөг байхгүй болчихсон байсан. Цаг орчмын дараа С.Тг цагдаа нар авч ирж, биед нь үзлэг хийхэд миний “Самсунг” маркийн гар утас, мөн 79500 төгрөг өмдний халааснаас нь гарч ирсэн. ...Би урьд нь Энхтуяа гэдэг хүнээр хашааныхаа зэрлэгийг түүлгэхээр болоход Энхтуяа эгчийн нөхөр болох С.Т эхнэрийн хамт манай хашааны зэрлэгийг түүсэн. Би С.Т ахыг танихгүй. С.Т ахын охиных нь нөхөр манай дүүтэй найзууд болохоор нь би дүү рүүгээ утасдаад болсон зүйлийн талаар хэлсэн. Тэгээд манай дүү С.Т ахыг манай гэрт авчирсан. Удалгүй цагдаа ирээд С.Т ахын биед үзлэг хийхэд халааснаас нь 79500 төгрөг, миний гар утас хоёр гарч ирсэн. Манай найз эмнэлэгт хэвтээд хагалгаанд орсон...” гэжээ. /хх-ийн 21-22 тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Г.Гансүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 18 цагийн орчимд Хэрлэн сумын төвөөс Булган сум руу явах гээд Найрамдал паркийн хойд талын засмал замаар явж байхад манай найз Төмөртуяа явж байхаар нь гэр рүү нь буюу 2 дугаар баг Төвийн 4-1а тоот руу хүргэж өгөөд хамт гэрт нь орсон. Төмөртуяа миний өмнө гэртээ орж, харин би араас нь гэр рүү нь орсон. Төмөртуяа гэрийнхээ унтраалгыг дарж, гэрлээ асаахад миний зүүн талаас гэнэт хүн гарч ирээд миний хэвлий рүү хутгалаад байшингаас гараад гүйсэн. ...эмчилгээний эм, тарианы зардалд нийтдээ 754,634 төгрөгийг шүүгдэгч С.Тгээс нэхэмжилж байна. ...Маш их гомдолтой байна...” гэжээ. /хх-ийн 24-27 тал/

Иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэсувд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч С.Тг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...гэв.

Гэрч Х.Төмөрзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...эгч “найзтайгаа гэртээ орж ирсэн чинь гэнэт хүн гарч ирээд найзыг маань хутгалаад зугтаачихлаа” гэхээр нь “та хутгалсан хүнээ харсан уу гэхэд ажлын цэнхэр хувцастай С.Т ах мөн байх шиг байсан” гэсэн. Би найз Лхагва-Очир руу залгаад “С.Т ах ажлын цэнхэр хувцастай юу” гэж асуухад “тиймээ, цэнхэр хувцастай” гэсэн. ...Би С.Т ахыг машинд суучих гэхэд эхнэрийнхээ хамт машинд суухаар нь дагуулаад эгчийн гэрт орсон. Ороод эгчээс “энэ мөн үү” гэхэд “мөн байна” гэсэн ба удалгүй цагдаа нар ирээд халаасыг нь үзэхэд эгчийн барьж байсан самсунг маркийн гар утас гарч ирсэн...” гэжээ. /хх-ийн 32 тал/

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 141 тоот дүгнэлтэд:

1. Г.Гансүхийн биед хэвлийн хөндий нэвтэрч элгийг гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 44-45 тал/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5, 119 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6 тал/

- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 11-16 тал/

- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд, гэрэл зураг,  /хх-ийн 17-19 тал/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 43 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 49 тал/

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10 тоот дүгнэлт /хх-ийн 53-54 тал/

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 120 тал/

- С.Т-гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34, 64-67 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ....... овогт С.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 18 цагийн орчимд Дорнод аймаг Хэрлэн сумын 2 дугаар баг, Төвийн 4-1а тоотод байх байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, “Samsung Duos” маркийн гар утас, 150.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Х.Төмөртуяад 170.000 төгрөгийн хохирол учруулсан, уг байшинд орж ирсэн хохирогч Г.Гансүхийн хэвлийн тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийн хөндий нэвтэрч элгийг гэмтээсэн шарх” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Г.Гансүх, гэрч Х.Төмөрзориг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохиролтой холбоотой баримтууд, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд, яаралтай тусламжийн хуудас, эд зүйлийн үнэлгээ, шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүгдэгч С.Т-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч С.Т-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч С.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч С.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүгдэгч С.Т-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч С.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Т-гийн үйлдлийн улмаас хохирогч Г.Гансүхийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролд 754.634 төгрөгийг /хх-ийн 11-16 тал/ нэхэмжилж байх тул шүүгдэгчээс 754.634 /долоон зуун тавин мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Гансүхэд, хохирогч Х.Төмөртуяа нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаач учирсан хохиролд 70.500 төгрөгийг нэхэмжилж байх тул шүүгдэгчээс 70.500 /далан мянга таван зуу/ төгрөгийг хохирогч Х.Төмөртуяад тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Т-гийн цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, баримт бичгээр ирсэн шүүгдэгч С.Т-гийн ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч ....... овогт С.Т-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

          - Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэм хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч С.Т-г 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч С.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хорих ялаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-д оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-гийн цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

      6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч С.Т-гийн ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Т-гээс бусдад учруулсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохиролд нийт 825.134 /найман зуун хорин таван мянга нэг зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж, 754.634 /долоон зуун тавин дөрвөн мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг, “.................” гэх газарт оршин суух, Жаран овогт Гомбогарьдын Гансүх /РД: ...................../-д, 70500 /далан мянга таван зуу/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, .................. тоотод оршин суух, Тугчин овогт Хас-Эрдэнийн Төмөртуяа /РД: ................./-д тус тус олгосугай.

          8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

        9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Л.БАТЖАРГАЛ

                 ШҮҮГЧИД                         Б.БАТСАЙХАН

                                                           С.НАСАНБУЯН