Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2016/01154

 

 

 

 

 

 

 

 

 

     2016 оны 11 сарын 24 өдөр

          Дугаар 182/ШШ2016/01154

              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ТХг ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ТБ

Хариуцагч:  ЗТХанд тус тус холбогдох

Тендерийн гүйцэтгэлийн баталгаа чөлөөлөх тухай мэдэгдлийг ТБинд хүргүүлэхийг ЗТХанд даалгаж, тендерийн гүйцэтгэлийн баталгаа 141.687.235 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Нарангарав, түүний өмгөөлөгч Н.Мандах, хариуцагч ЗТХны төлөөлөгч Ш.Нямдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ТХг ХХК нь Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яамтай 2012.04.02-ны өдрийн Булган аймгийн Сэлэнгэ мөрнийг гатлах явган зорчигчийн 2 хэсэг 422,5 метр урт гүүрийн ажил гүйцэтгэх 2.883.744.696 төгрөгийн өртөгтэй ажил гүйцэтгэх 31 тоот гэрээг байгуулсан. Гэрээний дагуу тендерийн гүйцэтгэлийн баталгаа болгож манай компани ТБны 10000031877 тоот дансанд 141.687.235 төгрөгийг байршуулсан. Бид гэрээний дагуу ажлаа хийж байсан, захиалагч тал гэрээг цуцалж, одоо явган хүний гүүр хийхгүйгээр өмнө хийгдсэн ажлыг өөрчилж, өөр аж ахуйн нэгжээр авто замын зорчих хэсэг бүхий бетон гүүр бариулсан зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж ТХг ХХК-ийн мөнгө болох тендерийн гүйцэтгэлийн баталгаа мөнгө болох 141.687.235 төгрөг өнөөдрийг хүртэл ТБ өөрийн дансандаа байлгаж байгаа төдийгүй мөнгөө авах талаар банкинд хандахад Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдлээ ирүүлчихбэл гүйцэтгэлийн мөнгийг суллаж өгнө гэдгээ хэлдэг юм. Хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, захиргааны шүүхийн тогтоол байгаа боловч үүнийг бид тухайн үйл баримтын шийдсэн хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэхгүй байгаа юм. Учир нь уг шийдвэр, магадлалд гүйцэгэлийн баталгаа 141.687.235 төгрөгийн асуудлыг хэрэгсэхүй болгохдоо гэрээний шал өөр зохицуулалтыг баримталсан, түүнийг нь давж заалдах шатны шүүх зөвтгөж чадаагүй. Тухайн үед манай байгууллагыг төлөөлж явсан өмгөөлөгчийн эрх зүйн мэдлэг дутмагаас хяналтын шатанд гомдол гаргалгүй өнгөрсөн байдаг юм байна лээ. Өөрөөр хэлбэл гүйцэтгэлийн баталгаа өнөөдрийг хүртэл ТБны дансанд байгаа, манай мөнгийг тэнд үндэслэлгүйгээр ашиглаад байж байна гэсэн үг. Нэгэнт тендерийн гэрээ цуцлагдсан, нэхэмжлэгч талын хийсэн ажил 38%-тай болох нь тогтоогдсон. Энэ 38%-ийн ажлаас ямар нэгэн доголдол, зөрчил илрээгүй. Бид гүйцэтгэлийн баталгааг суллуулахын тулд Зам тээврийн хөгжлийн яаманд удаа дараа хандсан боловч ямар нэгэн байдлаар хариу өгдөггүй.

Тендерийн гүйцэтгэлийн зорилго нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар гэрээг дүгнэж, ажил, үйлчилгээг хүлээлцэх хүртэл хугацаанд хүчинтэй, мөн гэрээний 53 дугаар зүйлийн 53.1-д гүйцэтгэлийн баталгааны хүчинтэй байх хугацаа дуусах өдөр нь ажил дууссан тухай мэдэгдэл гарсан өдрөөс хойш 28 дахь өдөр байна гэж тус тус заасан. Гэтэл гэрээ аль хэдийн цуцлагдсан байгаа бөгөөд үүнийг бид гэрээг талууд дүгнэсэн гэж үзэж байгаа. Тухайн үеийн ажил хариуцсан менежер нь ажил дууссан тухай мэдэгдлийг зохих газарт нь хүргүүлээгүйгээс өнөөдөр ийм асуудал үүсч байгаа юм. Ер нь бол манай байршуулсан 141.687.235 төгрөгийг ТБ болон Зам тээврийн хөгжлийн яам хоёр өгөхгүй байх үндэслэлгүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 2, 3-т зааснаар бид бусдын хууль бус эзэмшлээс өөрсдийн хөрөнгийг шаардах эрхтэй гэж үзэж байгаа тул хариуцагч ЗТХанд гүйцэтгэлийн баталгааг цуцлах тухай мэдэгдлийг ТБинд хүргүүлэхийг даалгах, ТБнаас 141.687.235 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч ТБ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т гүйцэтгэлийн баталгаа нь гэрээ дүгнэж, бараа ажил үйчилгээг хүлээлцэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна гэж заасны дагуу захиалагчаас гэрээг дүгнэн гүйцэтгэлийн баталгаа цуцлах албан хүсэлтээ ирүүлсэн тохиролдолд банкны зүгээс гүйцэтгэлийн баталгааг чөлөөлөх боломжтой. ТХг ХХК-ийн 2012.04.04-ний өдрийн 12/130 Хадгаламж банкинд гаргасан хүсэлтийн дагуу гүйцэтгэлийн баталгаа бөглөж ирүүлсэн маягт, Хадгаламж банкнаас 2012.04.04-ний өдрийн 2451 тоот Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яаманд гаргасан гүйцэтгэлийн баталгаанд ТХг ХХК нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамтай 2012.04.02-ны өдрийн Булган аймгийн Сэлэнгэ мөрнийг гатлах явган зоригчийн хоёр хэсэг 422,5 метр гүүрний ажил гүйцэтгэхээр ТБГ 2012-04 ажлын гэрээний дагуу хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэхээ баталж, хариуцлагаа хүлээж 141.687.235 төгрөгөөс хэтрэхгүй мөнгөн дүнтэй төлбөрийг захиалагчийн өмнө хариуцаж гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн тухай захиалагчийн бичгээр гаргасан анхны шаардлагыг хүлээн авсан даруй үл маргах журмаар энэхүү төлбөрийг хийх үүрэг хүлээж батлан даалт гаргаж байна. Энэхүү баталгаа нь ажил дууссан тухай мэдэгдэл гарснаас хойш 28 хоногийн хугацаанд хүчнтэй байна гэсэн нь нэхэмжлэгч ТХг ХХК нь гүйцэтгэлийн баталгаа чөлөөлүүлэх асуудлаа захиалагчид хандан гэрээгээ дүгнэн албан ёсоор чөлөөлөх эсэх тухай албан бичгийг ирүүлсэн тохиолдолд банкнаас гүйцэтгэлийн баталгаа болох 141.687.235 төгрөгийг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй болно гэв.

 

Хариуцагч ЗТХ, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1.ТХг ХХК-иас хуучнаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай 2012 онд байгуулсан 31 тоот гэрээний дагуу байршуулсан тендерийн гүйцэтгэлийн баталгаа болох 141.687.235 төгрөг гаргуулах, ажлын хөлс гаргуулах асуудлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Түүнчлэн уг шийдвэрийг хянасан давж заалдах шатны шүүхийн 2015.01.23-ны өдрийн 84 дүгээр магадлал байгаа бөгөөд уг магадлалаар гүйцэтгэлийн баталгаа болон бараа материалын үнэ болох нийт 184.252.235 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ магадлалыг тухайн үед нэхэмжлэгч тал хяналтын журмаар гомдол гаргаж хянуулаагүй, хүчин төгөлдөр болсон.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүхийн 2015.10.12-ны өдрийн 212 дугаар тогтоолоор ТХг ХХК-ийн гүйцэтгэлийн баталгаа мөнгийг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, энэхүү нэхэмжлэлээр холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн тус компани нь уг тогтоолыг тухайн үедээ давж заалдаагүй, тогтоол хүчин төгөлдөр болсон. Иймд тус компани дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т заасан нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                      ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ТХг ХХК нь хариуцагч ТБ болон ЗТХанд тус тус холбогдуулж тендерийн гүйцэтгэлийн баталгаа чөлөөлөх тухай мэдэгдлийг ТБинд хүргүүлэхийг ЗТХанд даалгаж, тендерийн гүйцэтгэлийн баталгаа 141.687.235 төгрөгийг ТБнаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид 38%-ийн ажил хийж, гэрээ нэгэнт цуцлагдсан, энэ ажил өөр байгууллагаар хийгдсэн байхад тендерийн гүйцэтгэлийн баталгаа мөнгийг олгохгүй байгаа нь үндэслэлгүй тул шаардах эрхтэй гэж,

Хариуцагч ТБ шүүхэд ирүүлсэн тайлбартаа захиалагч талаас тендерийн гүйцэтгэлийн баталгааг чөлөөлөх тухай албан бичиг нь ирчихвэл бид мөнгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэж,

Хариуцагч ЗТХ нь энэ асуудлыг шийдсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, гүйцэтгэлийн баталгаа болох 141.687.235 төгрөг нь улсын орлого болно гэж тус тус мэтгэлцэв.

 

Нэхэмжлэгч ТХг ХХК нь хуучнаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас зарласан Булган аймгийн Сэлэнгэ мөрнийг гатлах явган зорчигчийн 2 хэсэг, 422.5 м урт гүүрийн ажил гүйцэтгэх 2.883.744.696 төгрөгийн өртөгтэй тендерийн ажилд 2012.03.21-ний өдөр шалгарч гэрээ байгуулах эрхийг авсан байх бөгөөд 2012.04.02-ны өдөр 31 тоот гэрээг байгуулж, тендерийн бичиг баримт болон гэрээний тусгай нөхцөлийн 53 дугаар зүйлд заасны дагуу 2012.04.04-ний өдөр хуучнаар Хадгаламж банкинд гүйцэтгэлийн баталгаа болгож 141.687.235 төгрөгийг байршуулсан байна.

 

Нэхэмжлэгч ТХг ХХК нь гэрээнд заасан 2012.04.02-ны өдрөөс 2013.10.01-ний өдрийг хүртэлх хугацаанд Булган аймгийн Сэлэнгэ мөрнийг гатлах явган зорчигчийн 2 хэсэг, 422.5 м урт гүүрийн ажлыг хийж гүйцэтгэх байсан боловч тодорхой шалтгааны улмаас гэрээ 2014.03.21-ний өдөр гэрээ цуцлагдаж, нэхэмжлэгч ТХг ХХК нь 38%-ийн ажил гүйцэтгэжээ.

 

Дээрх үйл баримт зохигчдын тайлбар, гэрээ, тендерийн бичиг баримтууд, гүйцэтгэлийн баталгаа, ТХг ХХК-иас Хадгаламж банкинд хандсан 2012.04.04-ний өдрийн 12/130 дугаартай гүйцэтгэлийн баталгаа гаргуулах тухай албан бичиг, Зам тээврийн хөгжлийн яамны 2016.09.30-ны өдрийн 03/943 дугаартай албан бичиг, түүний хавсралт, ТХг ХХК-ийн ТБны депозит дансны хуулга, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014.10.29-ний өдрийн 4827 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015.01.23-ны өдрийн 84 дугаартай магадлал зэргээр тогтоогдов.

 

Гэхдээ шүүх Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014.10.29-ний өдрийн 4827 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015.01.23-ны өдрийн 84 дугаартай магадлал, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015.10.12-ны өдрийн 212 дугаартай тогтоолоор маргаан бүхий тендерийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр үйл баримт гэж үзээгүй болно.

 

Нэхэмжлэгч ТХг ХХК нь тендерийн гүйцэтгэлийн баталгаа мөнгийг гаргуулах талаар ТБ болон Зам тээврийн хөгжлийн яаманд удаа дараа хандаж байсан байх боловч тендерийн гүйцэтгэлийн баталгаа өнөөдрийг хүртэл цуцлагдаагүй, 141.687.235 төгрөг ТБинд байршсан хэвээр, нэхэмжлэгч ТХг ХХК-ийн эрх ашиг зөрчигдөж байгаа болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2012.04.02-ны өдрийн Булган аймгийн Сэлэнгэ мөрнийг гатлах явган зорчигчийн 2 хэсэг 422.5 м урт гүүрийн ажил гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний 53 дугаар зүйлийн 53.1-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэлд заасан хугацаанаас хоцролгүй гүйцэтгэлийн баталгааг захиалагчийн хүлээн зөвшөөрөх дүн, маягт, банкаар гаргуулах, гэрээний үнийг төлөх валютаар илэрхийлэн захиалагчид ирүүлнэ. Гүйцэтгэлийн баталгааны хүчинтэй байх хугацаа дуусах өдөр нь ажил дууссан тухай мэдэгдэл гарсан өдрөөс хойш 28 дахь өдөр байна”,

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “гүйцэтгэлийн баталгаа нь гэрээ дүгнэж, бараа, ажил, үйлчилгээг хүлээлцэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна” гэж тус тус зохицуулсан.

 

Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд байгуулагдсан маргаан бүхий 2012.04.02-ны өдрийн 31 тоот гэрээ нь Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2014.03.21-ний өдрийн тушаалаар цуцлагдсан талаар зохигчдын хэн аль нь маргаагүй, нэхэмжлэгч ТХг ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 38%-ийн ажлын талаар ямар нэгэн доголдол, зөрчил илрээгүй байх тул нэхэмжлэгч ТХг ХХК-нд дээрх гэрээ болон хуулийн заалтын дагуу шаардах эрхтэй гэж үзнэ.

Тодруулбал тендерийн гүйцэтгэлийн баталгаа хүчинтэй байх хугацаа нь нэгэнт дууссан, хариуцагч ТБ захиалагч талаас тендерийн гүйцэтгэлийн баталгаагг цуцлах мэдэгдэл ирсэн тохиолдолд гүйцэтгэлийн баталгааг чөлөөлөхөд татгалзахгүй байхад хариуцагч ЗТХ нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, гүйцэтгэлийн баталгааг улсын орлого болгоно гэсэн шалтгаанаар гүйцэтгэлийн баталгаа болох 141.687.235 төгрөгийг чөлөөлөх тухай мэдэгдлийг зохих газарт нь хүргүүлэхгүй байгаа үйлдэл гэрээ болон хуульд заасан шаардлагад нийцэхгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд гүйцэтгэлийн баталгаа болох 141.687.235 төгрөгийг чөлөөлөх тухай мэдэгдлийг ТБинд хүргүүлэхийг хариуцагч ЗТХанд даалгаж, гүйцэтгэлийн баталгаа болох 141.687.235 төгрөгийг хариуцагч ТБнаас гаргуулж нэхэмжлэгч ТХг ХХК-нд олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Хуучнаар ЗТБХБЯ нь 2016.07.21-ний өдрийн Монгол улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулиар ЗТХ болж нэр өөрчлөгдсөн болохыг дурдаж байна /Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2016.07.29-ний өдрийн ¹ 28/937/ дугаар/.

 

Хариуцагч ТБны төлөөлөгч Т.Туул 2016.11.04-ний өдөр буюу шүүх хуралдаан хойшлогдох өдөр хурлын товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар нэхэмжлэгч ТХг ХХК-ийн гүйцэтгэлийн баталгаа болох 141.687.235 төгрөгийг чөлөөлөх тухай мэдэгдлийг ТБинд хүргүүлэхийг хариуцагч ЗТХанд даалгаж, хариуцагч ТБнаас 141.687.235 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТХг ХХК-нд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ТХг ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 936.600 /866.400+70.200/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ЗТХнаас 70.200 төгрөг, хариуцагч ТБнаас 866.400 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ТХг ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Т.ЭНХТУЯА