Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 208

 

 

 

 

 

 

 

 

 

  2020           03           02                                        2020/ШЦТ/208

 

 

     

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал,

улсын яллагч М.Мөнхцэцэг,

шүүгдэгч Т.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ......ийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Т-ын О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005006240236 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ... -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ......... их сургуулийн .... дугаар курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, эгч ах нарын хамт ... дүүргийн ... дугаар хороо ... хэсэг .... гудамж ... тоотод оршин суух, Б овогт Т-ын О-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Т.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “......” нэртэй зочид буудлын 405 тоот өрөөнд иргэн Э.Б-ыг Б.Б-тэй хардаж нүүр,хүзүү хэсгийг маажих зэргээр эрүүл мэндэд нь нүүр, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Т.О- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Т.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “......” нэртэй зочид буудлын 405 тоот өрөөнд иргэн Э.Б-ыг Б.Б-тэй хардаж нүүр,хүзүү хэсгийг маажих зэргээр эрүүл мэндэд нь нүүр, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Э.Б-ын “... 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 22 цагийн үед багын найз Б- ....... дугаарын утаснаас залгаад намайг зочид буудлаас ирээд аваад өгөөч гэсэн. Ингээд би 23 цагийн үед ...... буудлын 405 тоот өрөөнд очсон. Очиход найз Б-, С- гэх найзтайгаа пиво ууж байсан. Тэгээд хамт сууж байтал гаднаас согтуу эмэгтэй орж ирсэн. Б- тэр эмэгтэйд хандан намайг эхнэрээ гэж хэлээд явлаа гэсэн. Тэгтэл тэр эмэгтэй чарлаад өөдөөс хүрч ирээд миний нүүрийг маажсан. Миний нүүрний баруун хацар, зовхи, хөмсөг хэсэгт маажсан. Хүзүүн дээр бага зэрэг шалбарсан байгаа. Намайг маажихаар нь түлхэж унагаасан. Тэр хүүхэн өрөөнд үлдсэн. Б-г аваад явсан.

... Намайг маажсан эмэгтэйг О- гэдэг юм байна лээ. Бид хоёр уулзаад хоорондоо эвлэрсэн. Би О-аас ямар нэг хохирол, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь 20 настай жоохон охин, миний дүү шиг учраас би гомдол, нэхэмжлэл байхгүй гэсэн юм. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 16 дугаар хуудас/

“... Би О-тай сайн дураараа эвлэрсэн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18 дугаар хуудас/

 

Гэрч Б.Б-гийн “... Архи ууж байхдаа найз О-ыг утсаар дуудсан. О- 18 цагийн үед ирсэн. Ингээд бид гурав хамт архи уусан. Тэгээд хэсэг байж байтал О-ын найз нь гэх охин ирээд удалгүй яваад өгсөн. Ингээд Б-а гэх найз хүүхнээ ирээд аваадах гэж дуудсан. Б-ыг ирэхэд О-ын найзынхаа хамт гараад явсан байсан. Ингээд Б-аар хүргүүлэх гээд байж байтал О- эргэж орж ирсэн. О- согтуурхаад намайг хардаад уурласан. Тэр үед Б-а чи болиочээ гээд намайг өмөөрсөн чинь Б-ын нүүрийг маажсан. Б-ыг би холдуулаад аваад гарсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1924 дугаартай:

“1. Э.Б-д нүүр, хүзүүнд зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн удаагийн үрэх үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 20 дугаар хуудас/

 

Шинжээч Ц.Ганболдын “... Иргэн Б-ын биед үзлэг хийхэд зулгаралтын талбайн хэмжээ, тооны олон зулгаралт. Мөн нүүрэнд байрласан гэмтэл байсан учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Т.О-ын яллагдагчаар өгсөн “... 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би сургууль дээрээ байж байтал 14 цаг 30 минутын үед Б- өөрийн дугаараас залгаад 10 дугаар хороололд хүрээд ир гэсэн. Ингээд би ганцаараа явж 15 цаг өнгөрч байхад очиход ...... зочид буудлын  205 тоот өрөөнд байсөан. Өрөөнд ороход Б- найз С-тэй хамт байж байсан. Тэр 2 архи нилээд уусан. Согтуу байсан. Би хамт суугаад лаазтай пивоноос 4 лаазыг уусан.

... Н- бид хоёр 22 цаг өнгөрч байхад явах гээд шатаар бууж байгаад цүнхээ үлдээснээ санаад 405 тоот өрөөнд ороход Б-гийн найз хүүхэн нь гэх нэг хүүхэн ирсэн байсан. Би тэр хүүхнийг Б-тэй хардаад явж очоод нүүрийг нь маажсан. Цохиж зодох үйлдэл гаргаагүй. Тэгтэл тэр хүүхэн намайг баруун шанаа руу түлхсэн. Би согтуу байсан болохоор газар унасан. Тэгээд тэр хүүхэн Б-г дагуулаад гараад явсан. Өөр зүйл болоогүй.

... Би Б-а гэх эмэгтэйтэй эвлэрсэн. Бид хоёрын дунд хохирол, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Т.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Э.Б-ын “...Би О-тай сайн дураараа эвлэрсэн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.О-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Т.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Т-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Т.О- торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.О- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.О- цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ......ийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ