| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2016/0954/И |
| Дугаар | 182/ШШ2016/01182 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2016/01182
| 2016 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 182/ШШ2016/01182 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: КБны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Р.С олбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 5.692.600 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Баттөгс, С.Саруул, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Снь манай байгууллагаас 2014.03.10-ны өдөр цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж 6.500.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2%-ийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 2.115.355 төгрөг, хүүд 2.393.316 төгрөг төлсөн байдаг. Зээлийн гэрээ хугацаа дууссан боловч зээлдэгч зээлээ төлөөгүй, ажлаасаа халагдсан байсан. Зээлээ төлөх талаар өөрт нь хэлсэн, сүүлдээ утсаа авахгүй, холбогдохгүй болсон. Р.Снь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 4.384.644 төгрөг, хүү 790.526 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 517.428 төгрөг, нийт 5.692.600 төгрөгийг төлөөгүй байгаа тул түүнээс 5.692.600 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч КБ нь хариуцагч Р.Ст холбогдуулж зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.692.600 төгрөгийг хариуцагчийн цалин болон бусад орлогоос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад шаардлагаа 5.692.600 төгрөг гаргуулах гэж тодруулсныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Р.Снь КБтай 2014.03.10-ны өдөр цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж, 6.500.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2%-ийн хүүтэй зээлж авсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар, цалингийн барьцаат зээлийн гэрээ, зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарь, зээлийн гүйлгээ хийх шийдвэр, зээл хүсэгчийн өргөдөл зэрэг баримтуудаар тогтоогдов.
Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцжээ.
Хариуцагч Р.Снь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 2.115.355 төгрөг, хүүд 2.393.316 төгрөг төлж, 2016.07.10-наас хойш огт төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан, тэрээр үндсэн зээлд 4.384.644 төгрөг, хүү 790.526 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 517.428 төгрөг, нийт 5.692.600 төгрөгийг төлөөгүй, нэхэмжлэгч КБ нь уг төлбөрийг төлөхийг хариуцагч Р.Сээс удаа дараа шаардаж байсан үйл баримт нэхэмжлэгч талын тайлбар, зээлийн дансны хуулгаар нотлогдсон.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”,
452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”,
Цалингийн барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2-т “зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад төлбөр, хураамжийг цаг хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй”,
4 дүгээр зүйлийн 4.1.9-д “банк зээлийн гэрээг дуусгавар болгох, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас банкинд учруулсан хохирол төлүүлэх, нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус заажээ.
Иймд нэхэмжлэгч КБинд дээрх хууль болон гэрээний заалтуудын дагуу зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх үүссэн байх бөгөөд хариуцагч Р.Снь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.
Шүүхээс хариуцагч Р.Ст 2016.09.30-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, зохигчийн эрх, үүргийг, мөн 2016.10.14-ний дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд ирүүлэх үүрэгтэйг танилцуулсан байх боловч хариуцагч талаас тайлбар болон нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Р.Снь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар баримтаар нотлоогүй төдийгүй хэргийн материал танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шүүхээс ямар нэгэн байдлаар саад болоогүй, эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4‑т “нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно”, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасны дагуу хариуцагч Р.Сийг КБны гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд хариуцагч Р.Сээс 5.692.600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч КБинд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс хариуцагч Р.Сийн 99237534 дугаарын утсаар залгаж хурлын тов мэдэгдэх гэсэн боловч утсаа аваагүй, 91218808 дугаарын утас нь холбогдох боломжгүй байсан, түүнчлэн түүний оршин суугаа хаягаар хурлын товыг хүргэж, хариуцагч Р.С2016.11.23-ны өдөр өөрөө хүлээн авсан байх тул түүнийг шүүх хуралдааны товыг мэдсэн гэж үзнэ.
Харин хариуцагч Р.Снь шүүх хуралдааны товыг мэдсэн байх боловч шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон бусад нотлох баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүйг дурдаж байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд шүүхэд биечлэн ирэх үүргээ биелүүлээгүй, эрх, үүрэг танилцаагүй, хэргийн материал танилцах эрхээ хэрэгжүүлээгүй, шүүх хуралдаанд анх удаа хүрэлцэн ирсэн бөгөөд шүүх хуралдаанаас зохигчдын эдлэх эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцаж баримтанд гарын үсэг зурсан.
Гэсэн хэдий ч нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь шүүх хуралдааныг хойшлуулж эрхээ хэрэгжүүлэх, хэргийн материал танилцах шаардлагагүй гэж үзэн шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэхийг хүссэн, нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэргийн материалтай танилцаж баримтанд гарын үсэг зурсныг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Р.Сээс 5.692.600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч КБинд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч КБнаас тэмдэгтийн хураамжид төлсөн 106.032 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Р.Сээс 106.032 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч КБинд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА