| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 105/2020/0606/Э |
| Дугаар | 635 |
| Огноо | 2020-04-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 635
105/2020/0606/Э
2020 04 07 2020/ШЦТ/635
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч А.Сайнбаяр,
шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн 1906 07514 0739 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Агаа гавуун овогт Мөнхжаргалын М.Б, Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, химич мэргэжилтэй, “Зэвсэгт хүчний 150-р ангид” салааны ахлагч ажилтай, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, 3-36 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч М.Б нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Отгонбатын 71-10 УАЕ улсын дугаартай, “Приус-20” маркийн автомашины зөөлөн янданг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.Б нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Отгонбатын 71-10 УАЕ улсын дугаартай, “Приус-20” маркийн автомашины зөөлөн янданг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч М.Б гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт М.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Надтай хамт явсан хүн мэдээгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],
2. 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[2],
3. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тэмдэглэл[3],
4. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[4],
5. 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Дамно” ХХК-ний эд зүйлийн үнэлгээний тайлан. /Үнэлгээний дүн 380,000 төгрөгөөр үнэлсэн/[5],
6. Гэрч Н.Наранзаяагийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Баянжаргалан” засварын газарт ажиллаж байхад хар өнгийн куртиктэй 30-35 насны нэг залуу ирээд “Приус-20” маркийн машины нүүрсэн яндан авах уу?” гэж асуусан. Би “энэ хэний тээврийн хэрэгсэл вэ? гэж асуухад тэр хүн “миний тээврийн хэрэгсэл” гэж хэлсэн. Манайх өмнө нь хэд хэдэн удаа нүүрсэн яндан аваад дээр нь мөнгө нэмж зардаг байсан тул тэр залуугаас 400,000 төгрөгөөр авъяа гэхэд тэр залуу зөвшөөрсөн. Тэгээд янданг нь салгаж аваад доторх нүүрсэн янданг нь аваад, буцааж янданг нь гагнаад явуулсан. Гэтэл нь 2-3 хоногийн дараа нэг цэргийн хувцастай залуу ирээд “нүүрсэн яндан авах уу?” гэж асуусан. Би янданг нь хартал манайд гагнасан яндан байсан. Тэгээд манай дүү камерын бичлэгээ шалгатал 2 хоногийн өмнө манайд ирээд яндан зарсан тээврийн хэрэгсэл мөн байсан. Машины эзэн камерын бичлэг хараад яндан зарсан хүнийг таньсан” гэх мэдүүлэг[6],
7. Хохирогч Б.Отгонбатын 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн зэвсэгт хүчний 150 дугаар ангид ажил дээрээ байхад хамт ажилладаг ах М.Б “Ахдаа машинаа өгчих. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Офицеруудын ордон ороод хүнээс бичиг баримт авчихаад ирье, нөгөө хүн явах гээд яараад байна” гэж хэлсэн. Тэгээд би 71-10 УАЕ улсын дугаартай, “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн түлхүүрээ өгсөн. 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажилдаа явж байхад миний машин хүч авахгүй байхаар нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байрлах засвар дээр очоод машинаа үзүүлсэн. Засварчин “энэ яндан 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр солиулсан яндан байна” гэж хэлсэн. Тэгээд тухайн засварын газрын хяналтын камерыг харахад М.Б ах миний машины янданг солиулж байсан. Би М.Б ахтай уулзаад “та яагаад миний машины янданг сольсон юм бэ?“ гэж асуухад “би солиогүй шүү дээ” гээд гүрийгээд байсан. Тэгэхээр нь би камерын бичлэг үзүүлэхэд “ах нь мөнгөний хэрэг гараад 400,000 төгрөгөөр зарчихсан юм. Мөнгийг нь удахгүй өгнө” гэж хэлсэн. Түүнээс хойш 80053380 дугаар луу нь залгахад “ахад нь мөнгөний боломж байхгүй байна, хэд хоногоос өгнө” гэж хэлсэн. Ингээд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй тул цагдаад өгсөн. М.Б миний 5018479236 дугаарын дансаар хохирлын мөнгийг шилжүүлсэн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[7], 8. М.Бын иргэний үнэмлэхний лавлагаа[8], 9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9], 10.Оршин суугаа газрын тодорхойлолт[10] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Бын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзсэн.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогчийн зүгээс хохирол төлбөрт 400,000 төгрөг хүлээн авсан, цаашид гомдол, саналгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч М.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан үзсэн болно.
Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Бд анхааруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 240 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Бд анхааруулсугай.
4. Ялтан М.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хавтаст хэрэгт хадгалсугай.
6. Ялтан М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 4 дүгээр тал
[3] Хавтаст хэргийн 8 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 9 дүгээр тал
[5] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал
[6] Хавтаст хэргийн 26 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 14-16,19-20 дугаар тал
[8] Хавтаст хэргийн 34 дүгээр тал
[9] Хавтаст хэргийн 35 дугаар тал
[10] Хавтаст хэргийн 37 дугаар тал