Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2016/01186

 

 

 

 

 

 

 

 

 

     2016 оны 11 сарын 29 өдөр

         Дугаар 182/ШШ2016/01186

            Улаанбаатар хот

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Ч.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Он нэхэмжлэлтэй

Хариуцагч: Р.Э, Н.Ж нарт тус тус холбогдох

Хохиролд 539.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.О хариуцагч Р.Э, иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.

             ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2000.06.15-ны өдөр байгууллагынхаа шугамаар Ж зусланд газартай болж 2007.06.05-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Уг газар дээрээ би амины байшин барьсан бөгөөд уг газрын ойролцоо ойн цоорхойд 2000 онд модон жорлон барьсан бөгөөд уг модон жорлонгоо би 2.5 жилийн өмнө шинэчлэн барьсан. Ингэхдээ 2.5 м гүн нүх ухаж, нүхний 4 буланг шороо буулгахгүйн тулд брус рам зангидан 2.2 ширхэг банкаар 4 тал тус бүрд нь булан гарган доторлосон, ил амбаар хэсгийг нь шинэ банзаар хийж, ногоон өнгөөр будсан, бэхэлгээ канттай, цагаан өнгийн аргелатаар битүү доторлосон, агааржуулалт хийсэн, шалыг нь 05-ийн банз дээр хавтан тавьж, цагаан өнгийн будгаар таазны хамт будсан, эко суултууртай, цоожтой, цаас тогтоогчтой, хойд хэсгийн хаяа шороог битүү цементэлж жижиг шат гаргасан, 2 м өндөр барьсан юм. Тухайн үед 500-аад мянган төгрөгийн зардал гарсан юм. Гэтэл 2016 оны 08 сард Ж зусланд амьдардаг Энхболд гэгч надад мэдэгдэлгүй, иргэн миний өмчид халдаж жорлонг маань эвдэлж, хэмхчин газар дээр нь өөрийн хашаа байшинг барьсан байсан. Үүнийг би 2016.08.13-ны өдөр зуслан дээрээ очоод хөрж айлуудаасаа мэдсэн. Ингээд Энхболдтой холбогдох гэсэн боловч намайг доромжилж, элдвээр хэлсэн. Ингээд миний жорлон дахин ашиглах боломжгүй болсон учир энэ талаар шүүхэд хүсэлт гаргаж шинжээч томилуулсан. Шинжээч жорлонг сэргээн засварлах боломжгүй гэж дахин барихад гарах зардлыг 444.030 төгрөг гэж тооцсон байна. Гэхдээ би хариуцагч Р.Эоос 539.000 төгрөг нэхэмжилж байна. Харин Жд холбогдох шаардлагаасаа татгалзаж байна. Гол буруутай хүн нь Р.Э гэж үзэж байна гэв.

Хариуцагч Р.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Чингэлтэй дүүргийн ** хороохороо, Ж зусланд 1987 оноос хойш зусланд гардаг байсан бөгөөд 2006 онд ойн цоорхойн дээд хэсэгт газар хашаалан авч түүндээ барилга барьж амжилгүй явж байгаад 2014 онд жижиг зуны байшин барьсан. 2016 онд хашаагаа шинэчилж барих гэтэл эзэмшил хашааг дагуулж хуучирч муудсан 3 ширхэг жорлон байсныг эзэдтэй нь уулзаж, ярьж тохиролцон стандартад нийцсэн 5 ширхэг 00-ыг өөрийн зардлаар барьж, хүмүүст нь хүлээлгэн өгсөн юм. Тухайн үед Ж.О гэдэг хүн огт байгаагүй бөгөөд сураглаж асууж үзэхэд ногоон бүсэд 4-5 ширхэг байшин барьж түрээслэн түүгээрээ ашиг олдог гэж сонссон. Тэгээд ч би ногоон өнгийн жорлонг эзэмшиж байсан, байшинг нь түрээсэлж байсан Угэж хүнд 5 дугаартай 00-ын түлхүүрийг хүлээлгэн өгсөн, одоо хүртэл ашиглаж байгаа. Ер нь бол жорлонг буулгахдаа Ж.Оээс зөвшөөрөл аваагүй нь үнэн, гэхдээ би жорлонг нь өөрийн зардлаар бариад өгсөн учир нэхэмжилсэн 539.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Н.Ж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Чингэлтэй дүүргийн ** хороохорооны Ж зусланд 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж, амьдарч байна. Би айл өрхийн хашаа байшин, хашаанд байгаа хүүхдийн талбай, бусад эд зүйлийг харж ханддаг болохоос биш хашааны гадна, өөр газар байгаа эд хөрөнгийг хариуцдаггүй. Тэгээд ч Ж.Оийн жорлонг нурааж, түүнд хохирол учруулсан асуудалд миний бие хамааралгүй, харин ч намайг гүтгэж байгаад гомдолтой байна. Р.Э нь надаас Ж.Оийн утасны дугаарыг авч ярихаар больсон бөгөөд Ж.О тухайн үед утсаа аваагүйгээс ийм асуудал үүссэн гэж үзэж байна гэжээ….

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

         ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч Р.Э, Н.Ж нарт холбогдуулж хохиролд 539.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад хариуцагч Н.Жд холбогдох шаардлагаасаа татгалзсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч Р.Э миний эзэмшлийн жорлонг миний зөвшөөрөлгүй нураан эвдсэн учир учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж тайлбарласныг хариуцагч Р.Э зөвшөөрөхгүй байх бөгөөд хэдийгээр нэхэмжлэгчийн жорлонг зөвшөөрөлгүй нураасан ч гэсэн оронд нь шинэ жорлонг стандартын дагуу барьж түүнээс 5 дугаартай жорлонг зуслангийнх нь байшинг түрээсэлж байсан гэх Уянгад хүлээлгэж өгсөн учир нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргав.

 

            Нэхэмжлэгч Ж.О нь 2000 онд Чингэлтэй дүүргийн ** хороохороонд байрлах Ж зусланд 700 м.кв газрыг эзэмшиж, эзэмших эрхээ 2007.06.05-ны өдөр баталгаажуулсан байх бөгөөд тус газрын ойролцоох ойн цоорхойд 2000 онд модон жорлон барьж, түүнийгээ 2.5 жилийн өмнө 2 м өндөртэй, аргелатаар доторлон, модоор хучиж, төмрөөр дээвэрлэн, банзан шал хийж, шалыг нь цагаан өнгөөр будаж, хаалга, цоож, бариул, цаас тогтоогч хийж, био суултуур тавьж, жорлонг ерөнхийд нь ногоон өнгөөр будан сайжруулж зассан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын байршлын кадастрын зураг, жорлонгийн анхны байсан байдлыг болон нураасан байдлыг харуулсан гэрэл зургуудаар тогтоогдов.

 

            Харин нэхэмжлэгчийн эзэмшлийн дээрх жорлонг хариуцагч Р.Э нь өөрийн эзэмшлийн хашааг тэлэх зорилгоор түүний зөвшөөрөлгүй 2016 оны 08 сард нураасан үйл баримт зохигчдын тайлбар, жорлонгийн анхны байсан байдлыг болон нураасан байдлыг харуулсан гэрэл зургуудаар нотлогдсон.

Өөрөөр хэлбэл хариуцагч Р.Э уг жорлонгийн оронд стандартад нийцсэн жорлонг өөрийн хөрөнгөөр барьж, түүнээс 5 дугаартай жорлонгийн түлхүүрийг Ж.Оийн зуслангийн байшинг түрээсэлж байсан Угэгч хүнд хүлээлгэн өгсөн гэж тайлбарлан өөрийн барьсан жорлонгийн зураг, Уянгад түлхүүр хүлээлгэн өгсөн баримтыг үндэслэж байх боловч У гэгчид 5 дугаартай жорлонгийн түлхүүрийг хүлээлгэж өгснийг нэхэмжлэгч Ж.От хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй, уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, Ж.Оийн зуслангийн байшинг Угэж хүн бус харин Сүхбат гэж хүн түрээсэлж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

   Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1‑д “гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангүй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”,

 

229 дүгээр зүйлийн 229.1-д “үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй”,

 

497 дугаар зүйлийн 497.1‑д “бусдын …эрүүл мэнд …‑д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/‑ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

 

510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Иргэний хуулийн дээрх заалтуудын дагуу нэхэмжлэгч Ж.От шаардах эрх үүссэн байх бөгөөд хариуцагч Р.Э нь учирсан хохирлыг нэхэмжлэгч Ж.От нөхөн төлөх үүрэгтэй.

 

            Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээчээр ХҮТ ХХК-ийг томилсон байх бөгөөд тус байгууллагын дүгнэлтээр маргаан бүхий жорлонг сэргээн засварлах боломжгүй гэж дахин барихад гарах зардлыг 444.030 төгрөг гэж тооцжээ.

           

            Тодруулбал хариуцагч Р.Эын нэхэмжлэгч Ж.Оийн эзэмшлийн жорлонг түүний зөвшөөрөлгүй нураасан үйлдэл болон учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо үүссэн, хариуцагч Р.Э гэм буруутай байх тул дээрх шинжээчийн дүгнэлтэнд заасан хэмжээгээр нэхэмжлэгч Ж.Оийн хохирлыг тооцож, хариуцагч Р.Эоос 444.030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 94.970 төгрөгийг, хариуцагч Н.Жд холбогдох шаардлагын хамт хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Хариуцагч Н.Ж нь шүүх хуралдааны тов мэдсэн байх боловч шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Н.Жн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Р.Эоос 444.030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 94.970 төгрөгийг, хариуцагч Н.Жд холбогдох шаардлагын хамт хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Оээс тэмдэгтийн хураамжид төлсөн 16.820 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Р.Эоос 13.971 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.От олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1** хороозүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1** хороозүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ЭНХТУЯА

 

                         ШҮҮГЧИД                                                      Ж.БАЙГАЛМАА

                                                                   

                                                                               Ч.ДАВААСҮРЭН