Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 634

 

 

 

 

 

 

 

  2020        04        07                                  2020/ШЦТ/634

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

           улсын яллагч А.Сайнбаяр,

           шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  Ж.Гд холбогдох эрүүгийн 1906 05111 0795 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.                 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Жамъяа овогт Жамбалдоржийн  Ж.Г, Монгол улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн “Түмэнцогт” суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 2 дугаар гудамж, 42 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, /РД:/,

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

  Шүүгдэгч Ж.Г нь 2019 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Ууганцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар ноцолдон зодолдож, түүний эрүүл мэндэд хамар, уруул, хацар, завьж, хүзүү, эгэм, цээж, шуунд зулгаралт бүхий “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

                    Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

            Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч  Ж.Г нь 2019 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Ууганцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар ноцолдон зодолдож, түүний эрүүл мэндэд хамар, уруул, хацар, завьж, хүзүү, эгэм, цээж, шуунд зулгаралт бүхий “хөнгөн” хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Г гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

            1. Шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1],

             2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №10313 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “...1. Ц.Ууганцэцэгийн биед хамар, уруул, хацар, завьж, хүзүү, эгэм, цээж, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна” гэх дүгнэлт[2],

            3. Прокурорын байгууллагад хохирогч Ц.Ууганцэцэг, шүүгдэгч Ж.Г нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлт[3],

            4. Ж.Ггийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[4],

            5. Хохирогч Ц.Ууганцэцэгийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Рояал” нэртэй караокены гадна шорлог зардаг. 2019 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 04 цагийн орчим эрэгтэй, эмэгтэй үл таних хоёр хүн ирээд “шорлог хэдэн төгрөг вэ?” гэж асуухаар нь би “2000 төгрөг” гэж хэлсэн. Гэтэл тэр хоёр хүн “1000 төгрөгөөр зарчих гэхээр нь би үгүй 2000 төгрөг гэж хэлэхэд зах дээр наад шорлог чинь 1000 төгрөг л  гэдэг биз дээ. Нохойны махтай шорлог биз дээ гэхээр нь би үхрийн махаар хийдэг гэсэн. Зах дээр 1000 төгрөг гэдэг юм бол захаас очиж ав гэж хэлсэн. Гэтэл зарж байсан шорлогноос базаж аваад над руу шидэж, шорлогны тэргийг өшиглөөд дайраад байхаар нь би шорлогноосоо холдсон. Тэр эмэгтэй намайг элдвээр хэлээд, цохисон бөгөөд би утсаа оролдоод цагдаа дуудаж байтал хамт явж байсан эмэгтэй ирээд манай найзтай маргалдлаа гээд нүүр ам руу цохиж зодсон. Тэр хоёр эмэгтэй хоёулаа нүүр ам руу цохиж, зодсон. Сүүлдээ хоёулаа нийлж хоёр талаас цохиж, эхэлж цохисон эмэгтэй миний шорлогны тэргийг унагаагаад шорлогийг газар цацаж, над руу дайрч байхад цагдаа нар ирсэн. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан ямар нэг санал байхгүй. Мөн тэр эмэгтэй надад учирсан хохирол болох 650,000 төгрөгийг төлж барагдуулсан тул одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[5] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Ггийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзсэн. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

             Хохирогч хохирол төлбөрт 650,000 төгрөг авсан, цаашид гомдол, саналгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.

                                      Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

            Шүүх шүүгдэгч Ж.Гд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Ж.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан үзсэн болно.

              Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Гд анхааруулах нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч  Ж.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж. Ж.Гг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Ггийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавь/-н төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтан Ж.Гд анхааруулсугай.

           5. Ялтан Ж.Г нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

           6. Ялтан Ж.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АМАРГЭРЭЛ                                              

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 29 дүгээр тал

[3] Хавтаст хэргийн 63-64 дүгээр тал

[4] Хавтаст хэргийн 47 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 15-20 дугаар тал