| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 105/2020/0608/Э |
| Дугаар | 636 |
| Огноо | 2020-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 636
2020 04 07 2020/ШЦТ/636
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Н.Дуламсүрэн,
шүүгдэгч Ж.Б,
шүүгдэгч, хохирогч П.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ж.Б, П.У нарт холбогдох эрүүгийн 1906 04193 0662 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Ж.Б, Монгол улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аюулгүй ажиллагаа хариуцагч, оосорлогч, дохиочин мэргэжилтэй, “Жи Си Ар Монголиа” ХХК-д талбайн ахлах ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1в хэсэг, Улаанхуаран 2070 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Ховд аймгийн Сум дундын нэгдүгээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,
-мөн дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, 1 жилийн хугацаагаар жолоодох эрх хасуулж, 3 сар, 10 хоног баривчлагдах ял тус тус шийтгүүлж байсан, /РД/,
2. П.У, Монгол улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн “Хужирт” суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 4-46 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, //,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
1. Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 14-ний орой Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Андууд” караокед иргэн П.Уын толгойн тус газар нь гараараа цохиж, улмаар түүний эрүүл мэндэд “хөнгөн” хохирол санаатай учруулсан,
2. Шүүгдэгч П.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 14-ний орой Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Андууд” караокед иргэн П.Мөнхцэцэгийн толгойн тус газар нь гараараа цохиж, үснээс нь зулгаах, түлхэн унагаах зэргээр биед нь халдаж, улмаар түүний эрүүл мэндэд “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 14-ний орой Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Андууд” караокед иргэн П.Уын толгойн тус газар нь гараараа цохиж, улмаар түүний эрүүл мэндэд “хөнгөн” хохирол санаатай учруулсан, П.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 14-ний орой Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Андууд” караокед иргэн П.Мөнхцэцэгийн толгойн тус газар нь гараараа цохиж, үснээс нь зулгаах, түлхэн унагаах зэргээр биед нь халдаж, улмаар түүний эрүүл мэндэд “хөнгөн” хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Б, П.У нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн. Эмчилгээний зардалд 500,000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг[1],
2. Шүүхийн хэлэлцүүлэгт П.У мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[2],
3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №8688 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “...Д.Мөнхцэцэгийн биед тархи доргилт, баруун шуу, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зүүн гуя, өвдөгт зулгаралт, толгойн зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниуцлах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт[3],
4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №8660 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “...1. П.Уын биед зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун гуянд цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, умайн булчингийн чангарал, гэмтэл, тархи доргилт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[4],
5. Гэрч М.Цэцэгбадамын 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар санрын 14-ний 20-21 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансрын тунелийн дээр үйл ажиллагаа явуулдаг “Андууд” караокед найзууд болох Ж.Б, Мөнхцэцэг, Баярцэцэг, Дээгий нарын хамт үйлчлүүлж байсан. Манай найз Дээгий, Баярцэцэг нар эхнэр, нөхөр бөгөөд хамт дуулж байхад хажуу ширээний П.У гэдэг эмэгтэй Дээгийгийн микрофоныг булааж аваад Баярцэцэгтэй дуулж байгаад, дуулж дуусаад Дээгий рүү микрофоноо шидэж өгсөн. Мөнхцэцэг тооцоогоо хийх гээд явж байгаад П.У гэдэг эмэгтэйтэй мөрөөрөө шүргэлцээд тэр хоёр юм ярьж байгаад тэр эмэгтэй Мөнхцэцэгийг алгадаад авсан. Мөнхцэцэг орилоод газар унахад бид нар очиж салгасан боловч тэр хоёр дахин зууралдаж, нэгнийгээ үсдэлцэж байсан. Гэтэл Мөнхцэцэгийн нөхөр Ж.Б эхнэрээ өмөөрөөд П.Уыг хоёр удаа алгадсан” гэх мэдүүлэг[5],
6. Хохирогч Д.Мөнхцэцэгийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 20-21 цагийн үед “Сансарын тунель”-ийн дээр үйл ажиллагаа явуулдаг “Андууд” караокед нөхөр болон найзуудын хамт үйлчлүүлж байсан. Гэтэл хажуу ширээнд сууж байсан П.У гэдэг эмэгтэй угаалгын өрөөнөөс гарч ирээд намайг мөрлөөд “яагаад байгаа юм бэ?” гэсэн чинь намайг түлхээд алгадсан. Би орилоод цементэн шалан дээр унасан. П.У гэх эмэгтэй миний биед гэмтэл учруулсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[6],
7. Хохирогч П.Уын 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 14-ний орой найз Билэгдалайгийн хамт “Сансарын тунель”-ийн дээр үйл ажиллагаа явуулдаг “Андууд” нэртэй нийтийн караокед дуулж байхад нэлээн согтолттой байрын 2 залуу, 3 охин ирээд харалдаа ширээнд суусан. Гэтэл намайг зодсон залуугийн найз охин нь “энэ дууг хамт дуулъя” гэж хэлээд надад микрофон өгсөн. Тэгээд би хамт дуулчихаад тэр эмэгтэйд “Чи их үзэсгэлэнтэй юм. Хамт дуулсанд баярлалаа” гэж хэлээд микрофоноо хажууд сууж байсан залуугийн өвөр дээр тавьсан чинь цаана байсан хоёр эмэгтэй “чи яагаад микрофоноо манай найз руу шидээд байгаа юм бэ?” гэж хэлсэн. Би “шидээгүй ш дээ” гэж хэлээд найзтайгаа дуулж байгаад тооцоогоо хийх гээд текен дээр очиход тэр залуучуудтай хамт явж байсан хоёр эмэгтэй ирээд үсдээд дарсан. Манай найз Билэгжаргал салгаад “яагаад байгаа юм бэ?” гэхэд тэр хоёр эмэгтэй “танай найз манай найзыг мөрлөөд алгадсан. Мөн манай найз руу микрофон шидсэнд дургүй хүрээд зодсон” гэж хэлсэн. Гэтэл тэд нартай хамт явж байсан улаан куртиктэй, масктай намхан залуу ирээд намайг ариун цэврийн өрөө рүү чирж оруулаад гэдэс рүү өшиглөөд шат мөрүүлсэн. Манай найз Билэгдалай ирээд салгах гэтэл тэр залуу манай найзыг нэг цохиод 2-3 удаа алгадсан. Би 00-ын шатан дээр дуугарч чадахгүй гэдсээ бариад хэвтэж байхад тэр залуу буцаж ирээд нүүр рүү өшиглөсөн. Тэрнээс хойш би юу ч санахгүй байна. Нэг мэдэхэд 103 түргэний машинд сэрсэн” гэх мэдүүлэг[7],
8.Шүүгдэгч П.Уын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 14-ний оройн “Сансарын тунель”-ийн дээр үйл ажиллагаа явуулдаг “Андууд” караокенд Билэгдайлай гэдэг найзын хамт үйлчлүүлсэн. Бид хоёроос гадна өөр нэг ширээнд 4-5 эмэгтэй, эрэгтэй хүмүүс үйлчлүүлж байсан. Тэр ширээний нэг эмэгтэйтэй хамт нэг дуу дуулсан. Дуулж дуусаад микрофоноо ширээн дээр нь тавьсан. Гэтэл микрофон нь ширээн дээрээс өөрөө өнхөрөөд унасан. Гэтэл тэр ширээнд сууж байсан хүмүүс намайг микрофон шидлээ гээд байсан. Би 00-ын өрөө ороод гарахдаа нэг үл таних эмэгтэйтэй мөрөөрөө шүргэлцсэн. Гэтэл хоёр эмэгтэй ирээд “чи яагаад манай найзыг түлхээд байгаа юм бэ?” гээд намайг түлхсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд түлхсэн. Би тэгээд 00-ын өрөөний шат мөргөж унасан. Босч ирэхэд намайг алгадсан. Намайг зодож, миний биед гэмтэл учруулсан залуу 30 орчим настай, цэнхэр өнгийн борооны цув шиг цамцтай, амны хаалттай байсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Мөнхцэцэг гэх эмэгтэй бид хоёр нэг нэгнийгээ харилцан өшиглөсөн. Мөнхцэцэг надад гэмтэл учруулахаар цохиогүй. Харин түүний нөхөр гэх залуу намайг зодсон. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[8],
9. Шүүгдэгч Ж.Бын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 14-ний орой 20-21 цагийн үед “Сансарын тунель”-ийн дээр үйл ажиллагаа явуулдаг “Андууд” нэртэй караокед эхнэр, түүний найзуудтай хамт орж үйлчлүүлсэн. Өөр нэг ширээнд хоёр үл таних эмэгтэй үйлчлүүлж байсан. Өөр ширээн дээр хүн байгаагүй. Намайг тамхи татаад ороод ирэхэд манай найзууд нөгөө ширээний эмэгтэйчүүд дуулж дуусаад микрофоноо шидлээд байсан гэж ярьж байсан. Манай эхнэр Мөнхцэцэг тооцоо хийх гээд босоод явсан боловч удалгүй “яая” гээд орилсон. Би гүйгээд очиход цементэн шалан дээр унасан байсан бөгөөд хажуу ширээнд сууж байсан хар цамцтай П.У гэх эмэгтэйтээ нэгнийгээ үсдэлцээд дарсан байсан. Би салгаад П.У гэх эмэгтэйг нэг удаа алгадсан. Гэтэл П.У гэх эмэгтэйтэй хамт явж байсан эмэгтэй тэр хоёр над руу дайрч, өшиглөж байснаа П.У миний нүүр рүү нулимсан. Тэр үед би дахин нэг удаа алгадсан. Манай найз Цэцэгбадам тэр хоёр эмэгтэйн нэгийг өшиглөсөн бөгөөд П.Уын хамт явж байсан эмэгтэйтэй нэгнийгээ үсдэлцээд хоорондоо зодолдоод байсан. Бид нар салгасан чинь П.У гэх эмэгтэй Цэцэгбадамын гэдэс рүү өшиглөсөн. Хэрүүл дуусаад би өөрөө цагдаа дуудсан. Миний биед олон хумсны шарх сорви үүссэн. Тэр хоёр эмэгтэй хамт хөл рүү өшиглөж байсан учраас хөл хөхөрч, шалбарсан. Тухайн үед би П.У гэх эмэгтэйг хоёр удаа алгадсан тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[9] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Б, П.У нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзсэн.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч нарын зүгээс эвлэрсэн цаашид гомдол, саналгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Ж.Б, П.У нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Ж.Б, П.У нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирогч нарын зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан үзсэн болно.
Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бод 530 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 530,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч П.Уод 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч Ж.Б, П.У нарт тус тус оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаагаар тус тус хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Б, П.У нарт анхааруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Б, шүүгдэгч П.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг 530 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 530,000 /таван зуун гучин мянга/-н төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч П.Уыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Бын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 530 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 530,000 /таван зуун гучин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаагаар, ялтан П.Уын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/-н төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаагаар тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.
5. Ялтан Ж.Б, П.У нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Ялтан Ж.Б, П.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Хавтас хэргийн 41 дүгээр тал
[4] Хавтаст хэргийн 40 дүгээр тал
[5] Хавтаст хэргийн 29 дүгээр тал
[6] Хавтаст хэргийн 28 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 23 дугаар тал
[8] Хавтаст хэргийн 100-101 дүгээр тал
[9] Хавтст хэргийн 108 дугаар тал