Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 16

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Б.Батзориг

                                Шүүгчид                                          С.Оюунцэцэг

                                                                                        Г.Давааренчин

   Оролцогчид:

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч           М.Гансүх                                          

            Хариуцагчийн өмгөөлөгч              А.Отгонбаяр

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 356 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор А.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй, Н.Бат-Эрдэнэд холбогдох “хүүхдийн тэтгэлгийн зөрүү 3.025.300” тухай иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч А.Саранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“…Миний бие Н.Бат-Эрдэнэтэй 1994 онд хамтран амьдарч байгаад 1999 онд охин С.Ариунхулан төрсөн. 2003 оноос тус тусдаа амьдарч, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 152 тоот шүүхийн шийдвэрээр С.Ариунхулангийн эцэг Н.Бат-Эрдэнэ мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн. Н.Бат-Эрдэнэ нь хуулиар хүлээлгэсэн хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ 2007 он хүртэл хагас дутуу биелүүлж байгаад Солонгос Улс руу удаан хугацаагаар эмчилгээнд явсан. Хариуцагчийн эмчилгээнд явсан 2008 оноос 2013 оны 03 дугаар 01-ний өдөр хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлэгт төлөх төлбөр хуримтлагдан 4.025.000 төгрөг болсон. Гэтэл Н.Бат-Эрдэнэ нь “...Би ажилд орох гэсэн юм энэ тэтгэлгийн асуудлаа шийдээд өг...” гэж амаар хүсэлт тавьж, төлбөр төлөгчтэй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хоорондоо тохиролцон, 4.025.000 төгрөгний 50 хувийг энэ удаад нь гаргуулъя, харин 50 хувийг нь төлөхдөө бэлнээр 1.000.000 төгрөг өгөөрэй, 1.000.000 төгрөгөнд нь зурагт, печь өгнө гэж байгаа бол авна гэсэн асуудлыг ярьж тохирсоны улмаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаалгасан.

Гэтэл Н.Бат-Эрдэнэ тохиролцсон 1.000.000 төгрөгөө хугацаандаа өгөөгүйн улмаас дахин шүүхэд хандаж, тухайн үедээ Н.Бат-Эрдэнэ нь хүлээн зөвшөөрснөөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны 633 дугаартай захирамжаар “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гарсан.

2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.Бат-Эрдэнийн 2008 оноос 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх төлөөгүй хуримтлагдсан 4.250.000 төгрөгнөөс шүүхийн шийдвэрийн дагуу гарсан 1.000.000 төгрөгөө хасч, 1.000.000 төгрөгөнд бодож авсан печь, зурагт хоёрыг мэргэжлийн байгууллагаар үнэлгээ тогтоолгоход 380.000 төгрөгийг, үнэлгээ гарсан бөгөөд түүнийгээ хасч тооцон Н.Бат-Эрдэнээс төлөгдөөгүй үлдсэн 3.025.300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Миний бие Н.Бат-Эрдэнийн охиндоо авч өгсөн хувцасны мөнгө 155.000 төгрөгийг хасаад 2.870.300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэжээ.

Хариуцагч Н.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“…Би 2003 оны 08 дугаар сарын 01-ний 152 тоот шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг төлөх шүүхийн шийдвэр гарч, сар болгон миний цалингаас хүүхдийн тэтгэлэг суутгагдан төлөгддөг байсан. 2003 оны 08 дугаар сараас эхлээд 2008 он хүртэл хүүхдийн тэтгэлгээ төлж байгаад, 2008 оны 09-р сард ажлаасаа гараад гадаад улс руу эмчилгээ хийлгэхээр явсан. Би 2011 оны 11-р сарын 15-нд гадаад улсаас ирсэн. Тэгээд намайг гадаадад 3 жил байх хугацааны хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулъя гэж А.Саранцэцэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргасан байсан. Тэр үед шүүхийн шийдвэр гүйцэтгэгч над руу утасдаад хэлэхдээ “...чамайг гадаадад байх хугацааны хүүхдийн тэтгэлгийг Саранцэцэг чамаас нэхэмжилсэн, чамд одоо бэлэн өгөх мөнгө байгаа юу...” гэхээр нь би “...надад бэлэн мөнгө байхгүй, гадаадаас авчирсан зурагт, печь байна...” гэж хэлсэн. Тэр үед А.Саранцэцэг надаас зурагт, печь хоёрыг авъя гэсэн. Тэгээд бид хоёр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр очиж, А.Саранцэцэг өөрөө хүсэлтээ гаргахдаа “...1 сая төгрөгийг нотариатаар баталгаажуулж 2013 оны 12-р сарын 31-ний өдрийн дотор авна, зурагт, печь хоёрыг нийт үнийн дүнгийн 50 хувиар бодоод 1 сая төгрөгөөр тооцож авна...” гэж хүсэлт гаргасан. Тэгээд 1 сая төгрөгийг шүүхийн шийдвэрээр 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болгосон. Одоо надад А.Саранцэцэгт төлөх төлбөр байхгүй. Тухайн үед би өөрөө шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байсан болохоор манай шийдвэр гүйцэтгэлийн байгууллага намайг чи тэтгэлгээ төлчих гэхээр нь төлөхөөр болсон. Миний хувьд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг төлөх үндэслэл байхгүй. Намайг явснаас хойш хүний хөгжлийн 500.000 төгрөгийг бас суутгаж авч байсан...” гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 356 дугаартай шийдвэрээр:

  • Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Н.Бат-Эрдэнээс 2.870.300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Саранцэцэгт олгож,
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Саранцэцэг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Бат-Эрдэнээс 60.870 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Бат-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шийдвэрийн тодорхойлох хэсэгт “...намайг ажилд орох гэсэн юм. Энэ тэтгэлэгийн асуудлаа шийдээд өг гэж амаар хүсэлт тавьсан, 4.025.000 төгрөгийн 50 хувийг энэ удаад нь гаргуулая, харин чи төлөхдөө бэлнээр нь 1.000.000 төгрөг өгөөрэй, 1.000.000 төгрөгт нь зурагт, печь өгнө гэж байгаа бол авна гэсэн асуудлыг ярьж тохирсны улмаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаалгасан...” талаар дурьдсан нь огт үндэслэлгүй юм. Энэ нь А.Саранцэцэгийн Шийдвэр гүйцэтгэх албанд удаа дараа буюу 5 удаа хандаж гаргасан хүсэлт, шийдвэр гүйцэтгэгч Э.Дондмаагийн тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай 2 удаагийн тогтоол зэргээр няцаагдаж байгаа юм.

Харин А.Саранцэцэг нь 4.025.000 төгрөгийн 50 хувийг хөнгөлж хасаад 2.000.000 төгрөгөнд нь эд зүйл буюу зурагт, печь, плитка бэлнээр 1.000.000 төгрөгийг нь 2014 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө авахаар тохирсон байсан юм. Дээрх хугацаа нь болоогүй байхад тэр шүүхэд хандсан. Тэр үед нь би 1.000.000 төгрөгөнд нь видеокамер, андройд гар утас зэргийг өгч тооцон өр хасагдсан. Дараа нь 2 жил гаруй хугацааны дараа 2016 онд 2013 оны шүүгчийн захирамжийг биелэгдээгүй мэтээр шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн байсныг би цалингаасаа суутгал хийлгүүлж төлж барагдуулсаар 2016.03.01-нд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хаагдсан юм.

Нэгэнт тухайн асуудлаар өмнө нь гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль зүйн дагуу дуусгасан тогтоол, шийдвэр байгаа тул анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 356 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө  үү...” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Энэ хэрэг өмнө нь 2 удаа шүүхээр шийдвэрлэгдэж байсан ба эхний удаад хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, харин дараа нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Үүнийг би өмгөөлөгчийн зүгээс хууль бус, үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь талууд харилцан тохиролцсон, хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажил бүрэн явагдаад сүүлийн үлдэгдэл 1 сая төгрөгийг 2013 оны 12 дугаар сард төлөөд дууссан. Ийм учраас давж заалдах гомдол гаргасан...” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаан өгсөн тайлбартаа:

“Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргасан байдлыг үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь ямар хууль тогтоомж зөрчснийг дурьдаагүй, зөвхөн үйл баримт дээр үндэслэж маргаж байна.

2 дахь удаагийн анхан шатны шүүх хуралдаанаар энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. А.Саранцэцэг Б.Бат-Эрдэнэтэй өөрөө очиж эвлэрээгүй, харин Б.Бат-Эрдэнэ өөрөө түүн дээр очиж шийдвэр гүйцэтгэлд ажилд орох гэсэн юм гээд гуйсан. А.Саранцэцэг огт өгөөгүй 2 сая төгрөгөө Б.Бат-Эрдэнээс нэхэмжилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч А.Саранцэцэг нь хариуцагч Н.Бат-эрдэнэд холбогдуулан хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэг 3.025.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хэргийн хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлынхоо үндэслэлийг нэхэмжлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан байхад шүүх тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй хэмээн тайлбарласан.

Хэргийг судлан үзвэл: Хэргийн хариуцагч Н.Бат-Эрдэнэ нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 08 сарын 01-ний өдрийн 152 дугаартай шүүхийн шийдвэрээр охин С.Ариунхуланг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж, тус шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байсан байна.

Хариуцагч Н.Бат-Эрдэнийн 4.250.300 төгрөгийн тэтгэлэг төлөөгүй байдал, тус  хүүхдийн тэтгэлгийг талууд төлөх хэлбэр, хугацааны талаар тохиролцсон улмаар энэхүү тохиролцоог үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн  ажиллагааг 2013 оны 03 сарын 01-ны өдөр дууссанд тооцсоноор хариуцагч Н.Бат-Эрдэнэд холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон.

Ийнхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон нь   хариуцагч Н.Бат-Эрдэнийг Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т заасан  тэжээн тэтгэх үүргээс чөлөөлсөн эсхүл түүний тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон гэж үзэхгүй юм.

Иймд нэхэмжлэгч А.Саранцэцэгийн төлөгдөөгүй тэтгэлэгийг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй байна гэж үзлээ. Хариуцагч Н.Бат-Эрдэнэ нь тэтгэлэгийн төлбөрт 1.000.000 төгрөгийн үнэ бүхий  эд хөрөнгө болох шарах шүүгээ /печь/, телевизор зэргийг нэхэмжлэгчид өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын үнэлгээний комиссын үнэлгээг үндэслэн 380.000 төгрөгөөр тооцон тэтгэлэгээс хассан гэж тайлбарладаг.

Гэр бүлийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.5-д “...тэтгэлэгийг эд хөрөнгөөр олгохоор талууд харилцан тохиролцсон бол эд хөрөнгийг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлнэ...” гэж заасан тул нэхэмжлэгчийн хариуцагчаас тэтгэлэгт өгсөн эд хөрөнгийг 380,000 төгрөгөөр тооцон тэтгэлэгийн төлбөрөөс хассан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 356 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  давж заалдах гомдлыг хангахгүй  орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60.870 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                                              

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 356 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  давж заалдах гомдлыг хангахгүй  орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60.870 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                                              

 

                                ДАРГАЛАГЧ                                Б.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧИД                                   С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                      Г.ДАВААРЕНЧИН 

                                ДАРГАЛАГЧ                                Б.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧИД                                   С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                      Г.ДАВААРЕНЧИН