Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 235

 

Д.Нямдаваагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Д.Нямдаваа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баасанпүрэв нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 88 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 285 дугаар магадлалтай, Д.Нямдаваагийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Нямдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2008 оноос 2012 он хүртэл Налайх дүүргийн Нарлаг 13-8 тоотод захирамжгүй, 2 дугаар хороонд хаяг бүртгэлд хэн ч байгаагүй 1 том гүн жалга газрыг 2 хувааж Газрын албаны дарга Санжмятаваас зөвшөөрөл авч газрын кадастр хийлгэсэн. Урьд нь 2008, 2009 онд өргөдөл өгсөн бөгөөд надад газар олгоогүй учир Нарлаг 13-8 тоот газрын талыг 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр кадастр хийлгэсэн. Газар нь гүн болохоор шороо олдох нь хомс учир захирамжтай 13-8 тоотоо 78 ховоо шороогоор дүүргэж хашааг барьж, эзэн нь байгаа учир би хувааж авсан тал газартаа 2014 оны 10 дугаар сард 58 ховоо шороо асгуулж дүүргэсэн юм.

2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр танихгүй хүн 1153-УН гэсэн улсын дугаартай трактораар миний асгуулсан шороог түрж тэгшлээд явсан. Би Налайх дүүргийн Засаг даргад учир байдлаа бичээд нотлох баримттай нь хороонд 2015 оны 4 дүгээр сард уулзалт хийж байхад өгсөн. Гэтэл 2015 оны 5 дугаар сарын 14-ний орой нэг гэр ирж буухад нь би маргааш нь буюу 15-ны өглөө орж уулзахад “худалдаж авсан” гээд гэрчилгээ үзүүлэхээр нь газрын гэрчилгээ гэрлийн зөвшөөрөл авах бичиг худалдаж авсан гэх Г.Батболдоос авч канондуулж аваад Засаг даргад орж урд өгсөн өргөдлийн хариу, болсон нөхцөл байдлыг тайлбарлахад Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга М.Мэндсайханд, газар зохицуулагч О.Адъяад 2014 онд 2 удаа хүсэлт гаргасан ч хариу өгөөгүй.

Гэтэл Засаг дарга Болдбаатар нь 2008 оны 9 дүгээр сарын 26-ны захирамжид Б.Чулуун нь Нарлаг хэсэг гэсэн захирамжтай 2010 оны 10 дугаар сард гэрчилгээ олгогдсон гэх хаягт бүртгэлгүй байсан гэрчилгээнд Налайх дүүрэг Нарлаг 2 дугаар хороо гэсэн хаягтай Базаррагчаагийн Чулуун гэсэн гэрчилгээнд хяналтгүй хариу буруу шийдэж өгсөн. Захирамж гаргуулах гэж өргөдөл өгсөн ч хариу өгөөгүй. 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр орлогч даргаас нь захирамж авах зөвшөөрөл авч явсан бөгөөд Базаррагчаагийн Чулуун нь нас бараад 3-4 жил болж байгаа гэж байсан.

Миний арчилж шороо асгуулсан газрыг хаяггүй нас барсан Базаррагчаагийн нэрээр хууль бус 2 жил болж гэрчилгээ авсан бөгөөд 400 м.кв байхад 500 болгож, 2014 онд кадастр хийсэн нийслэлийн Засаг даргад хандсан хариу нь байдаг. Иймд Налайх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 446 дугаар захирамжийн Б.Чулуунд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Нямдаваа надад уг газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Налайх дүүргийн Засаг даргад даалгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Базаррагчаагийн Чулуунд Налайх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 446 дугаар захирамжаар тус дүүргийн 2 дугаар хороо, Нарлаг 13 гудамж, 8 тоот хашааны 500 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 28 дугаар зүйлийн 28.1.1-д зааснаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 0323929 дугаар газар эзэмших гэрчилгээ олгосон байна.

Иргэн Б.Чулуун нь тус газраа 2008-2012 он хүртэл албан ёсоор эзэмшиж байгаад 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нас барсан. Түүний төрсөн охин Э.Бямбадэлгэр өвлүүлэгчийн өмчлөлд байсан тул тус газрыг 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгогдож, шилжүүлж авах хүсэлтээ 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дүүргийн Өмч, газрын харилцааны албанд өгсөн байна. Д.Нямдаваагийн хүү болох Сартагтайбаатарын Сүхбаатарт дүүргийн Засаг даргын 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаар захирамжаар 400 м.кв газрыг 2 дугаар хороо, Нарлаг 13 гудамж, 9 тоотод олгосон. Энэ газрыг 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/127 дугаар захирамжаар С.Баатарбилд шилжүүлсэн.  

Иргэн Д.Нямдаваа нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж заасны дагуу 2008-2009 онд газар хүссэн хүсэлт гаргаагүй байна. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчин бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул Б.Чулууны төрсөн охин хууль ёсны өв залгамжлагч Э.Бямбадэлгэрийг шүүх хуралд татан оролцуулах, Д.Нямдаваагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Э.Бямбадэлгэр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 061 тоот өвлөх эрхийн гэрчилгээний дагуу өөрийн төрсөн ээж болох Базаррагчаагийн Чулуун агсны нэр дээрх Налайх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 446 тоот захирамжийг үндэслэн олгогдсон 0323939 гэрчилгээний дугаар, 18668294155865 нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрын хууль ёсны эзэмшигч болсон. Тус газрыг тухайн нутаг дэвсгэр болох Налайх дүүргийн 2 дугаар хороо, Нарлаг хэсэгт иргэдэд анх газар олгож байх үе болох 2008 онд эзэмших газраа заалгаж, хашаагаа барьж баталгаажуулж авсан анхны хэд хэдэн иргэдийн нэг нь манай ээж байсан юм.

Энэ үед тус Нарлагийн хэсэгт одоогийнх шиг олон айлууд байгаагүй. Гэтэл хууль ёсны эзэмшилтэй манай газрыг иргэн Д.Нямдаваа нь 2014 оны 10 дугаар сард гэнэт гарч ирж тус газартай холбоотой ямар ч холбогдох хууль ёсны бичиг баримт байхгүй атлаа миний газар гэж бусармаг, шунахайн сэдэлтэйгээр булааж авах хууль бус үйлдлүүдийг удаа дарааллан хийж, миний эд хөрөнгө, сэтгэл санааг ноцтой хохироож байна. Энэ хугацаанд миний бие тус газар нь манай газар мөнөөс мөн учраас гомдол санал гаргахгүй өдийг хүртэл тайван явж ирсэн нь Д.Нямдавааг улам өөгшүүлэхэд хүрчээ.

Үнэхээр уг газар нэхэмжлэгчийн хүүгийн одоо амьдарч байгаа газрын тал газар нь мөн юм бол энэ олон жил хаагуур юу хийж явсан юм. Нэхэмжлэгчийн хүүгийнх 2012 онд манай хашаанд залгаа буусан байж манайх хашаандаа айлтай байсаар байтал яагаад чимээгүй яваад байсан юм. Тал газар нь биш болох нь кадастрын зургаар нотлогдоод ирэхэд нэхэмжлэгч Д.Нямдаваа нь өөрөө Газрын албанд өргөдөл өгсөн мэтээр шүүх байгууллагыг төөрөгдүүлж, өрөвдүүлэх гэж яахаас ч буцахгүй бүдүүлэг авир гаргаж, нас барсан миний ээжийн ясыг өндөлзүүлээд байгааг эсэргүүцэж байна.

Манай газар дээр хашааг харж байсан айл 2015 онд нүүгээд явсны дараа бидний эд хөрөнгөнд халдаж дур мэдэн эзэмшил газар дээр минь шороо асгасанд маш их гомдолтой байна. Энэ мэтээр миний эрх ашиг ноцтой хөндөгдөхөд хүрч байгаа тул дараах тайлбар, тодруулгуудыг хүргүүлж байна.

1. Налайх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 446 тоот захирамжийн дагуу миний ээж Б.Чулуун нь 2008 оноос 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл өөрийн эзэмшил газраа хууль ёсоор хашаатайгаар эзэмшиж байсан бөгөөд 2014 оны 9, 10 сар хүртэл хашаатай байсан юм. Маргаан бүхий газарт гуу, жалга зэрэг зүйлс огт байгаагүй, харин нэхэмжлэгчийн хүү С.Баатарбилын орших газарт автомашины орох, гарах гарц, зам байсан бөгөөд газар нь эрүүл тэгш талбайтай байсныг дээрээс нь шороо асгаж 2012 онд тус газар дээр буусан байдаг.

Мөн хэрэгт авагдсан 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн хийлгэсэн кадастрын зурагт 2 хуваагдсан зүйл огт байхгүй бөгөөд түүний хүү С.Баатарбилын одоо амьдарч, эзэмшиж буй 500 м.кв талбайтайг 2 дугаар хороо, Нарлагийн 13-9 тоот хаягтай газрын бүтэн тусгагдсан кадастрын зураг байгаа юм. Энэ зурагт тухайн үеийн Газрын албаны дарга зөвшөөрч, хянасан гарын үсэг огт зурагдаагүй, газрын нэгж талбарын дугаар байхгүй байгаа нь хүчин төгөлдөр бус зураг юм.

2. Нэхэмжлэгч Д.Нямдаваа нь энэ хугацаанд манай газар руу өнгөлзөж, хууль бусаар авах зорилгоор хороон дээр манай хаяг болох Нарлагийн 13-8 дээр бүртгэл байхгүйг далимдуулан 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/127 дугаар захирамжаар хүү С.Сүхбаатараас С.Баатарбилд Нарлагийн 13-9 тоотын газрыг шилжүүлж, улмаар С.Сүхбаатарыг 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүрэг 2 дугаар хороо, 64-14 тоот хаягаас манай хаяг болох 2 дугаар хороо Нарлагийн 13-8 тоот хаяг руу шилжүүлсэн байдаг. Энэ хугацаанд С.Сүхбаатар нь энэ газар дээрээ 2 дугаар хороон дээр бүртгэлгүй, эзэмшиж буй газартаа амьдардаггүй байсан.

3. Миний ээж Б.Чулуун нь нэгэнт хууль, дүрмийн дагуу кадастрын зургаа хийлгээд, мэдээллийн санд бүртгүүлж, өөрийнхөө эзэмшлийг баталгаажуулж гэрчилгээгээ аваад 2008 онд хашаагаа барьчихсан газар байсаар байтал, мөн энэ талаар Налайх дүүргийн Засаг даргын албан тоот, Өмч, газрын харилцааны алба зэрэг байгууллагууд удаа дарааллан албан тоотоор нэхэмжлэгч Д.Нямдаваад хариу тайлбар хүргүүлсээр байтал одоо болтол энэ асуудлын үнэн мөнийг ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүйгээр шунахайн сэдэлтэйгээр миний хууль ёсны эзэмшилтэй газрыг авах гэж улайрч өвлөх эрхийн гэрчилгээний дагуу өөрийн нэр дээр шилжүүлж авах үйл ажиллагааг удаашруулсаар байгааг эсэргүүцэж байна.

4. Нэхэмжлэгч нь манайхыг газраа зарсан гэж үзээд байгааг эсэргүүцэж байгаа бөгөөд Д.Нямдаваа нь миний хууль ёсны эзэмшил газар дээр минь шороо асгаж, удаа дарааллан миний газар гэж хэл ам, хэрүүл хийж байснаас шалтгаалан өөрийнхөө газар дээр хамаатны хүн болох иргэн Г.Батболдынхыг буулгаж хашаагаа харуулж байгаа бөгөөд, тус айлд Д.Нямдаваа нь удаа дарааллан дайран орж хэрүүл хийж, амгалан тайван байдлыг нь алдагдуулахын зэрэгцээ тог цахилгааны асуудлаа шийдвэрлүүлэхэд саад хийж эрчим хүчний байгууллагад өргөдөл гаргаж байсан нь нотлох баримтаар нотлогдоно. Нэхэмжлэгч нь энэ мэтчилэн миний эрх, ашиг, нэр хүнд, амгалан тайван байдлыг ноцтой хохироож, хууль бус үйлдэл байнга гаргаж байгаа тул Д.Нямдаваагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон хууль ёсоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 88 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Нямдаваагийн “Налайх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 446 дугаар захирамжийн Б.Чулуунд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Нямдаваа надад уг газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Налайх дүүргийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 285 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 88 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Нямдаваа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Засаг дарга Болдбаатар нь 2008 оны 9 дүгээр сарын 26-ны захирамжид Б.Чулуун нь Нарлаг хэсэг гэсэн захирамжтай 2010 оны 10 дугаар сард гэрчилгээ олгогдсон гэх хаягт бүртгэлгүй байсан гэрчилгээнд Налайх дүүрэг Нарлаг 2 дугаар хороо гэсэн хаягтай Базаррагчаагийн Чулуун гэсэн гэрчилгээнд хяналтгүй хариу буруу шийдэж өгсөн. Захирамж гаргуулах гэж өргөдөл өгсөн ч хариу өгөөгүй. 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр орлогч даргаас нь захирамж авах зөвшөөрөл авч явсан бөгөөд Базаррагчаагийн Чулуун нь нас барсан.  2010 оны 12 дугаар сарын 13-нд Б.Чулуунд Нарлаг 2-р хороо гэж бичих шаардлагагүй хаягтай байсан бөгөөд Б.Чулуун нь 2008 оноос 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 2 дугаар хороо, 35 дугаар байрны 46 тоотод амьдарч байсан.  Миний арчилж шороо асгуулсан газрыг хаяггүй нас барсан Базаррагчаагийн нэрээр хууль бус 2 жил болж гэрчилгээ авсан бөгөөд 400 м.кв байхад 500 болгож, 2014 онд кадастр хийсэн нийслэлийн Засаг даргад хандсан хариу нь байдаг. Иймд Налайх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 446 дугаар захирамжийн Б.Чулуунд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “хашааны газар эзэмшүүлэх эрх олгох тухай” 446 дугаар захирамжаар “газар эзэмших хүсэлт гаргасан 322 иргэнд ахуйн зориулалтаар олгох хашааны газрын байршил, хэмжээг хавсралтаар баталж, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосугай” гэж дурдаж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг дүүргийн Газрын албанд даалгаж, хавсралтын 100 дахь заалтаар иргэн Б.Чулуунд “Нарлагийн хэсэг” гэх газарт 400 м.кв газар эзэмшүүлжээ.               

Нэхэмжлэгч Д.Нямдаваа нь “...2008, 2009 онд өргөдөл өгсөн, газар олгоогүй, 2012 онд Нарлагийн 13-8 тоот газрын тал хэсэг газар дээр кадастрын зураг хийлгүүлсэн, уг газар гүн болохоор шороогоор дүүргэж арчилж байсан, миний энэ газрыг тэнд хаяггүй, нас барсан Б.Чулууны нэрээр хууль бусаар 2 жил эзэмшсэн” гэх зэргээр маргаж, дээрх захирамжийн Б.Чулуунд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг газрыг өөрт нь эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Налайх дүүргийн 2008 оны 446 дугаар захирамжийг үндэслэн Б.Чулуунд /2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нас барсан/ Нарлагийн 2 дугаар хороонд нэгж талбарын 18668294155865 дугаартай, 500 м.кв газар эзэмших эрхийн 0323929 дугаар гэрчилгээ 2010 онд олгогдсон, 2011-2013 онуудын сансрын зургаар нэгж талбарын уг дугаар бүхий 410 м.кв хэмжээтэй газрыг хашаалсан, хашаандаа гэртэй байсан, гэрч П.Цэцэгсүрэн, Б.Чинзориг нар 2009 оны 10 дугаар сараас 2011 оны 5, 2013 оны 9 дүгээр сараас 2014 оны 5  дугаар сар хүртэл уг хашаанд тус тус амьдарсан, маргаан бүхий газрыг “өвлөх эрхийн гэрчилгээ” талийгаач Б.Чулууны охин Э.Бямбадэлгэрт 2015 онд олгогдсон зэрэг нь тус тус тогтоогджээ.

Иймд, 2008-2012 он хүртэл хэн нэгэнд эзэмшил үүсээгүй газрыг арчилж, эзэмшилдээ байлгасан гэх нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл тогтоогоогүй, хууль ёсоор эзэмшиж байгаа бусдын газарт 2012 онд кадастрын зураг хийлгүүлснээр уг газрыг эзэмших эрхтэй гэж үзэж байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцэхгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 88 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 285 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Д.Нямдаваа нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4733 дугаар захирамжаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ        

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ