Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 0094

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж,

Улсын яллагч Л.О

Хохирогч Ж.Л

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О

            Шүүгдэгч Г.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн Г.Д

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Д нь 2019 оны 12 сарын 27-ны өдөр хамтран амьдаргч Ж.Л бусадтай хардан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 05 цагийн үед Ж.Л гэрт очсон. Тэр өдөр манай байгууллагын шинэ жил болсон. Тэгээд эхнэр найзуудтайгаа орой нь гарна гэсэн. Найз С нь над руу утсаар ярьсан. Манай эхнэрийг согтсон учраас ирээд аваач гэж хэлсэн. Манай буудал руу эхнэр ирсэн. Тэгээд эргээд гарч явсан. 1 цагийн дараа намайг гартал Ж.Л гадаа таарсан. Найзтайгаа хамт байсан. Тэр найзтай нь маргаан болоогүй. Гэртээ харих гээд такситай явсан. Тэгээд хардалтын улмаас маргалдаж би түлхээд цохисон миний буруу. Би маргааш нөгөөдөр нь ирээд уучлалт гуйсан. Сүүлд нь үзүүлж харуулъя гэхэд ирэхгүй байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 195.000 төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Ж.Л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... 2019 оны 12 сарын 27-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Г.Д манай гэрт ирсэн. Албан байгууллагын шинэ жилтэй гээд гарсан. Би найзтайгаа кино үзэхээр уулзсан. Киноны эхлэх цаг нь болоогүй гээд пабад орж ганц, хоёр шил пиво уусан. Орой 10 өнгөрч байхад Г.Д ярьж байгаад буудлынх нь гадаа очсон. Тэгээд ажлынхаа хамт олонтойгоо хамт байг гэж бодоод би гадаа 20-30 минут хүлээсэн. Тэгээд байж байтал манай 10 жилийн нэг ангийн залуу тааралдаж мэнд мэдэлцээд юм яриад байж байсан чинь Г.Д гарч ирээд манай найз руу учир зүггүй дайрсан. Би голоор нь орох гэж байгаад цохиулсан. Тэгээд арай гэж салгаж аваад гэртээ харьсан. Гэртээ байж байтал намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Тэгээд намайг цохиж цус гоожиж байхад 2-3 удаа дээрээс минь дэвссэн. Би дүүгээ гараад цагдаа дуудаарай гэж хэлэхэд “гарах юм бол ална шүү” гэж хэлээд манай дүүг гаргаагүй. Би одоо 1.500.000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Хамрын хагалгааг Улаанбаатар хотод хийлгэхээр болсон. Сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөг, хамрын хагалгаа хийлгэхэд 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөг нэхэж байгаа. Миний шүд бас цуурч үрэвссэн байгаа. Амьсгаа авахаар цуурсан шүд минь өвдөөд хэцүү байна. Шүдний эмчилгээний мөнгийг нэмж нэхэмжилмээр байна. Би үнэхээр гомдолтой байна. Эртхэн шиг эмчилгээгээ хийлгэхгүй бол зовиурлаж унтаж ч чадахгүй байгаа. 194.000 төгрөг хохиролд авсан гэсэн мэдүүлэг,

Орхон аймгийн ШША-ны 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 96 дугаартай:  Ж.Л-ийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. 2019 оны 12 сарын 27-ны өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 23 хуудас/,

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны нэмэлт шинжээчийн 2020 оны 02 сарын 21-ний өдрийн 216 дугаартай: Ж.Л биед нэмэлтээр гэмтэл тогтоогдсонгүй. Дээд зүүн 1 дүгээр шүдний холбоосын архаг үрэвсэл оношлогджээ. Дээрх дээд зүүн 1 дүгээр шүдний холбоосын архаг үрэвсэл нь хэзээ үүссэнийг нарийн тогтоох боломжгүй. Ж.Л 2020 оны 02 сарын 19-ний өдрийн толгойн компьтер томографикийн шинжилгээнээс үзэхэд тархи доргилт оношлогдсонгүй гэсэн дүгнэлт /хх 27-28 хуудас/

Г.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: ...би Л нүүрэнд нь түлхээд гараараа цохисон. Лхамсүрэн нүүрээ дараад хамраас нь цус гоожиж байсан. Би уучлалт гуйсан боловч гар утасныхаа камераар өөрийнхөө зургийг аваад байсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг /хх 37 хуудас/

-Г.Д яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 34, 36-37 хуудас/

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 43 хуудас/ зэрэг   болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

  Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Д нь 2019 оны 12 сарын 27-ны өдөр хамтран амьдрагч Ж.Л-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч Г.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Ж.Л-д эмчилгээний зардалд 194.000 төгрөг төлөгдсөн. Хохирогч 1.500.000 төгрөг нэхэмжилсэн ба нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, сэтгэл санааны хохирлын нотлох баримт гаргаж өгөөгүй учраас өнөөдөр Г.Д-аас гаргуулах үндэслэлгүй байна. Нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч нь хохирогч Ж.Л-н нүүрэн тус газар нь цохиж хамрын таславчийг муруйлгасан гэмт хэрэгт холбогдсон. Хуулийн зүйл ангийн талаар ямар нэгэн саналгүй. 1.500.000 төгрөгийг хохирогч нэхэмжилж байна. Гоо сайхан алдагдсан зүйл хохирогчид байхгүй байна. Сэтгэл санааны хохирлыг үнэлэх боломжгүй байдаг учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болож өгнө үү. Шүдний эмчилгээний мөнгө 500.000 төгрөг нэхэмжлэх талаар яриад байна. Хохирогчийн шүд нь гэмтээгүй. Шинжээчийн дүгнэлтээр энэ нь архаг үрэвсэл, шүдний цоорол гэж тогтоогдсон. Мэргэжлийн шинжээчийн дүгнэлт үнэн зөв гарна. 500.000 төгрөг нэхэмжилж байгааг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хамрын мэс заслын эмчилгээг Улаанбаатар хотод хийлгэнэ гэж байгаа боловч 250.000 төгрөг гэсэн гарын үсэггүй нэг бичиг хавсаргачихаад нэхэмжлээд байна. Харин хамрын мэс заслын төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Г.Д-ыг хохирогчид 194.000 төлсөн гэдгийг дурьдаж шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Д гэм буруутайд тооцож байна. Энэ хэрэгт ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн тухай шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Шүүгдэгч нь тодорхой эрхэлсэн ажилтай. Торгуулийн ялыг хамгийн доод хэмжээгээр буюу хуульд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэв.

            Шүүгдэгч Г.Д нь 2019 оны 12 сарын 27-ны өдөр хамтран амьдаргч Ж.Л хардан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Л-гийн “Гэртээ байж байтал намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Тэгээд намайг цохиж цус гоожиж байхад 2-3 удаа дээрээс минь дэвссэн” гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Л-гийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Хохирол төлбөрийн тухайд хохирогч нь сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөг, хамрын хагалгаа эмчилгээ хийлгэх 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөг нэхэмжилж байх бөгөөд сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 1.000.000 төгрөг нь нотлох баримтгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, хагалгаа эмчилгээний 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд хх-ийн 21 хуудсанд хамар ясны хугарал 250.000 гэсэн он сар өдөр, гарын үсэг, тамга тэмдэггүй баримт байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд хагалгаа эмчилгээний 500.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

            Харин шүүгдэгч нь 194.000 төгрөг төлсөн талаар хохирогч, шүүгдэгч маргахгүй байх тул хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Г.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Г.Д нь учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.